Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/293

 

             

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Энх-Амгалангаар хөтлүүлж, 
Улсын яллагч: А.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э
Шүүгдэгч: Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Амарсанаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Од овогт Бийн Аэд холбогдох 2212............ дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Ч суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ............. аймгийн Ч сумын Х багийн ............ гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 111 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, О овогт Бийн А, /РД:*******/  

Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.А нь .................... аймгийн Ч сумын Х баг Ж гэх газраас 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 11 ширхэг 1.724м3 шоо метр шинэс модыг талбай тусгай тусгаарлалт хийгдээгүй газраас, зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, **-*** улсын дугаартай Киа Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 340.607 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

    Эрүүгийн 2212................. дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Иргэний нэхэмжлэгч Б.Тын өгсөн: “...Манай сумын иргэн гэдгээр нь танина. Төрөл садны холбоо байхгүй. Би мэдээгүй. Би танилцсан. 340.607 төгрөгийн хохирол учирсан байна. Гомдолтой учирсан хохирлоо төлүүлмээр байна...”гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 ху/,

*Гэрч Ч.Гийн өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 09-ны өдөр Экологийн байцаагч нь хамт Архангай аймгийн Ч зумын Х багийн Ж гэх ойд очиж Аийн хууль бус мод бэлтгэсэн газар очиж хэргийн газрын үзлэгт оролцсон. Б.А нь надаас 2022 оны 08 сард мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Харин 2022 оны 08 дугаар сарын дундуур хэрэглээний 4 м3 мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Аийн мод бэлтгэсэн газарт очиход уг газарт унанги мод бэлтгэсэн байсан. Уг мод бэлтгэсэн гэх газар нь мод бэлтгэх тусгаарласан талбайд ордоггүй. Өмнө онд талбай тусгаарлалт хийж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/, 

*Гэрч Б.Хгийн өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Ч сумын Зуун мод багийн Ж хорооллын рамын хашаанд хяналт шалгалт хийх хугацаанд иргэн Б.А нь эрхийн бичиггүй мод тээвэрлэн оруулж ирснийг илрүүлж экологийн асуудал хариуцсан байцаагчид хүлээлгэж өгсөн. Тухайн үед надад мод бэлтгэх эрхийн бичиг үзүүлээгүй. Унанги мод унагаж бэлтгэсэн байсан. 2022 оны 06 дугаар сард авсан гоожин байгаа одоо биед авч яваагүй байна гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/,

*Гэрч Т.Мийн өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын эхэн үед манай нөхөр Б.А нь Архангай аймгийн Ч сумын Х багийн Жын ам гэх ойгоос унанги мод бэлтгэсэн. Манайх байшин барьж байгаа болохоор даранк мод зүсүүрт оруулах гэж бэлтгэж хийсэн юм. Б.А 2022 оны 06 дугаар сард мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Харин 2022 оны 08 дугаар сард мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Аийн бэлтгэсэн мод нь унанги байсан. Ганцаараа бэлтгэсэн. Манай нөхрийн эзэмшлийн Киа портер маркийн **-***улсын дугаартай тээврийн хэрэгслээр цахилгаан хөрөө ашиглаж бэлтгэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/,

*Б.Аийн яллагдагчаар өгсөн: “...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрнө. Миний үйлдэлтэй тохирч байна. Би өөрийн амьдардаг Архангай аймгийн Ч сумын төв дээр байдаг байшингаа засаж янзлах зорилгоор мод бэлтгэсэн. Түүнээс өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Тухайн үед мод бэлтгэх эрхийн бичиг авсан өдрөө модоо бэлтгэсэн юм. Миний бэлтгэсэн мод хуурай унанги мод байсан. Харин тээвэрлэх гэсэн боловч миний мод бэлтгэсэн газар шавар, гол ус ихтэй болохоор тухайн үед нь тээвэрлэж чадаагүй. Тэгээд сүүлд тээвэрлэж байгаад баригдсан. Би тухайн эрхийн бичигт заагдсан газар очсон. Очиход зүсмэлд орчих олигтой мод байхгүй байсан болохоор тусгаарлалт хийгдээгүй газар буюу өөрийн хаваржааны дээд талаас бэлтгэсэн юм. Би мод бэлтгэхдээ улаан өнгийн модны цахилгаан хөрөө, төмөр иштэй сүх, зэргийг ашигласан. Мөн тээвэрлэхдээ **-***улсын дугаартай Киа бонго портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн. Тухайн тээврийн хэрэгсэл миний өөрийн тээврийн хэрэгсэл бөгөөд манай хүргэн Мягмарын Энхболд хүнээс худалдан авсан бөгөөд гэхдээ нэр нь анх авсан хүний нэр дээр байгаа. Би тухайн тээврийн хэрэгслийг хүргэн М.Энхболдоос 2021 оны О5 дугаар сард 1.100.000 төгрөгөөр худалдан авсан. Өнгө үзэмж муу тэрэг байгаа юм. Би тухайн тээврийн хэрэгслийг ойр зуур нүүдэл хийх гэж авсан. Тухайн тээврийн хэрэгслийн рам нь хугархай....” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86 хуу/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 02-09 хуу/, 
Б.Аийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34 хуу/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 35-37, 39-40 хуу/, 
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 31-32 хуу/,
Модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай: 
1. Иргэн Б.Аийн зохих зөвшөөрөлгүй, эрхийн бичиггүй бэлтгэсэн мод нь Шинэс төрлийн хуурай хэрэглээний бөөрөнхий шургааг мод байна.
2. Нийт тоо ширхэг 11, нийт шоо метр 1.724м3 модыг бэлтгэжээ. 1.724м3 модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 тоот /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /нойтон түлээ/ [1] шууд үр ашгийн-48.098 төгрөг, шууд бус үр ашгийн 61.662 төгрөг, нийт 109.760 төгрөг мод, бөөрөнхий мод 1.8 итгэлцүүрээр тус тус үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 340.607 төгрөгөөр тогтоогдлоо гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-51 хуу/,

Дамно ХХК-ны 2022 оны 08 дугаар сарын 24-ний АЦ-22-92 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 56-58 хуу/,
Дамно ХХК-ны 2022 оны 08 дугаар сарын 24-ний АА-22-58 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 61-65 хуу/,
Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 171 хуу/,
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 137-139 хуу/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Аийн холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
 
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А нь .............. аймгийн Ч сумын Х баг Ж гэх газраас 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 11 ширхэг 1.724м3 шоо метр шинэс модыг талбай тусгай тусгаарлалт хийгдээгүй газраас, зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, **-***улсын дугаартай Киа Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 340.607 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон  бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 Эрүүгийн 2212................ дугаар хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг булуу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 
Шүүгдэгч Б.Аийн нь ................. аймгийн Ч сумын Х баг Ж гэх газраас 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 11 ширхэг 1.724м3 шоо метр шинэс модыг талбай тусгай тусгаарлалт хийгдээгүй газраас, зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, **-***улсын дугаартай Киа Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 340.607 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Иргэний нэхэмжлэгч Б.Тын: “...Би танилцсан. 340.607 төгрөгийн хохирол учирсан байна. Гомдолтой учирсан хохирлоо төлүүлмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/, гэрч Ч.Гийн: “...2022 оны 08 дугаар сарын 09-ны өдөр Экологийн байцаагч нь хамт Архангай аймгийн Ч зумын Х багийн Ж гэх ойд очиж Аийн хууль бус мод бэлтгэсэн газар очиж хэргийн газрын үзлэгт оролцсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/, гэрч Б.Хгийн: “...2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Ч сумын Зуун мод багийн Ж хорооллын рамын хашаанд хяналт шалгалт хийх хугацаанд иргэн Б.А нь эрхийн бичиггүй мод тээвэрлэн оруулж ирснийг илрүүлж экологийн асуудал хариуцсан байцаагчид хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/, гэрч Т.Мйн: “...2022 оны 08 дугаар сарын эхэн үед манай нөхөр Б.А нь Архангай аймгийн Ч сумын Х багийн Жын ам гэх ойгоос унанги мод бэлтгэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/, Дамно ХХК-ны 2022 оны 08 дугаар сарын 24-ний АЦ-22-92 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 56-58 хуу/, Дамно ХХК-ны 2022 оны 08 дугаар сарын 24-ний АА-22-58 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 61-65 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Амарсанаагаас шүүгдэгч Б.Аийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв. 

Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт” Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана...”гэж мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ”...Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно...”гэж мөн хуулийн 35 дугаар зүйлийн 4.2 дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Аийн үйлдэл нь хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Б.Аийн үйлдлийн улмаас ойн санд 340.607 /гурван зуун дөчин мянга зургаан зуун долоо/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /340.607х3=1.021.821төгрөг /нэг сая хорин нэгэн мянга найман зуун хорин нэг/ төгрөг гэж дүгнэв.
 
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1.021.821төгрөг /нэг сая хорин нэгэн мянга найман зуун хорин нэг/ төгрөгийг шүүгдэгч Б.Аээс гаргуулж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд олгох нь зүйтэй байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:  
Шүүгдэгч Б.А нь хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж, ойн санд хохирол учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5 дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж  тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 71 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-***улсын дугаартай бонго Пронтер маркийн тээврийн хэрэгслийн үнэ 3.127.802 /гурван сая нэг зуун хорин долоон мянга найман зуун хоёр/ төгрөгөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1.021.821төгрөг /нэг сая хорин нэгэн мянга найман зуун хорин нэг/ төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд нөхөн төлөхөд зарцуулж, үлдэгдэл 2.049.981 /хоёр сая дөчин есөн мянга есөн зуун наян нэг/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгож, 56.000 /тавин зургаан мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, 1.724 м куб 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 11 ширхэг шинэс төрлийн хуурай модыг тус тус хураан авч улсын орлого болгож, **-***улсын дугаартай бонго Пронтер маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Д.Бавууцэрэнд олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Аэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аэд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Аэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон      

                                                                                               ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Оовогт Бийн Аийг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийн 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай. 

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/ нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 71 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-***улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслийн үнэ 3.127.802 /гурван сая нэг зуун хорин долоон мянга найман зуун хоёр/ төгрөгөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1.021.821төгрөг /нэг сая хорин нэгэн мянга найман зуун хорин нэг/ төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд нөхөн төлөхөд зарцуулж, үлдэгдэл 2.049.981 /хоёр сая дөчин есөн мянга есөн зуун наян нэг/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгож, 56.000 /тавин зургаан мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, мөн 1.724 м куб 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 11 ширхэг шинэс төрлийн хуурай модыг хураан авч улсын орлого болгож, **-***улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Д.Бавууцэрэнд олгосугай.

6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай. 

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Аэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                       


                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ОТГОНЦЭЦЭГ