| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2018/01381/и |
| Дугаар | 00237 |
| Огноо | 2019-02-26 |
| Маргааны төрөл | Аялал жуучлал, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 00237
| 2019 оны 02 сарын 26 өдөр | Дугаар 151/ШШ2019/00237 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: В.ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Д холбогдох
15 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Түвшинзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “В” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... ““В” ХХК нь Д.Д болон Д.Ц нарын төрсөн хүү болох Д.Д 2017 оны 12 сарын 25-ны өдөр БНСУ-ын их дээд сургуульд суралцуулахад зуучлах зуучлалын ЗГ-17/142 тоот дугаартай гэрээг суралцагчийн суралцах хугацааны туршид буюу 5 жилийн хугацаатайгаар байгуулсан.
Уг гэрээгээр “В” ХХК нь Д.Дийг БНСУ-ын “ХАЛЛИМ ИХ СУРГУУЛЬ” их сургуульд элсэн суралцуулахад зуучлах, Д.Д нь гэрээнд заасан нөхцөл журмын дагуу суралцах үүргийг тус тус хүлээсэн. Үндсэн гэрээг үндэслэн Д.Дийн төрсөн эцэг Д.Дтэй 2017 оны 12-р сарын 25-ны өдрийн дугаар №ҮХХГ-17/142 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж
Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг 27 гудамжны 04 тоот хаягтай, Ү-1427001221 тоот улсын бүртгэлийн дугаартай, 58,9 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг 27 гудамжны 04 тоот хаягтай, Г-1427002108 тоот улсын бүртгэлийн дугаартай, Г-861 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар мөн Д.Дийн төрсөн эх Д.Цтай 2018 оны 08-р сарын 08-ны өдрийн дугаар ҮХХГ-17/142 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж,
Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг, Эрдэнэ-Уул Үзүүр толгой 11 гудамж 1138 тоот хаягтай, Г-1419002586 тоот улсын бүртгэлийн дугаартай, Г-700 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар барьцаалсан.
Дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаалан үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ тус тус байгуулсан байдаг. Мөн хариуцагч Д.Д, Д.Ц нар нь өөрийн төрсөн хүү болох Д.Дийг зуучлалын гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй,БНСУ-д сургалтын визний зөрчил гаргаж, БНСУ-д хууль бусаар оршин суусан тохиолдолд барьцаалуулсан эд хөрөнгөөрөө хохирлыг барагдуулахаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.
Гэтэл Д.Д нь зуучлалын гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй, БНСУ-БНСУ-ын сургалтын визний хугацаа хэтрүүлсэн БНСУ-д хууль бусаар оршин сууж, эх орондоо эргэн ирэхээс татгалзсан тул ҮХХГ-17/142 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний барьцааны нөхцөл болох
1.3-т Барьцаалуулагч Монгол улсын иргэн Доржсүрэн овогтой Дашзэвэг миний бие өөрийн хүү болох Дэшзэвэг овогтой Дашдоржийг зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй БНСУ-ын хууль дүрэм зөрчин визний хугацаа хэтрүүлэн БНСУ-д харласан тохиолдолд 15 000 000 төгрөгийг төлж барагдуулахаа амлаж байна” гэсэн заалтыг тус тус үндэслэн “В” ХХК нь Д.Д, Д.Ц нараас үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийн дагуу 15 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд Д.Д, Д.Ц нараас 15 000 000 төгрөгийг гаргуулж өгч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч В ХХК-нь 2019 оны 02 сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа ... “В" ХХК нь Д.Дийн төрсөн хүү болох Дашзэвэгийн Дашдоржтой 2017 оны 12 сарын 25-ны өдөр БНСУ-ын их дээд сургуульд суралцуулахад зуучлах зуучлалын ЗГ-17/142 тоот дугаартай гэрээг суралцагчийн суралцах хугацааны туршид буюу 5 жилийн хугацаатайгаар байгуулсан.
Уг гэрээгээр “В” ХХК нь Д.Дийг БНСУ-ын “ХАЛЛИМ ИХ СУРГУУЛЬ” их сургуульд элсэн суралцуулахад зуучлах, Д.Д нь гэрээнд заасан нөхцөл журмын дагуу БНСУ-д визний зөвшөөрлийн дагуу суралцах үүргийг тус тус хүлээсэн. Үндсэн гэрээг үндэслэн Д.Дийн төрсөн эцэг Д.Дтэй 2017 оны 12-р сарын 25-ны өдрийн дугаар №ҮХХГ-17/142 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж:
1. Төв аймгийн Зуунмод сумын 3-р баг 27-р гудамжны 04 тоот хаягтай, Ү-1427001221 тоот улсын бүртгэлийн дугаартай, Ү-58,9 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө
2. Төв аймгийн Зуунмод сумын 3-р баг 27-р гудамжны 04 тоот хаягтай, Г-1427002108 тоот улсын бүртгэлийн дугаартай, Г-861 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар
Дээрх үл хөрөнгүүдийг тус тус барьцаалан үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан байдаг. Мөн хариуцагч Д.Д нь өөрийн төрсөн хүү болох Д.Дийг зуучлалын гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, БНСУ-д сургалтын визний зөрчил гаргаж, БНСУ-д хууль бусаар оршин сууж, харласан тохиолдолд барьцаалуулсан эд хөрөнгөөрөө үүргийн гүйцэтгэлийг хангуулахаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг.
Гэтэл Д.Д нь БНСУ-ын ЭСЯ-аас олгосон визний хугацааг сунгуулалгүй, БНСУ-ын сургалтын визний хугацаа хэтрүүлэн БНСУ-д хууль бусаар оршин сууж, эх орондоо эргэн ирэхээс татгалзсан тул ҮХХГ-17/142 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний барьцааны нөхцөл болох: 1.3-т "Барьцаалуулагч Монгол улсын иргэн Доржсүрэн овогтой Дашзэвэг миний бие өөрийн хүү болох Дэшзэвэг овогтой Дашдорж-ийг зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй БНСУ-ын хууль дүрэм
зөрчин визний хугацаа хэтрүүлэн БНСУ-д харласан тохиолдолд 15 000 000 төгрөгийг төлж барагдуулахаа амлаж байна" гэсэн заалтыг үндэслэн “В” ХХК нь Д.Дээс барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ... “Миний бие Д.Дөшзэвэг нь Төв аймгийн Зуунмод сумын 03 баг, 27 гудамж, 04 тоотод, ам бүл 4 эхнэр,2 хүүхдийн хамт оршин суудаг. Том хүү Д.Д нь Солонгос улсын Халим их сургуульд суралцхаар В ХХК-ийн гэрээгээр явсан. Гэвч бүх биеэр нь харшил гарч эрүүл мэндийн шалтгаанаар цаашид суралцах ямарч боломжгүй болсон юм. Энэ тухай дээрх компанид тэр үед нь мэдэгдэж зургийг нь явуулж байсан боловч тодорхой хариу өгөөгүй. Тус компанитай одоо амьдарч буй хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газраа барьцаалж барьцааны гэрээ байгуулсан юм. Би тэтгэврээс өөр ямарч орлогогүй санхүүгийн эх үүсвэр байхгүй. Бие муутай 4-5 удаа хагалгаанд орж эмчийн хяналтад байдаг хүн. Энэ компанийн нэхэмжлэж буй 15 000 000 төгрөгийг нь чухам юунд зарцуулсан, юуны төлбөр болох нь тодорхойгүй байна.
Энэ мөнгийг би төлөх ямарч боломжгүй, харин гэрээнд заасны дагуу 1000 доллар торгуулийн мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй.
Би тэтгэврийн зээлээ 18 сараар авч хүүхдийнхээ сургалтын зардал, бусад хэрэгцээнд өгч явуулсан. Энэ хашаа байшингаас гараад очих гэр орон өөр газар байхгүй. Насаараа амьдарч буй цор ганц гал голомт минь энэ байна. Иймд энэ асуудлыг шийдвэрлэж нэг тийш болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Түвшинзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Манай компани БНСУ-ын Халлим их сургуультай оюутан суралцуулахад зуучлах гэрээтэй. Энэ гэрээний дагуу үйл ажиллагаа явуулдаг. Иргэн Д.Дийн хүсэлтийн дагуу тус сургуульд суралцуулахаар 2017 оны 12 сарын 25-ны өдөр гэрээ байгуулсан. Д.Д нь улирлын төлбөр 3900 ам доллар, доллар төлснийг манай компани Халлим их сургуульд шилжүүлсэн. Зуучлалын хөлс ам долларыг манай компанид төлсөн бөгөөд өдрөөс эхлэн 6 сарын хугацаатай виз олгосон.
Д.Д нь визний хугацаа дуусангуут сургуульдаа бүртгүүлж, тус улсад оршин суух визний хугацаагаа сунгаж, улмаар төлбөрөө төлж суралцах үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй бөгөөд Халлим их сургуулиас манай компанитай холбогдож Д.Дийг визээ сунгуулаагүй, сургуульдаа суралцаагүй гэж мэдэгдсэн юм. Ингээд Д.Дийг манай компанитай байгуулсан гэрээгээ зөрчиж, тус улсад хууль бусаар оршин сууж, эх орондоо ирэхээс татгалзсан гэж үзэж байна.
Д.Дтой зуучлалын гэрээ байгуулсан өдөр түүний аав Д.Дтэй 2017 оны 12 сарын 25-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан. Гэрээний 1.3-т зааснаар...өөрийн хүү Д.Дийг зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй БНСУ-ын хууль дүрэм зөрчин визний хугацаа хэтрүүлэн, БНСУ-д харласан тохиолдолд 15 000 000 төгрөгийг төлж барагдуулахаа амлаж байна” гээд Д.Д, Д.Д нарын өмчлөлийн Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг 27 гудамж 04 тоот хаягт орших Ү-1427001221 хувийн сууц, Г-1427002108 дугаарт бүртгэгдсэн газрыг барьцаалсан.
Д.Д нь манай компаниар зуучлуулж хэлний бэлтгэл улмаар бакалврын сургалтад нийт 5 жилийн хугацаатай суралцахаар байтал 2018 оны 09 сарын 03-ны өдрөөс хойш сургуульдаа суралцаагүй, визний хугацаа хэтрүүлэн, хууль бусаар оршин сууж байгаа нь манай компаний үйл ажиллагаанд муугаар нөлөөлж байгаа юм. Мөн Халлим их сургуулийн урилгаар ирсэн оюутан визний хугацаа хэтрүүлэн хууль бусаар оршин сууж байгаа нь тус сургуульд мөн адил хохирол учирч байгаа.
Халлим их сургууль болон манай компанитай байгуулсан гэрээ байхгүй, нотлох баримтаар гаргах боломжгүй юм.
Иймд барьцааны гэрээний 1.3-т зааснаар 15 000 000 төгрөгийг хариуцагч Д.Дээс гаргуулж өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Миний хүү Д.Д нь нэхэмжлэгч компаниар зуучлуулан БНСУ-ын Халлим их сургуульд суралцахаар гэрээ байгуулсан. Гэрээнд заасан бүх төлбөр тооцоог төлж дуусгасан. Ингээд миний ойлгосноор бол 9 сарын хугацаатай визээр Солонгос улс руу явж, сургуульдаа сурсан. Мөн эрүүл мэндийн даатгалын 450 ам долларыг компанид төлсөн байдаг.Гэтэл тус улсад очсоны дараа биеэр нь харшил гарч, эмчлүүлэх шаардлагатай болсон. Ингээд сургуульдаа суралцаагүй, визний хугацаагаа сунгуулаагүй нь үнэн. Нэгэнт өндөр хөгжилтэй улсад байгаа тул ажил хийж өвчнөө эмчлүүлэх зорилготой. Харин эх орондоо ирэхээс татгалзаагүй гэдгийг албан ёсоор хэлье. Эх орондоо ирэхээс татгалзана гэж байхгүй шүү дээ.
Д.Дтой зуучлалын гэрээ байгуулсан өдөр мөн түүний аав Д.Дтэй барьцааны гэрээ байгуулж, хашаа байшин барьцаалсан. Энэ барьцааны гэрээнд хүүхэд нь харласан тохиолдолд 15 000 000 төгрөгийг төлнө гэж заасан байна. Энэ гэрээг миний хувьд хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байгаа.
Миний хүү гадаад улсад харласан байхад яагаад энэ компанид байгаа ганц хөрөнгө болох хашаа байшингаа өгөх болоод байгааг ойлгохгүй байна. Энэ компани бидний хашаа байшинг барьцаанд аваад зогсохгүй мөн миний зуслангийн газрыг хүртэл барьцаалсан байгаа. Манай хүү харласнаар энэ компанид ямар хохирол учирсан талаар баримтгүй байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигч талуудын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В ХХК хариуцагч Д.Д, Д.Ц нарт холбогдуулан 2017 оны 12 сарын 25-ны өдөр байгуулсан ҮХХГ-17/142 тоот барьцааны гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Цд холбогдох шаардлагаас татгалзсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Мөн нэхэмжлэгч нь хариуцагч Д.Дээс барьцааны гэрээний 1.3-т зааснаар 15 000 000 төгрөг гаргуулна гэж тодруулж, энэ шаардлагаа дэмжиж оролцсон бөгөөд хариуцагч бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч В ХХК иргэн Д.Д нарын хооронд 2017 оны 12 сарын 25-ны өдөр БНСУ-ын Халлим их сургуульд суралцуулахад зуучлах зуучлалын гэрээ байгуулагджээ.
Тус гэрээгээр БНСУ-ын улсын их сургууль, хувийн их дээд сургууль болон коллежид суралцагчийг зуучлах хугацаанд мөн суралцах хугацаанд үүсэх харилцааг зохицуулах мөн Д.Дийг БНСУ-ын Халлим их сургуулийн хэлний бэлтгэлд суралцаад цаашид үргэлжлүүлэн барилгын инженер мэргэжлээр бакалаврын зэргээр суралцахад зуучлахаар тохиролцжээ.
Гэрээний талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 12 сарын 25-ны өдрийн хэлцлийн агуулга, зорилгоос үзэхэд нэг талаас зуучлагч, нөгөө талаас зуучлуулагч нар харилцан тохиролцож зуучлагч нь хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь хөлс өгөх үүргийг хүлээсэн байдлаас үзэхэд тэдгээрийн хооронд зуучлалын гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.
Дээрх гэрээгээр зуучлагч болох В ХХК нь иргэн Д.Дийг БНСУ-ын Халлим их сургуульд суралцахад зуучлах үүргээ биелүүлж, зуучлуулагч Д.Д нь хөлс төлөх үүргээ биелүүлж, сургуульдаа суралцсан байх бөгөөд энэ талаар хэн аль маргаагүй, гэрээ хүчин төгөлдөр гэж үзнэ.
Улмаар 2017 оны 12 сарын 25-ны өдөр нэхэмжлэгч В ХХК нь Д.Д нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны ҮХХГ-17/142 тоот гэрээ байгуулжээ.
Тус гэрээний 1.1, 1.5-т Д.Д нь Халлим их сургуульд суралцахад зуучлах зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл болох 15 000 000 төгрөгийн барьцааны шаардлагыг хангуулахаар Д.Д, Д.Д нарын өмчлөлийн Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг 27 дугаар гудамж 04 тоотод орших 58.9 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн Ү-14270031221 дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, мөн хаягт орших гэр бүлийн хэрэгцээний Г-1427002108 дугаарт бүртгэгдсэн газрыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлжээ.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны дээрх гэрээ нь бичгээр байгуулах мөн улсын бүртгэлд бүртгүүлэх зэрэг хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан байгаагаас үзэхэд талуудын хооронд барьцааны эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь дээрх барьцааны гэрээгээр 15 000 000 төгрөгийг хариуцагч Д.Дээс гаргуулахаар шаардсан шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлд “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд барьцаагаар хангагдсан үүрэг зөрчигдсөн үеэс тухайн эд хөрөнгийг борлуулсны орлогоос өөрийн шаардлагаа бусад этгээдээс давуу эрхтэйгээр хангуулах эрх гэж үзэхээр байна. Тодруулбал барьцаалагч нь үүрэг зөрчигдсөн тохиолдолд барьцааны зүйлээс өөрийн шаардлагыг хангуулах эрхтэй юм.
Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ гэж заажээ.
Өөрөөр хэлбэл барьцааны гэрээ нь бие даан оршдоггүй харин үүргийн гүйцэтгэлийг хангах хэрэгслийн хувьд үндсэн гэрээний үүрэггүйгээр дангаар хэрэгжихгүй гэж ойлгоно.
Гэтэл нэхэмжлэгч В ХХК, иргэн Д.Д нарын хооронд байгуулсан ЗГ-17/142 тоот гэрээнд зуучлуулагч Д.Дийн ямар үүрэг зөрчигдөж, хэдий хэмжээний хохирол учруулсан тохиолдолд барьцааны ҮХХГ-14/142 тоот гэрээгээр бариулсан эд хөрөнгөөр хангуулах талаар тусгагдаагүй бөгөөд харин В ХХК, хариуцагч Д.Д нарын хооронд байгуулсан ҮХХГ-14/142 тоот гэрээний 1.3-т ...өөрийн төрсөн хүү Д.Дийг БНСУ-д сургалтын визээр олгогдсон эрх зөвшөөрлийн дагуу визний хугацаа хэтрүүлэн БНСУ-д харласан тохиолдолд 15 000 000 төгрөгийг төлж барагдуулахаа амлаж байна гэж зааснаар шаардсан нь үндэслэлгүй юм.
Барьцааны гэрээ нь барьцаалагч, барьцаалуулагч талуудын хоорондох гэрээний эрх чөлөөний зарчим үйлчлэх байтал тус гэрээний 1.3 дах хэсэг нь талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн гэж үзэхээргүй байна. Тодруулбал барьцаагаар хангагдсан үүрэг зөрчигдсөн үеэс тухайн эд хөрөнгийг борлуулсны орлогоос өөрийн шаардлагаа хангуулах эрх бөгөөд харин 15 000 000 төгрөгийг төлнө гэсэн хэсэг нь талуудын эрхийг зөрчсөн гэж үзлээ.
Нөгөө талаар зуучлалын гэрээний оролцогч болох Д.Дийг сургуульдаа суралцаагүй, сургалтын визээ сунгуулаагүй, БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа, эх орондоо ирэхээс татгалзсан нь нэхэмжлэгч талын үйл ажиллагаанд нөлөөлсөн мөн шаардаж буй 15 000 000 төгрөг нь Халлим их сургуулийн хохирол гэх тогтворгүй тайлбар болон маргааны үйл баримтыг нэхэмжлэгч нь нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар хариуцагч Д.Дид холбогдох 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч В ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Цгаас татгалзсан татгалзлыг баталж, хариуцагч Д.Цд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН