Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 233

 

 

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 151/ШШ2019/00233

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

С.Б-ын нэхэмжлэлтэй,

Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдох,

тарианы үлдэгдэл төлбөр 336.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.”““, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.”““, хариуцагчийн өмгөөлөгч С.”““, гэрч Д.”““, Б.”““, нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.

         ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч С.”““ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 31-ний өдөр хүртэл аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт шээсний сүвний төрөлхийн нарийсал гэсэн оношоор хэвтэн эмчлүүлсэн. Энэ хугацаанд эмчийн зааврын дагуу “Меропенем” гэдэг тариаг 24 саяыг 806400 төгрөгөөр өөрөөсөө мөнгийг нь гаргаж авч хийлгэсэн. Би энэ оношоор 2018 оны 5 дугаар сарын 1-нд улсын нэгдүгээр эмнэлгийн урологийн тасагт 3 дахь удаагаа хагалгаанд орсоноос хойш 8 дугаар сард дурангаар дахин орсон. Мөн 5 удаа энэ чиглэлээр хордлогод орж биеийн байдал муудаж хэвтсэнээс хамгийн сүүлд 2018 оны 11 дүгээр сарын 5-наас 11 хүртэл, 2018 оны 12 дугаар сарын 7-ноос 16-ны өдөр хүртэл хэвтэж эмчлүүллээ. Надад таарах эм тариа бүгд дасалтай болсон учраас хуиараа авч хийлгэдэг. Ингээд би Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8-д зааснаар, мөн Эрүүл мэндийн сайдын 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн А/350 тоот тушаалын дагуу өвчтөний түүхэнд бичигдсэн эм тариа, материалын зардлыг хувь хүнээс гаргуулсан тохиолдолд зах зээлийн жишиг үнээр тооцож даатгуулагчид буцаан олгоно гэсний дагуу хийлгэсэн тарианы үнэ 806400 төгрөгөөс 470400 төгрөгийг нэгдсэн эмнэлэг олгоод үлдсэн 336.000 төгрөгийг надад олгохгүй энэ оны төсөв дууссан мөнгө байхгүй, өгч чадахгүй гэсэн учраас шүүхэд хандаж байна. Би 2018 оны 10 дугаар сарын 16-нд Аймгийн Эрүүл мэндийн даатгалын байцаагч Баярсүрэн гэдэг хүнд өргөдөл гаргасан. Нэгдсэн эмнэлэгт олго гэсэн тоот явууллаа гэсэн хариуг өгсөн. Надад 11 дүгээр сарын 8-нд нэгдүгээр эмнэлэгт хэвтэж байхад утсаар олгохгүй гэсэн хариуг Аймгийн нэгдсэн эмнэлгээс хариу өгсөн учраас 2018 оны 11 дүгээр сарын 9-нд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт дахин өргөдөл өгснөөр доорх хариу ирсэн болно. Миний бие удахгүй дахин хагалгаанд орох шаардлагатай байгаа бөгөөд надад хагалгаанд ороход мөнгө хэрэгтэй байна. Энэ 336.000 төгрөг нь хагалгаандаа нэмэр болгох бодолтой байна. Иймд Аймгийн нэгдсэн эмнэлгийн захиргаанаас миний тарианы үлдэгдэл үнэ болох 336.000 төгрөгийг гаргуулж, иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг гардан авч танилцаад зөвшөөрөхгүй байна. Иргэн С.”““ нь мэс заслын тасгийн эмч Д.”““тэй манай эмнэлэгт хэрэглэх заалтгүй меропенем тариаг өөрийнхөө зардлаар хувиараа хийгэхээр амаар тохирч 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 7 хоног хэвтэн эмчлүүлсэн байна. Мэс засал хийлгэх шаардлагатай өвчтнүүд хэвтэн эмчлүүлдэг тасагт эмийн эмчилгээ хийлгэхээр, чухал шаардлагатай эм тариагаа өөрөө хариуцан авчирч хийлгэнэ гэсний дагуу эмчилсэн болох нь өвчтний эмчилгээний түүхэнд авагдсан байна. Монгол улсын Засгийн газрын тухай хууль, Эм Эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн тодорхой заалтуудыг үндэслэн ЭМС-ын 2007 оны 9 дүгээр сарын 7 ны өдрийн А/350 дугаар Жагсаалт шинэчлэн батлах тухай” тушаалд меропенем тариаг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэрэглэх заалт байдаггүй. Меропенем тариа нь мөн тушаалын 6.2.2 дахь заалтаар бусад антибиотикуудад хамаарагддаг бөгөөд тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэгт эмчилгээнд хэрэглэгдэх заалттай. Иргэн С.”““ нь мэс заслын тасгийн эмчтэй меропенем эмийг өөдрийн зардлаар авчирч хийлгэхээр тохирсон гэдгээ хүлээн зөвшөөрч хэрэглэсэн. Санхүүд меропенем авсан нотлох баримт болох е баримт өгөөгүй бөгөөд Ази фарм эмийн сангаас авсан гээд 806400 төгрөгийн зарлагын падаан өгсөн. Тэр үед нь нягтлан энэ эм манай шатлалд хэрэглэгддэггүй, 50 хувийг нь олгоё гэхэд өөрөө зөвшөөрч, амаар тохиролцож, 2018 оны 11 дүгээр сарын 20-нд бэлэн мөнгө хүсэх өргөдөл гарган 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 470.400 төгрөгийг бэлнээр кассаас авсан. Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

           Нэхэмжлэгч С.”““ нь Төв аймгийн Нэгдсэн эмнэлгээс “Меропенем” тарианы үнэ 336.000 төгрөг гаргуулахыг хүсч шүүхэд ханджээ. /хх 1-2/

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж марган, татгалзлын үндэслэлээ “... “Меропенем” тариа нь аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэрэглэх заалт байхгүй...тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэгт эмчилгээнд хэрэглэх заалттай. С.”““ нь мэс заслын тасгийн эмчтэй “меропенем” тариаг өөрийн зардлаар авчирч хийлгэхээр тохирсон” гэж тайлбарладаг. /хх-15/

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд С.”““ нь Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасагт 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 7 хоногийн хугацаанд хэвтсэн,

мөн “Меропенем” тариаг хийлгэсэн болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, гэрч Д.”““гийн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Талууд эмчилгээ хийлгэсэн эсэх, тухайн тарианы үнэ өртгийн талаар маргаагүй бөгөөд эмнэлэгт гуйлтаар хэвтсэн, тухайн эмнэлэгт хийх ёсгүй тариаг хийлгэсэн гэх зэргээр маргаж байна.

Нэхэмжлэгч С.”““ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6-д зааснаар “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй”, мөн хариуцагч Төв Аймгийн нэгдсэн эмнэлэг нь Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.12-д зааснаар эмнэлэгийн тусламж, үйлчилгээг амбулатори болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэх нь хүний амьд явах эрхтэй салшгүй холбогдож байна.

Хариуцагч нь Эрүүл мэндийн сайдын 2007 оны 9 дүгээр сарын 7 ны өдрийн А/350 дугаар “Жагсаалт шинэчлэн батлах тухай” тушаалд зааснаар аймгийн нэгдсэн эмнэлэг нь “Меропенем” эмийг хэрэглэх заалтгүй байх хэдий ч тухайн өвчтөнд зайлшгүй /олон удаа эмнэлэгт хэвтэж, удаа дараа мэс засалд орсон, ...С.”““д энэ тарианаас өөр тариа хийлгээд үр дүнд хүрэхгүй байсан/ зайлшгүй хийх шаардлагатай эмчилгээ байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт болон нэхэмжлэгчийн тайлбар гэрч Д.Даваасүрэнгийн мэдүүлэгээр тогтоогдож байна.

Аль ч шатны эрүүл мэндийн байгууллага нь өвчтөнд шаардлагатай эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх нь зүй ёсны бөгөөд, Эрүүл мэндийн сайдын тушаал нь Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх заалттай зөрчилдөж байна гэж үзэхээр байна. 

            Иймд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8-д “даатгуулагчийг хэвтүүлэн эмчлэх үед өвчний түүхэнд бичигдсэн эм, тариа, материалын зардлыг өөрөөр нь гаргуулсан тохиолдолд зах зээлийн жишиг үнээр даатгуулагчид буцаан олгохоор зааснаар хариуцагч Төв аймгийн Нэгдсэн эмнэлгээс 336.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.”““д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

          ТОГТООХ НЬ:

            1. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8-д зааснаар хариуцагч Төв аймгийн нэгдсэн эмнэлгээс 336.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.”““д олгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.”““аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийн Нэгдсэн эмнэлгээс улсын тэмдэгтийн хураамжид 10.730 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.”““д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй ба мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

  

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АЛТАНТУУЛ