Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2024/0644

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Сс” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны

хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Сайхантуяа,

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн төлөөлөгч У.Э

Нэхэмжлэгч: “Сс” ХХК

Хариуцагч: Д аймгийн Нэгдсэн эмнэлэг

Гуравдагч этгээд: “С” ХХК

Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 0018 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, П.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Баянжаргал

Хэргийн индекс: 115/2024/0007/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Сс” ХХК-иас Д аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдуулантус эмнэлэгт компьютер томографын аппарат худалдан авах  ДГАНЭ/****** дугаартай тендер шалгаруулалтыг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 0018 дугаар шийдвэрээр:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (2005 оны)-ийн 28 дугаар зүйл, 46 дугаар зүйлийн 46.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Сс ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Д аймгийн Нэгдсэн эмнэлгээс, тус Нэгдсэн эмнэлэгт компьютер томографын аппарат худалдан авах ДГАНЭ/202311005 дугаартай тендер шалгаруулалтыг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зарласан шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

            “ДГАНЭ/****** дугаартай тендер шалгаруулалтыг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зарласан ба тус тендер зарласан шийдвэр нь нэхэмжлэгчид чиглээгүй, тус оролцогчид эрх зүйн шууд үр дагавар үүсгэхгүй бөгөөд шалгуур үзүүлэлтийг хангаж буй сонирхогч этгээд хэн бүхэнд нээлттэй, аймгийн нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээнд орон нутгийн иргэдэд нээн шаардлагатай өндөр өртөгтэй оношилгооны тоног төхөөрөмж нэвтрүүлэх нийтийн эрх ашиг сонирхолд эерэг нөлөөлөл үүсгэх шийдвэр юм.

            Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн.

            Тус тендерт оролцож байгаа тендерийн оролцогч нь үндэслэлгүйгээр тендер зарласан шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгч компанийн хувийн ашиг сонирхолд хэт нэг талыг барин үйлчилж, хуульд үндэслээгүй, хуулийг буруу хэрэглэн нэхэмжлэлийг хангаж, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д заасныг зөрчиж, Д аймгийн иргэд болон мөн аймгаар зорчиж буй иргэд шаардлагатай тусламж, үйлчилгээгээ авч чадахгүйд хүргэх, нийтийн ашиг сонирхолд илтэд хохиролтой шийдвэрийг гаргасан.

             “Сс” ХХК-ийн ямар эрх ашиг, хэрхэн зөрчигдсөн гэдэг нь баримтаар нотлогдоогүй байхад зөрчигдөөгүй гэж үзэхгүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

            Анхан шатны шүүхийн шийдвэртээ тус нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд “Сс” ХХК нэхэмжлэл гаргасан нь эрх зөрчигдөөгүй гэж үзэхгүй гэж хариуцагч Д аймгийн Нэгдсэн эмнэлгийн тендер зарласан шийдвэр огт хамааралгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүх нотлох баримтыг буруу үнэлж, үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

            2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зарлагдсан тендерийг 2 удаа хянан үзэж, үнэлсэн Захиалагчийн шийдвэрүүдийг Сангийн яамнаас удаа дараа хүчингүй болгож, захиалагчийн шийдвэр гаргах хуулийн хугацаа дуусч Сангийн яамнаас хугацаа сунгаагүй тул 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 286 дугаар албан бичгээр захиалагчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэрүүдийг хүчингүй болгож, тендер дахин зарлахыг тус тус тендерийн бүх оролцогч нарт мэдэгдсэн.

            Улмаар Д аймгийн Нэгдсэн эмнэлгээс ДГАНЭ/202311005 дугаартай “Д аймгийн нэгдсэн эмнэлэгт комьютер томографын аппарат худалдан авах ажил” төсөл, арга хэмжээний тендерийг 2024 онд дахин зарласантай холбоотойгоор тендерийн баримт бичгийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон Монгол Улсын Сангийн яамнаас 2023 онд шинэчлэн баталсан жишиг баримт бичигт тус тус нийцүүлэн баталж, төрийн худалдан авах ажиллагааг хуульд нийцүүлэх нь тус тендерт оролцогч “Сс” ХХК –ийн эрхийг хязгаарлах, хөндөх, зөрчих нөхцөл байдал үүсгэхгүй.

            Иймд Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 0018 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

            2. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            3. Шүүх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв. Үүнд:

            3.1. “С с” ХХК-иас “... Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 173 дугаартай гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүлээн аваад захиалагч руу тендерийн гүйцэтгэлийн баталгаа, гэрээний үнийн дүнгийн 5 хувийг, үйлдвэрлэгч компани руу үйлдвэрлэлийг эхлүүлэхээр урьдчилгаа төлбөр шилжүүлсэн нөхцөл байдлууд байгаа, тендерийн хүчинтэй хугацаа дуусаад дахин зарлана гэсэн зохицуулалт хуульд байхгүй, нэгэнт тухайн тендер шалгаруулалттай холбоотойгоор маргаж байгаа тохиолдолд дахиж тендер зарлах гэхээсээ илүүтэйгээр дахиж үнэлээд явсан бол Сангийн яамны албан бичигт нийцэх байсан ...” гэсэн үндэслэлээр “... тус эмнэлэгт компьютер томографын аппарат худалдан авах  ДГАНЭ/2023/11005 дугаартай тендер шалгаруулалтыг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын гаргажээ.  

            3.2. Хариуцагч Д аймгийн Нэгдсэн эмнэлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2353 дугаар албан бичгээр өгсөн үнэл гэсэнтэй санал нийлж байгаа ч компаниудын гаргасан үндэслэлтэй, үндэслэлгүй гомдлуудаас болж тухайн тендер хойшлогдож, түдгэлзэж явсаар үнэлгээ хийх хугацаа байхгүй болчихсон тул хугацаа дууссан гэдэг үндэслэлээр тухайн тендерийг цуцалж дахин зарласан, ... “С с” ХХК нь дахин зарласан тендерт оролцсон үйлдэл нь захиалагчийн зарласан шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн байна, ... албан ёсоор гэрээ байгуулж хоёр тал гарын үсгээ зураагүй, захиалагч үйлдвэрээ эхлүүлээч гэдэг хүсэл зориг илэрхийлээгүй байхад нэхэмжлэгчийн зүгээс урьдчилгаа төлбөр төлсөн, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг эхлүүлсэн үйлдэл нь өөрийн сайн дурын үүднээс хийсэн үйлдэл гэж үзэж байна, ... нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөнийг үйлдвэрлэгч болон ямар нэгэн эрх бүхий байгууллага, албан тушаалтан нотолсон нотолгоо байхгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

            3.3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... нэхэмжлэгч нь манай компанийн эрх, ашиг зөрчигдсөн гэдэг үндэслэлээ тайлбарлахдаа 03 дугаар сарын 18-ны өдрийн шалгаруулсан шийдвэрийг дурдаж ярьдаг, гэтэл уг шийдвэр нь хууль бус гэдгийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатын шүүхээс дүгнэчихсэн, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр тендер дахин зарласан үйлдэл нь нийтэд чиглэсэн, хэн ч оролцох боломжтой тендер, нэхэмжлэгч компани түүнд оролцоод явж байгаа, ...хуулийн хүчинтэй хугацаанд тендер сонгон шалгаруулалтыг явуулах ёстой, тендерийн хүчинтэй хугацаа дууссан учраас шинэ хуулийн үйлчлэлийн хүрээнд захиалагч ахин тендер зарлахаас өөр нөхцөл боломж байхгүй, .. тендер зарласан шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн субьектив эрх, ашиг нь зөрчигдөхгүй” гэж тайлбарлан маргаж байна.

            3.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч Д аймгийн Нэгдсэн эмнэлэг нь тус эмнэлэгт компьютер томографын аппарат худалдан авах ДГАНЭ/202311005 дугаартай тендер шалгаруулалтыг анх 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зарлаж, тендерийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нээсэн, улмаар Үнэлгээний хороо (Нэгдсэн эмнэлгийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/90 дүгээр тушаалаар байгуулагдсан)-ны холбогдох зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч “С с” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзсан тухай мэдэгдлийг 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 96 тоотоор, гуравдагч этгээд “С ” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 99 тоотоор тус тус хүргүүлсэн[1] байна. 

            3.5. Нэхэмжлэгч “С с” ХХК нь, захиалагчийн дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан байх бөгөөд яам хянан үзээд 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 03/1266 дугаартай Гомдол хянасан тухай шийдвэрээр, гуравдагч этгээд “С ” ХХК-д хүргүүлсэн 99 тоот, нэхэмжлэгч “С с” ХХК-д хүргүүлсэн 96 тоот мэдэгдлүүдийг тус тус хүчингүй болгож, тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин зохион байгуулахыг захиалагчид мэдэгдэж[2],  Тендерийн үнэлгээний хороо, Сангийн яамны дээрх шийдвэрийн дагуу 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нээсэн тендерт дахин үнэлгээ хийж, 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаартай зөвлөмжийг захиалагчид хүргүүлснээр, захиалагч нь нэхэмжлэгч “С с” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 173 тоот мэдэгдлийг, гуравдагч этгээд “С ” ХХК-д тендерт шалгараагүй тухай 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 174 тоот мэдэгдлийг тус тус хүргүүлсэн, гуравдагч этгээд “С ” ХХК мэдэгдлийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан, яам 2024 оны 04 дугаар сарын 08-ны өдөр Гомдол хянасан тухай 03/2353 дугаар шийдвэрээр захиалагчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 173, 174 тоот мэдэгдлүүдийг тус тус хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг захиалагчид мэдэгдсэн үйл баримтууд тогтоогдсон байна. 

            3.6. Хариуцагчаас 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 286 дугаар албан бичгээр[3] Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2353 дугаар шийдвэрээр захиалагчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 173, 174 дүгээр мэдэгдлүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул уг тендерийг цуцлан, дахин зарлах болсныг тендерт оролцогч нарт мэдэгдэж, Д аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Үнэлгээний хороо байгуулах тухай” А/25 дугаар тушаалаар[4] Д аймгийн “Нэгдсэн эмнэлэгт компьютер томографын аппарат худалдан авах ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулж, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Тендер шалгаруулалтын зарлалаар[5] тендерийг 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр тендер нээхээр шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            3.7. Гэтэл анхан шатны шүүх “... ДГАНЭ/202311005 дугаартай тендерийг анх 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нээсэн, тендерийн хүчинтэй хугацааг тендер нээснээс хойш 30 хоног байхаар тендерийн баримт бичигт тусгасан зэргээс үзэхэд тус тендерийн хүчинтэй хугацаа 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дуусахаар байх боловч тендерт оролцогчдоос захиалагчийн шийдвэрт гомдол гаргасантай холбоотой үйл баримтуудаас шалтгаалж тус тендерийн хүчинтэй хугацаа маргаан бүхий шийдвэрийг гаргах тухайн үед дуусаагүй байсан гэж үзэхээр байна, ... үйл баримтаас үзэхэд захиалагч нь тендер нээснээс хойш ажлын 15 дахь өдөр гэрээ байгуулах эрх олгох тухай болон шалгараагүй тухай шийдвэрүүдийг гаргасан байх ба үүнээс хойш тендерийн хүчинтэй байх 30 хоногийн хугацааг тооцвол 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 9 хоног байхаар байна, ... тендер шалгаруулалт дахин явуулах хуульд заасан урьдчилсан нөхцөл бүрдээгүй, тендерийн хүчинтэй хугацаа дуусаагүй, улмаар уг хугацааг сунгах эрх бүхий этгээдээс, өмнөх тендерийг үнэлэх ажиллагааг дахиж явуулах шийдвэрийг гаргасан, энэ шийдвэрийн дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (2005 оны)-ийн 28 дугаар зүйлд зааснаар тендерийг дахин үнэлэх ажиллагааг Үнэлгээний хороогоор гүйцэтгүүлж, улмаар мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т зааснаар Үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах зэргээр тухайн тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар байхад, захиалагч нь Нэгдсэн эмнэлэгт компьютер томографын аппарат худалдан авах ДГАНЭ/202311005 дугаартай тендер шалгаруулалтыг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр дахин зарласан нь хууль бус, ... нэхэмжлэгч “С с” ХХК-иас, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зарласан тендер шалгаруулалтад оролцож, тендерээ ирүүлсэн нөхцөл байдал нь тус хуулийн этгээдийн зүгээс тендер дахин зарласан тухайн шийдвэртэй маргах эрхийг болон өмнөх тендерт оролцож шалгарсантай холбоотой хууль ёсны ашиг сонирхлыг нь үгүйсгэх үндэслэл болохгүй ...” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

            3.8. Учир нь, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендерт оролцогч өөрийн тендерийн хүчинтэй байх хугацааг 30-аас доошгүй хоног байхаар тендерт заана”, 29 дүгээр зүйлийн 29.4-т “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 15 хоногоор сунгаж болно” гэж тус тус заасан.

            Хуулийн дээрх зохицуулалтаас тендер хүчинтэй байх хугацаа нь тендерийг нээснээс хойш 30 хоног, хэрэв Сангийн яамнаас хугацаа сунгасан бол 45 хоног байхаар тусгайлан заасан байна.

            3.9. Энэхүү маргааны тохиолдолд захиалагчаас тендерийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нээсэн, 30 хоногийн хугацаа 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр дуусч, Сангийн яамны шийдвэрийн дагуу уг хугацааг 15 хоногоор сунгаагүй тул тус өдрөөр дуусгавар болох ёстой байсан.

            3.10. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5-д Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах тохиолдолд хяналтын журмаар хянан шийдвэрлэх:”, 25.7.5-ын “б”-д “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” гэж заасан.

3.11. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд тендер шалгаруулалтын үйл ажиллагаанд мөрдөх хугацааг тодорхой зааж хуульчилсан нь гомдол гаргасан хугацаанд тендерийн хугацаа зогсохгүй байх, түдгэлзэхгүй байхаар хуульчилсан, энэ нь тендерийг богино хугацаанд зохион байгуулж дуусгах зорилготой, энэ талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн  001/ХТ2021/0127 дугаар тогтоолд хуулийн тус зүйл, заалтыг тайлбарласан байх тул анхан шатны шүүхээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

            3.12. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө зарласан тендер шалгаруулалтыг нэмэлт, өөрчлөлт орохын өмнөх зохицуулалтын дагуу зохион байгуулж дуусгана” гэж заасан байна.

3.13. Тухайн тохиолдолд Д аймгийн Нэгдсэн эмнэлэг нь тус эмнэлэгт компьютер томографын аппарат худалдан авах ДГАНЭ/202311005 дугаартай тендер шалгаруулалтыг анх 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зарласан байх тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу өмнө зарласан тендер шалгаруулалтыг нэмэлт, өөрчлөлт орохын өмнөх зохицуулалтын дагуу 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримтлан зохион байгуулахаар байна.

3.14. Харин анхан шатны шүүхээс тус маргааныг шийдвэрлэхдээ 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримтлахаар байхад 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр баталсан шинэчилсэн найруулгыг тухайн маргаанд мөн хэрэглэж, өмнөх хууль болон шинэ хуулийг хольж тайлбарлаж, үндэслэх хэсэгтээ дүгнэж шийдвэрлэсэн нь буруу байна.

3.15. Мөн шүүхээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-д үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах гэж заасныг шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт хууль зүйн дүгнэлт хийж, маргаанд хэрхэн хамааралтай талаар дүгнээгүй, тайлбарлаагүй байтал шийдвэрийн ТОГТООХ нь хэсэгт баримталсан байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

3.16. Нэхэмжлэгчийн зүгээс ... гэрээ байгуулахыг даалгах ... нэхэмжлэлийн шаардлага гарган маргаагүй байхад анхан шатны шүүхээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-д үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах гэж заасныг баримтлан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасантай нийцээгүй байна.

            3.17. Анхан шатны шүүхээс “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 59 дүгээр зүйлийн 59.7-д Захиалагчийг үйлдэл хийхгүй байхыг даалгасан, шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлснээс хойш гомдол хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд энэ хуулийн 24.1-д заасан хугацаа (Захиалагч тендер нээсэн даруй тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг эхлүүлж, энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийн аль нэгийг тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор гаргана) зогсоно хэмээн зааснаас үзэхэд Сангийн яамнаас, захиалагчийн 96, 99 тоот шийдвэрүүдэд холбогдох гомдлыг хянаад 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр зохих шийдвэрийг гаргах хүртэл тендер нээснээс хойшхи ажлын 15 өдөр гэж тодорхойлсон хугацаа зогсохоор байх бөгөөд улмаар захиалагчаас, тендерийг хянан үзэж, үнэлэх ажиллагааг дахин явуулахтай холбоотойгоор уг хугацаа шинээр тоологдоно ...” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж уг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, ... захиалагчийн шийдвэр гаргах хугацаа дуусаж, Сангийн яамнаас хугацаа сунгаагүй тул тендер дахин зарлахыг тендерт оролцогч нарт мэдэгдсэн, ... тендерийн баримт бичгийг... хууль болон ... жишиг баримт бичигт нийцүүлэн баталж, төрийн худалдан авах ажиллагааг хуульд нийцүүлэх нь нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлах, хөндөх, зөрчих нөхцөл байдал үүсгэхгүй  ...” гэх гомдол үндэслэлтэй байна.

            Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “С с” ХХК-ийн “... тус эмнэлэгт компьютер томографын аппарат худалдан авах  ДГАНЭ/2023/11005 дугаартай тендер шалгаруулалтыг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “С с” ХХК-ийн “... тус эмнэлэгт компьютер томографын аппарат худалдан авах  ДГАНЭ/2023/11005 дугаартай тендер шалгаруулалтыг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5  дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

[1]

[2]

[3] Хэргийн 1 дүгээр хавтас, 221 дэх тал

[4] Хэргийн 2 дугаар хавтас, 164 дэх тал

[5] Хэргийн 2 дугаар хавтас, 24 дэх тал, 1 дүгээр хавтас, 45 дахь тал

 

 

 

   ШҮҮГЧ                                                                    А.САРАНГЭРЭЛ

   ШҮҮГЧ                                                                   Ц.САЙХАНТУЯА

   ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ

 

 

[1]

[2]

[3] Хэргийн 1 дүгээр хавтас, 221 дэх тал

[4] Хэргийн 2 дугаар хавтас, 164 дэх тал

[5] Хэргийн 2 дугаар хавтас, 24 дэх тал, 1 дүгээр хавтас, 45 дахь тал


 [K1]Юу гэж тайлбарласныг нь жаахан тодруулья