Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/180

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.Б,

шүүгдэгч Д.С- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Д-ы С-д холбогдох эрүүгийн 2213000580218 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “А-А” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 1, ганц бие, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 05 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан, С овогт Д-ы С-, РД:Б3................

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.  

Шүүгдэгч Д.С- нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэр “Хангал” гэх газраас 2021 оны 12 дугаар сарын сүүлээр ховор амьтан болох 1 тооны зэгсний зэрлэг гахайг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1.1 Шүүгдэгч Д.С- мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэв.

2. Эрүүгийн 2213000580218 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 27-31 дэх тал/,

2.2. Агнагдсан гэх 1 тооны зэгсний зэрэг гахайд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-16, 50-54 дэх тал/,

2.3. Улсын бүртгэлгүй, гол төмрийн 15972, замагны 15972 дугаартай, карвин загварын галт зэвсэг 1 ширхгийг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 23-26 дахь тал/,

2.4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 87, 89 дэх тал/,

2.5. Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 92 дахь тал/,

2.6. Гэрч Н.Р-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 94 дэх тал/,

2.7. Гэрч Ү.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 96 дахь тал/,

2.8. Гэрч С.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 101-102 дахь тал/,

2.9. Гэрч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 105-107 дахь тал/,

2.10. Гэрч М.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 109 дэх тал/,

2.11. Гэрч Т.Н-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 111, 113, 115 дахь тал/,

2.12. Шинжээч Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын биологийн төрөл зүйл, мэдээллийн сан, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Ц.Б-ийн 2022 оны 01 дугаар сарын 29-ний өдрийн 04/02 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 124 дэх тал/,

2.13. Яллагдагч Д.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 163-164 дэх тал/,

2.14. Шүүгдэгч Д.С-ын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд /хавтаст хэргийн 167-168, 170, 174-175, 177-181 дэх тал/ зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.С-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд,

3.1. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч Д.С- нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэр “Хангал” гэх газраас 2021 оны 12 дугаар сарын сүүлээр ховор амьтан болох 1 тооны зэгсний зэрлэг гахайг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан үйл баримт, хэргийн нөхцөл байдал шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.1.1. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 27-31 дэх тал/,

3.1.2. Агнагдсан гэх 1 тооны зэгсний зэрэг гахайд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-16, 50-54 дэх тал/,

3.1.3. Улсын бүртгэлгүй, гол төмрийн 15972, замагны 15972 дугаартай, карвин загварын галт зэвсэг 1 ширхгийг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 23-26 дахь тал/,

3.1.4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Зэгсний зэрлэг гахай нь манай аймгийн Ногооннуур, Баяннуур, Алтанцөгц сумдын Ховд гол, Ачит нуурын сав газрын нутгаар тархацтай байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар ховор ан амьтны жагсаалтад орсон байдаг ба агнах, эд эрхтнийг нь хадгалах, худалдах, тээвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт тооцогддог, Монгол Улсын Амьтны тухай хуулийн 37.3 дугаар зүйлд тус хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйлээр ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна гэж заасан байдаг. Надад нэхэмжлэх зүйл гэвэл шинжээчийн дүгнэлтээр хууль бусаар агнуурт өртсөн 2 настай, эр зэгсний зэрлэг гахайн Экологи эдийн засгийн үнэлгээ болох 2.900.000 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2/-д заасны дагуу амьтны аймагт учруулсан хохирлыг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэсний дагуу 5.800.000 төгрөгийг гэмт буруутай этгээдээр нөхөн төлүүлэх болно. ...Одоогоор хохиролд ямар нэгэн нөхөн төлбөр барагдуулаагүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 87, 89 дэх тал/,

3.1.5. Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай төрсөн ах болох Д.С- нь Ногооннуур сумын 05 дугаарт баг, “Шар мод” гэх газар 2021 оны 12 дугаар сарын сүүлээр оторт мал маллаж байсан ба тухайн үед миний бие ах Д.С-ыг эргэж очиход гэрийн гадаа нэг шуудайд хийсэн эд зүйл байхаар нь очиж үзэхэд бүтэн зэгсний зэрлэг гахай байсан. Ямар учиртай болохыг ах Д.С-оос асуухад “гэрийн түлээний мод бэлтгэх ажлаар Ногооннуур сумын нутаг “Хангал” гэх газарт явж байхад нэг зэгсний гахай явж байхаар нь ах нь буудчихсан, тэрний махыг хадгалж байгаа” гэж хэлсэн. Манай ах Д.С- нь тухайн зэгсний зэрлэг гахайг өөрөө ганцаараа явж байгаад өөрт нь байдаг карвин загварын галт зэвсгээр агнасан талаар хэлж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 92 дахь тал/,

3.1.6. Гэрч Н.Р-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотоос С.Х- гэгч таньдаг залуу залгаж Мэргэжлийн хяналтын газарт улсын байцаагч хийдэг Ү.Н- гэх хүний гэрт нэг хонины мах байгаа, өнөөдрийн унаанд тавьж явуулчихаарай гэж хэлсний дагуу 2022 оны 01 дүгээр сарын 22-ний өглөө 10 цагийн үед Ү.Н-ы гэрт очиход Ү.Н- гэртээ байсан бөгөөд Улаанбаатар хотоос С.Х- яриад байна нэг хонины мах байгаа тэрийг авч Улаанбаатар хот руу явуулах ажлаар ирлээ гэхэд Ү.Н- машины гараажаас бор өнгийн хайрцагт хийж, гадна талын скочоор ороочихсон эд зүйл өгөхөөр нь тухайн ачааг Улаанбаатар хот руу гарах гэж байсан нийтийн унаа болох 0137 УАВ улсын дугаарын Өлгий-Улаанбаатар чиглэлийн тээврийн хэрэгсэлд тавьж явуулсан болно.

Би Ү.Н-ы гэрээс тухайн хайрцагтай эд зүйлийг авахад хайрцгийн гадна талд ямар нэгэн хүний нэр болон утасны дугаар байгаагүй. Би тухайн ачааг авсны дараа С.Х- над руу ярьж ачааны гадна талд “Г-....” гэж бичээрэй гэснийг би бичиж уг ачааг 0137 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тавьж явуулсан. Миний бие тухайн өдөр Ү.Н-ы гэрт очиж С.Х- нэг хонины мах байгаа гэсэн гэж хэлэхэд гаргаж өгсөн. Дотор нь юу байгаа талаар би ч асуугаагүй, Ү.Н- ч надад ямар нэгэн зүйл хэлээгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 94 дэх тал/,

3.1.7. Гэрч Ү.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие Ногооннуур сумын Засаг даргын тамгын газарт байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажилладаг. Зэгсний зэрлэг гахай нь ховор ан амьтны төрөл зүйлд ордог учраас ямар нэгэн байдлаар агнах зөвшөөрөл гаргахгүй. Манай Ногооннуур сумын гол, ус дагнасан ойн сав бүхий газарт зэгсний зэрлэг гахай нутагладаг юм. Ногооннуур сумын 07 дугаар багийн нутагт орших “Хангал” гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт орохгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 96 дахь тал/,

3.1.8. Гэрч С.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай магистрын ангийн Г- гэх залуу Баян-Өлгий аймгаас мах авах гэсэн юм, наашаа унаанд тавиулаад өгөөч гэсэн. Би өмнө нь Баян-Өлгий аймгийн Автотээврийн газрын дарга байсан болохоор надаас гуйсан юм шиг байна лээ. Тэгэхээр нь би хуучин миний удирдлагад ажиллаж байсан тээвэр зохицуулагч Р-д хэлээд Ү.Н-д мах байгаа юм шиг байна, тэрийг нь очиж аваад автобусанд хийчих гэсэн. Тэгээд Р- Ү.Н-аас мах аваад автобусанд тавьж явуулсан байна лээ. Надаас зэгсний зэрлэг гахайн мах олж өгөхийг гуйж байгаагүй. Би Г-т зэгсний зэрлэг гахайн махыг бусдаас худалдаж авч өгөхөөр тохиролцож Т.Н-ы данс руу мөнгө хийлгүүлж байгаагүй. Ү.Н- над руу залгаад “Г-аас дугуйны мөнгө 500.000 төгрөг авах ёстой. Зун авсан одоо хүртэл өгөөгүй байна” гэхээр нь би Г-т “дугуйны мөнгийг нь өгөөч ээ” гэж хэлж байсан. Зэгсний зэрлэг гахайн мах гэдгийг би мэдээгүй. Г- мах авмаар байна гэснийг нь Р-гаар авахуулж автобусанд тавиулсан. Би яг юуны мах гэдгийг нь мэдээгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 101-102 дахь тал/,

3.1.9. Гэрч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Д.С- энэ оны 01 дүгээр сарын эхээр над руу залгаад “Ү.Н- нөгөө 500.000 төгрөгөө өгөх боломж байна уу” гэж асууж байна гэхээр нь би мөнгийг нь шилжүүлж өгсөн. Тэгэхэд Д.С- “жижиг зэрлэг гахай байна иддэг юм уу, авах юм уу” гэсэн. Тэгэхээр нь би авна шүү дээ явуулчихаач гэсэн. Бид нар иддэггүй юм, чи зүгээр ав гэхээр нь авъя гэсэн.

2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Т.Н-ы 518029495 тоот дугаарын данс руу “..... Ganbаа” гэх утгаар 500.000 төгрөг шилжүүлсэн. Тэр шилжүүлсэн мөнгө нь Баян-Өлгий аймагт байхдаа дугуй авах гээд Ү.Н-аас мөнгө зээлсэн юм. Тэрний мөнгө байгаа юм. Зэгсний зэрлэг гахай худалдаж авсан мөнгө биш. Би С.Х-аас зэгсний зэрлэг гахайн мах олж өгөх талаар санал тавьж, гуйж байгаагүй.

2021 оны 07 дугаар сарын сүүлээр Баян-Өлгий аймаг руу аялах зорилготой эхнэрийн хамт хоёулаа явсан. Баян-Өлгий аймаг руу орж байхад дугуй буудаад тэгээд аймгийн төв рүү ороод Ү.Н-ыг дуудаж шинэ 3 ширхэг дугуй авсан. Тухайн үед надад 250.000 төгрөг байсан. 3 шинэ дугуй нь нийтдээ 750.000 төгрөг болсон. Тэгээд би Ү.Н-аас 500.000 төгрөг зээлж мөнгийг нь өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 105-107 дахь тал/,

3.1.10. Гэрч М.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 13 цагаас Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 0137 УАВ улсын дугаартай автобусаар 39 иргэнтэй гарсан. Хот руу явах гээд зогсож байтал тээвэр зохицуулагч Р- ирээд хайрцагтай каз, мах байгаа юм аваад явчих гэхээр нь тээшиндээ хийгээд Улаанбаатар хотын чиглэлд явсан. 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 09 цагийн үед Өвөрхангай аймгийн Онгийн голын постон дээр цагдаа зогсоож шалгасан. Тухайн цагдаагийн алба хаагч тээшинд үзлэг хийхэд /Г- 99003759/ гэсэн бичигтэй цаасан хайрцаг дотроос зэрлэг гахайны мах гарч ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 109 дэх тал/,

3.1.11. Гэрч Т.Н-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн төв Мэргэжлийн хяналтын газар ажил дээрээ байж байтал миний 99428022 дугаарын гар утас руу хуучны танил иргэн Д.С- /Секу/ надтай холбогдоод “Ногооннуур сумаас өвс зарах гэж ирсэн юм, Улаанбаатар хот руу ачаа тавих гэсэн чинь автобус явчихжээ, танд үлдээчихье, таны ажил дээр аваачаад өгье” гэхээр нь би “машингүй яваа, чи манайд аваачаад гараажид тавьчих” гэж хэлсэн. Танаас маргааш хүн аваад автобусанд тавина гэхээр нь “за тэгээрэй” гэж хэлсэн.

2022 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө 09-10 цагийн хооронд миний 99428022 дугаарын утас руу 94580414 дугаараас залгаад танаас өчигдрийн хонины махыг аваарай гэсэн хаанаас авах уу гэхээр нь би тухайн хүнд гэрийн хаягаа зааж өгөөд өрөө ажлаасаа гараад гэртээ ирээд гараажнаасаа хайрцагтай зүйлийг нь тухайн хүнд өгөөд явуулсан. Би тэгээд ажил руугаа явсан. 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр би хөдөө явсан. Хөдөөнөөс 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ирэхэд Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас ярьж байна гээд 89293333 дугаарын утсаар ярьсан. Би тухайн үед болсон асуудлаа ярихад хөдөөнөөс Д.С-ыг дуудаад 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 17 цагийн үед Баян-Өлгий аймгаас Д.С-ын хамт гараад өнөөдөр Өвөрхангай аймагт ирсэн. Д.С- нь тухайн гахайны махыг Ногооннуур суманд хадлангийн талбайд түлээнд явж байгаад олсон гэж надад ярьсан. Манай аймгийн Баяннуур, Ногооннуур суманд зэрлэг гахай байдаг. Ногооннуур сумын нутагт байх Ачит нуурын ихэнх хувь нь Увс аймгийн Бөхмөрөн суманд харьяалагддаг. 94580414 дугаар нь Автотээврийн байцаагч Р-гийнх байсан. Би хайрцаг дотор байсан эд зүйлийг задалж үзээгүй.

...Д.С- анх надад хонины мах байна, танай гараажид оруулж тавья гэж ярихад ямар дугаараас ярьсан эсэхийг сайн санахгүй байна. Юу ч гэсэн нэг хонины мах байна танай гараажид оруулж тавих хэрэгтэй байна. Маргааш нэг хүн ирж авна гэхээр нь тэгээрэй гэж хэлсэн юм. Д.С- нь янз бүрийн дугаараас залгаж ярьдаг байсан. Тэр өдөр ямар дугаараас над руу залгасан эсэхийг нь мэдэхгүй байна. Би тухайн үед зэгсний зэрлэг гахайн мах гэж огт мэдээгүй, автобусанд тавьж, Улаанбаатар хот руу явуулахад ч мэдээгүй. Харин дараа нь Өвөрхангай аймагт цагдаад баригдсан гэх үеэр мэдсэн. Д.С- надад хэлэхдээ “нэг хонины мах байна, танай гараажид оруулчих хэрэгтэй байна, маргааш нэг хүн ирж авна, өнөөдрийн автобус явсан байна” гэхээр нь тэгээрэй гэж хэлсэн болохоос биш тэнд гахайн мах байгаа эсэхийг огт мэдээгүй. Хэрэв тийм зүйл байгааг мэдсэн бол би гараажиндаа оруулахгүй байх байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 111, 113, 115 дахь тал/,

3.1.12. Шинжээч Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын биологийн төрөл зүйл, мэдээллийн сан, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Ц.Б-ийн 2022 оны 01 дугаар сарын 29-ний өдрийн 04/02 дугаартай “...Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Ховор амьтдын жагсаалтыг баталсан. Уг жагсаалтад Зэгсний зэрлэг гахай багтсан байдаг. 1 толгой эр, хоёр настай зэгсний зэрлэг гахай байна. ...амьтны аймагт учруулсан хохирлын үнэлгээ 2.900.000 төгрөг” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 124 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.

4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Д.С-ын үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчээс “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэх дүгнэлтээ гаргаж гэм буруугийн талаар улсын яллагчтай мэтгэлцээгүй болно. 

5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв гэж үнэлэв.

6. Эрх зүйн дүгнэлт.

6.1. Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “ховор амьтан” гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг ойлгохоор хуульчилсан байх бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт зааснаар төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, эмчилгээний зориулалтаар, Монгол Улсын болон гадаадын иргэн тусгай төлбөр төлсөн тохиолдолд, тодорхой нутаг дэвсгэрт амьтны сүргийн бүтцийг зохицуулах болон халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор ховор амьтныг агнаж, барьж болохыг зөвшөөрсөн, бусад тохиолдолд хориглосон байна.

6.2. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай, “Жагсаалт, журам батлах тухай (Ховор амьтны)” тогтоолын 1 дүгээр хавсралтын Нэгийн 08-нд Зэгсний зэрлэг гахай (Sus scrofa nigripes)-ыг ховор амьтны жагсаалтад оруулжээ.

6.3. Шүүгдэгч Д.С- нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэр “Хангал” гэх газраас 2021 оны 12 дугаар сарын сүүлээр ховор амьтан болох 1 тооны зэгсний зэрлэг гахайг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж амьтны аймагт 2.900.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон, түүний энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

6.4. Гэм хэрэг гарахад шүүгдэгчийн хуулийн зохих мэдлэггүй байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

7. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

7.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

7.2. Шүүгдэгч Д.С-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас амьтны аймагт 2.900.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2/ дахь заалтад зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоохоор хуульчилсан байна.

7.3. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай, “Үнэлгээ, төлбөр, хураамжийн хэмжээг шинэчлэн батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтын 1-ийн 12-д эр зэгсний зэрлэг гахай (Sus scrofa nigripes) үнэлгээг 2.900.000  төгрөгөөр тогтоожээ. 

7.4. Экологи эдийн засгийн үнэлгээгээр уг 2.900.000 төгрөгийн хохирлыг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр төлүүлдэг хуулийн зохицуулалтаас үзэхэд амьтны аймагт учирсан хохирол энэ хэргийн хувьд 5.800.000 төгрөгөөр тооцогдоно.

Хавтаст хэргийн 207 дугаар талд авагдсан Төрийн банкны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаас үзэхэд шүүгдэгч Д.С- нь амьтны аймагт учирсан хохирлын мөнгө болох 5.800.000 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын төрийн сангийн 100020800914 дугаартай дансанд төлсөн нь үндэслэлгүй байна.

Учир нь, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1. “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна. Нөхөн төлбөр төлөгч нь тогтоосон хэмжээнээс илүү төлбөр төлсөн тохиолдолд зөрүүг Байгаль орчин, уур амьсгалын сангаас буцаан олгоно.”, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2. “Байгаль орчин, уур амьсгалын сангийн хөрөнгө энэ хуулийн 6.1.2, 6.1.3, 6.2.2-т зааснаас гадна дараах эх үүсвэрээс бүрдэнэ:” 7.2.3. “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого;” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Д.С-оос гэмт хэргийн хохиролд төлсөн 5.800.000 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын төрийн сангийн 100020800914 дугаартай данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.С- нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Д.С-д торгох ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг гаргасан болно.

2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.С-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

2.3. Шүүгдэгч Д.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй дүгнэлээ.

2.4. Шүүгдэгч Д.С- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. Шүүгдэгч Д.С-ын хүсэлтийг прокуророос хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гаргаж, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж дүгнэж, шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2.5. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг Д.С-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

2.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.

2.7. Шүүгдэгч Д.С- нь хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлсөн байдал, хувийн байдал зэрэгт тус тус нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, шүүгдэгч Д.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

2.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-д оногдуулсан 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.

2.9. Шүүгдэгч Д.С- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй,  зэргийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн агнагдсан гэх 1 тооны зэгсний зэрлэг гахайг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газартай хамтран устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

2.10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан байна.

Хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэн шүүгдэгч Д.С-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан улсын бүртгэлгүй гол төмрийн 15972, замагны 15972 дугаартай, карвин загварын галт зэвсгийг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт хүргүүлж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.

2.11. Шүүгдэгч Д.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Д-ы С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-ыг 5.400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай ангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтыг баримтлан шүүгдэгч Д.С-ын гэмт хэргийн хохиролд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын төрийн сангийн 100020800914 дугаартай дансанд төлсөн 5.800.000 төгрөгийг буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   

6. Энэ хэрэгт шүүгдэгч Д.С- цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 тооны агнагдсан гэх зэгсний зэрлэг гахайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газартай хамтран устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.С-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэл болох улсын бүртгэлгүй, гол төмрийн 15972, замагны 15972 дугаартай, карвин загварын галт зэвсэг 1 ширхгийг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт хүргүүлж, улсын орлого болгосугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд Д.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.ТАЛГАТ

   2022          11            25                                          2022/ШЦТ/180                                                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС