Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
Хэргийн индекс | 133/2018/00582/И/ |
Дугаар | 79 |
Огноо | 2019-02-22 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 79
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Б.Г, Ж.Д нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,
Говь-Алтай аймгийн Засаг дарга,
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэст холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүн “Төрийн хошой шагналт Ч.Лодойдамба” хөшөө баримлын ажлыг хүлээн авсныг тогтоож, гэрээний гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс 35.250.000 төгрөг, гэрээний 6.4-д заасан алданги 18.621.750 төгрөг, нийт 50.871.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г, Ж.Д нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Г би Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, түүнийг төлөөлөн Ч.Ж, мөн түүнчлэн Говь-Алтай аймгийн Ч.Лодойдамбын 100 жилийн ойн комиссын дарга Т.Г нартай 2017 оны 10 сарын 25-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Хөшөөний суурь хүлээлгэн өгөх, холбогдох тооцоо төлбөрийг хийх ажлыг иргэн Ж.Д-р хийлгэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан учир Ж.Д нь мөн нэхэмжлэгч болж байгаа болно. Иргэн Ж.Д-р хийлгэсэн ажлынхаа хөлсийг одоо болтол өгөөгүй байгаа болно. Тус гэрээнд тохиролцсоноор Б.Г нь “Төрийн хошой шагналт Ч.Лодойдамба” хөшөө баримлын ажлыг хугацаанд нь, чанарын шаардлага ханган гүйцэтгэх, захиалагч гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэг тус тус хүлээсэн болно. Гэрээнд зааснаар гэрээт ажлыг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлж, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр бүрэн гүйцэтгэж дуусахаар тохиролцсон ба ажлын үр дүнг би өөрийн материалаар хийж гүйцэтгэх болсон. Б.Г би ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар уг хөшөөг 2017 оны 12 сарын 15-ны өдөр ажлаа бүрэн хийж гүйцэтгэсэн. 2017 оны 12 сарын 15-нд Говь-Алтай аймагт зохион байгуулагдсан “Болор цом” яруу найргийн наадамд уригдан ирсэн зохиолчид, зочид төлөөлөгчдийг болон аймаг орон нутгийн удирдлагууд, иргэдийн төлөөллийг байлцуулан Ч.Лодойдамбын 2.7 метр өндөртэй хүрэл хөшөөний нээлтийн арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. Гэтэл захиалагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар гүйцэтгэсэн ажлын хөлсийг бүрэн төлөөгүй байна. Б.Г миний гүйцэтгэсэн ажлын үр дүн буюу хөшөөг хүлээн авах комиссыг ажиллуулахыг удаа дараа шаардсаны дагуу Говь-Алтай аймгийн Засаг даргын 2018 оны 02 сарын 15-ны өдрийн А/59 дугаартай, “Хөшөөг хүлээн авах комисс томилох тухай” захирамж гаргаснаар 11 хүний бүрэлдэхүүнтэй комисс 2018 оны 03 сарын 19-ний өдөр ажилласан. Ажлын комисс уг хүрэл хөшөөг хүлээн авах дүгнэлт гаргасан боловч комиссын гишүүн Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Ж гарын үсэг зураагүйгээс өнөөдрийг хүртэл хүрэл хөшөөг хүлээн авсанд тооцохгүй, /комиссын хуралд төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Ж өөрөө тухайн хөшөөг хүлээн авахыг зөвшөөрчихөөд/ санхүүжилтийн дутууг өгөх болохоор гарын үсэг зурахгүй байна. Ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу гэрээт ажлын хөлс 85.000.000 /наян таван сая/ төгрөг, үүнээс гэрээний үнийн дүнгийн 35%-ийн урьдчилгаа 29.750.000 төгрөгийг иргэн Б.Г миний Хаан банкны дансанд гэрээний урьдчилгаа төлбөр гэж шилжүүлсэн. Харин ажлын гүйцэтгэлийн 80% гүйцэтгэсэн үед нийт хөлсний 40% буюу 34 сая төгрөг, үлдэгдэл 25%-ийг ажил дуусгавар болоход 21.250.000 төгрөгийг хийснээр гэрээ дуусгавар болох гэрээний үүргээ захиалагч биелүүлээгүй. Захиалагч болох Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, Говь-Алтай аймгийн Ч.Лодойдамбын 100 жилийн ойн комисс нь ажлын гүйцэтгэл 100 хувьтай, чанарын зохих шаардлага хангасан ажлын үр дүнг хүлээн авчихаад гүйцэтгэсэн ажлын хөлсийг ажил дуусгавар болоход бүрэн төлөх үүргээ биелүүлэхээс санаатайгаар татгалзаж байгаатай холбоотой гэж үзэж байна. Захиалагч хөшөөний гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрч, нээлтийн үйл ажиллагаа хийсэн, өнөөдрийг хүртэл гадаад, дотоодын төлөөлөгчид, аялагчид, нутгийн иргэд, хуулийн этгээд уг хөшөөг үзэж сонирхож, цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж, улмаар тус хөшөөг зорьж ирдэг хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа ба хөшөө Говь-Алтай аймгийн соёлын нэгэн өв болсон. Энэ бүхэн нь тус гэрээний үүргийн гүйцэтгэл дууссан гэдгийг захиалагч хүлээн зөвшөөрсний баталгаа гэж үзэж байна. Гарын үсэг зураагүй нь хөшөөг хүлээн аваагүй гэж үзэх үндэслэл болохгүй. Захиалагч гэрээт ажлын хөлснөөс нийт 49.750.000 төгрөг буюу 58.5% төлсөн. Ажил гүйцэтгэх гэрээний 6.4-т заасан захиалагч ажлын үр дүнг хүлээн авч хөлсийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног дутамд 0.3%-ийн алданги тооцож гүйцэтгэгчид төлнө гэсний дагуу алданги тооцож хүснэгтээр хавсаргав. Нэхэмжлэл гаргах хүртэл гэрээт ажлын хөлсийг хугацаанд нь төлөөгүй 55.250.000 төгрөгийн алданги 27.514.500 төгрөг, үлдэгдэл 35.250.000 төгрөгийн хөлс төлөөгүйн алданги 9.729.000 төгрөг, нийт алдангийн хэмжээ 37.243.500 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэснийг үндэслэн нийт алдангийн 50 хувь болох 18.621.750 төгрөгийг Б.Г, Ж.Д бид захиалагчаас шаардах эрхтэй. Захилагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, Говь-Алтай аймгийн Ч.Лодойдамбын 100 жилийн ойн комисс нь гүйцэтгэсэн ажлын үр дүн болох хөлсийг бүрэн төлөхгүй хохироож байна. Иймд Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, Говь-Алтай аймгийн Ч.Лодойдамбын 100 жилийн ойн комисст 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүн “Төрийн хошой шагналт Ч.Лодойдамба” хөшөө баримлын ажлыг хүлээн авсныг тогтоож, гэрээний гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс 35.250.000 төгрөг, гэрээний 6.4-д заасан алданги 18.621.750 төгрөг, нийт 50.871.750 төгрөгийг Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Д нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрээ хийсэн. Хөшөө 130 саяар батлагдаж ирсэн. Дараа нь 85 сая төгрөгөөр гэрээ хийгдсэн. Хурлын дарга барималчтай яриад хөшөөний мөнгийг багасгах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд би Б.Г-тай яриад хөшөөг 85 сая төгрөгт хийгээд өг. Би боржин чулуун хөшөөний суурийг хийгээд өгье гэж хэлэхэд би өөртэй чинь гэрээ хийнэ гэсэн учир би хөшөөний суурийг хийхээр Б.Г-тай гэрээ хийсэн. Тэгэхдээ суурийг 40 см өргөнтэй, 2 метр урттай хийхээр болсон. Суурийг хийх үед өвөл байсан учир би гэр бариад хийж байсан. Тэгээд хийх явцад ганц чулуун суурь санаанд таараагүй учир би 1 метр өргөнтэй хийсэн байдаг. Хөшөөг хийхэд сургууль бол зүгийн муу руу харсан гэж шүүмжлэгдэж байсан. Иймээс тухайн хөшөөний суурийг баруун урагш харуулах ёстой гэж байсан. Хөшөөг 2017 оны 12 дугаар сарын 14-ний шөнө авч ирээд 12 дугаар сарын 15-нд суурилуулж “Болор цом”- д оролцож байгаа найрагчид ирж нээлтийг нь хийж байсан гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Говь-Алтай аймаг дахь Иргэний хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар нь Лодойдамбын 100 жилийн ойн комисстой 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэ гэрээ хийж гүйцэтгэсэн ажлын хөлс болох 35.250.000 төгрөг, гэрээний 6.4-т заасан хоног тутам 0.3 хувийн алданги тооцох 18.621.750 төгрөг, нийт 50.871.750 төгрөгийг Аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулах, аймгийн Лодойдамбын хөшөөг хүлээж авсныг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэгдүгээрт уг хөшөө баримлыг хүлээн авсанд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан байгаа. Уг хөшөөг хүлээн авах комиссын дүгнэлт гарсан байгаа. Уг дүгнэлт дээр комиссын дарга Б, Санхүү төрийн сангийн дарга Ч.Ж, архивын эрхлэгч М нар гарын үсэг зураагүй. Нэхэмжлэгч Г нь хөшөө баримлыг хүлээж авах орон нутагт патентжуулах гэдэг ажил хийгээгүй учир одоог хүртэл хохирч байгаа. Үүнийг хүлээж авсныг тогтоох үндэслэл байгаа. Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 69 дүгээр тоот тогтоолд барилга байгууламж хөшөө дурсгалыг хүлээж авах дүрмийн 4 дүгээр зүйлд тодорхой заасан. Комиссын гишүүд нэг бүрчлэн саналаа өгнө. Санал өгсний дараа хуралдаан хийгээд хуралдаан дээр саналаа илэрхийлнэ гэж заасан. Тэгэхээр комиссын гишүүд 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр комиссын хурал хийхэд тухайн гишүүд бүгд оролцоод хүлээн авах саналтай гэдгээ илэрхийлсэн. Уг тогтоол дээр комиссын гишүүд Ч.Ж хийж гүйцэтгэх боломжтой гэсэн тул ашиглалтад авах саналтай байна гээд өөрөө гарын үсэг зурсан. Комиссын гишүүд болох Ш, Б, П, Н, Б, М нар бүгд хөшөөг хүлээн авахад татгалзах зүйлгүй гээд саналаа өгсөн. Мөн Д өөрөө мөн саналаа өгсөн. Комиссын дүгнэлт дээр яагаад гарын үсэг зураагүй учир нь Ж санхүүжилт байхгүй, би хүлээн авснаа зөвшөөрч байна. Санхүүжилт байхгүй учир хүндрэлтэй байна гээд гарын үсэг зураагүй. Ажлын хэсгийн ахлагч Б нь санхүү төрийн сангийн дарга гарын үсэг зурсан тохиолдолд би гарын үсэг зурна гэж хэлдэг. Засгийн газрын тогтоолд хөшөөтэй холбоотой баримт бичгийг хамгийн сүүлд архивын эрхлэгч нь хүлээж аваад гарын үсэг зурахаар заасан. Уг хөшөөг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Үүний дагуу нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр уг хөшөөний нээлтийн ажиллагааг хийсэн.Тухайн үед Говь-Алтай аймагт “Болор цом” тэмцээн болж тухайн тэмцээнд оролцсон бүх найрагчид аймгийн зохих удирдлагуудтай ирж нээлтэд оролцсон. Дараа нь зохиолчдын уулзалт аялал болсон тухайн аялалыг Д, Г нар өөрсдийн санаачилгаар зохион байгуулаад ийм ажиллагаа хийгдсэн байгаа. Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 36 тоот тогтоолоор Лодойдамбын 100 жилийн ойг 2017 онд зохион байгуулах, ойг зохион байгуулах комиссыг байгуулсан. Гуравдугаарт ойгоор хийгдэх ажлын төлөвлөгөөг тус тус баталсан. 2017 оны 9 дүгээр сард Лодойдамбын хүрэл хөшөөг босгох гэж төлөвлөгөөнд тусгагдсан. Дөрөвдүгээрт зохиолчийн төрсөн газрын буурийг тохижуулах, Лодойдамбын нутгаар тойрон аялал зохион байгуулах 2017 оны 08-09 дүгээр сард гэсэн энэ нь зохион байгуулагдсан. Үүний дагуу аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 27 тоот тогтоолоор Лодойдамбын 100 жилийн ойг зохион байгуулах ажлын комиссыг батлаад хоёрдугаар санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг аймгийн Засаг дарга үүрэг болгосон. 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр захиалагчийг төлөөлж Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар түүнийг төлөөлж төрийн сангийн хэлтсийн дарга Ж, Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Г, гүйцэтгэгчийг төлөөлж Г нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэн байгаа. Лодойдамбын 100 жилийн ойг тохиолдуулан Лодойдамбын хөшөөг 2 метр 7 см өндөртэй, боржин чулуун хавтантай хийж гүйцэтгэх, хөшөөний ажлын хөлс болох 85 сая төгрөгийг 3 үе шаттайгаар олгох гэрээ хийгдсэн байгаа. Гэрээний дагуу ажил гүйцэтгэгч нь Г, Д нар нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр уг хөшөөг бүрэн хийсэн. Өөрөөр хэлбэл 5 эскиз хийгдсэн. Хөшөөний үлдэгдэл хөлсийг одоо болтол өгөөгүй. Гэрээний 6.4-т хөшөөний мөнгийг өгөөгүй учир хугацаа хэтэрсэн хоног тутам 0.3 хувийн алданги тооцож төлнө гэсний дагуу алданги тооцож нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заасан. Нэхэмжлэгч Ж.Д-ийн гаргасан нэхэмжлэлд тус ажил гүйцэтгэх гэрээний захиалагч нь аймгийн Засаг даргын Тамгын газар бөгөөд захиалагчийг төлөөлж Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Ж гарын үсэг зурсан байна. Тус гэрээг Ч.Лодойдамбын ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын даргын хувьд ИТХурлын даргаар ажиллаж байсан Т.Г гарын үсэг зурж баталгаажуулсан нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ИТХ-ын даргыг хариуцагчаар татах үндэслэлгүй байна. Иймд тус иргэний хэрэгт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ИТХ-ын дарга хариуцагчаар оролцох боломжгүй тул хариуцагчаас чөлөөлж, захиалагч болон захиалагчийг төлөөлж гарын үсэг зурсан албан тушаалтнуудыг ажил гүйцэтгэх гэрээний хариуцагчаар оролцуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Ж.Д нар нь 2017 онд зохион байгуулагдах Төрийн хошой шагналт зохиолч Ч.Лодойдамбын 100 жилийн ойг тохиолдуулан тус хүний хөшөө баримлыг бүтээх талаар өөрсдийн санаачлагыг гарган хандив цуглуулан ажилласан байдаг. Тэгээд Ж.Д нь уран барималч Б.Г-тай аман тохироо хийж хөшөөний эх загварыг хийлгэн, зохиолчийн ар гэрийнхэнд танилцуулан хандив цуглуулж эхэлсэн. Ингэхдээ ХААН банкинд ....... тоот дансыг 2 дугаар сургуулийн нярав В овогтой М, захирал Х овогтой Б нарын нэр дээр 2017 оны 01 сарын 02-ны өдөр данс нээлгэж, уг дансанд 500.000 төгрөг байршуулсан байдаг. Ингээд 5 сараас хандивын мөнгө орж эхэлсэн бөгөөд 9 сарын 05-ны өдөр хүртэл тэд өөрсдөө 4.670.119 төгрөгийг л цуглуулж чадсан байдаг. Мэдээж ийм мөнгөөр бүхэл бүтэн хөшөө хийлгэх боломжгүй байсан учир аймаг дахь ой зохион байгуулах комиссын дарга бөгөөд ИТХ-ын дарга Т.Г-т санал тавьж хамтран ажилласан. Зохион байгуулах комиссын хурал дээр төсөвт тусгагдсан хөрөнгийн эх үүсвэр байхгүй учир дан ганц хандивын хөрөнгийг дайчилъя гэсэн санал гарч байгууллага, сумдын удирдлагуудад захидал явуулж, ажилтан бүрийн оролцоог хангаач, 1 өдрийн цалингийн хөдөлгөөн өрнүүлээч гэсэн. Ингээд хандивын дансыг үргэлжлүүлэн ашиглах болж, 1 дүгээр гарын үсгийг Т.Г, 2 дугаар гарын үсгийг Ч.н нар зурахаар гарын үсгийн баталгаа гарган 2017 оны 09 сарын 13-ны өдрөөс он дуустал 30.054.081 төгрөгийн хандив цуглуулсан. Ингээд хандивын дансанд нийт 34.724.200 төгрөг цугларснаас 29.709.000 төгрөгийг гүйцэтгэгчид олгосон. Одоо хандивын дансны үлдэгдэл 4.999.926,93 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 2017 оны жилийн эцэст хандиваар 34.7 сая төгрөг цугларсан, цаашид мөнгө нэмж орох нь эрсдэлтэй байсан учир 2018 оны аймгийн орон нутгийн төсөвт 20 сая төгрөг тусгаж, 6-р сард олгосон болно. Гүйцэтгэгчид нийт 49 сая 709 мянган төгрөгийг олгосон болно. Улсын комисс хүлээж аваагүй шалтгаан нь 1. Уг хөшөө нь эскиз зургаараа 80-100 см өндөрлөсөн гантиг суурьтай, тохижуулсан талбайтай, гадна гудамжнаас орох шаттаы гэх мэт байхаар байсан. Гэтэл суурь нь газраас үл ялиг өндөр, талбайн цутгалт тохижилт хийгээгүй, гаднах шат хийгдээгүй байсан. 2. Комисс ажиллах үед гүйцэтгэгчээс дээрх ажлуудыг гүйцээх талаар ярихад дулааны улиралд хийх боломжтой гэж байсан учраас комиссын гишүүнээр ажиллах үедээ хүлээн авах боломжтой гэж үзэж байсан. Энэ тухай Т.Г даргад танилцуулахад дутуу хийгдсэн ажил хүлээн авч болох юм уу, үлдэгдэл санхүүжилтийг яаж шийдвэрлэх гэж байна гэдэг асуудал гаргасны дагуу комиссын актан дээр гарын үсэг зураагүй болно. Улсын комисс тухайн ажлыг хүлээн аваагүй, комиссын актад гарын үсэг зурагдаагүй байгаа учир нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн авах боломжгүй болно гэжээ.
Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй гэж хариу тайлбар гаргаж байгаа. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 36 дугаар тогтоолоор Монгол Улсын утга зохиолын нэрт төлөөлөгч, төр нийгмийн зүтгэлтэн Лодойдамбын 100 жилийн ойг удирдан тэмдэглэн өнгөрүүлэх ойн зохион байгуулах комиссыг байгуулан, ойн арга хэмжээний төлөвлөгөөг баталсан байдаг. Тухайн тогтоолтой холбоотой Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 27 дугаар тогтоолоор ойг тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын тогтоол батлагдсан. Тухайн тогтоолын 3 дахь заалтад Лодойдамбын хөшөөний хүрэл хөшөөг босгох ажлын санхүүжилтийг хандиваар, хариуцах байгууллага нь Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөл, 9 дэх заалт зохиолчийн төрсөн газрын буурийг тохижуулах ажлын санхүүжилтийг орон нутгийн төсөв хандиваар хариуцах, хариуцах байгууллага аймгийн Чадраабалын Лодойдамбын сан, орон нутгийн байгууллага хандиваар гэсэн. Мөн 10 дахь заалтад Ч.Лодойдамбын нутгаар зохион байгуулах ажлыг хандиваар, монголын зохиолчдын эвлэлийн аймаг дахь салбар хариуцахаар тус тус заасан төлөвлөгөөг баталсан. Боловсрол соёл урлагийн газрын даргын уриалга хүргүүлэх тухай 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 239 тоот албан бичигт хөшөөг иргэд ард олны сэтгэлийн хандиваар бүтээнэ гэсэн. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 8 дугаар тогтоолоор хөшөөг бүтээх ажилд орон нутгийн төсвөөс 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, Говьсайханд 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн. Нэхэмжлэгч талаас Ч.Лодойдамбын хөшөө барих ажлыг 100 хувьтай чанарын зохих шаардлага хангасан ажлын үр дүнг хүлээн авсан гэх зүйлд дараах тайлбарыг өгч байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлд 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх захиалагч нь уг ажлыг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг заасан. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэг зааснаар тухайн гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан. Аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/59 дугаар захирамжаар орон нутгийн төсвийн хөрөнгө, хандивын хөрөнгөөр Ч.Лодойдамбын хүрэл хөшөө, зохиолчийн төрсөн нутгийн буурийг тохижуулах ажлыг хүлээж авч ашиглалтад оруулах комиссыг 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Ажил хүлээн авах акт үйлдсэн байх бөгөөд тус актад гүйцэтгэгчийг төлөөлж Шадар туслагч ХХКомпанийн Д, захиалагчийг төлөөлж ажилласан комиссын дарга С.Б, комиссын гишүүн Ч.Ж нар нь гарын үсэг зураагүй уг акт баталгаажаагүй байдаг. Тухайн ажлын хэсгийн комиссын гишүүд саналдаа хөшөөний ирмэгийн дагуу налуу цутгалт хийх, хөшөөний зэс суурины гадна доод хажуугаар чулуун эмжээр хийх мөн төрсөн газрын буурин дээр Соёмбыг баруун хойт толгойд хийх, хогийн сав хийх зэрэг тухайн ажлын доголдлыг арилгуулахаар саналыг гаргасан. Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 317 дугаар тогтоолоор батлагдсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 4.4 дэх хэсэгт комиссын гишүүд хариуцсан асуудал тус бүрээр санал гаргах бөгөөд комиссын нийт гишүүдийн саналыг үндэслэн дүгнэлт гаргах бөгөөд уг дүгнэлтийг комиссын нийт гишүүд гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Тэгэхээр ажил хүлээж авах комиссын акт баталгаажаагүй. Тухайн хүрэл хөшөөн орон нутгийн болон сургуулийн өмчлөлд бүртгэлгүй байгаа. Иймээс Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө, 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь хэсэгт захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх гэж зааснаар захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлж ажлаа биелүүлээгүй байх тул энэ ажлын хөлсийг шаардах эрхгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Б.Г, Ж.Д нар нь Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэст холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүн “Төрийн хошой шагналт Ч.Лодойдамба” хөшөө баримлын ажлыг хүлээн авсныг тогтоож, гэрээний гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс 35.250.000 төгрөг, гэрээний 6.4-д заасан алданги 18.621.750 төгрөг, нийт 50.871.750 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Ж.Д нь ажлын комисс уг хүрэл хөшөөг хүлээн авах дүгнэлт гаргасан боловч комиссын гишүүн Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Ж тухайн хөшөөг хүлээн авахыг зөвшөөрчихөөд санхүүжилтийн дутууг өгөх болохоор гарын үсэг зураагүйгээс өнөөдрийг хүртэл хүрэл хөшөөг хүлээн авсанд тооцохгүй байгаа тул “Төрийн хошой шагналт Ч.Лодойдамба” хөшөө баримлын ажлыг хүлээн авсныг тогтоолгож, ажлын үлдэгдэл хөлс, алдангиа гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нь гэрээний дагуу ажил гүйцэтгэгч нь Г, Д нар нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр уг хөшөөг бүрэн хийсэн. Өөрөөр хэлбэл 5 эскиз хийгдсэн. Хөшөөний үлдэгдэл хөлсийг одоо болтол өгөөгүй. Гэрээний 6.4-т хөшөөний мөнгийг өгөөгүй учир хугацаа хэтэрсэн хоног тутам 0.3 хувийн алданги тооцож төлнө гэсний дагуу алданги тооцож нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нь ажил хүлээж авах комиссын акт баталгаажаагүй. Тухайн хүрэл хөшөөн орон нутгийн болон сургуулийн өмчлөлд бүртгэлгүй. Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө, 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь хэсэгт захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх гэж зааснаар захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлж ажлаа биелүүлээгүй байх тул энэ ажлын хөлсийг шаардах эрхгүй гэж маргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээгээр захиалагч Говь-Алтай аймгийн Тамгын газар, гүйцэтгэгч Б.Г нар харилцан тохиролцож “Төрийн хошой шагналт Ч.Лодойдамба” хөшөө баримлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулж, гэрээнд захилагчийг төлөөлж Төрийн сангийн дарга Ч.Ж гарын үсэг зурж, төрийн сангийн тэмдэг дарсан байх бөгөөд батлав Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга, “Ч.Лодойдамбын 100 жилийн ойн комиссын дарга Т.Г гэж гарын үсэг зурж, Говь-Алтай аймгийн ИТХурлын тамгыг дарж баталжээ.
Дээрх гэрээний 1.1-д “Энэхүү гэрээний зүйл нь “Төрийн хошой шагналт Ч.Лодойдамба” хөшөө баримал. Үүнд: Үндсэн баримал нь Ч.Лодойдамба хүрэл хөшөө баримал байна. 2 м 40 см өндөртэй хүрэл, суурь нь боржин чулуун материалаар чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ. Гэрээний нийт төсөвт өртөг 85.000.000 сая төгрөг байхаар харилцан тохиролцсон болно. Энэхүү төсөвт өртөгт материалын зардал болон тээвэр, ажлын хөлс, татвар болон бусад зардал бүгд орсон болно. Батлагдсан скиз макетын дагуу хийх, өөрийн бүтээлч хөдөлмөрөөр, нарийн ур хийцээр нэг бүрчлэн хийж гүйцэтгэнэ. Захиалагчийн санал зөвлөмжийг тусгах, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл гүйцэтгэгч хэлсэн өөрчлөлтийг нь дахин оруулж баталгаажуулж ажлыг гүйцэтгэнэ...” гэжээ. /хх-ийн 8-10-рт/
Мөн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр захиалагч Б.Г нь ажил гүйцэтгэгч Ж.Д-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээний 1.1-д “Гүйцэтгэгч нь захиалагчийн зааврын дагуу Ч.Лодойдамбын 100 жилийн ойд зориулан босгох хүрэл хөшөөний суурийг боржин чулуун хавтангаар 40 х 200 х 200 хэмжээтэй хийж гүйцэтгэх, хөшөөг хүлээлгэн өгөх, холбогдох тооцоо төлбөрийг хийх гэжээ. /хх-ийн 11-12-рт /
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байдаг бөгөөд тухайн үр дүн нь ямар шинж чанар, тоо хэмжээтэй байх талаар талууд харилцан тохиролцсон байх учиртай.
Нэхэмжлэгч Б.Г болон Говь-Алтай аймгийн Тамгын газар нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Төрийн хошой шагналт Ч.Лодойдамба” хөшөө баримлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.
Уг гэрээний 1.1-д “Энэхүү гэрээний зүйл нь “Төрийн хошой шагналт Ч.Лодойдамба” хөшөө баримал. Үүнд: Үндсэн баримал нь Ч.Лодойдамба хүрэл хөшөө баримал байна. 2 м 40 см өндөртэй хүрэл, суурь нь боржин чулуун материалаар чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ. Батлагдсан скиз макетын дагуу хийх, өөрийн бүтээлч хөдөлмөрөөр, нарийн ур хийцээр нэг бүрчлэн хийж гүйцэтгэнэ. Захиалагчийн санал зөвлөмжийг тусгах, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл гүйцэтгэгч хэлсэн өөрчлөлтийг нь дахин оруулж баталгаажуулж ажлыг гүйцэтгэнэ...” гэж, 5.1.1-д “захиалагч загварыг гүйцэтгэх аль ч шатанд хяналт тавих, загварын ур хийц болон хэмжээ харьцаа алдагдсан бол тухай бүр засварлуулах” эрх үүрэгтэй гэж тус тус заажээ.
Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т зааснаар “Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ”.
Өөрөөр хэлбэл дээрх гэрээгээр гүйцэтгэх ажлын тоо, хэмжээ, чанарыг тохиролцсон буюу захиалагч тал нь хөшөө баримлыг хийж гүйцэтгэхэд санал зөвлөмж гаргах, өөрчлөлт оруулах эрхтэй байх бөгөөд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн саналыг бүрэн хангасан хөшөөг нийлүүлэх үүрэгтэй, үүний дагуу 5 удаа хөшөөний эскиз өөрчлөгдсөн талаар зохигчид шүүх хуралдаанд тайлбарлаж маргахгүй байна.
Ажил гүйцэтгэх гэрээ нь хариу төлбөртэй хэлцэл тул ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлснээр хөлс авах эрх нь үүснэ.
Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д зааснаар “талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө” гэж заасан байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан захиалагч Говь-Алтай аймгийн Тамгын газар, гүйцэтгэгч Б.Г нарын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний 4.2-т зааснаар “Захиалагч гэрээ байгуулахад гэрээний үнийн урьдчилгаа 35 хувийг 29.750.000 төгрөгийг шилжүүлнэ. Ажлын гүйцэтгэлийн 80 хувь гүйцэтгэхэд 40 хувь 34.000.000 төгрөг, үлдэгдэл 25 хувийг ажил дуусгавар болсноор үлдэгдэл 21.250.000 төгрөгийг гүйцэтгэгч талд олгоно” гэж зааснаас үзэхэд ажил гүйцэтгэгч нь ажлын үр дүнг хүлээлгэж өгснөөр ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг шаардах эрх үүсэхээр байна.
Ажил хүлээлгэн өгөх нь бүрэн гүйцэтгэгдсэн ажлыг хүлээн авч, ажлын үр дүнг зөвшөөрсөн байх тухай ойлголт юм.
Аймаг, нийслэлийн Засаг дарга нь Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт зааснаар “Тухайн нутаг дэвсгэрт байрлах барилга байгууламжийн ашиглалтад хяналт тавьж, бүртгэх паспортжуулах”, 35.1.6 дахь хэсэгт зааснаар “барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах” бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлд барилга байгууламжийг ашиглалтад оруулах журмыг зохицуулсан байх бөгөөд мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.6 дахь хэсэгт зааснаар “...энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламж ашиглалтад оруулах хүсэлт, энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг хянаж, ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах комисс ажиллуулна гэж заажээ.
Монгол улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 317 дугаар тогтоолоор “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийг” хавсралтаар шинэчлэн баталж, энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Дүрэм батлах тухай Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 69 дүгээр тогтоол, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 172 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсон байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нь хөшөө баримлыг ашиглалтад оруулах комиссыг ажиллаж байх үед Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 69 дүгээр тогтоол үйлчилж байсан тул уг дүрмийг баримтална хэмээн маргажээ.
Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 317 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 4.4-т “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, комиссын гишүүд хариуцсан асуудал тус бүрээр санал гаргана. Комиссын нийт гишүүдийн саналыг үндэслэн комиссын дүгнэлтийг гаргах бөгөөд уг дүгнэлтийг комиссын нийт гишүүд гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно” гэжээ.
Уг тогтоол гарсантай холбоотойгоор хүчингүй болсон Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 4.4-т “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, комиссын гишүүд хариуцсан асуудал тус бүрээр санал гаргана. Комиссын нийт гишүүдийн саналыг үндэслэн комиссын дүгнэлтийг гаргах бөгөөд уг дүгнэлтийг комиссын нийт гишүүд гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан нь агуулгын хувьд зөрүүгүй, адил байгааг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн 2018 оны 03 сарын 19-ний өдрийн Чадраабалын Лодойдамбын хүрэл хөшөөний ажлыг хүлээн авч, ашиглалтанд оруулах комиссын хуралдааны тэмдэглэл болон барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлтэнд комиссын дарга С.Б, комиссын гишүүн Ч.Ж, М.М нар гарын үсэг зураагүй байх бөгөөд хурлын тэмдэглэлд бичигдсэнээр Ч.Ж нь “Ч.Лодойдамбын хөшөөний чулуун шалны ирмэгийн дагуу налуу цутгалт хийх, хөшөөний зэс суурины гадна доод хажуугаар чулуун эмжээрийг хийх, төрсөн буурины хөшөөний орчимд хогийн сав хийх соёмбын баруун хойд толгойд хийх, барималчаас хугацаатай баталгаа гаргуулах, дээрхийг зуны улиралд хийж гүйцэтгэх боломжтой гэсэн тул ашиглалтанд авах саналтай байна” гэж, Ж.Д нь “комиссоос гаргасан саналыг дулааны улиралд хийж гүйцэтгэнэ...” гэжээ.
Мөн комиссын дүгнэлтэнд хавсарган ирүүлсэн Ч.Ж-н саналын хуудас нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх боловч зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбараар дээр дурдсан ажлуудыг дутуу хийж гүйцэтгэсэн талаар санал гаргасан, гаргасан саналыг дулааны улиралд хийж гүйцэтгэнэ гэсэн болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д зааснаар “захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулахаар шаардлага гаргах эрхтэй” бөгөөд ажил хүлээн авах комисс нь хуульд заасны дагуу доголдлыг арилгуулахаар ажил гүйцэтгэгчид шаардлага гаргасан байна.
Мөн “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 4.5-д “Комиссын гишүүд тухайн барилга байгууламж ашиглалтад оруулах шаардлагыг хангасан эсэх талаар урьдчилсан санал дүгнэлт гаргана” гэж, 4.6-д “Комиссын гишүүдийн урьдчилсан санал дүгнэлтээр зөрчил дутагдал илэрсэн тохиолдолд комиссоос уг зөрчил дутагдлыг арилгуулахаар захиалагч, гүйцэтгэгчид үүрэг даалгавар өгнө” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл комиссын гишүүд нь мэргэжлийнхээ чиглэлээр илэрсэн зөрчил дутагдлыг бүрэн арилгуулсны дараа Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актад гарын үсэг зурж баталгаажуулахаар байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Д-аас саналын хуудсанд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн эсэх талаар тодруулахад саналыг дулааны улиралд хийж гүйцэтгэхээр хүлээн авсан боловч гүйцэтгээгүй байгаа гэж тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.
Хариуцагч Ч.Ж нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...Улсын комисс хүлээж аваагүй шалтгаан нь 1. Уг хөшөө нь эскиз зургаараа 80-100 см өндөрлөсөн гантиг суурьтай, тохижуулсан талбайтай, гадна гудамжнаас орох шаттаы гэх мэт байхаар байсан. Гэтэл суурь нь газраас үл ялиг өндөр, талбайн цутгалт тохижилт хийгээгүй, гаднах шат хийгдээгүй байсан. 2. Комисс ажиллах үед гүйцэтгэгчээс дээрх ажлуудыг гүйцээх талаар ярихад дулааны улиралд хийх боломжтой гэж байсан учраас комиссын гишүүнээр ажиллах үедээ хүлээн авах боломжтой гэж үзэж байсан. Энэ тухай Т.Ганзориг даргад танилцуулахад дутуу хийгдсэн ажил хүлээн авч болох юм уу, үлдэгдэл санхүүжилтийг яаж шийдвэрлэх гэж байна гэдэг асуудал гаргасны дагуу комиссын актан дээр гарын үсэг зураагүй болно...” гэж тайлбарлаж байх боловч үүнтэй холбоотой нотлох баримт буюу эскиз зургийг ирүүлээгүй тул шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд, 2018 оны 03 сарын 19-ний өдрийн Чадраабалын Лодойдамбын хүрэл хөшөөний ажлыг хүлээн авч, ашиглалтанд оруулах комиссын хуралдааны тэмдэглэл болон барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлтэнд заагдсан шаардлагын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийсэн болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нь шүүх хуралдаанд “захиалагч нь иргэний хуулийн 351 дугаар зүйлийн 351.2-д зааснаар захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцох тул “Төрийн хошой шагналт Ч.Лодойдамба” хөшөө баримлын ажлыг хүлээн авсанд тооцно гэж маргаж байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд захиалагч тал нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авахаар комисс томилон ажиллуулсан бөгөөд томилогдсон комисс ажлын үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй, нэмэлт ажил гүйцэтгүүлэхээр санал гаргаж байгааг захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь комиссын саналын хуудсанд дурдсан ажлыг хийж гүйцэтгэсний дараа дахин комисст танилцуулах, комиссын нийт гишүүд гарын үсэг зурж хүлээн авсан тохиолдолд үлдэгдэл төлбөрийг шаардах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Харин 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр захиалагч Б.Г, ажил гүйцэтгэгч Ж.Д нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 1.1-д “Гүйцэтгэгч нь захиалагчийн зааврын дагуу Ч.Лодойдамбын 100 жилийн ойд зориулан босгох хүрэл хөшөөний суурийг боржин чулуун хавтангаар 40 х 200 х 200 хэмжээтэй хийж гүйцэтгэх, хөшөөг хүлээлгэн өгөх, холбогдох тооцоо төлбөрийг хийх” гэж зааснаас үзэхэд гүйцэтгэгч Б.Г нь Говь-Алтай аймгийн Тамгын газартай байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Төрийн хошой шагналт Ч.Лодойдамба” хөшөө баримлыг хийж гүйцэтгэх ажилд туслан гүйцэтгэгчээр Ж.Д-г оролцуулахаар гэрээ байгуулсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д “Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно” гэж, 347.2-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл Б.Г нь Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.2-д зааснаар Ж.Дашдаваагийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч буюу Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын өмнө хариуцах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Б.Д нь туслан гүйцэтгэгч тул гэрээний үүргийг захиалагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас шаардах эрхгүй байна.
Харин Ж.Д нь өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг ерөнхий ажил гүйцэтгэгч буюу Б.Г-аас шаардах нь үндэслэлтэй байгааг дурдах нь зүйтэй байна.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон Б.Г, Ж.Д нарын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Говь-Алтай аймгийн Засаг дарга, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэст холбогдох ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүн “Төрийн хошой шагналт Ч.Лодойдамба” хөшөө баримлын ажлыг хүлээн авсныг тогтоож, гэрээний гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс 35.250.000 төгрөг, гэрээний 6.4-д заасан алданги 18.621.750 төгрөг, нийт 50.871.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412.309 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон Б.Г, Ж.Д нарын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Говь-Алтай аймгийн Засаг дарга, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэст холбогдох ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүн “Төрийн хошой шагналт Ч.Лодойдамба” хөшөө баримлын ажлыг хүлээн авсныг тогтоож, гэрээний гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс 35.250.000 төгрөг, гэрээний 6.4-д заасан алданги 18.621.750 төгрөг, нийт 50.871.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412.309 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ