Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/79

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Ш.Батсүх,

Өсвөр насны шүүгдэгч С.О,

Өсвөр насны шүүгдэгч М.Т, тэдний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С-ын О, М-ын Т нарт холбогдох эрүүгийн 2217001320092 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2005 оны 02 дугаар сарын 25-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 17 настай, бүрэн бус дунд боловсролтой, /5-р сургуулийн ............. ангид суралцдаг/, ам бүл 5, эцэг эх, ах дүү нарын хамт Говьсүмбэр аймгийн .......... сумын 1 дүгээр баг, Төмөр замын .............. тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй гэх,- овогт С-ын О /РД:......................... /,

Монгол Улсын иргэн, 2005 оны 12 дугаар сарын 12-нд Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 17 настай, бүрэн бус дунд боловсролтой, /5-р сургуулийн ....... ангид суралцдаг/, ам бүл 4, эцэг эх, ах дүү нарын хамт Говьсүмбэр аймгийн........ сумын 1 дүгээр баг, .......дугаар байрны ........ тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй гэх, З- овогт М-ын Т /РД:............/

Холбогдсон хэргийн талаар: Өсвөр насны яллагдагч С.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 23 цагийн орчим Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Андууд дэлгүүрийн гадна өсвөр насны М.Ттэй бүлэглэн насанд хүрээгүй А.Дтой хувийн таарамжгүй харьцаа үүсгэж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохих, гар луу нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 Өсвөр насны яллагдагч М.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 23 цагийн орчим Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Андууд дэлгүүрийн гадна өсвөр насны С.Отай  бүлэглэж насанд хүрээгүй А.Доос тамхи, мөнгө зэргийг нэхэн хувийн таарамжгүй харьцаа үүсгэж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.           

 ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Өсвөр насны шүүгдэгч С.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Сүмбэр сумын 2 дугаар баг Төв Андууд худалдааны төвийн хойд засмал замын явган хүний замын хэсэгт 3 хүүхэд бөмбөг залаад явж байсан. Тэр 3 хүүхдийг надтай хамт явж байсан Т гэх хүүхэд дуудаад тамхи асуухад тухайн 3 хүүхэд байхгүй гэхэд Т дахин мөнгө асуухад тухайн 3 хүүхэд байхгүй гэхэд Т нөгөө 3 хүүхдэд хандан халаасаа нэгжүүл гарч ирвэл ална шүү гэж хэлтэл Д гэх хүүхэд нь уурлаад та нар яах гээд байгаа пизда нар вэ гээд Тг заамдаад авсан. Заамдах үед Т тэр хүүхдийг алгадах шиг болсон. Би болиулах гээд Т Д 2 дээр очиход тухайн хүүхэд баруун гараараа уруул хэсэгт 1 удаа цохих үед би тухайн хүүхдийг зөрүүлээд баруун гараараа хамар хэсэгт нь 1 удаа цохиод дахин баруун гараараа шанаа хэсэгт нь 1 удаа баруун гараараа цохиход Д гэх хүүхэд 2 гараараа нүүрээ дараад тонгойхоор нь би баруун хөлөөрөө өшиглөхөд нүүрээ дарсан байсан гарын нь өшиглөсөн. Тэр үед бид гурвыг хүүхдүүд ирээд салгасан гэх мэдүүлэг. /хх-ийн 101-102 хуудас/

 

2. Өсвөр насны шүүгдэгч М.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Төв Андууд дэлгүүрийн хойно явж байтал 3 хүүхэдтэй таараад манай найз А.Т тамхи асуучих гэхээр нь  тухайн 3 хүүхэд дээр очоод мөнгө байна уу гэхэд Д гэх хүүхэд пизда нар минь яах гээд байгаа юм гээд миний энгэр хэсгээс 2 гараараа заамдхаар нь би зөрүүлээд 2 гараараа заамдаж байхад О ирээд бид хоёрыг салгах гэтэл Д намайг заамдсан байсан зүүн гараа тавиад Огийн нүүр хэсэгт 1 удаа цохисон. Тэр үед би Д гэх хүүхдийн нүүрнийх нь зүүн хэсэгт баруун гараараа 1 удаа алгадахад О нь Д гэх хүүхдийн хамар хэсэгт нь 1 удаа баруун гараараа цохиод Дийг хойшлох үед дахин баруун гараараа нүүр хэсэгт нь цохисон тэр үед Д 2 гараараа нүүрээ дарахад О Дийн нүүр хэсэгт өшиглөөд гарыг нь оночихсон. Тэгээд хамт явж байсан хүүхдүүд ирж бид нарыг салгасан гэх мэдүүлэг. /хх-ийн 114-115 хуудас/

3. Хохирогч А.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “ Би 2022 оны 09 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйлд ажиллагаа явуулдаг Төв Андуудын урд талын автобусны буудал дээр найз М, Х нартай цуг явж байхад замын эсрэг талаас танихгүй 2-3 хүүхэд бид гурвыг дуудаад очсон чинь халимаг үстэй цэнхэр цамцтай, боомбэр цамц өмссөн мөөгөн хэлбэрээр үсээ засуулсан хүүхэд тамхи байна уу гэж асуухаар нь байхгүй гэтэл нэгжээд гарвал ална шүү гэхээр нь юу яриад байгаа юм бэ гэхэд нөгөө хүүхэд миний хамар хэсэгт 1 дуаа цохиод, хажуу талаас цэнхэр цамцтай халимаг үстэй хүүхэд хамар хэсэгт ахиад 1 удаа цохисон чинь тэр хүүхдүүдтэй хамт явж байсан 2-3 хүүхэд ирээд салгаж байхад цэнхэр цамцтай халимаг үстэй хүүхэд дахиад миний хамар хэсэгт 1 удаа цохисон. Би нүүрээ дараад доошоо болсон чинь миний нүүр хэсэгт өшиглөсөн /тухайн үед би гараараа нүүрээ дарсан байсан болохоор баруун гарын дунд хуруу зүсэгдсэн/ хэн өшиглөснийг мэдээгүй, хүрэн савхи өмссөн хүүхэд хүрч ирээд намайг дагуулаад чи зүгээр үү гэж асуусан. Тэгтэл араас удалгүй мөөгөн хэлбэрээр үсээ засуулж, боомбэр өмссөн хүүхэд ирээд баруун талын шанаа хэсэгт 1 удаа цохиод бусад хүүхдүүд ирээд дахиад салгасны дараа  цэнхэр цамцтай халимаг үстэй хүүхэд ирээд нүүрний хамар хэсэгт 1 удаа цохисон. Миний хамарнаас цус гарсан байхад 1 танихгүй хүүхэд ирээд надад цусаа арч гээд маск өгсөн. Тэгээд ахын дүү нар битгий лай болоорой бид нар одоо 12 дугаар ангиа төгсөх гэж байгаа, олуулаа явж байхад угаасаа ийм юм болдог биз дээ одоо гэртээ харь, гэртээ орохдоо цусаа гоожуулаад оров гэж хэлээд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 12-13 хуудас/

4. Насанд хүрээгүй гэрч Г.Омөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 22 цагийн орчим би Нэргүйбаатарын хөшөөн дээр хүнтэй уулзаад буцаад явж байхад А.Т, М.Т, С, О, Знар Б , Т, Г нар өөдөөс 3 ширхэг 2,5 литрийн савалгаатай шар айраг авчихсан ирж байсан. Тэд нар ярихдаа Найрамдал хотхоны 3 дугаар байрны дэлгүүрээс хүн гуйж авахуулсан гэж байсан. Бид нар тэр шар айргыг Нэргүйбаатарын хөшөөн дээр уучихаад зарим нь Хонхорт үлдээд, зарим нь намайг хүргэж өгөхөөр явцгаасан. Дээшээ зам дагаж явж байгаад Төв Андууд дэлгүүрийн харалдаа ирж байхад О, Т 2 урд дуу сонсоод явж байсан чинь  хамт явж байсан хүүхдүүд урагшаа гүйлдээд яваад өгөхөөр нь араас нь очиход О, М.Т нар хүүхэд зодчихсон байсан. Бид нарыг очиход тэр хүүхдийн хамарнаас нь цус гарчихсан нүүр нь цус болсон байхаар нь түүний цусыг нь цэвэрлэж өгөөд О, М.Т нараар уучлалт гуйлгаад цааш явцгаасан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 55 хуудас/

5. Насанд хүрээгүй гэрч А.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Тухайн шар айрагнуудыг ууж дуусгаад О, О 2-г хүргэж өгөхөөр дэнжрүү явж байхад О, Т нар биднээс нилээн урд чихэвч зүүгээд дуу сонсоод явж байсан. Тэгээд Төв Андууд дэлгүүрийн замын хойд хэсэгт О, Т 2 хүмүүстэй муудалцаад байх шиг болохоор нь бид нар гүйгээд очиход нэг хүүхэдтэй заамдалдчихсан тухайн хүүхдийн хамарнаас нь цус гарсан байсан. Бид нар хойно нь явж байсан учраас яг яаж хамарнаас нь цус гаргасан талаар мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 58 хуудас/

6. Насанд хүрээгүй гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...М.Т нь хөдөлгөөнтэй, зан араншин гайгүй, харилцаа ч мөн адил хэвийн хүүхэд, Огийн талаар сайн мэдэхгүй, өөр анги, нийлээд удаагүй, даруухан харилцаа сайтай хүүхэд байсан. Тухайн шар айрагнаас О, О, М.Т, Т, А.Т, Г, З, С болон би уусан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 64 хуудас/

7. Насанд хүрээгүй гэрч М.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 22 цагийн орчимд би найзууд болон Д, Ц.Х нарын хамт Төв Андууд дэлгүүрийн хойд дугуйн зам хэсгээр явж байхад замын нөгөө талаас 3 хүүхэд явж байгаад бид гурвыг дуудсан. Тэр үед нь тоогоогүй орхиход дахиад хөөе наар ир гэхээр нь бид 3 очиход Т гэх хүүхэд нь тамхи байна уу, мөнгө байна уу гэж асуухад нь бид 3 байхгүй гэхэд тухайн хүүхэд халаасыг чинь нэгжээд гарч ирвэл ална шүү, гарч ирсэн тоогоор нь цохино шүү гэж хэлэхэд Д өө за за гэж хэлсэн чинь Т гэх хүүхэд нь Дийн нүүр хэсэгт 1 удаа алгадахад О гэх хүүхэд Дийг 1 удаа цохиход Д зөрүүлээд 1 удаа цохисон. О Т нар нийлээд 4-5 удаа цохисон. Тэр үед би салгахад 1 хүүхэд ирээд нүүр хэсэгт өшиглөсөн. Тэгэж байхад араас нь найзууд нь бололтой хүүхдүүд ирээд салгаад нэг хүүхэд нь ах нараараа оролдвол ийм зүйл болдог юм гэж хэлэхэд амнаас нь архи үнэртэж байсан. Тэгээд бид нар 12 дугаар анги төгсөж байгаа гай бололгүй яваарай гэж хэлээд найзуудтай нь гар бариад зогсож байхад Т гэх хүүхэд дахин ирээд толгой хэсэгт гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 67 хуудас/

8. Гэрч Э.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Би 12б ангийг хүлээн аваад одоо 7 жил болж байна. С.О нь даруу төлөв, дуу цөөтэй, нийтийг хамарсан арга хэмжээнд сайн оролцдог, хөл бөмбөгийн спортоор хичээллэдэг, олон тэмцээнүүдээс шагнал авч байсан хүүхэд байгаа юм. Анги хамт олонтойгоо нийтэч харилцаатай, ямар нэгэн доголдолгүй, хамт олондоо нэр хүндтэй. Өмнө нь сургууль болон гадна ямар нэгэн асуудалд холбогдорж байсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 72 хуудас/

9. Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...М.Т манай ангид 2021 оны 09 дүгээр сард шилжиж ирсэн. Анх орж ирж байхдаа их ширүүн зантай хүүхэд шиг санагдаж байсан. Одоо хэвийн зан харилцаатай байгаа. Болсон үйл явдлыг шууд үнэнээр нь хэлдэг шударга зантай хүүхэд. Ангийнхантайгаа анх шилжиж ирээд нэр хүнд муутай байсан одоо харьцангуй гайгүй нэр хүндтэй байгаа. Ангийн хүүхдүүдтэйгаа харилцаа сайтай байдаг...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 74 хуудас/

10. Шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 190 дугаар дүгнэлтэнд:

А.Дийн биед баруун гарын 3-р хуруунд шарх, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдсэн 2022.09.03-нд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь  “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 28 хуудас/

         11. Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ТХҮ-922/4977 дугаартай дүгнэлт, хохирлын тооцоо, хохирол төлбөр төлсөн тухай баримт /хх-ийн 83-84, 121-125, 177-179 хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, анги удирдсан багш нарын тодорхойлолт болон сурагчийн хувийн хэргийн хуулбар, нас тоолсон тухай тэмдэглэл /х.х-ийн 129-148, 164-165, 166-167 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар: Өсвөр насны яллагдагч С.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 23 цагийн орчим Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Андууд дэлгүүрийн гадна өсвөр насны М.Ттэй бүлэглэн насанд хүрээгүй А.Дтой хувийн таарамжгүй харьцаа үүсгэж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохих, гар луу нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 Өсвөр насны яллагдагч М.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 23 цагийн орчим Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Андууд дэлгүүрийн гадна өсвөр насны С.Отай  бүлэглэж насанд хүрээгүй А.Доос тамхи, мөнгө зэргийг нэхэн хувийн таарамжгүй харьцаа үүсгэж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч О.О, М.Т нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч нарын дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч О.О, М.Т нарын өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч А.Д, насанд хүрээгүй гэрч Г.Одсүрэн, М.М, Э.С нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 190 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.

 

Өсвөр насны шүүгдэгч нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд өсвөр насны шүүгдэгч нар нь ахуйн хүрээнд архидан согтуурч хэрүүл маргаан үүсгэснээс үүдэлтэй байна.

ХОЁР. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Өсвөр насны шүүгдэгч С.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахгүй тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хүлээлгэх, мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Од хүлээлгэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Говьсүмбэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгах, өсвөр насны шүүгдэгч М.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жил 05 сарын хугацаагаар хянан хүмүүжүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, 2.5 дахь заалтад зааснаар оршин суугаа газар болон ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хүлээлгэх, мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Тд хүлээлгэсэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Говьсүмбэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгах саналыг тус тус гаргаж байна гэв.

Өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Энхжаргал эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн хувьд маргах зүйл байхгүй. Миний үйлчлүүлэгч болох С.О, М.Т нар нь бүлэглэж, насанд хүрээгүй А.Дтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан учраас прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг зүйлчлэлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч нарын хувьд анхнаасаа үйлдсэн гэмт хэргийнхээ талаар үнэн зөвөөр мэдүүлж гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээс тодорхой харагдаж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч М.Тгийн ар гэрээс хохирогчид 500 000 төгрөг, шүүгдэгч С.Огийн ар гэрээс 1 500 000 төгрөг төлсөн байгаа. Тийм учраас хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйл үгүй гэж мэдүүлсэн байна. Шүүгдэгч нар нь тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн байдал, насанд хүрээгүй зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзэж С.О, М.Т нарын бүлэглэн бусдыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан санаатай үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр тус тус торгох саналыг гаргаж байна. Учир нь шүүгдэгч нарын ар гэр нь торгуулиа төлөх боломжтой гэдэг нь хохирогчид хохирол төлсөн байдлаас нь тодорхой харагддаг. Мөн шүүгдэгч нар нь 12 дугаар анги төгсөх гэж байгаа учраас ямар нэгэн ялтай байх юм бол насан туршид нь хар толбо үлдэх учраас хувийн байдал, насны онцлог, сурч байгаа байдал зэргийг харгалзаж торгох шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Хэрвээ торгох шийтгэл оногдуулах юм бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 03 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийтгэх тогтоолд дурдаж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.

 

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Энхжаргалын гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлд өсвөр насны хүнд оногдуулах ялын төрөлд торгох зүйл анги байхгүй байна.

Өсвөр насны шүүгдэгч О.О, М.Т нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлын талаар зүйлчлэн ирүүлснийг дурдав.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, өсвөр насны шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын зүгээс үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулахгүйгээр хойшлуулах нь зүйтэй гэсэн прокурорын саналыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.О, М.Т нарт ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг тус тус авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.О, М.Т нарт хүмүүжих хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.О, М.Т нарт хүлээлгэсэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Говьсүмбэр аймаг дахь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.О, М.Т нарыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч нарыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг өсвөр насны шүүгдэгч С.Огийн ээж Б.Д, мөн өсвөр насны шүүгдэгч М.Тгийн ээж В.Г нарт даалгаж шийдвэрлэлээ.

Өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  насанд хүрээгүй хохирогч А.Дийн хууль ёсны төлөөлөгч А.Э нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Бо овогт С О, З овогт М-ын Т нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Од ял оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Тд ял оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.О, М.Т нарт хянан хүмүүжих хугацаандаа зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.О, М.Т нарт хүлээлгэсэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Говьсүмбэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.

 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснааср өсвөр насны шүүгдэгч О.О, М.Т нарыг оршин суугаа газар, сургуулиа өөрчлөхдөө хяналт тавьж ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.О, М.Т нарыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг өсвөр насны шүүгдэгч С.Огийн ээж П.Д, өсвөр насны шүүгдэгч М.Тгийн ээж В.Г нарт даалгасугай.

 

 7. Өсвөр насны шүүгдэгч С.О, М.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

 8. Хохирогч А.Д цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч С.О, М.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ