Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/176

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  Х.Ө,

хохирогч З.Л-,

хохирогч Ж.Е-, О.Э- нарын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.Н-,

хохирогч Б.Ж-ын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч А.С-,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.Б-,

шүүгдэгч Н.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар  

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Өренээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Н-ын А-д холбогдох эрүүгийн 2213001730201 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9 хороо, “Шар хад”-ны 19-322 тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Н-ын А-, РД:УЛ.............

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.А- нь: 1.2021 онд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт “М” авто угаалгын газарт угаагчаар ажиллаж байх хугацаандаа иргэн О.Э-т “би банк бус санхүүгийн байгууллагад өртэй, намайг одоо шүүхээс хорих гэж байна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүний итгэлийг урвуулан ашиглах замаар 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Худалдаа хөгжлийн банкин дахь ............... дугаартай дансанд 500.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өөрийнхөө эзэмшлийн Хаан банкин дахь ................... тоот дансанд 1.500.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мөн өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь ................... тоот дансанд 2.500.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөгийг зээлж авсан нэрийдлээр шилжүүлэн авч залилсан,

2. Мөн 2021 онд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт “М” авто угаалгын газарт угаагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн З.Л-д “би авто угаалгын газар ажиллуулж байгаа, шинээр газар авч авто угаалгын газар барих гэсэн юм” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүний итгэлийг урвуулан ашиглах замаар “А” хадгаламж зээлийн хоршооноос З.Л-гийн тус аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 1000 м.кв газар болон гэрийн тавилга, эд хогшлыг барьцаалан 5.120.000 төгрөгийг бэлнээр гаргуулан авч залилсан,

3. Мөн 2021 онд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт “М” авто угаалгын газарт угаагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Б.Ж-ыг “өөрийнхөө эзэмшлийн “Сай” загварын тээврийн хэрэгслийг худалдан борлуулж дунд оврын жийп машин авах гэсэн чинь 5.0 сая төгрөг хэрэгтэй болоод байна, түр зээлээч” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүний урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах замаар 5.000.000 төгрөгийг зээлж авсан нэрийдлээр өөрийнхөө эзэмшлийн Хаан банкин дахь ......... тоот дансанд шилжүүлэн авч залилсан,

4. Мөн 2021 онд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт “М” авто угаалгын газарт угаагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэн Ж.Е-ыг “би авто угаалгын газар ажиллуулж байгаа, түүндээ өргөтгөл хийх гэсэн юм” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүний итгэлийг урвуулан ашиглах замаар 3.000.000 төгрөгийг зээлдэж авсан нэрийдлээр өөрийнхөө эзэмшлийн Хаан банкин дахь ......... тоот дансанд шилжүүлэн авч залилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэм буруугийн талаар.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч Н.А- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна, хохирогч нарын хохирлыг төлж барагдуулах болно” гэв.

1.2. Хохирогч З.Л- мэдүүлэхдээ: “Шүүгдэгч надаас мөнгө аваад 13 сарын хугацаа өнгөрсөн. Бид нарт анх жилийн 40 хувиар бодогдуулаад авсан зээл байсан. Хэрвээ уг зээлийг би хугацаандаа төлж барагдуулаагүй бол уг 5.000.000 төгрөгийн зээл маань одоогийн байдлаар 8.000.000 төгрөг гарах байлаа. Миний бие шүүгдэгчээс илүү мөнгө төгрөг нэхэмжлээгүй, авсан мөнгөө нэхэмжилж байгаа. Тийм учраас миний хохирлыг ойрын хугацаандаа барагдуулж өгөхийг хүсэж байна” гэв.

2. Эрүүгийн 2213001730201 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд, улсын яллагчаас:

2.1. Хохирогч О.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 79-80 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 122-123 дахь тал/,

2.2. Гэрч Л.О-ын өгсөн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 82 дахь тал/,

2.3.Хохирогч О.Э-аас хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн иргэн Н.А-тай харьцсан гэх зурвасын хуулбар болон дансны ХААН банкны дансны хуулга /1 дэх хавтаст хэргийн 13-17 дахь тал/,

2.4. Хаан банкны 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 5180/98 дугаартай, 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 5180/444 дугаартай албан бичгээр ирүүлсэн ..................., ..................., ......... дугаартай дансны хуулга /1 дэх хавтаст хэргийн 25-38-59 дэх тал/,

2.5. Хаан банкны 2022 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн 5180/526 дугаартай албан бичгээр ирүүлсэн ..............., ..............., ..............., ..............., ............... дугаартай дансны хуулга /2 дахь хавтаст хэргийн 22-92 дахь тал/,

2.6. Хохирогч З.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 154 дэх тал, 2 дахь хавтаст хэргийн 116 дахь тал/,

2.7. Гэрч З.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 156 дахь тал/,

2.8. Гэрч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 129-130 дахь тал/,

2.9. “А” хадгаламж зээлийн хоршооны 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №876 дугаартай зээлийн гэрээний хуулбарууд /1 дэх хавтаст хэргийн 146, 148-149 дэх тал/,

2.10. Мөрдөгчөөс 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “А” хадгаламж зээлийн хоршооны “Хаагдсан материал 1211-р данс” гэх баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, үзлэгийн явцад хуулбарлан авч хэрэгт хавсаргасан баримтууд /2 дахь хавтаст хэргийн 98-104 дэх тал/,

2.11. Хохирогч З.Л-гаас хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн 000136942 дугаартай “иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”-ний хуулбар /2 дахь хавтаст хэргийн 105-107 дахь тал/,

2.12. Хохирогч Б.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 211 дэх тал, 2 дахь хавтаст хэргийн 118 дахь тал/,

2.13. Хаан банкны 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 5180/443 дугаартай албан бичгээр ирүүлсэн ......... тоот дансны хуулга /1 дэх хавтаст хэргийн 201-208 дахь тал/,

2.14. Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 181 дугаартай албан тоотоор ирүүлсэн иргэн Н.А-н урд эзэмшиж байсан тээврийн хэрэгслүүдийн түүхчилсэн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 16-20 дахь тал/,

2.15. Хохирогч Ж.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 110, 112, 114 дахь тал/,

2.16. Гэрч Х.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 127 дахь тал/,

2.17. Хохирогч Ж.Е-ы хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн 3.000.000 төгрөг шилжүүлсэн баримтын хуулбар, Хан банкны ............... дугаартай дансны хуулга, Ж.Н-ы гадаад паспортын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 245-250, 2 дахь хавтаст хэргийн 01 дэх тал/,

2.18. Хаан банкны 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 5180/459 дугаартай албан бичгээр ирүүлсэн ......... дугаартай дансны хуулга /2 дахь хавтаст хэргийн 03-08 дахь тал/,

2.19. Хохирогч Ж.Е-ы эзэмшлийн 5999 БӨҮ улсын дугаартай “КИА Пронтер” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 93-97 дахь тал/,

2.20. Яллагдагч Н.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 145-146 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргийг,

2.21. Шүүгдэгч Н.А-н хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд /2 дахь хавтаст хэргийн 151-152, 155-158 дахь тал/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, хууль зүйн дүгнэлт.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.А-н холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

 

3.1. Шүүгдэгч Н.А- нь 2021 онд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт “М” авто угаалгын газарт угаагчаар ажиллаж байх хугацаандаа иргэн О.Э-т “би банк бус санхүүгийн байгууллагад өртэй, намайг одоо шүүхээс хорих гэж байна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүний итгэлийг урвуулан ашиглах замаар 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Худалдаа хөгжлийн банкин дахь ............... дугаартай дансанд 500.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өөрийнхөө эзэмшлийн Хаан банкин дахь ................... тоот дансанд 1.500.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мөн өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь ................... тоот дансанд 2.500.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөгийг зээлж авсан нэрийдлээр шилжүүлэн авч залилсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.1.1. Хохирогч О.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2021 оны 09 дүгээр сарын үеэр Өлгий сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “М” авто угаалгын газарт машинаа угаалгаж байх үедээ угаагч гэх Н.А- гэх нэртэй залуутай танилцсан. Дараагаар нь миний бие дээрх угаалгын газарт өөрийнхөө машинаа 4-5 удаа угаалгаж байсан бөгөөд машинаа угаалгах болгонд дээрх Н.А- гэх залууд угаалгадаг байсан. Ер нь бол машиныг сайн угааж цэвэрлэдэг залуу байсан ба хамгийн сүүлд би машинаа 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “М” авто угаалгын Өлгий сумын 11 дүгээр багт байрладаг салбарт нь угаалгахад миний машиныг нөгөө Н.А- гэх залуу тухайн өдөр маш сайн угааж өгөөд надаас машины угаалгын төлбөр болох 20.000 төгрөгийг аваагүй байсан.

Дээрх залуу сүүлд миний машиныг угааж өгөх үед хөлс төлбөр аваагүй бөгөөд тухайн өдөр надад “ах, би таны машиныг энэ удаад үнэгүй угааж өглөө, та дүүдээ тус болооч, би банк бус санхүүгийн байгууллагад өртэй байгаа юм. Надад 4.500.000 төгрөг зээлэх боломжтой юу, хэрэв та боломжтой гэвэл надад 4.5 сая төгрөгийг хэд хэд хувааж өгөх үү, би бусдад өртэй, намайг хорих гээд байна” гэж хэлээд уйлах шахуу дахин дахин гуйгаад байсан. Тэр залуу тухайн үед надад утсандаа ирсэн нэг дуудлагыг харуулаад “надад шүүхээс залгаж байна, намайг хорих гээд байна, та дүүдээ тус болоод мөнгө олж өгч тус болооч, өнөөдөр эхлээд 500.000 төгрөгийг шилжүүлж өгөөч” гээд бүр гуйгаад болохгүй байхаар нь би сэтгэл гаргаад “за нэг залуу хүн байна даа, алдаж яваа байлгүй, нэг удаа тус болчихъё” гэж бодоод 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өөрийнхөө Хаан банкны ............ тоот харилцах дансанд бэлэн байсан мөнгөнөөс 500.000 төгрөгийг иргэн Н.А-н нэр дээр байдаг Худалдаа хөгжлийн банкны 00............... тоот дансанд нь шилжүүлж өгсөн.

Тэгээд маргааш нь Н.А- над руу холбогдоод “ахаа та өнөөдөр надад 1.500.000 төгрөгийг шилжүүлээрэй” гэж хэлээд өөрийнхөө ................... тоот дансыг өгөхөөр нь би уг данс руу өөрийнхөө данснаас 1.500.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Тэгээд гурван хоногийн дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 18-ний өдөр буюу Бямба гаригт Н.А- над руу дахин холбогдоод “та үлдэгдэл 2.500.000 төгрөгийг шилжүүлчхээрэй” гэж хэлээд өөрийнхөө нэр дээр байдаг ................... тоот дансыг өгөхөөр нь би уг данс руу нь 2.500.000 төгрөгийг шилжүүлж өгсөн.

Ер нь бол Н.А- гэгч залуу дээрх гурван удаагийн гүйлгээгээр данс руугаа мөнгө шилжүүлж авах үед өөрөө биеэрээ над руу ирж уулзаад мөнгө шилжүүлж авдаг байсан. Миний мэдэхээр хамгийн сүүлд 2021 оны 12 дугаар сарын 18-ний өдөр буюу Бямба гаригт мөнгө шилжүүлэх өдөр Н.А- нь хажуудаа нэг эмэгтэй хүнтэй цуг ирсэн ба надад “Lexus RX” загварын машин дотор сууж байсан нэг эмэгтэй хүнийг “тэр манай эхнэр байгаа юм” гэж хэлээд харуулж байсан. Гэхдээ тэр эмэгтэй надтай нүүр тулж уулзаагүй, машин дотроо л сууж байсан. Хэн гэдэг эмэгтэй гэдгийг мэдэхгүй, харж байгаагүй. Н.А- нь хамгийн сүүлд Бямба гаригт надаас мөнгө шилжүүлж авахдаа “таныг мөнгийг нөгөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 20-ний өдөр бүгдийг буцааж өгөх болно” гэж хэлээд намайг итгүүлсэн.

Дараа нь 2021 оны 12 дугаар сарын 20-ний өдөр би аавыгаа хот руу эмчилгээнд авч явахаар болоод Н.А-н 85871415 дугаарын утас руу залгаж мөнгө асуухад надад “та аавыгаа аваад замдаа гарч байгаарай, би таны араас шилжүүлчихнэ” гэж хэлээд миний дансны дугаарыг бичиж авсан боловч мөнгийг минь огт шилжүүлээгүй. Улмаар дээрх дугаараа хаагаад 86007461 дугаар ашиглаад явж байхыг мэдээд холбогдож ярихад “өнөө маргаашдаа таны мөнгийг хийж өгнө, дөхөж байна, одоохон” гэх мэтийн үгс хэлээд худлаа яриад сүүлдээ уг 86007461 дугаараа хаагаад 90000237 дугаар ашиглаж явж байхыг нь мэдээд холбогдож ярихад бас л “одоохон шилжүүллээ, түр хүлээгээрэй” гэж хэлээд бас л таг алга болсон.

Ер нь бол иргэн Н.А- гэгч намайг анх машин угаалгаж эхэлсэн өдрөөс эхлэн миний машиныг гоё угааж өгч, улмаар надтай байнгын ярьж хөөрөөд, бүр 2-3 удаа оройн цагаар манай гэрээр орж гараад надтай ярилцах маягаар цай уугаад явж байсныг бодоход миний итгэлийг олох гэж явж байсан байна гэдгийг одоо ойлгож байгаа.

...Миний бие Н.А-д зүгээр мөнгө өгч байгаагүй. Тухайн үед Н.А- нь надад хандаад “та надад мөнгө зээлдээч, би банк бус санхүүгийн байгууллагад өртэй болчихсон учраас өрөө төлөхгүй бол намайг хорих гээд байна” гээд уйлах шахуу болоод мөнгө гуйхаар нь түүнд би “надад одоо 500,000 төгрөг л байна” гээд эхний ээлжинд 500.000 төгрөгийг зээл хэлбэрээр өгсөн. Дараа нь 1.500.000, 2.500.000 төгрөг гээд нийтдээ 4.500.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Одоо бодохдоо тухайн үед Н.А-г хэн нэгэн этгээд хорих гээгүй юм шиг байна лээ. Худлаа ярьж надад өрөвдүүлж байгаад надаас мөнгө залилсан байна.

...тухайн үед Н.А- “намайг шүүхээр хорих гээд байна” гээд итгүүлээд өрөвдүүлсэн тул эхний ээлжинд өөртөө байгаа 500.000 төгрөгөө зээлдсэн юм. Миний бие хүнд 500.000 төгрөг зүгээр өгчих хэмжээний баян хүн биш ээ. Н.А- надаас нийтдээ 4.500.000 төгрөгийг залилсан юм. Үүнээс бага багаар төлсөөр байгаад одоо үлдэгдэл 1.100.000 төгрөг үлдсэн. Үүн дээр нэмж нэхэмжлэх зүйл бол Н.А- намайг залилсан асуудлыг шалгах явцад С.Н- өмгөөлөгчид 450.000 төгрөгийн өмгөөллийн хөлс төлсөн, үүнийг бас нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 79-80 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 122-123 дахь тал/,

3.1.2. Гэрч Л.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Н.А- гэх залууг урд нь өмнө нь огт таньдаггүй байсан, эхлээд манай нөхөр түүнтэй танилцаад дараа нь манай гэрт хэд хэдэн удаа ирээд явсан. Тэгээд таньдаг болсон.

...Миний санаж байгаагаар тэр залуу манай гэрт нийт 3 удаа ирж явж байсан. Яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна, ямар ч байсан оны өмнөхөн л байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 82 дахь тал/,

3.1.3. Хохирогч О.Э-аас хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн иргэн Н.А-тай харьцсан гэх зурвасын хуулбар болон дансны ХААН банкны дансны хуулга /1 дэх хавтаст хэргийн 13-17 дахь тал/,

3.1.4. Хаан банкны 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 5180/98 дугаартай, 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 5180/444 дугаартай албан бичгээр ирүүлсэн ..................., ..................., ......... дугаартай дансны хуулга /1 дэх хавтаст хэргийн 25-38-59 дэх тал/,

3.1.5. Хаан банкны 2022 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн 5180/526 дугаартай албан бичгээр ирүүлсэн ..............., ..............., ..............., ..............., ............... дугаартай дансны хуулга /2 дахь хавтаст хэргийн 22-92 дахь тал/,

 

3.2. Шүүгдэгч Н.А- нь 2021 онд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт “М” авто угаалгын газарт угаагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн З.Л-д “би авто угаалгын газар ажиллуулж байгаа, шинээр газар авч авто угаалгын газар барих гэсэн юм” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүний итгэлийг урвуулан ашиглах замаар “А” хадгаламж зээлийн хоршооноос З.Л-гийн тус аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 1000 м.кв газар болон гэрийн тавилга, эд хогшлыг барьцаалан 5.120.000 төгрөгийг бэлнээр гаргуулан авч залилсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.2.1. Хохирогч З.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2021 оны 10 дугаар сарын үеэр фейсбүүк групп дээр “газар зарна” гээд зар тавьж байсан бөгөөд тухайн зарын дагуу Наранцацралын Н.А- гэх хүн над руу яриад миний зарах гэж байгаа газрыг авахаар надтай уулзаж байсан бөгөөд тэр залуу надад хэлэхдээ “авто угаалгын газар барина, газар хэрэгтэй байна, таны газрыг авна” гэж намайг итгүүлсэн. Тэгээд Н.А- нь надад “мөнгөний хэрэг гараад байна, хэдэн төгрөг олоод өгөөч” гэхээр нь би өөрийнхөө нэр дээр байгаа Өлгий сумын 12 дугаар багт байрлалтай 1000 м.кв газраа барьцаалаад 5.300.000 төгрөгийн зээл авсан. Зээл авах үед Н.А- нь надтай цуг “А” хадгаламж зээлийн хоршоонд хамт очиж, хамтран зээлдэгчээр гарын үсэг зураад тухайн зээлийн хоршоо дотор надаас бэлнээр 5.120.000 төгрөгийг авсан. Тэгээд Н.А- нь надаас зээлж авсан мөнгөнөөс 2021 оны 12 дугаар сард 300.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сард 500.000 төгрөгийг тус тус шилжүүлж өгсөн.

Түүний дараа Н.А- гэх залуу огт сураггүй алга болсон, утас руу нь холбогдоод удаа дараа ярихад “өнөө маргаашдаа төлж өгнө” гээд сүүлдээ таг алга болсон.

Одоо бодоод байхад Н.А- нь анх миний “газар зарна” гэсэн зарын дагуу надтай танилцаад улмаар миний итгэлийг олж аваад надаас зээл авахуулаад залилуулсан байна гэж ойлгосон.

...Н.А- нь надад хэлэхдээ “надаас газар аваад авто угаалгын газар нээнэ, мөнгөний хэрэг гараад байна, эхлээд таны газарт авто угаалгын газар нээчихвэл дараа нь газрын төлбөрийг өгчихнө” гэхээр нь би түүнд итгэсэн.

...Уг нь Н.А- надаар анх зээл гаргуулж авахдаа “та зээл гаргуулж өгөхөд л болно, эргэн төлөлтийг сар болгон би өөрөө төлөөд барагдуулна, санаа зоволтгүй” гэж намайг итгүүлж залилсан юм. Хамгийн анх Н.А- 800.000 төгрөг төлж өгөөд болгож миний итгэлийг олж байгаад сүүлд нь сураг тасраад алга болсон. Улмаар Н.А- нь сураг тасраад ямар ч сураг чимээгүй алга болсон тул зээлээ би өөрөө төлөхөөс өөр гарцгүй болсон. Би Н.А-д зээлээр гаргаж өгсөн 5.300.000 төгрөг болон түүний хүүд нь 757.890 төгрөг төлсөн. ...нийлүүлээд тооцохоор надад 6.057.890 төгрөгийн хохирол учирсан байгаа юм. Үүнээс 800.000 төгрөгийг анх Н.А- төлж өгсөн. Бас 180.000 төгрөг одоо “А” хадгаламж зээлийн хоршооны хадгаламжинд байгаа тул үүнийг хасахаар надад учирсан бодит хохирол бол 5.077.890 төгрөгийн хохирол байгаа юм. Тийм учраас би Н.А-гаас 5.077.890 төгрөгийг нэхэмжилж байна.

... Н.А-н уг хэлсэн асуудлыг хүлээн зөвшөөрөөгүй, би “Ган-Эрдэнэ гэх хүнд мөнгө өгөөгүй, чамд мөнгө өгсөн учраас чамаас л мөнгө нэхнэ гэдгийг хэлсэн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 154 дэх тал, 2 дахь хавтаст хэргийн 116 дахь тал/,

3.2.2. Гэрч З.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Иргэн З.Л- нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр манай зээлийн хоршоонд өөрийнхөө газар, гэрийн тавилга, эд хогшлыг барьцаалж, 12 сарын хугацаатай, жилийн 42 хувийн хүүтэй, 5.300.000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. З.Л- нь зээл авахдаа түүний хамтран зээлдэгчээр иргэн Н.А- гэх залуу хамт ирээд гарын үсэг зурсан байсан.

...Миний бие тухайн өдөр иргэн З.Л-, Н.А- нарт зээл гаргаад З.Л-д бэлнээр 5.120.000 төгрөгийг гарт нь өгсөн. Харин З.Л- нь тэр залууд мөнгө өгсөн эсэхийг би мэдэхгүй байна. Гэхдээ З.Л-, Н.А- нар зээл гаргаж авахдаа З.Л- надад “Н.А- бид хоёр нийлээд угаалгын газар ажиллуулах гэж байгаа” гэсэн юм ярьсан. Харин Н.А- нь болохоор “хотоос ирээд аймгийн төвд авто угаалгын газар ажиллуулна” гэсэн юм ярьсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 156 дахь тал/,

3.2.3. Гэрч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Н.А- гэх залуу 2021 оны 10 дугаар сарын үед миний угаалгын газарт ирж надтай уулзаад “та угаалгын газраа түрээслэх үү, би таны угаалгын газрыг нэг жилийн хугацаагаар түрээсэлж авах сонирхолтой байна, ер нь бол цаашдаа би таны угаалгын газрыг байнга ажиллуулж баймаар байна” гэх санал тавьсан тул би нэг сарын түрээсийг нь 1.500.000 төгрөгөөр тохирч түрээслүүлж ажиллуулж байсан удаа байгаа.

Миний угаалын газар Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр “Эрчим” ХХК-ны эсрэг талд байрлалтай. “Улаагчин” нэртэй угаалгын газар байгаа. Тухайн үед Н.А- нь “би "М" авто угаалгын газрыг бас ажиллуулж байгаа, таны угаалгын газрыг “М-2” гэж хаяглаад ажиллуулна” гэж хэлээд тухайн үед “М-2” гэж хаяг байрлуулаад ажиллуулж байсан юм. Тухайн үед бас Н.А- нь “М-2” гэсэн хаягийг авч хаяад “Болор” угаалга гэж бас хаягласан байсан. Миний тухайн угаалгын газрыг 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сар хүртэл түрээслэн ажиллуулж байсан. Тэгээд 2021 оны 11 дүгээр сард Н.А-гаас эхний сарын түрээсээ авъя гэхэд “ахаа миний ажил жигдрэхгүй байна, би жаахан байж байгаад өгөх үү” гэх мэт зүйл яриад байхаар нь би “за яах уу” гээд эхний сарын түрээсийг нь би өөрөө аваагүй. Тэгээд дараагаар нь 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх түрээсийг нь хагас дутуугаар өгөөд, бага багаар хувааж өгсөөр байгаад сүүлд нь 500.000 төгрөг үлдсэн. Улмаар би Н.А-гаас үлдсэн 500.000 төгрөгөө удаа дараа асуусан ч миний мөнгийг өгөөгүй. Тухайн үед Н.А- миний угаалгын газрыг түрээслэн ажиллуулж байхдаа 5 метрийн урттай даралтат усны шаланк суурилуулж ашиглаж байсан нь Н.А- хот руу явахдаа угаалгын газарт үлдсэн байсан. Тэгээд би Н.А-н уг суурилуулсан шаланкыг нь түрээснээс үлдсэн 500.000 төгрөгт баланс бариулаад бид хоёр нэг нэгэндээ ямар нэгэн тооцоогүй болсон байгаа.

Н.А- нь миний угаалгын газрыг ажиллуулж байх хугацаандаа 5 метрийн урттай усны даралтат насосын шаланк л суурилуулсан. Өөр ямар нэгэн хөрөнгө оруулалт хийсэн, өргөтгөсөн асуудал байхгүй. Мөн энэ хугацаандаа усны даралтат насосыг гаднаас авч ирж ашиглаж байгаад тэр нь эвдрээд дахиад нэг усны насос авч ирж ашиглаж байсан. Сүүлд явахдаа уг даралтат насосоо өөрөө авч авсан байсан. Харин нэг эвдэрхий насос л үлдсэн байсан.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 129-130 дахь тал/,

3.2.4. “А” хадгаламж зээлийн хоршооны 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №876 дугаартай зээлийн гэрээний хуулбарууд /1 дэх хавтаст хэргийн 146, 148-149 дэх тал/,

3.2.5. Мөрдөгчөөс 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “А” хадгаламж зээлийн хоршооны “Хаагдсан материал 1211-р данс” гэх баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, үзлэгийн явцад хуулбарлан авч хэрэгт хавсаргасан баримтууд /2 дахь хавтаст хэргийн 98-104 дэх тал/,

3.2.6. Хохирогч З.Л-гаас хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн 000136942 дугаартай “иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”-ний хуулбар /2 дахь хавтаст хэргийн 105-107 дахь тал/,

 

3.3. Шүүгдэгч Н.А- 2021 онд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт “М” авто угаалгын газарт угаагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Б.Ж-ыг “өөрийнхөө эзэмшлийн “Сай” загварын тээврийн хэрэгслийг худалдан борлуулж дунд оврын жийп машин авах гэсэн чинь 5.0 сая төгрөг хэрэгтэй болоод байна, түр зээлээч” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүний урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах замаар 5.000.000 төгрөгийг зээлж авсан нэрийдлээр өөрийнхөө эзэмшлийн Хаан банкин дахь ......... тоот дансанд шилжүүлэн авч залилсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.3.1. Хохирогч Б.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие одоогоос хэдэн жилийн өмнө Улаанбаатар хотод явж байгаад “Сити” авто угаалгын газрын охин компани “Топ” авто угаалгын газрын менежер ажилтай Н.А- гэх залуутай танилцаад тухайн үед би түүнд Баян-Өлгий аймагт ирээд авто угаалгын газарт ажиллаж өгөх талаар санал тавьж байсан бөгөөд тухайн үед Н.А- нь миний саналыг хүлээж аваагүй юм. Тэгээд өнгөрсөн жил 2021 оны 08 дугаар сард Улаанбаатар хотод ажлаар явж байтал нөгөө Н.А- гэх залуу надтай холбогдоод “танай аймагт очиж, 1 жил ажиллая” гэж хэлэхээр нь би ч гэсэн зөвшөөрөөд хотод байхдаа түүнтэй хамтран ажиллах гэрээ байгуулах гэсэн боловч тэрээр Н.А- нь иргэний үнэмлэх энэ тэнд байгаа гээд янз бүрийн шалтгаан хэлээд тэгээд гэрээ байгуулж чадаагүй бөгөөд Н.А- нь 2021 оны 09 дүгээр сарын эхээр манай  аймагт ирээд миний эзэмшлийн “М” нэртэй авто угаалгын газарт машин угаагчаар ажилд орсон. Ажилд орсны дараагаар Н.А- нь надад “би суудлын машинаа дунд гарын жийп машинаар зөрүү өгч авах гэсэн чинь 5.0 сая төгрөг хэрэгтэй байна, 7 хоногийн хугацаатай түр 5 сая төгрөг зээлж байгаач” гэхээр нь би түүнд өөрийнхөө данснаас түүний данс руу 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 5.000.000 төгрөг шилжүүлж өгсөн. Түүнээс хойш Н.А- нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл манайд ажиллаж байгаад сүүлдээ таг чиг алга болсон. Түүнтэй холбогдох 85871415, 91117461 дугааруудаар холбогдсон боловч сүүлдээ уг дугаарууд хаагдчихсан байсан. Тэрнээс хойш иргэн Н.А- нь надаас авсан мөнгөнөөс нэг ч төгрөг буцааж өгөөгүй.

Миний итгэлийг урвуулан ашиглаж, намайг залилан мэхэлсэнд гомдолтой байна. Би түүнд мөнгө зээлснээс хойш удаа дараа зээлсэн мөнгө асуусан боловч “өнөө, маргааш өгнө, эхнэр зээл бүтээх гэж байна” гэх янз бүрийн шалтаг, шалтгаан хэлээд яваад байсан, сүүлдээ бүр таг алга болсон.

...““Сай” загварын суудлын машинаа “Хариер” загварын дунд гарын жийптэй солих гээд хэдэн төгрөгийн зөрүү мөнгө өгөх болоод байна, 5 сая төгрөг хэрэгтэй байна, 7 хоногийн хугацаатай зээлж байгаач” гэхээр нь би нэгэнт манай угаалгын газарт ажиллаж байгаа хүн өгчих байлгүй гээд итгээд түүнд мөнгөө өгсөн.

...Н.А- нь зүгээр л угаагчаар ажиллаж байсан тул шаардлагатай эд зүйл материалыг би өөрөө хангаж өгч байсан. Ямар нэгэн хөрөнгө оруулалт болон өргөтгөл хийгээгүй.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 211 дэх тал, 2 дахь хавтаст хэргийн 118 дахь тал/,

3.3.2. Хаан банкны 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 5180/443 дугаартай албан бичгээр ирүүлсэн ......... тоот дансны хуулга /1 дэх хавтаст хэргийн 201-208 дахь тал/,

3.3.3. Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 181 дугаартай албан тоотоор ирүүлсэн иргэн Н.А-н урд эзэмшиж байсан тээврийн хэрэгслүүдийн түүхчилсэн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 16-20 дахь тал/,

3.3.4. Хаан банкны 2022 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн 5180/526 дугаартай албан бичгээр ирүүлсэн ..............., ..............., ..............., ..............., ............... дугаартай данснуудын хуулга /2 дахь хавтаст хэргийн 22-92 дахь тал/,

 

3.4. Шүүгдэгч Н.А- нь 2021 онд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт “М” авто угаалгын газарт угаагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Ж.Е-ыг “би авто угаалгын газар ажиллуулж байгаа, түүндээ өргөтгөл хийх гэсэн юм” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүний итгэлийг урвуулан ашиглах замаар 3.000.000 төгрөгийг зээлдэж авсан нэрийдлээр өөрийнхөө эзэмшлийн Хаан банкин дахь ......... тоот дансанд шилжүүлэн авч залилсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.4.1.   Хохирогч Ж.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотоос тус аймагт ажил хийж явсан залуу болох Н.А- нь надаас 3.000.000 төгрөг шилжүүлж авсан. Тэр надаас мөнгө авахад надад “би авто угаалгын газар ажиллуулж байгаа, өргөтгөл хийлгэх гэсэн чинь мөнгө төгрөгийн хэрэгцээ гарч байна” гэж хэлээд надаас 3.0 сая төгрөг зээлж авсан. Уг мөнгийг Н.А- нь өөрийнхөө ......... дугаартай данс руугаа шилжүүлж авсан. Уг нь бол би Н.А-г танихгүй бөгөөд манай худ болох Н.Б- нь түүнийг дагуулж ирээд надтай танилцуулсан байсан.

Тэгээд би тус залуу нь авто угаалгын газар ажиллуулж байгаа гэхээр нь бизнес хийж байгаа залуу юм байна, тус болно гэж бодоод мөнгөө шилжүүлсэн байсан.

...Би түүнд зээлсэн мөнгөө өөрийн төрсөн дүү Н-ы 5197045008 тоот данснаас шилжүүлсэн бөгөөд улмаар сүүлд нь түүний хойноос яваад дахин дахин шаардаж байгаад 1.370.000 төгрөгийг удаа дараагийн гүйлгээгээр над руу шилжүүлж өгсөн байсан. Одоо үлдэгдэл 1.630.000 төгрөгөө аваагүй байгаа. Н.А-гаас үлдэгдэл мөнгөө авахаар түүн рүү удаа дараа залгасан боловч огт утсаа аваагүй.

...Н.А- нь 2021 оны 10 дугаар сарын дундуур надаас мөнгө авсны дараагаар 2021 оны 11 сарын эхээр байсан байх над руу залгаад “би таны мөнгийг удаачихлаа, та машинаа угаалгын газарт аваад ирэх үү” гэж хэлсэн. Би Н.А-д мөнгө өгөхөөс өмнө түүнд дээр машинаа харуулаад уг машиныг нэг ченж угаалгаар угаалгах юм сан гэж хэлж байсан болохоор Н.А- надаас мөнгө аваад бараг сар гаруй хугацааны дараа холбогдож “таны машиныг цэвэрлээд өгье, та машинаа аваад ир” гэж хэлсэн. Тэгээд би Н.А-н хэлсний дагуу дээрх 59-99 БӨҮ улсын дугаартай, цагаан өнгийн “Бонго пронтер” загварын ачааны тээврийн хэрэгслээ Өлгий сумын 4 дүгээр багт байрлалтай “Болор” угаалгын газарт аваачиж оруулсан бөгөөд Н.А- нь миний машины цэвэрлээд хоёр хаалганы хавтасны дотор шороо дарагч гээд нэг хар юм наагаад өгсөн байсан. Би тэр үед Н.А-д хандаад “машин цэвэрлэсэн хөлсөө аваарай” гэж хэлсэн боловч Н.А- нь надад “би танаас ямар ч мөнгө төгрөг авахгүй” гэж хэлсэн. Би бүр хоёр удаа хэлсэн боловч мөнгө авахгүй гээд байсан. Тэрнээс биш Н.А- нь миний дээрх ачааны машиныг янзалж, зассан асуудал огт байхгүй. Өөрөө л над руу залгаад машинаа аваад ир гэхээр нь би аваачиж өгсөн чинь машиныг угааж цэвэрлээд хоёр хаалганы хавтсыг аваад цаагуур нь нэг хар цаас нааж өгсөн. Тэрнээс тухайн үед миний машин ямар нэгэн байдлаар эвдэрч, хэмхэрсэн зүйл огт байгаагүй.

Одоо бодоод байхад Н.А- нь миний итгэлийг л олж авах санаатай, надаар мөнгө нэхүүлэхгүйн тулд л миний машиныг угааж цэвэрлэж угааж өгсөн гэж бодож байна.

Би танайд гомдол гаргахаас өмнө Н.А-тай дахин дахиж ярьж байгаад 1.370.000 төгрөгийг удаа дараагийн гүйлгээгээр шилжүүлж авсан. Үлдэгдэл 1.630.000 төгрөгөө одоо хүртэл аваагүй байгаа.

...Н- нь өвөөгийнхөө нэрээр овоглож явдаг болохоос миний төрсөн хүү болдог, Н-ы хувьд Н.А-г огт танихгүй, харьцаж ч байгаагүй. Н.А- надаас л мөнгө гуйгаад байхаар нь би Н- руу яриад түүний дансаар мөнгө шилжүүлсэн байсан. Одоо миний хүү Н- Казахстан улсад суралцаж байгаа. Өнөө маргаашдаа ирэхгүй, тэнд магистрын боловсрол эзэмшихээр суралцаж байгаа.

...Н.А- намайг залилан мэхэлж мөнгө авсан. Одоо нэг жилийн хугацаа өнгөрсөн ч хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй байгаа” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 110, 112, 114 дахь тал/,

3.4.2. Гэрч Х.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Н.А- нь манай хүргэн хүүгийн “М” нэртэй угаалгын газар ажилд орсны дараа надтай танилцаж аваад улмаар надад “хамтарч угаалгын газар ажиллуулъя, та мөнгө олоод өгөөч, 3 сая төгрөг хэрэгтэй байна, “М-2” угаалгын газрыг түрээсэлж аваад тоног төхөөрөмж худалдан авах мөнгө хэрэгтэй байна” гэхээр нь би тухайн үед мөнгөгүй байсан болохоор өөрийн төрсөн худ Ж.Е-тай Н.А-г уулзуулж, улмаар Ж.Е- нь Н.А-д 3.0 сая төгрөгийг шилжүүлэн өгч, мөнгө зээлсэн. Тэр үед Н.А- нь Ж.Е-аас зээлсэн мөнгийг хоёрын сарын дараа өгнө гэж хэлж байсан. Түүнээс хойш Ж.Е- над руу залгаад надаас Н.А- хаана байгааг асууж байсан бөгөөд “мөнгөө авч чадахгүй байна” гээд хэлээд яваад байсан. Сүүлд нь арай гээд хэдэн төгрөг авлаа гэж байсан” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 127 дахь тал/,

            3.4.3. Гэрч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Н.А- нь миний угаалгын газрыг ажиллуулж байх хугацаандаа 5 метрийн урттай усны даралтат насосын шаланк л суурилуулсан. Өөр ямар нэгэн хөрөнгө оруулалт хийсэн өргөтгөсөн асуудал байхгүй. Мөн энэ хугацаандаа усны даралтат насосыг гаднаас авч ирж ашиглаж байгаад тэр нь эвдрээд дахиад нэг усны насос авч ирж ашиглаж байсан. Сүүлд явахдаа уг даралтат насосоо өөрөө авахдаа авч авсан байсан. Харин нэг эвдэрхий насос л үлдсэн байсан.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 129-130 дахь тал/,

3.4.4. Хохирогч Ж.Е-ы хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн 3.000.000 төгрөг шилжүүлсэн баримтын хуулбар, Хан банкны ............... дугаартай дансны хуулга, Ж.Н-ы гадаад паспортын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 245-250, 2 дахь хавтаст хэргийн 01 дэх тал/,

3.4.5. Хаан банкны 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 5180/459 дугаартай албан бичгээр ирүүлсэн ......... дугаартай дансны хуулга /2 дахь хавтаст хэргийн 03-08 дахь тал/,

3.4.6. Хохирогч Ж.Е-ы эзэмшлийн 5999 БӨҮ улсын дугаартай “КИА Пронтер” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 93-97 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Н.А- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд нотлогдсон учраас гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг, хохирогч, хохирогч нарын өмгөөлөгч нараас “улсын яллагчтай санал нэг байгаа” гэх тайлбар, дүгнэлтийг, шүүгдэгч Н.А-гаас “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, зарим хохирогч нарын хохирлын тооцоотой санал нийлэхгүй” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч Н.А-н гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тус тус тогтоосон гэж үзлээ.

 

6. Эрх зүйн дүгнэлт.

6.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын танил сайн харилцааг ашиглах, худал амлах, төөрөгдүүлэх гэх зэрэг аргаар үйлдэгддэг.

6.2. Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Н.А- нь: (1) Иргэн О.Э-т “би банк бус санхүүгийн байгууллагад өртэй, намайг одоо шүүхээс хорих гэж байна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүний итгэлийг урвуулан ашиглах замаар нийт 4.500.000 төгрөгийг зээлж авсан нэрийдлээр шилжүүлэн авч залилсан, (2) иргэн З.Л-д “би авто угаалгын газар ажиллуулж байгаа, шинээр газар авч авто угаалгын газар барих гэсэн юм” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүний итгэлийг урвуулан ашиглах замаар “А” хадгаламж зээлийн хоршооноос З.Л-гийн тус аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 1000 м.кв газар болон гэрийн тавилга, эд хогшлыг барьцаалан 5.120.000 төгрөгийг бэлнээр гаргуулан авч залилсан, (3) иргэн Б.Ж-ыг “өөрийнхөө эзэмшлийн “Сай” загварын тээврийн хэрэгслийг худалдан борлуулж дунд оврын жийп машин авах гэсэн чинь 5.0 сая төгрөг хэрэгтэй болоод байна, түр зээлээч” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүний урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах замаар 5.000.000 төгрөгийг зээлж авсан нэрийдлээр залилсан, (4) иргэн Ж.Е-ыг “би авто угаалгын газар ажиллуулж байгаа, түүндээ өргөтгөл хийх гэсэн юм” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүний итгэлийг урвуулан ашиглах замаар 3.000.000 төгрөгийг зээлдэж авсан нэрийдлээр залилсан нөхцөл байдал нотлох баримтуудын хүрээнд бүрэн нотлогджээ.

6.3. Түүнчлэн шүүгдэгч Н.А- нь хохирогч нараас залилан авсан мөнгийг өөрийнхөө хэрэгцээнд зарцуулсан байдал нь шүүгдэгч өөрийн мэдэлд залилан авсан эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх субъектив санаа зорилготой үйлдсэн байна.

6.4. Шүүгдэгч Н.А-н дээрх үйлдэл нь бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.А-г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

6.5. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар хялбар аргаар мөнгө олох зорилго, шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.    

 

7. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

7.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилсан байна.

7.2. Шүүгдэгч Н.А-н үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас хохирогч О.Э-т 4.500.000 төгрөг, хохирогч З.Л-д 5.877.890 төгрөг, хохирогч Б.Ж-ад 5.000.000 төгрөг, хохирогч Ж.Е-д 3.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтогдсон байна.

7.3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн  510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.

7.4. Хохирогч З.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээс үзэхэд бодит байдал дээр хохирогч нь “А” хадгаламж зээлийн хоршооноос 5.300.000 төгрөгийг зээлдэж авч, 5.120.000 төгрөгийг шүүгдэгч Н.А-д бэлнээр өгсөн, 180.000 төгрөгийг “А” хадгаламж зээлийн хоршооны хадгаламжинд хадгалуулсан, улмаар тус хоршоонд 5.120.000 төгрөг, зээлийн хүүд 757.890 төгрөгийг төлж барагдуулсан, харин шүүгдэгч Н.А-гаар нийт 800.000 төгрөгийг буцааж төлүүлж авсан нөхцөл байдал тогтоогджээ.

Хохирогч З.Л-д гэмт хэргийн хохиролд 5.120.000 төгрөг, гэмт хэргийн хор уршигт 757.890 төгрөг, нийт 5.877.890 төгрөгийн хохирол учирсан, үүнээс 800.000 төгрөгийг төлүүлж авсан тул шүүгдэгч Н.А-гаас 5.077.890 төгрөг гаргуулан хохирогч З.Л-д олгохоор шийдвэрлэв.

7.5. Хохирогч Ж.Е-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Н.А- нь хохирогч Ж.Е-аас залилан авсан 3.000.000 төгрөгийн хохирлоос 1.370.000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Н.А-гаас 1.630.000 төгрөг гаргуулан хохирогч Ж.Е-д олгохоор шийдвэрлэв.

7.6. Хохирогч Б.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Н.А- нь түүнээс 5.000.000 төгрөгийг залилан авч, хариу төлбөр хийгээгүй тул шүүгдэгч Н.А-гаас 5.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ж-ад олгох нь зүйтэй.

7.7. Хохирогч О.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Н.А- нь түүнд нийт 3.400.000 төгрөгийг буцаан төлж өгсөн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Н.А-гаас 1.100.000 төгрөг гаргуулан хохирогч О.Э-т олгох нь зүйтэй байна.   

Харин хохирогч О.Э-ын шүүгдэгч Н.А-гаас гэмт хэргийн хор уршигт өмгөөллийн хөлс 450.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь, хохирогч О.Э-ын өмгөөлөгчтэй байгуулсан өмгөөллийн гэрээний дагуу төлсөн 450.000 төгрөгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж шүүх үзээгүй болно. Өөрөөр хэлбэл хохирогч эрх ашгаа хамгаалуулахаар хэдэн ч өмгөөлөгчтэй, хэдэн ч төгрөгөөр гэрээ байгуулж, өөрийн хүсэл зоригийн дагуу өмгөөлүүлэх боломжтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгч авах хуулийн үндэслэлд хамаарахгүй, мөн төлбөрийн чадваргүй иргэдэд үйлчилгээ үзүүлдэг улсын өмгөөлөгчөөр өмгөөлүүлсэнтэй холбоотой зардал биш байх тул шүүх энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэх боломжгүй юм.

7.8. Шүүгдэгч Н.А- нь мөрдөн шалгах ажиллагаа болон гэм буруугийн шүүх хуралдаанд зарим хохирогч нарын хохирлын тодорхой хэсгийг бэлнээр болон бэлэн бусаар төлж барагдуулсан талаар мэдүүлсэн боловч энэхүү нөхцөл байдал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, холбогдох нотлох баримтуудаа гаргаж өгөөгүй тул шүүхээс гэмт хэргийн хохирол, хор уршгийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулж, нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянан үзэж шийдвэрлэснийг дурдаж байна.     

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Н.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах” дүгнэлтийг,

Хохирогч З.Л-гаас “эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах саналгүй” гэх тайлбарыг,

Хохирогч нарын өмгөөлөгчдөөс “шүүгдэгч Н.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан хорих ял оногдуулах” дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчтай санал нэг байгаа” гэх дүгнэлтийг тус тус гаргаж, эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцсэн болно.

2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Н.А-н үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

2.3. Шүүгдэгч Н.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.4. Шүүгдэгч Н.А- нь хувийн байдлын хувьд 1991 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2.5. Шүүгдэгч Н.А- нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлын зохих хэсгийг төлж барагдуулсан байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.

2.6. Шүүгдэгч Н.А-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Улаанбаатар хотын Баянзүрх дүүргээс явахыг хориглож, ялын биелэлтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

2.7. Шүүгдэгч Н.А- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

2.8. Энэ хэрэгт шүүгдэгч Н.А- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй. 

2.9. Шүүгдэгч Н.А-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд тэднийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Н-ын А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-г 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-д зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Улаанбаатар хотын Баянзүрх дүүргээс явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Н.А-д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.А-гаас 5.077.890 /таван сая далан долоон мянга найман зуун ерэн/ төгрөг гаргуулан хохирогч З.Л-д, 1.630.000 /нэг сая зургаан зуун гучин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Ж.Е-д, 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулан хохирогч Б.Ж-ад, 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч О.Э- нарт тус тус олгож, хохирогч О.Э-ын шүүгдэгч Н.А-гаас өмгөөллийн хөлс 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Энэ хэрэгт шүүгдэгч Н.А- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Н.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Н.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ