Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 60

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй
хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горький 1, 23 тоотод байрлах хаягтай, Говь-Алтай аймгийн Цээл сумын Баянгол багт үйл ажиллагаа явуулж байгаа “Алтайн Хүдэр” ХХКомпанийн гэрээт “Глади” ХХКомпанид холбогдох
махны үнэ 26.677.070 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: миний бие 1982 онд төрсөн, 37 настай, эхнэр 4 хүүхдүүдийн хамт Цээл сум Жаргалант багт мал маллаж амьдардаг. Миний бие 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр манай сумд үйл ажиллагаа явуулдаг “Алтайн Хүдэр” ХХКомпанийн гэрээт “Глади” ХХКомпанийн санал болгосны дагуу мах нийлүүлэхээр ярилцан тохиролцож үхэр 18 ширхэг, 3276 килограмм махыг 1 килограмм нь 6500 төгрөгөөр, хонь 33 ширхэг, 723 килограмм, 1 килограмм нь 5500 төгрөгөөр, ямаа 15 ширхэг, 312 килограмм, 1 килограмм нь 4500 төгрөгөөр тус тус харилцан тохиролцож нийт 26.677.070 төгрөгийн мах нийлүүлсэн. “Глади” ХХК-тай тухайн үед гэрээ хийх гэхэд дараа хийнэ гэж махаа авчихаад гэрээ хийх шаардлага байхгүй гэж падан бичиж өгсөн юм. Махны үнийг 3 хувааж төлнө, 07 сард, 08 сард хийнэ гэж тохиролцсон юм. Өнөөдрийн байдлаар нэг ч төгрөг өгөөгүй байгаа юм. Мөнгөө нэхэхэд “Алтайн Хүдэр” ХХК нь мөнгөө тавихгүй байна гэж явуулдаг байсан, одоо сүүлдээ мах чинь муу байсан, өгөхгүй, махыг чинь махаар өгнө гэх зэргээр хэл амаар доромжлон өгөхгүй байгаа юм. Миний бие муу мал өгөөгүй, мал сүргийнхээ сор болсон малаа өгсөн юм. Иймд одоо “Глади” ХХК-иас махны үнэ 26.677.070 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Говь-Алтай аймгийн Алтайн хүдэр ХХКомпанийн гэрээт “Глади” ХХК нь Алтайн хүдэр ХХК дээр гуанз ажиллуулдаг. 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр энэ компанийн санал болгосны дагуу мах нийлүүлсэн. Үхэр 18 ширхэг, хонь 33 ширхэг, яма 15 ширхэг, үхрийн мах 3276 килограмм, хонины мах 723 килограмм, ямааны мах 312 килограмм мах нийлүүлээд нийт үнэ 26.677.070 төгрөг болсон. Энэ мөнгийг хоёр хувааж төлөхөөр тохиролцсон боловч одоогийн байдлаар “Глади” ХХК нь ямар ч мөнгө өгөөгүй. Ингээд эвлэрүүлэх зуулчлалд хандсан боловч муу мах байсан гэдэг зүйл ярьж байсан учир эвлэрэх боломжгүй гээд шүүхэд хандсан. Махны мөнгө болох 26.677.070 төгрөг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Б.Б нь “Глади” ХХКомпанид холбогдуулан махны үнэ 26.677.070 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. 
Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ үхэр 18 ширхэг, 3276 килограмм махыг 1 килограмм нь 6.500 төгрөгөөр, хонь 33 ширхэг, 723 килограмм, 1 килограмм нь 5.500 төгрөгөөр, ямаа 15 ширхэг, 312 килограмм, 1 килограмм нь 4.500 төгрөгөөр тус тус харилцан тохиролцож нийт 26.677.070 төгрөгийн мах нийлүүлсэн гэж тайлбарлажээ. 
Хариуцагч “Глади” ХХКомпаний шүүхэд ирүүлсэн хууулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Д овогтой О-г захирлаар томилсныг 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр бүртгэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Д.О-ийн “... “Глади” ХХК нь Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 9-р хороо, Горхийн 1-23 тоотод бүртгэлтэй, оршин байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу бидний үйл ажиллагаа явуулдаг нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу буюу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд даалгавар ирүүлж, бидэнд нэхэмжлэлийн хувийг гардуулж өгнө үү. Бид тайлбар, татгалзлаа хуульд заасан хугацаанд бүрдүүлэн хүргүүлэх тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлтийн дагуу Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулахаар даалгаврын захирамж хүргүүлжээ.
Улмаар 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагчийн төлөөлөгч Д.О-д гардуулж, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хариу тайлбар ирүүлэх үүрэгтэй болохыг сануулж, гарын үсэг зуруулсан байх боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан тухай хариу тайлбар, нотлох баримтыг тус шүүхэд ирүүлээгүй байна. 
Шүүх тус хэргийн шүүх хуралдааныг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 15 цаг 30 минутад товлож, шүүх хуралдааны товыг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хариуцагчийн төлөөлөгч Д.О-д утсаар мэдэгдэж, хариуцагчийн төлөөлөгч нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдаанд онлайнаар оролцох хүсэлтийг тус шүүхэд ирүүлсний дагуу шүүх хариуцагчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрнаас онлайнаар оролцох боломжийг хангаж ажиллажээ.
Шүүх хариуцагчийг шүүхийн ерөнхий зөвлөлийн байран дээр очих боломийг хангаж 15 цаг 50 минут хүртэл хүлээсэн боловч Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажилтан нь хариуцагч ирээгүй болохыг мэдэгдсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг хяан шийдвэрлэсэн болно. 
Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 2018 оны 07 сарын 05-ны өдөр Б, худалдан авагч Глади ХХК гэх хортой цаасан дээр бичигдсэн орлогын баримтанд /шар хуудас/ үхэр 3276,5 кг, нэгжийн үнэ 6.500 төгрөг нийт дүн 21.297.250, хонь 723 кг нэгжийн үнэ 5.500 төгрөг, нийт дүн 3.976.500 төгрөг, ямаа 312 кг, нэгжийн үнэ 4.500 төгрөг нийт дүн 1.404.000 төгрөг, бүгд 26.677.750 төгрөг гэсэн бичилт хийгдэж Глади ХХКомпанийн санхүүгийн тэмдэг даржээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “...Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ...” гэж заажээ.
Нэхэмжлэгч Б.Б нь 2018 оны 07 сарын 05-ны өдөр Глади ХХКомпанид нийт 26.677.750 төгрөгийн мах нийлүүлсэн болох нь дээрх орлогын баримтаар тогтоогдож байх тул талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх тул хариуцагч Глади ХХКомпани нь махны үнийг төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч Б.Б нь махны үнийг гаргуулахаар шаардах эрхтэй байна. 
Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн орлогын баримтанд 26.677.750 төгрөгийн мах нийлүүлсэн гэх бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ махны үнэ 26.677.070 төгрөг гаргуулахаар шаардаж байх тул шүүх нэхэмжлэгчийн хүсэл зоригийн дагуу 26.677.070 төгрөг гаргуулах нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. 
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх тул махны үнэ 26.677.070 төгрөгийг хариуцагч “Глади” ХХКомпаниас гаргуулж, нэхэмжлэгч Б.Батцоожид олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан боловч шүүх хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож бус, харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291.335 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Глади” ХХКомпаниас махны үнэ 26.677.070 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 291.335 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар махны үнэ 26.677.070 төгрөгийг хариуцагч “Глади” ХХКомпаниас гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291.335 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Глади” ХХКомпаниас махны үнэ 26.677.070 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 291.335 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 
                        

                         
ДАРГАЛАГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ