Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/178

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Б даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

улсын яллагч Х.Ө,

оруулагч, хэлмэрч Б.Ж,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т,

шүүгдэгч С.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Х ургийн овогт Сн Дд холбогдох 2213001960196 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумд төрсөн, 35 настай, эрэгтэй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын .... дугаар багийн 24 дүгээр гудамжны 8 тоотод оршин суух хаягтай, урьд тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх,  Х ургийн овогт Сийн Д, регистрийн дугаар,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.Д нь тус аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хууль сахиулагч Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Г.М, эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч С.А нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан зэвсэг буюу хутга хэрэглэн хүч хэрэглэхээр заналхийлж, хүч хэрэглэн цагдаагийн ахлагч Г.Мйн албаны богино ханцуйтай цамцны энгэрийг урж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмж болох дэд ахлагч С.Аын энгэрийн камерыг эвдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг,

1.1. Шүүгдэгч С.Д мэдүүлэхдээ:  “..Миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу хөнгөлөлт үзүүлж өгнө үү...” гэв.

2. 2213001960196 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),

2.2. Согтуурлын хэмжээг шалгасан “...С.Ды амьсгал дахь спиртийн агууламжийг тодорхойлоход 0,60% гарч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон.” гэсэн тэмдэглэл ( хавтаст хэргийн 3 дахь тал),

2.3. Өлгий сумын нутаг дэвсгэрт явган болон хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хуваарь, томилгоо  (хавтаст хэргийн 7-9 дахь тал),

2.4. Хохирогч Г.Мйн хувцсанд үзлэг хийсэн талаарх “...Р үсгийн доод талд 1 х 1,5 см хэмжээтэй цоорсон байв. Уг футболкны урд энгэр хэсэгт 3 ширхэг товчтой, товч бүрэн бүтэн , энгэрийн 2 дахь товчноос доош 14 х 7,5 см хэмжээтэй урагдсан байдалтай, баруун талын суганы хэсгээс доош оёдлоороо 5 см, 5 см, 4,5 см хэмжээтэй урагдсан байдалтай, өөр урагдсан гэмтэлгүй байв.” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 10-12 дахь тал),

2.5. Хохирогч С.Аын албаны энгэрийн камерт үзлэг хийсэн талаарх “...Энгэрийн камерыг асааж үзэхэд дэлгэц нь бүхэлдээ харлаж, цууралт үүссэн цаашид албанд ашиглах боломжгүй байсан байв...” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 13-15 дахь тал),

2.6. Эд мөрийн баримтаар хурааж авсан хутганд үзлэг хийсэн “...Үзлэг хийж байгаа хутга нь хар өнгийн хуванцар иштэй, урт нь 25,5 см хэмжээтэй, ажлын хэсэг нь 13,5 см урттай, бариул хэсэг нь 12 см, бариул нь хоёр талаасаа мөнгөлөг өнгийн 3 ширхэг тавт холбоостой, урд талын 1 тавт холбоос нь унасан байв..” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 16-18 дахь тал),

2.7. 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 19 дэх тал),

2.8. Эд хариуцагчийн картын хуулбар (хавтаст хэргийн 26 дахь тал),

2.9. Эд мөрийн баримтаар тооцогдсон СД-д хуулагдсан камерын бичлэгт үзлэг  хийсэн  “...Бичлэгт С.Д нь хар өнгийн гадуур куртиктэй, дотроо ногоон өнгийн цамцтай, хар өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн пүүзтэй, баруун гартаа хутга барьсан байдалтай дэд ахлагч С.А нь хутгаа хаяхыг шаардахад биелүүлэхгүй казах хэлээр хариу хэлэх бөгөөд хашааны хаалгаар гарах үед дэд ахлагч С.А руу хутгаа чиглүүлж дайрах үйлдэл хийж, хашааны хаалгыг гаднаас нь хаав. Дэд ахлагч С.А нь хутгаа хаяхыг шаардахад түүн рүү дайрч урдаас нь хөөх бөгөөд цагдаагийн албаны тээврийн хэрэгслийг тойрч эргээд ирэх замд  ахлагч Г.М рүү хутгатай гараараа далайж дайрах үед ахлагч Г.М түүний гарыг барьж саатуулах үеэр дэд ахлагч С.А гараас нь хутгыг салгаж авах гэж оролдож байгаа бичлэг бичигдсэн байв...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 16-18 дахь тал),

2.10. Хохирогч С.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр цагийн хуваарийн дагуу Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, цагдаагийн ахмад Г.Наранзулын баталсан томилгооны дагуу эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Г.Мйн хамтаар Өлгий сумын 2 ,3, 4, 8, 11, 12, 13, 6, 9, 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 18 цагаас 01 цаг хүртэлх хугацаанд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэх томилгооны дагуу ажиллаж байхад 21 цагийн ерөнхий жижүүр С.Абылайханаас Өлгий сумын 10 дугаар багт гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээлэл ирлээ, очоорой гэсэн. Тэгээд ахлагч Г.Мйн хамтаар Өлгий сумын 10 дугаар багт байрлах иргэн С.Ды гэрт нь очиход эхнэр нь гэрийнхээ гадна хашаан дотроо ганцаараа харин С.Д нь байшингийнхаа хаалгыг дотроос нь цоожилчхоод онгойлгохгүй, үүдний өрөөний цонхоор толгойгоо гаргаад хашхирч баруун гартаа хутга барьчихсан казах хэлээр хараагаад хүн ойртуулахгүй байсан. Тэгээд ахлагч Г.М бид хоёр та наад хутгаа орхиод бидэнд ямар учраас ийм нөхцөл байдал бий болгосныг ярих хэрэгтэй гэхэд тэрээр монголоор ярихгүй казах хэлээр хараагаад байсан. Өөрөө хаалгыг дотроос нь онгойлгож, баруун гартаа хутга барьсаар гарч ирээд казах хэлээр би явлаа надад битгий ойрт ойртох юм бол хутгална шүү, намайг  зүгээр байхад цагдаа нар ирсэн шүү, гээд хутгаа барьж ахлагч Г.М болон над руу дайрч далайсан. Улмаар хутга барьсаар хашааныхаа хаалгаар гарсан.

Тэгээд гадна гараад мөн бид хоёрыг хутгаар сүрдүүлсэн. Ахлагч Г.М түүнийг хутгаа орхих шаардлага биелүүлэхийг удаа дараа сануулсан ч тэрээр ахлагч Г.Мйн шаардлагыг биелүүлэхгүй түүн рүү хутгатай дайрч зууралдсан. Тэр үед би мөн очиж түүний хутгыг гараас нь салгах гэж байхад миний зүүн талд байсан энгэрийн камерыг  газарт унагааж дэлгэцийг хагалсан. Харин ахлагч Г.Мйн албаны богино ханцуйтай цамцны энгэрийг урсан. Тэгээд түүнийг эргүүлийн 5780 БӨА улсын дугаартай албаны машинаар цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгч ажилласан. ...Албаны энгэрийн камер надад байсан. Би дуудлагад очингуут ажиллуулж эхэлсэн....” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 23 дахь тал),

2.11. Хохирогч С.Аын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Надад учирсан хохирол болох албаны энгэрийн камерыг төлж барагдуулахыг шаардаж байна. ...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 55 дахь тал),

2.12. Хохирогч Г.Мйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр цагийн хуваарийн дагуу Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, цагдаагийн ахмад Г.Н-ын баталсан томилгооны дагуу эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч С.Аын хамтаар Өлгий сумын 2, 3, 4, 8, 11, 12, 13, 6, 9, 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 18 цагаас 01 цаг хүртэлх хугацаанд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэх томилгооны дагуу ажиллаж байхад 21 цагт ерөнхий жижүүр С.Аблайханаас Өлгий сумын 10 дугаар багт гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээлэл ирсэн гэсний дагуу тухайн дуудлагад очсон. Дуудлагаар очиход С.Д нь өөрөө байшингийнхаа хаалгыг дотроос нь цоожилчихсон, үүдний өрөөний цонхоор толгойгоо гаргачихсан баруун гартаа хутга барьсан байсан. Тэгээд бид  “та хутгаа орхиод бидэнд болсон асуудлын талаар ярина уу” гэхэд тэрээр согтуу архи уучихсан казах хэлээр харааж хашхирч байгаад хаалгаа онгойлгоод гарч ирээд “биднийг ойртвол хутгална шүү, би явлаа надаас хол байгаарай” гээд хутгатай гараараа далайж нэг хоёр удаа дайрсан. Тэгээд хашааны хаалганаас гарчхаад мөн бид хоёрыг ойртвол хутгална шүү гээд ойртуулахгүй, хутгаа орхиод бидэнтэй хамт цагдаагийн газарт очиж асуудлаа шийд гэхэд хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн. Улмаар би түүнийг хутгаа орхихыг удаа дараа шаардахад тэрээр над руу хутгатайгаа дайрах үед би түүний хөдөлгөөнийг хааж улмаар надтай зууралдаж байхад цагдаагийн дэд ахлагч С.А түүний гараас хутгыг салгаж газарт унагааж байхад түүний энгэрийн камерыг газарт унагаасан. Тэгээд миний албаны богино ханцуйтай цамцны энгэрийг урсан. Тэгээд бид түүнийг гавлаж эргүүлийн 5780 БӨА улсын дугаартай албаны тээврийн хэрэгсэлд суулгаж цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгсөн юм. Харин хутгыг эд мөрийн баримт болно гээд газраас авч цагдаагийн газарт авч ирсэн. ..С.Д нь С.А бид хоёрыг зодоогүй. Харин надтай зууралдаж, миний албаны богино ханцуйтай цамцны энгэрийг урсан юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дэх тал),

2.14. Гэрч Ш.Кийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие тус өдөр Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ хувцас угаагаад байж байхад нөхөр С.Д согтуу ирээд байшинд ороод хаалгаа дотроос нь цоожилчхоод намайг “чи энэ гэрт орохгүй шүү, зайл” гээд гэрт оруулахгүй байхаар нь үүдний өрөөний жижиг цонхны шилийг нь аваад дотроос орж онгойлгох гэхэд оруулахгүй намайг цохиж хөөсөн. Тэгээд би цагдаад дуудлага өгөхөд дуудлагын дагуу 2 монгол цагдаа ирсэн. Тэр үед ч гэсэн нөхөр маань хаалгаа тайлж өгөхгүй цонхоор толгойгоо гаргаад гартаа гэрт байсан хутга барьчихсан ойртвол ална шүү гээд орилоод байхаар нь энд юу ч болж магадгүй гээд хашаанаасаа зугтаад голын эрэг хавиар байж байгаад цагдаа нар манай нөхрийг авч явсны дараагаар гэртээ очсон. Түүнээс цааш юу болсныг мэдэхгүй байна.

...Манай нөхрийн гартаа барьж байсан хутга нь хар өнгийн иштэй үзүүр хэсэг нь бага зэрэг хугарсан гэрт ааруул жижиглэдэг муу хутга байсан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дахь тал),

2.15. Гэрч Т.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би баяр наадмын хамгаалалттай холбоотой 2022 оны 07 дугаар сарын сарын 08-ны өдөр эргүүлийн цагдаагийн алба хаагч нарын энгэрийн камер нь хэвийн үйл ажиллагаатай байгаа эсэхийг шалгаж үзсэн. Тухайн үед С.Аын энгэрийн камерын дэлгэцийг дуудлагад очих үед эсэргүүцэж дэлгэцийг нь хагалчихсан гэж үзүүлж байсан ба шалгаж үзэхэд энгэрийн камерын дэлгэц хагарч харласан, бичлэг хийх боломжгүй болсон байсан. Тухайн энгэрийн камерыг дангаар нь сольж болохгүй. Шинээр худалдаж авах шаардлагатай....

...Эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч С.Аын энгэрийн камерыг цаашид албанд ашиглах боломжгүй учраас акталж шинээр авах хэрэгтэй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дахь тал),

2.16. Үнэлгээ тогтоосон Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн БӨА-22-0194 дугаартай “1. Цагдаагийн алба хаагчийн албаны хэрэгцээнд хэрэглэдэг энгэрийн камер нийт үнэ 250000 төгрөг, 2. Цагдаагийн алба хаагчийн албаны бор ханцуйтай, хар өнгийн цамц /футболка/ 20000 төгрөг...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 82-85 дахь тал),

2.17. Яллагдагч С.Дий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр архи уугаад гэртээ харьсан. Тэгээд гэртээ очоод эхнэртэйгээ хэрэлдээд эхнэр цагдаад дуудлага өгсөн. Тухайн дуудлагаар хоёр цагдаагийн алба хаагч ирэхэд би байшингийнхаа хаалгыг дотроос нь цоожилчихсон байсан. Цагдаа нар ирээд цонх цохиод хаалга онгойлгоорой гэж хэлсэн. Тухайн үед тэд цонхны жижиг шилийг авсан байсан. Би гэрт байсан хар өнгийн хуучин хутгыг гартаа барьж гараад тэд нарыг над руу ойртож болохгүй гэж хэлээд хашаанаас гарах гэхэд нөгөө хоёр цагдаа намайг хутгаа хаяхыг шаардсан. Тэгээд би хутгаараа далайлгаж байгаад хашаанаас гарсан. Хашаанаас гараад явж байхад ардаас нөгөө хоёр цагдаа ирээд намайг хутгаа хаяхыг шаардсан ба машины хажууд би нэг цагдаатай нь зууралдсан. Тэр үед нөгөө цагдаа нь миний гартаа барьж байсан хутгыг салгаж авах гэж ноцолдсон. Тэр үед нэг цагдаагийн алба хаагчийн энгэрийн камер газарт унасан. Нэг цагдаагийн алба хаагчийн цамцны энгэр хэсгийг нь урсан. Тэгээд намайг гавлаад цагдаагийн газарт авчирсан. Би тухайн үед архи уучихсан нэлээн согтуу байсан ба болсон явдал энэ юм. Уг хутга нь манай гэрт байдаг хар өнгийн иштэй жижиг хутга байсан. Би хохирлыг барагдуулаагүй. Гэхдээ юутай ч төлж барагдуулах болно. Би өөрийн хийсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн  мэдүүлэг (хавтаст хэргийн 109 дэх тал) зэрэг нотлох баримтууд  болно.

2.14. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримт хэрэгт цугларсан байна. Үүнд: 

1. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “...Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэн буюу нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/14 дугаар тушаалаар баталсан амьжиргааны түвшний 409679 босго шугамаас доогуурт багтсан байна.” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 116 дахь тал),

2. Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 121 дэх тал),

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 123-125 дахь тал),

4. Шүүгдэгч С.Ды иргэний бүртгэлийн болон гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 129-130 дахь тал),

5. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Тус багийн оршин суугч Сейл овогтой Д нь БК87031057 регистрийн дугаартай. Ам бүл 7. Эхнэр, 5 хүүхдийн хамт оршин суудаг нь үнэн болно.” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 136 дахь тал),

6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 137 дахь тал) зэрэг нотлох баримтууд цугларсан байна.

2.15. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Шүүгдэгч С.Д нь 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт дуудлагын дагуу очиж шаардлага тавьсан хууль сахиулагч тус аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Г.М, цагдаагийн дэд ахлагч С.А нарыг хутга  буюу зэвсэг хэрэглэн заналхийлж, хүч хэрэглэн эсэргүүцэж, ахлагч Г.Мйн албаны богино ханцуйтай цамцны энгэрийг урж, дэд ахлагч С.Аын энгэрийн камерыг  газарт унагааж эвдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

Үүнд:

3.1.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),

3.1.2. Согтуурлын хэмжээг шалгасан тэмдэглэл ( хавтаст хэргийн 3 дахь тал),

3.1.3. Хохирогч Г.Мйн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 10-12 дахь тал),

3.1.4. Хохирогч С.Аын албаны энгэрийн камерт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 13-15 дахь тал),

3.1.5. Эд мөрийн баримтаар хурааж авсан хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 16-18 дахь тал),

3.1.6. Хохирогч С.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд гадна гараад мөн бид хоёрыг хутгаар сүрдүүлсэн. Ахлагч Г.М түүнийг хутгаа орхих шаардлага биелүүлэхийг удаа дараа сануулсан ч тэрээр ахлагч Г.Мйн шаардлагыг биелүүлэхгүй түүн рүү хутгатай дайрч зууралдсан. Тэр үед би мөн очиж түүний хутгыг гараас нь салгах гэж байхад миний зүүн талд байсан энгэрийн камерыг  газарт унагааж дэлгэцийг хагалсан. Харин ахлагч Г.Мйн албаны богино ханцуйтай цамцны энгэрийг урсан. ...Албаны энгэрийн камер надад байсан. Би дуудлагад очингуут ажиллуулж эхэлсэн....” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 23 дахь тал),

3.1.7. Хохирогч Г.Мйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд хашааны хаалганаас гарчхаад мөн бид хоёрыг ойртвол хутгална шүү гээд ойртуулахгүй, хутгаа орхиод бидэнтэй хамт цагдаагийн газарт очиж асуудлаа шийд гэхэд хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн. Улмаар би түүнийг хутгаа орхихыг удаа дараа шаардахад тэрээр над руу хутгатайгаа дайрах үед би түүний хөдөлгөөнийг хааж улмаар надтай зууралдаж байхад цагдаагийн дэд ахлагч С.А түүний гараас хутгыг салгаж газарт унагааж байхад түүний энгэрийн камерыг газарт унагаасан. Тэгээд миний албаны богино ханцуйтай цамцны энгэрийг урсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дэх тал),

3.1.8. Гэрч Ш.Кенжетайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд би цагдаад дуудлага өгөхөд дуудлагын дагуу 2 монгол цагдаа ирсэн. Тэр үед ч гэсэн нөхөр маань хаалгаа тайлж өгөхгүй цонхоор толгойгоо гаргаад гартаа гэрт байсан хутга барьчихсан ойртвол ална шүү гээд орилоод байхаар нь энд юу ч болж магадгүй гээд хашаанаасаа зугтаад голын эрэг хавиар байж байгаад цагдаа нар манай нөхрийг авч явсны дараагаар гэртээ очсон.....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дахь тал),

3.1.9. Гэрч Т.Ардакелдийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч С.Аын энгэрийн камерыг цаашид албанд ашиглах боломжгүй учраас акталж шинээр авах хэрэгтэй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дахь тал),

3.1.10. Яллагдагч С.Ды мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед тэд цонхны жижиг шилийг авсан байсан ба би гэрт байсан хар өнгийн хуучин хутгыг гартаа барьж гараад тэд нарыг над руу ойртож болохгүй гэж хэлээд хашаанаас гарах гэхэд нөгөө хоёр цагдаа намайг хутгаа хаяхыг шаардсан. Тэгээд би хутгаараа далайлгаж байгаад хашаанаас гарсан. Хашаанаас гараад явж байхад ардаас нөгөө хоёр цагдаа ирээд намайг хутгаа хаяхыг шаардсан ба машины хажууд би нэг цагдаатай нь зууралдсан. Тэр үед нөгөө цагдаа нь миний гартаа барьж байсан хутгыг салгаж авах гэж ноцолдсон. Тэр үед нэг цагдаагийн алба хаагчийн энгэрийн камер газарт унасан. Нэг цагдаагийн алба хаагчийн цамцны энгэр хэсгийг нь урсан...” гэсэн  мэдүүлэг (хавтаст хэргийн 109 дэх тал),

3.1.11. Эд мөрийн баримтаар тооцогдсон СД дахь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 16-18 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

3.2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

3.3. Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч С.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж үйлсэн  гэм буруутайд тооцуулах саналтай” гэв.

3.4. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “гэм буруугийн талаар маргахгүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг гаргав.

3.5. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлж, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар мэтгэлцээгүй боловч шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шүүгдэгч С.Ды эхнэр цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр албан үүргээ гүйцэтгэж байсан эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Г.М, цагдаагийн дэд ахлагч С.А нар  Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах шүүгдэгчийн гэрт очсон, шүүгдэгч нь тухайн үед гэрийнхээ хаалгыг дотроос нь цоожилж, онгойлгохгүй цагдаагийн алба хаагчдын шаардлагыг эсэргүүцэж гартаа хутга барьж ойртвол хутгална хэмээн сүрдүүлсэн, улмаар шүүгдэгч хашаанаас гарах үед цагдаагийн ахлагч Г.М, цагдаагийн дэд ахлагч С.А нар шүүгдэгчийн гараас нь хутгыг салгаж авсан, шүүгдэгчийг гараас хутгыг нь салгаж авах үед дэд ахлагч С.Аын энгэртэй зүүсэн камерыг газарт унагаасан, дэд ахлагч Г.Мйн албаны богино ханцуйтай цамцны энгэрийг урсан зэрэг үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

4. Эрх зүйн дүгнэлт:

4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд  шүүгдэгч С.Ды үйлдэл нь хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн шинжийг хангасан гэм буруутай үйлдэл юм.

4.2. “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т “энэ гэмт хэргийг галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж”, “хууль сахиулах албаны тоног төхөөрөмж, барилга, байгууламжид халдаж үйлдсэн” гэж  уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлжээ.

4.3. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Г.М, цагдаагийн дэд ахлагч С.А нар нь батлагдсан хуваарийн дагуу Өлгий сумын нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэх байгаад дуудлагын дагуу шүүгдэгч С.Ды гэрт очсон нь тогтоогдож байх тул тэдгээрийг албан үүргээ гүйцэтгэж байсан хууль сахиулагч гэж үзнэ.  (хавтаст хэргийн 7-9 дахь тал),

4.4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт  “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно.” гэж  тайлбарлажээ.

4.5. Хутга нь бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалттай, хүйтэн зэвсэгт хамаарах бөгөөд цагдаагийн алба хаагчийн албаны камер нь цагдаагийн байгууллагаас нь албан үүргээ гүйцэтгэхдээ холбогдуулан цагдаагийн дэд ахлагч С.Аод олгосон хэрэгсэл буюу тоног төхөөрөмж болох нь хэрэгт цугларсан эд хариуцагчийн картын хуулбараар нотлогдож байна.  (хавтаст хэргийн 26 дахь тал),

4.6. Цагдаагийн дэд ахлагч С.Аын эзэмшлийн энгэрийн камерын дэлгэц нь хагарсан, дахин ашиглах боломжгүй болсон нь  гэрч Т.Ардакелдийн мэдүүлэг, энгэрийн камерт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 13-15, 26 дахь тал),

4.7. Үнэлгээ тогтоосон шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн БӨА-22-0194 дугаартай дүгнэлтээр цагдаагийн алба хаагчийн албаны хэрэгцээнд хэрэглэдэг энгэрийн камерын үнэ өртгийг 250000 төгрөгөөр, цагдаагийн алба хаагчийн албаны бор ханцуйтай, хар өнгийн цамцны  /футболка/ 20000 төгрөгөөр тус тус тогтоожээ. (хавтаст хэргийн 82-85 дахь тал),

4.8. Албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчдын хутгаа хаяж, гэрээсээ гарах шаардлагыг шүүгдэгч С.Д үл биелүүлж, гартаа хутга барьж “ойртвол хутгална” хэмээн сүрдүүлж, улмаар гараас нь хутгыг салгаж авах гэсэн цагдаагийн алба хаагчдыг эсэргүүцэж ахлагч Г.Мйн биед нь халдаж, түүний богино ханцуйтай цамцны энгэр хэсгийг урсан, цагдаагийн дэд ахлагч С.Аын биед нь халдаж эсэргүүцсэний  улмаас түүний энгэрийн камер газарт унаж гэмтсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдсон учир  шүүгдэгчийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан  хүч хэрэглэсэн, зэвсэг буюу хутга хэрэглэн заналхийлж эсэргүүцэж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид  халдаж 270000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзлээ. 

4.9. Согтуурлын хэмжээг шалгасан тэмдэглэлээр шүүгдэгч С.Ды амьсгал дахь спиртийн агууламж 0,60% гарсан нь түүнийг  архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болсон. ( хавтаст хэргийн 3 дахь тал),

4.10. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал хууль сахиулагчдын биед нь халдаж, хохирол учруулсан учраас түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

4.11. Шүүгдэгч С.Ды үйлдсэн гэмт хэрэг нь хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн “зэвсэг хэрэглэж”, “хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж үйлдсэн” зэрэг хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэв.

4.12. Иймд шүүгдэгч С.Дыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан  хүч хэрэглэн хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид  халдаж, зэвсэг хэрэглэн заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4.13. Шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, хэрэг учрал болох үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

5.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

5.1. Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Мд  20000 төгрөгийн, хохирогч С.Аод 250000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь нотлогдон тогтоогдож байна.

5.2. Хохирогч С.А нь энгэрийн камерыг албан үүргээ гүйцэтгэхэд ашигладаг нь тогтоогдож байгаа бөгөөд тэрээр энгэрийн камерын шударга эзэмшигчийн хувьд өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй.  

5.3. Шүүх гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс хохирлыг гаргуулан хохирогч нарт олгож шийдвэрлэх нь зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.

5.4.  Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч С.Дээс 250000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Аод, 20000 төгрөг гаргуулан хохирогч Г.Мд тус тус олгож шийдвэрлэлээ.  (хавтаст хэргийн 86, 94 дэх  тал),

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүгдэгч С.Дыг шүүхээс “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан  хүч хэрэглэн хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж, зэвсэг хэрэглэн заналхийлж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй.

2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

2.3. Хэрэгт цугларсан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 07 дугаар сарын 29-ний тодорхойлолт, иргэний бүртгэлийн болон гэрлэсний бүртгэлийн лавлагаа, тус аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн тодорхойлолт, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоол, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч С.Д нь хувийн байдлын хувьд 35 настай, эхнэр, 5 хүүхдийн хамт Өлгий сумын 10 дугаар багт оршин суудаг, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүнд хамаардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. (хавтаст хэргийн 116, 121, 123-125, 129-130, 136-137 дахь тал)

2.4. Шүүгдэгчийн хууль сахиулагчийг зэвсэг хэрэглэж заналхийлж эсэргүүцсэн үйлдлийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулаагүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.5. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “шүүгдэгч С.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т  зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай ” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан улсын яллагчийн санал болгосон хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

2.6. Шүүгдэгчийн согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан үндсэн ялын төрлөөс зорчих эргийг хязгаарлах ялыг сонгож оногдуулах нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцнэ гэж дүгнэв. 

2.7.  Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч С.Дд 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулав.

2.8. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох  үүргийг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч С.Дд сануулах нь зүйтэй.

3. Бусад асуудлын талаар

3.1. Шүүгдэгч С.Д нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.

3.2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч С.Дээс 250000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Аод, 20000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Мд тус тус олгож шийдвэрлэлээ.

 3.3. Шүүгдэгч нь хохирлыг төлөх хүртэл түүний гэр бүлийн  хамтын хэрэгцээний зориулалтаар  эзэмших Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт байрлах 700 м.кв газрыг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын  2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 35 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээв.

3.4. Шүүгдэгч С.Дээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан  2213001960196 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн цагдаагийн алба хаагчийн албаны богино ханцуйтай цамц /футболка/ болон энгэрийн камерыг тус тус хохирогч Г.М, С.А нарт буцаан олгож, хар өнгийн хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст дааглаж, СД 1 ширхгийг хадгалах хугацаагаар хэргийн хамт хадгалж шийдвэрлэв.

3.5. Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Х ургийн овогт Сийн Дыг  хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдсан, зэвсэг хэрэглэж заналхийлж эсэргүүцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т   зааснаар шүүгдэгч Сийн Дд 1 (нэг) жил, 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаанд шүүгдэгч С.Дд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох  үүргийг хүлээлгэсүгэй.      

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч С.Дд сануулсугай.

        5. Шүүгдэгч С.Д нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч С.Дээс 250000 (хоёр зуун тавин мянга) төгрөг гаргуулан хохирогч С.Аод, 20000 (хорин мянга) төгрөг гаргуулан хохирогч Г.Мд тус тус олгосугай.

          7. 2213001960196 дугаартай эрүүгийн хэрэгт шүүгдэгч С.Ды эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт байрлах 700 м.кв газрыг битүүмжилсэн тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын  2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 35 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хохирол төлөгдөх хүртэл хэвээр үлдээсүгэй.

          8. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан  2213001960196 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн  цагдаагийн алба хаагчийн албаны богино ханцуйтай цамц /футболка/ болон энгэрийн камерыг тус тус хохирогч Г.М, С.А нарт буцаан олгож, хар өнгийн хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, СД 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.

          10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          11.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ө.Б