Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/181

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Б даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

улсын яллагч Я.Д,

шүүгдэгч М.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Сургийн овогт М-ын Сд холбогдох 2213000000229 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, ам бүл 6, эцэг, эх, дүү, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын .... дугаар багт оршин суудаг, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, С ургийн овогт М-тын С, регистрийн дугаар 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.С нь согтуугаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Думан” үйлчилгээний төвийн гадна 2022 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө хохирогч Ө.Быг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч М.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.”  гэв.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт 2213000000229 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Иргэн Ө.Баас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал),

 

2.2. Хохирогч Ө.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бааранд орж ширээнд суугаад архи, пиво зэргийг захиалж хэрэглэсэн. Миний санаж байгаагаар 0.7 литрийн архи, хэд хэдэн пиво уусан ба архийг бол бүгд хувааж уусан. Ингээд байж байхад 00 цагийн үед баар хаагаад бид хэд гарсан бөгөөд надтай цуг явж байсан 3 залуу түрүүлээд гарч араас нь 5 орчим минутын дараа гарсан юм. Тэгэхэд баарны гадна цуг явж байсан хүмүүсээс Б, Баха нар байсан. Нөгөө нэг залуу харьсан бололтой тэнд алга байсан. Тэгэхэд Быг С гэх залуу нүүрэн хэсэгт нь цохиж байсан. Бахаг болохоор бусад цуг байсан хүмүүс нь барьж авсан зогсож байсан. Би гүйж очиж Сийг түлхсэн юм. Тэгсэн С цуг яваа хүмүүстээ хандаж хэлээд байгаа бололтой бүгд бүлэглээд энэ рүү дайр гэхээр нь би гүйгээд зугатаагаад байрны арын хэсэгт орж зогссон юм. Тэгээд байж байхад цагдаа нар машинтай ирсэн. Цагдаа нар ирсэн юм чинь гайгүй байх гэж бодоод нуугдаж байсан газраас гараад Думан баарны үүдэнд зогсож байгаа нөгөө хэд дээр ирсэн чинь хэзээ ирж зогссоныг мэдэхгүй С гэх залуу миний зүүн талд ирээд зогссон байсан. Тэрээр цагдаагийн албан хаагч руу хандаад нөгөө нөхөр чинь энэ байна гээд баруун гараараа хажуугаас савж, миний нүүр рүү цохисон юм. Хажууд зогссон байдлаас гараа урдаасаа хойшоо савж цохисон ба миний ам руу оногдоод, үүдэн хэсгийн дээд талын 1 шүд унаж, 1 шүдэнд хөдөлгөөн орж гэмтсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дахь тал),

2.3. Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тус өдөр нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байсан юм. Бас танил найз болох Бетай таараад тэднийд байж байхад Ө.Б гэх залуу Казахстан улсаас ирсэн. Тухайн хүнийг огт таньдаггүй байсан. Тус өдөр л анх танилцсан. Бы хувьд Бы ах нь юм шиг байна лээ. Өөрийгөө танилцуулахдаа Бы ах нь гэж хэлсэн. Ингээд тэдний гэрт байж байгаад бүгдээрээ Думан баар орохоор болсон. Думан бааранд шөнийн 22 цагийн орчимд байх цагийн сайн хэлж мэдэхгүй байна. Бааранд орж ширээнд суугаад архи, пиво зэргийг захиалж хэрэглэсэн. Миний санаж байгаагаар 0.7 литрийн архи, хэд хэдэн пиво уусан юм. Архийг бол бүгд хувааж уусан.  Ингээд байж байхад 00 цагийн үед баар хаагаад бид хэд гарсан. Намайг лав гадаа гараад ирэхэд баарнаас гарсан хүмүүс тэрүүгээр нэг орилолдоод яваад байсан. Гадаа харанхуй байсан болохоор юу ч мэдэгдэхгүй байсан. Учир нь баарны гадна талын гэрлийг унтраасан байсан. Машины гэрэл тусахад л ганц нэг хүний царай харагдаж байсан. Миний харсан зүйл гэвэл  лав С тэрүүгээр орилоод яваад байсан. Тэгээд удаагүй цагдаа нар ирээд байж байхад С нөгөө хүн чинь энэ шүү дээ гэж хэлээд Ө.Бы нүүрэн тус газарт нэг удаа гараараа цохисон. Тэгэхэд түүний шүд нь унаад тэнд байсан хүмүүсийг цагдаа нар тарцгаа гэхээр нь бид хэд гэр гэр лүгээ явцгаасан юм. ...Ө.Быг С нэг удаа аман тус газарт нь гараараа цохисон.гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),

2.4. Гэрч Ж.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд бид хэд хоол унд хийж идээд оройн 22 цагийн орчимд байх би нөгөө гуравт хандаад хэдүүлээ гарах уу, "Думан” баар орох уу гэж хэлсэн чинь тэр хэд тэгье гэж хэлээд бөөндөө “Думан” баар луу очсон. ...Баарнаас түрүүлээд Коски гарсан ба тэрний араас гарсан чинь гэр лүгээ харьсан бололтой байхгүй байсан. Намайг гарахад араас Баха, тэгээд Б ах гарсан санаад байна. Гадаа гарахад харанхуй, юу болж байгаа нь мэдэгдэхгүй, юу ч харагдахгүй баахан хүмүүс байсан. Ингээд гадаа гараад зогсож байхад баарнаас гарсан залуучууд архи ууссан согтуу бололтой тэрүүгээр нэг орилолдоод байсан. Тэгээд байж байхад С над руу ирээд согтуу орилоход Б ах гарч ирээд түүнийг надаас холдуулах гээд түлхсэн чинь тэр болон цуг явсан нэг залуу нь Быг араас нь хөөгөөд баарны үүдэнд аваад ирсэн санаад байна. Тэгээд удахгүй цагдаа нар ирээд байж байхад С нөгөө хүн чинь энэ шүү дээ гэж хэлээд Ө.Бы амны хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Тэгэхэд түүний амнаас цус гараад цагдаа нар зарим нэг хүмүүсийг авч явсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

2.5. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, цагдаагийн дэслэгч Х.Е-лын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 737 дугаартай “Дүгнэлт: 1. Ө.Бы биед үүдэн нэг шүд хугарч унасан гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

2.5. Согтуурлын хэмжээг шалгасан талаарх “М.Сий согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох зорилгоор шалгахад согтуурал шалгах багажийн заалт 1.36 хувь гарсан” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 68 дахь тал),

2.7. Яллагдагч М.Сий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өөрийн гэм бурууг өөрөөр хэлбэл Ө.Бы биед хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 79 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.8. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

1. Шүүгдэгч М.Сий иргэний үнэмлэхийн болон гэрлэсний бүртгэлийн лавлагаа,  эд хөрөнгө бүртгэлтэй эсэх тухай лавлагаа (хавтаст хэргийн 57-61 дэх тал),

2. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн тодорхойлолт (хавтаст хэргийн 25 дахь тал) зэрэг болно.

3.  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 62 дахь тал),

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоол зэрэг нотлох баримтууд болно.

3. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

4. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хохирогч Ө.Б, гэрч Д.Бахытбек, Ж.Б, яллагдагч М.С нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл  (хавтаст хэргийн 6-7, 10, 15, 20-21, 68, 79 дэх тал) болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч М.С нь согтуугаар  2022 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 00 цагийн орчимд тус аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Думан” үйлчилгээний төвийн гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ө.Бы аман тус газар нэг удаа гараараа цохиж, хохирогчийн эрүүл мэндэд нь үүдэн нэг шүд хугарч унасан гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан нь нотлогдон тогтоогдож байна.  

5. Эрх зүйн дүгнэлт

5.1.Шүүгдэгч М.С шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримттай маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

5.2 Шүүгдэгч М.Сий хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ө.Бы аман тус газарт гараараа цохиж, түүний эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан  хохирогчийн халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн  шинжийг агуулсан байна.

5.3. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд хохирогч Ө.Бы биед нь үүссэн үүдэн нэг шүд хугарч унасан гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй байх тул  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ. (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

5.4. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон шүүгдэгч М.Сий согтуугаар хохирогч Ө.Быг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос түүний үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна.

5.5. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал хохирогчийн эрх чөлөөнд халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл үүсгэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

5.6. Прокурор шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн нэхэмжилсэн хор уршгийг төлсөн, прокурорын сонсгосон торгох ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон учир хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

5.7. Хэрэгт цугларсан согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэлээр шүүгдэгч М.Сий амьсгал дахь спиртийн агууламж 1.36 хувь гарсан, тэрээр хөнгөн зэргийн согтолттой нь тогтоогдсон учраас түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. (хавтаст хэргийн 68 дахь тал),

5.8. Иймд шүүгдэгч М.Сийг хохирогч Ө.Быг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

5.9. Хэрэг учрал болох үед шүүгдэгч, хохирогч нарын хувийн таарамжгүй харилцаа, мөн тэдгээрийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

6. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

6.1. Гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэж учруулсан хор уршгийг гаргуулан хохирогчид олгох нь зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.

6.2. Хохирогч Ө.Бы учирсан хор уршиг буюу эмчилгээний зардалд 500000 төгрөгийг шүүгдэгч М.С төлж барагдуулсан нь хохирогчийн “...надаас уучлалт гуйж учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг болон банкны шилжүүлгээр тогтоогдож байна. (хавтаст хэргийн 84, 88-91 дэх тал)

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүгдэгч М.Сийг шүүхээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

2.2. Шүүгдэгч М.С урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байгаа ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. (хавтаст хэргийн 62-66 дахь тал)

2.3. Улсын яллагч шүүх хуралдаанд “шүүгдэгч М.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 650 нэгжтэй тэнцэх хэмжээний 650000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргав.

2.4. Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.

2.5. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сийг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний 650000 төгрөгийн торгох ялаар шийтгэв.

2.6. Шүүгдэгчийн эрхэлсэн ажилгүй гэх хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулах нь зүйтэй.

3. Бусад асуудлын талаар:

3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.

3.2.Шүүгдэгч нь хохирогчид учирсан 500000 төгрөгийн хор уршгийг төлсөн, хохирогч өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.

3.3. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С ургийн овогт М-ын Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Маратын Сд 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650000 (зургаан зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч М.Сд оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650000 төгрөгийн торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч М.Сд сануулсугай.

5. Шүүгдэгч М.С нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. 2213000000229 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хурааж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид 500000 төгрөгийн хор уршгийг төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ө.Б