Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 515

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

  

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, үйлдвэр гудамж, 100б байр, 64 тоотод оршин суух, Боржигин овогт Сайнбаярын Мөнхнаран /РД:тж73112076/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар магсаржав гудамж, 8а байр, 40 тоотод оршин суух, Буурал овогт Амгалангийн Мөнхбаатар /РД:еэ77052379/-т холбогдох,

 

50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Мөнхнаран шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Мөнхнаран нь өөрийн ажилладаг “Эм эл и эн жи” ХХК-ийн захирал, найз болох Ц.Наранбаатар гэж хүний хүсэлтээр өөрийн өмчлөлийн 54.22 м2 талбайтай, 97,000,000 төгрөгийн үнэтэй 2 өрөө орон сууцыг бусдад барьцаалж, зээл авахыг зөвшөөрсөн байдаг. Ингээд Ц.Наранбаатар нь “...би сарын 5 хувийн хүүтэйгээр 50,000,000 төгрөгийг А.Мөнхбаатараас зээлэхээр болсон” гэж хэлсэн тул С.Мөнхнаран нь хариуцагч А.Мөнхбаатартай 2015 оны 10 дугаар сарын 22-ныөдөр бичгээр гэрээ байгуулсан. Гэтэл С.Мөнхнаран өөрөө сайн анзаараагүйн улмаас А.Мөнхбаатартай зээлийн гэрээ биш өөрийн орон сууцыг худалдах-худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Уг нь тэрээр зээлийн барьцааны гэрээнд гарын үсэг зурна гэж бодож хариуцагчтай уулзсан. Ингээд орон сууцаа бусдад мэдэлгүй худалдсан асуудлыг 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхэд хариуцагчаар дуудагдан очихдоо мэдсэн. С.Мөнхнаран хариуцагчаар татагдан очоод хэргийн материалтай танилцахад А.Мөнхбаатар нь С.Мөнхнарангийн орон сууцны өмчлөх эрхийг Д.Энхсүрэн гэж хүнд 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байсан. Учрыг нь өөрийн найз Ц.Наранбаатараас асуухад тэрээр “...би зээлийн хүүгээ төлж чадахгүй 3 сар болчихсон юм” гэж хэлсэн.

Д.Энхсүрэн гэж иргэн нь С.Мөнхнаранд холбогдуулж Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, үйлдвэрийн гудамж, 100Б байрны 64 тоот 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон. Учир нь тухайн үед С.Мөнхнаран нь Д.Энхсүрэн болон А.Мөнхбаатар нарт холбогдуулж Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, үйлдвэрийн гудамж, 100Б байрны 64 тоот 2 өрөө орон сууцыг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан, уг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн байсан юм.

Харин Д.Энхсүрэн нь Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, үйлдвэрийн гудамж, 100Б байрны 64 тоот 2 өрөө орон сууцыг иргэн Б.Баяржаргал руу 2017 оны 3 дугаар сард бэлэглэсэн байх ба Б.Баяржаргал нь уг орон сууцнаас Д.Энхсүрэн гарахгүй байна гэсэн өргөдлийг Сүхбаатар дүүрэг дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан байсан. Ингээд эвлэрүүлэн зуучлагч дээр талууд эвлэрсэн тул талуудын эвлэрлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2017/07428 дугаар захирамжаар баталгаажуулсан байдаг.

Дээр дурдсанчлан С.Мөнхнаран нь хариуцагч А.Мөнхбаатар, Б.Золзаяа нарт холбогдуулж А.Мөнхбаатартай байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгох, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, үйлдвэрийн гудамж, 100Б байрны 64 тоот 2 өрөө орон сууцыг С.Мөнхнарангийн эзэмшлээс чөлөөлөх гэж байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгохоор 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Гэвч хариуцагчА.Мөнхбаатар “...гэрээнд 30,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон боловч С.Мөнхнаран нь А.Мөнхбаатарт 50,000,000 төгрөгөөр худалдсан нь ...тогтоогдож байгаа” хэмээн тайлбарласныг шүүх хүлээн авч, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон ба давж заалдах болон хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Ингээд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 7428 дугаар захирамжийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болж, нэхэмжлэгч С.Мөнхнаран өөрийн орон сууцнаасаа хөөгдөн гарсан. Хэрэв үнэхээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр нь үнэн юм бол, С.Мөнхнаран нь бусдад орон сууцаа худалдсан нь үнэн юм бол түүнийхээ мөнгийг шаардан авах эрхтэй гэж үзэж байгаа тул орон сууцыг худалдан авсан А.Мөнхбаатараас 50,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож өгнө үү. Ер нь бол Ц.Наранбаатар нь С.Мөнхнаранд “...А.Мөнхбаатараас яваад зээл аваад ир, барьцаанд нь өөрийнхөө байрыг тавьчих” гэж хэлсэн боловч С.Мөнхнаран нь хууль мэдэхгүйн улмаас орон сууц худалдах гэрээнд гарын үсгээ зурчихсан юм билээ гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Мөнхнарангийншүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иргэн Ц.Наранбаатарболон хариуцагч А.Мөнхбаатар нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдаагүй. Харин энэ өдөр нэхэмжлэгч С.Мөнхнаран болон А.Мөнхбаатар нарын хооронд “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдсан. Уг гэрээ нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр болохыг шат шатны шүүхүүд тогтоосон.

Нэхэмжлэгч С.Мөнхнаран болон Ц.Наранбаатар нар нь “Эм эл и эн жи” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар, найзууд. Уг компанийн ерөнхий захирал нь Ц.Наранбаатар, гүйцэтгэх захирал нь С.Мөнхнаран юм. Нэхэмжлэгч С.Мөнхнаран нь “Эм эл и эн жи” ХХК-ийн захирал буюу өөрийн найз Ц.Наранбаатарт мөнгө хэрэг болоод байсан тул түүний гуйлтаар өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, үйлдвэрийн гудамж, 100Б байрны 64 тоот 2 өрөө орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдсан. А.Мөнхбаатар уг мөнгөнөөс 49,000,000 төгрөгийг нь М.Нямжавын данс руу хийсэн. М.Нямжав нь тухайн үед “Нэткапитал” ББСБ-д эдийн засагчаар ажиллаж байсан бөгөөд Ц.Наранбаатартай нэг айлын хүргэнүүд буюу базууд юм. Тэрээр шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...А.Мөнхбаатар С.Мөнхнарангийн байрыг худалдан авч байна. Мөнгийг нь хаашаа хийх үү гэхэд би өөрийн данс руу хийлгэсэн. Ингээд Ц.Наранбаатар болон түүний дүү Ц.Нарантуяа нарын зээлийг хаасан” талаараа ярьсан байгаа. Ер нь бол “Эм эл и эн жи” ХХК-ийн захирал Ц.Наранбаатарт зээлээ төлөхөд мөнгө хэрэг болоод байсан тул С.Мөнхнаранд бэлэглэсэн Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, үйлдвэрийн гудамж, 100Б байрны 64 тоот 2 өрөө орон сууцыг бусдад зарж өрөө дарах санаа байсан. Ингээд байр худалдан авах хүн хайгаад явж байхад нь тухайн үед “Нэткапитал” ББСБ-д эдийн засагчаар ажиллаж байсан М.Нямжав нь Ц.Наранбаатар болон С.Мөнхнаран нарыг хариуцагч А.Мөнхбаатартай холбож өгсөн байдаг. Гэрч М.Нямжав тухайн үед шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “...А.Мөнхбаатарын шилжүүлсэн 49,000,000 төгрөгийг Ц.Наранбаатар хэрхэн зарцуулж байсныг С.Мөнхнаран мэдэж байсан” гэж хэлсэн байгаа. Үүнээс үзэхээр нэхэмжэгч С.Мөнхнарангийн “...би байраа барьцаанд тавьсан гэж бодсон, надад байр худалдсаны мөнгө орж ирээгүй” гэх тайлбар нь өөрөө худал юм. Үнэхээр байраа үндэслэлгүй алдаад, хохироод байгаа бол тэрээр өөрийн найз болох Ц.Наранбаатараасаа нэхэмжлэх нь зүйтэй байх.

А.Мөнхбаатар нь Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, үйлдвэрийн гудамж, 100Б байрны 64 тоот 2 өрөө орон сууцны үнэд 50,000,000 төгрөг төлөх ёстой. Өөрөөр хэлбэл худалдах-худалдан авах гэрээний үнэ 50,000,000 төгрөг байсан хэдий ч гэрээний талууд татвараас зайлсхийж 30,000,000 төгрөгөөр гэрээ хийсэн. Ингээд нийт 50,000,000 төгрөгөөс А.Мөнхбаатар нь 49,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. 600,000 төгрөгийг нь тухайн орон сууцыг шилжүүлэхэд зориулж татварт төлсөн. Үлдсэн 400,000 төгрөгийг бусад бичиг баримтын зардал зарцуулсан. Харин Ц.Наранбаатар нь 49,000,000 төгрөгөөс 24,290,000 төгрөгийг Ц.Наранбаатарын төрсөн дүү болох Ц.Нарантуяагийн зээлийг хаасан. Харин 22,500,000 төгрөгийг Ц.Наранбаатарын бусдад төлөх өрийг хааж шилжүүлсэн байдаг. Цаана нь 2,210,000 төгрөг үлдсэнийг нь Ц.Наранбаатар өөрөө бэлнээр аваад явсан байгаа. Үүнийг гэрч мэдүүлсэн, давхар банкны баримтуудаар нотлогдож байгаа билээ.

Нэхэмжлэгч С.Мөнхнаран болон Ц.Наранбаатар нар нэг зарсан байрны асуудлаар удаа дараа шүүхэд маргаан гаргаж маргасан. Ц.Наранбаатар нь мөн л А.Мөнхбаатарт 20,000,000 төгрөг зээлүүлсэн гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх н.Наранбаатарын нэхэмжлэлийг хангасан боловч давж заалдах шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 2206 дугаартай магадлалаар 20,000,000 төгрөгийг байрнаас тусдаа асуудал буюу Ц.Наранбаатар А.Мөнхбаатараас зээлж авсан20,000,000 төгрөгөө буцаан төлсөн байна гээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Одоо уг маргаан улсын дээд шүүхээр хянагдаж байгаа. Өөрөөр хэлбэл Ц.Наранбаатар, С.Мөнхнаран хоёр тал нэг байрны асуудлаар хэд хэдэн удаа нэхэмжлэл гаргаад хариуцагчид чирэгдэл учруулж байгаад гомдолтой байгаа гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр С.Мөнхнаран болон А.Мөнхбаатар нар С.Мөнхнарангийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 100б байрны 64 тоот хаягт байрлалтай, 54.22 м2 талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч А.Мөнхбаатарт худалдах тухай гэрээ байгуулсан байна /хх 72 хуудас/. 

 

Нэхэмжлэгч С.Мөнхнаран нь хариуцагч А.Мөнхбаатарт холбогдуулж 50,000,000 төгрөг гаргуулах шаардлага гарган шүүхэд хандсан. Тэрээр өөрийн шаардлагын үндэслэлээ “...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр намайг А.Мөнхбаатарт өөрийн орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдсан гэж тогтоосон. Үнэхээр би орон сууцаа 50,000,000 төгрөгөөр худалдсан нь үнэн юм бол уг мөнгөө хариуцагчаас гаргуулж авна” гэж тайлбарласан.

 

Хариуцагч А.Мөнхбаатар дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, өөрийн татгалзлаа “...орон сууц худалдан авсан үнэ болох 50,000,000 төгрөгийг С.Мөнхнарангийн заасан хүнд нь шилжүүлсэн тул одоо надад бусдад төлөх өр төлбөр байхгүй” гэж тайлбарлажээ.

 

Зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбараас үзэхэд тэд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 100б байрны 64 тоот хаягт байрлалтай, 54.22 м2 талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээг байгуулсан болон уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин гэрээний дагуу төлөх ёстой төлбөр 50,000,000 төгрөгийг С.Мөнхнаран хүлээн авсан эсэх талаар маргаж байна. 

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, харин худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг харилцан хүлээхийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан. 

 

Харин Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө”, 211.2-т “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно” гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл, аливаа гэрээний харилцаанд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчээс өөр этгээдэд хүлээлгэн өгснөөр талуудын хооронд үүссэн үүргийн харилцаа дуусгавар боломж, нөхцөлийг дээрх хуулийн заалтаар зохицуулжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар иргэний хэрэг маргаанд оролцож буй зохигч өөрийн шаардлага болоод татгалзлаа нотлох, нотлох баримтаа өөрөө шүүхэд цуглуулан гаргаж өгөх үүрэгтэйгээр оролцдог.

 

Хариуцагч А.Мөнхбаатар нь Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 100б байрны 64 тоот хаягт байрлалтай, 54.22 м2 талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан, тохирсон төлбөрөө төлсөн болохоо нотлох үүднээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/02552 дугаар шийдвэртэй иргэний хэрэгт гэрчээр асуугдсан М.Нямжав, Ц.Наранбаатар нарын мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцүүлэн, бичгийн хэлбэрээр шүүхэд гаргаж өгсөн /хх 17, 109 хуудас/.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/02552 дугаар шийдвэртэй иргэний хэрэгт гэрчээр асуугдсан М.Нямжав “...Мөнхбаатар надад хэлэхдээ ах нь Мөнхнарангийн байрыг худалдаж авлаа. Мөнгийг нь Мөнхнарангийн дансанд хийх үү, чиний дансанд хийх үү гэж асуусан. Тэгэхээр нь би өөрийнхөө байгууллагын зээлийг төлүүлэхийн тулд миний дансанд хийчих гэж хэлсэн”, “...Мөнхбаатарын шилжүүлсэн 49,000,000 төгрөгөөр Наранбаатар зээлээ хааж, зарцуулж байгааг Мөнхнаран мэдэж байсан” гэсэн, Ц.Наранбаатар “...49,000,000 төгрөгийг компанийн үйл ажиллагаандаа зарцуулахаар авсан”, “...49,000,000 төгрөг. 1,000,000 төгрөгийг А.Мөнхбаатар суутгаж авсан” гэсэн тайлбаруудыг шүүхэд өгч байжээ.

 

Түүнчлэн хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “...орон сууцны төлбөрт нийт 50,000,000 төгрөг төлөхөөс А.Мөнхбаатар нь 49,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. 600,000 төгрөгийг татварт, 400,000 төгрөгийг бусад бичиг баримтын зардалд зарцуулсан. С.Мөнхнарангийн найз болох Ц.Наранбаатар нь 49,000,000 төгрөгөөс 24,290,000 төгрөгөөр өөрийн дүү Ц.Нарантуяагийн зээлийг, 22,500,000 төгрөгөөр өөрийн бусдад төлөх өрийг хааж шилжүүлсэн байдаг. Цаана нь 2,210,000 төгрөг үлдсэнийг нь Ц.Наранбаатар өөрөө бэлнээр авсан. Үүнийг гэрч нар мэдүүлсэн, давхар банкны баримтуудаар нотлогдож байгаа” гэх тайлбарыг нэхэмжлэгч талаас үгүйсгээгүй бөгөөд дээр дурдсан М.Нямжав, Ц.Наранбаатар мэдүүлгийг хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудтай харьцуулан судлахад хариуцагч А.Мөнхбаатар 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-ний үүргээ биелүүлсэн буюу 50,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 211.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч С.Мөнхнарангийн заасан этгээдэд шилжүүлэн өгсөн гэж үзэхээр байна. 

 

Иймд хариуцагч А.Мөнхбаатараас 50,000,000 төгрөг гаргуулах тухай С.Мөнхнарангийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Мөнхбаатараас 50,000,000 төгрөггаргуулах тухай С.Мөнхнарангийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                              Н.ХАНГАЛ