Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/208

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Д,

Шүүгдэгч: Б.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүххуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т овогт Б-ын С-д холбогдох 2235000000231 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 9 дүгээр сарын 26-нд Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын .. дугаар багт оршин суух, урьд Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2017/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь  дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, Т овогт Б-ын С /РД:.........../.

Холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч Б.С нь хохирогч Д.Б-ын нэг тооны адуу 2021 оны 05 дугаар сард адуунд нь ирж нийлсэн байсныг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр алдуул мал бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгч Б.С-г бусдын алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.С нь Увс аймгийн Өндөрхангай сумын 2 дугаар багийн иргэн Д.Б-ын нэг тооны адуу 2021 оны 05 дугаар сард адуунд нь ирж нийлсэн байсныг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр бусдад зарсан болох болох нь:

Хохирогч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 5 дугаар сарын үед манай адуунаас 1 тооны шар хээр зүсмийн зөв гуян дээрээ доромтой, буруу чих нь цуулбар имтэй 3 настай эр морь /шүдлэн/ алга болсон юм. Тухайн үед манай азарга адуунаас хөөгөөд явуулсан байх гэж бодоод би 2021 оны 5 дугаар сард айлын адуу шүүж хайж байгаад Б гэдэг айлын адуунд нийлцэн байсан учир тухайн үед Б-ын хүү С адуу хариулж байхаар нь би өөрийн шар хээр шүдлэнгээ Б.С-д харж байгаараа, танай адуунд нийлцсэн учраас ах нь намар авъя гэж  хэлээд явсан. Тэгээд 2021 оны 8 сарын 10-ны үед Б.С манай гэрт ирээд таны нөгөө шар хээр морь манай адуунаас алга болчихсон шүү, тэр морио олж аваарай гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд би тухайн адуугаа 2021 оны 8 сарын 15-наас 10 сар хүртэл нэлээн хэдэн удаа хайсан боловч олдохгүй байсан. Тэгээд би хүнээс 2021 оны 12 сарын эхээр Б.С миний хайж байсан адууг манай сумын Б гэдэг залууд нядалж зарсан гэж сураг дуулсан. Тухайн үед өөрийн адуу гэдгийг нотолж чадахгүй учраас цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй орхисон юм. Надад 1.500.000 төгрөгний хохирол учирсан. Б.С надад 600.000 төгрөг бэлнээр өгсөн бас унагатай гүү өгсөн. Би хохирлоо бүрэн барагдуулсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7, 9 дэх тал),

Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай Өндөрхангай сумын 5 дугаар багт амьдардаг. Манайх өнгөрсөн жил өвлийн идэш авах гээд байж байтал Манай сумын залуу Б.С таараад “надад идэшний нэг 3 настай шүдлэн адуу байгаа” гэж хэлэхээр нь би “туранхай юм биш биз дээ” гэхэд Б.С “үгүй ээ тарган адуу байгаа” гэж хэлсэн. Тэгвэл би адууг чинь авья гэж хэлээд хэдэн төгрөгөөр зарах юм бэ? гэж асуухад 600.000 төгрөгөөр зарна. Эсвэл та надад хавар нэг охин даага өгчих гэж хэлсэн. Тухайн үед 2021 оны 11 дүгээр сарын 10-ны үед л уулзсан санагдаж байна. Тэгээд Б.С манай адуу Ар гэх газарт байгаа би дараа нэг орж ирэхээрээ танд авч ирж өгье. гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Б.С нь Г гэдэг залуутай хамт нэг адуу хөтөлчихсөн ирсэн. Б.С, Г хоёрын авч ирсэн адуу нь шар хээр зүсмийн, зөв гуян дээрээ дором тамгатай байсан санагдаж байна. Ямар имтэй байсныг нь санахгүй байна. Тухайн үед би гэртээ дунд охин Г-гийн хамт байсан учир Б.С, Г хоёроор тухайн морийг нядлуулаад янзлуулж авсан юм. Тэгээд 2022 оны хавар нь 600.000 төгрөг бэлдээд Б.С-тэй гар утсаар холбогдоод мөнгөө ав гэхэд Б.С мөнгө авахгүй би танаас охин даага авна гэж хэлэхээр нь би энэ жил ганцхан охин даагатай түүнийгээ өгмөөргүй байна гэхэд та надад охин даага олоод өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө 600.000 төгрөгөөр нь манай шийр /бог/ мал байдаг Г.Б гэдэг залуугаас охин даага худалдаж авахаар болоод би Г.Б-д 600.000 төгрөгөө өгчихөөд Б.С-д утсаар холбогдоод Г.Б-оос очоод нэг охин даага аваарай гэж хэлсэн. Тухайн үед 2022 оны 03 сарын үе байсан санагдаж байна. Тэгээд Б.С-тэй дахин холбогдоогүй байж байтал 2022 оны 7 дугаар сарын 27-28-ны үед сумын баяр наадам болж байх үед Б.С таараад “таны нөгөө охин даага юу болсон бэ? Г.Б ах огт дааганы талаар юм ярихгүй юм. Та тэрийгээ яаралтай зохицуулж өгмөөр байна гэж хэлсэн. Тэгээд дахиад би манай сумын таньдаг дүү О.Б гэдэг залуугаас охин даага хэрэгтэй байна хүнд өгөх гэсэн юм гэж хэлчихээд би Б.С-д “Б ахаасаа даагаа очоод аваарай” гэж хэлээд орхисон юм. Тэгээд тэрнээс хойш Б.С-тэй холбогдоогүй юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-15 дахь тал),

Гэрч Б.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 1-2-ны үед Б.С-д манай найз Б.П адуугаа энэ өвөл хариулаад өг гэж адуугаа тус сумын төв дээр авч Б.С-д тоолж, тэмдэглэж 17 тооны адуу хүлээлгэж өгөхөд би хамт явсан. Тухайн үед Б.П-ийн адуунд байсан шар хээр зүсмийн им тамгыг нь мэдэхгүй 3 настай эр морь манай адуунд нийлчихсэн. Энэ адуу Д-ын Б гэдэг хүний адуу гэж хэлсэн, Эзэн нь асуувал өгөөрэй гэж Б.Сд хэлж байсан. Тэгээд Б.С бид хоёр Б.П-ийн 17 тооны адууг туугаад өөрсдийнхөө адуунд нийлүүлж орхиод сумын төвөөс явж эргэж тойрч хариулж байсан. 2021 оны 11 дүгээр сарын 20-ны үед өдрийн сайн санахгүй байна. Б.С бид хоёр адуугаа эргэж тойрох гэж мориор явсан. Тэгээд адуугаа эргэж тойрчихоод буцах гэж байтал Б.С адуунаас нэг морь барьж хүнд хүргэж өгнө гэж хэлээд Б.П-ийн адуунд байсан Д.Б гэх шар хээр зүсмийн морь барьж сумын төв рүү хөтөлж сумын төв дээр очоод Б гэдэг айлд аваачиж өгөхөд Б ах ганцаараа гэртээ байсан учир Б.С бид хоёрыг нядлаад өг гэх хэлэхээр нь Б.С, Б бид гурваас өөр хүн байгаагүй тул нядлаж өгсөн. Тухайн үед би яагаад Д.Б морийг Б ахад өгсөн талаар би огт мэдээгүй Б.С Б ахтай ярьж тохирсон юм болов уу гэж бодсон юм. Тухайн адуу зөв гуян дээрээ цул нүцгэн дором тамгатай 3 настай адуу байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),

Гэрч Б.П-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 11 дүгээр сарын эхээр өдрийн сайн санахгүй байна адуугаа очиж авч ирэхэд манай адуунд танихгүй шар хээр зүсмийн зөв гуя дээрээ дором тамгатай 3 настай морь нийлчихсэн байсан. Тухайн адууг хэний морь гэдгийг нь мэдэхгүй байсан. Тэгээд би өөрийн 16 тооны адуу болон манай адуунд нийлсэн шар хээр морийг зөв талын ташаан дээр ногоон будгаар будаж тэмдэглээд Б.С-д хүлээлгэж өгөхдөө манай адуунд хэний адуу болох нь мэдэхгүй шар хээр зүсмийн зөв гуян дээрээ дором тамгатай адуу байгаа гэхэд Б.С харчихаад энэ Эрдэнэ юм уу Б ахын тамгатай адилхан адуу байна, тэдний адуу байж магадгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи энэ шар хээр адууны эзэнг танидаг юм бол энэ адууг эзэнд нь өгөөрэй” гэж хэлээд нийт 17 тооны адуу тоолж хүлээлгэж өгөөд явуулсан. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Б.С-гээс адуугаа авахад 16 тооны адуу өгсөн юм. Тухайн үед нөгөө шар хээр зүсмийн адууг Б.С эзэнд нь өгчихсөн юм байна гэж бодоод Б.С-гээс асуугаагүй. Тэгээд би адуугаа аваад дахиж Б.С-тэй уулзалдаагүй байж байтал 2022 оны 7 дугаар сарын эхээр Д.Б ах дуудахаар нь би очиход Б ах “миний шар хээр адууг танай адуунд байтал Б.С манай сумын Б гэдэг хүнд алаад өгчихсөн байна” гэж надад хэлэхээр нь би энэ талаар огт сонсоогүй би Б.С-д адуугаа тоолж хүлээлгэж байхад зөв гуян дээрээ дором тамгатай адуу байсан. Адууны эзнийг мэддэг юм бол эзэнд нь хүлээлгэж өгөөрэй гэж хэлээд ногоон будгаар ташаан дээр нь будаж тэмдэглэж өгөөд өөрийн адуутай хамт явуулсан” гэж Б ахад хэлсэн. Б.С тухайн шар хээр зүсмийн адууг Д.Б адуу гэдгийг мэдэж байсан. Сүүлд Д.Б ахаас сонсоход Б.С-гийн адуунд тухайн шар хээр зүсмийн адуу 2021 оны 5 сараас 2021 оны 8 сар хүртэл байсан гэж надад хэлж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),

Гэрч Т.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би өөрийн гэсэн дөч гаруй тооны адуутай бөгөөд манай адуунд 2021 оны 5 дугаар сард хээр зүсмийн бага адуу ирж нийлсэн байхаар би хүү Б.С-гээс юун адуу вэ? гэж асуухад Б гэх хүний адуу байгаа юм намайг түр хугацаанд харж бай гэж захиад үлдээсэн гэж надад хэлсэн. Би түүнээс хойш 2022 оны 7 дугаар сард Б-т манай адуу говь руу түр хугацаагаар явж байгаа тул морио ав гэж хэлсэн боловч аваагүй. Адуу 10 дугаар сарын сүүлээр буцаж ирэхэд Б-ын нэг тооны адуу байхгүй байхаар нь Б.С-гээс асуухад алга болсон байна гэж хэлсэн. Б.С надад учир байдлаа хэлээд миний адуунаас бор хээр зүсмийн 6 настай унагатай гүүг зүсэлж Д.Б-т өгсөн. Мөн мөнгөн хэлбэрээр хохирлыг барагдуулсан. Яг хэдэн төгрөг өгснийг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),

Шүүгдэгч Б.С-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2021 оны 5 дугаар сард манай адуунд манай сумын Б гэх хүний шар хээр зүсмийн дором тамгатай эр морь ирж нийлсэн байсан бөгөөд 2022 оны 5 дугаар сарын сүүлээр Б ах надтай уулзаж миний хээр адуу танай адуунд нийлсэн байгаа учраас харж байгаарай гэж хэлсэн. 2022 оны 7 дугаар сард Б ахын хээр морь манай адуунаас алга болсон болохоор би Б ахад адуу нь алга болсон талаар  хэлсэн. Тэгээд намар би адуу оторлож явахад манай сумын П гэх хүний адуунд Б ахын морь нийлчихсэн байсан бөгөөд П ах надад адуугаа хүлээлгэж өгөхдөө тухайн адууг эзэнд нь өгчих гээд өгөхөөр нь би тухайн морийг барьж аваад сумын төвд байх Б-т 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр охин даагаар зарж борлуулсан бөгөөд тухайн охин даагыг одоо хүртэл аваагүй байгаа. Би адуу хамт хариулдаг найз Г-той хамт уг морийг барьж аваад Б ахын гэрт очиж адууг нядалж өгсөн. Харин Г-д уг морийг өөрийн адуу гэж хэлсэн учраас Г намайг дагаж явсан. Би Б ахын хохирлыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд унагатай гүү болон 600.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Би өөрийн үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Өмчлөгч буюу эрх бүхий бусад этгээдийн эзэмшлээс түүний хүсэл зоригоос гадуур алдагдсан эд зүйлийг гээгдэл эд хөрөнгө гэх бөгөөд гээгдэл эд хөрөнгө нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхигдсон байдаг. Олсон этгээд өмчлөгч, эзэмшигч буюу эзэн нь хэн болохыг мэдэгдэхгүй, эсхүл мэдэж ч байж болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдуул малыг завших” гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд тухайн алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсэн байх нөхцлийг шаарддаг бөгөөд хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн өмчлөх эрхэд халдсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байх материалаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Тухайн алдуул малын хууль ёсны өмчлөгч, эзэмшигчид нь өгөхгүйгээр, шунахайн сэдэлтээр, өөрийн өмчийн адил хууль бусаар захиран зарцуулж, өмчлөгчийн өмчлөх эрхийг дуусгавар болгосноор төгсдөг.

Алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын малыг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй ба хохирогчийн мал гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулан, захиран зарцуулдаг болно.

Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-т “... алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол ... гэж алдуул мал завших гэмт хэргийг шинжийг тодорхойлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж 300 /гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгож гэж, 5.3 дугаар зүйлийн 3-т “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус тодорхойлжээ.

Эндээс дүгнэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тооцох материаллаг шалгуур нь 300.001 буюу түүнээс дээш хэмжээний үнэ бүхий эд хөрөнгийг завшсан бол гэмт хэрэгт тооцогдоно.

Шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №338 дугаартай "...Увс аймгийн Өндөрхангай суманд 2021 оны 11 дүгээр сарын байдлаар 3 настай морины зах зээлийн үнэ цэнийн баримжаа 800.000 /найман зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30 дахь тал)-ээр бага бус хэмжээнээс дээш хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3.“бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг, энэ зүйлийн тайлбар: -Энэ хуульд заасан “нэгж” гэж энэ хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг ойлгоно, 5 дугаар зүйлийн 3-т Энэ хуульд заасан “нэг” нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна гэж тус тус заасан тул 800.000 төгрөг нь бага бус хэмжээнээс дээш хохиролд хамаарна.

Хохирогч Д.Б өөрийн өмчлөлийн Нэг тооны шар хээр зүсмийн зөв гуяндаа дором тамгатай, буруу чихэндээ цуулбар имтэй 3 настай /шүдлэн/ эр морь нь 2021 оны 5 дугаар сард алдагдаж, 2021 оны 5 дугаар сараас 2021 оны 7 дугаар сард шүүгдэгч Б.С-гийн адуунд, 2021 оны 8 дугаар сараас 10 дугаар сард хаана байсан тодорхойгүй, 2021 оны 11 дүгээр сард Б.П-ийн адуунд нийлж, улмаар шүүгдэгч Б.С-гийн эзэмшилд ирсэн байгаа тул уг адууг гээгдэл мал гэж үзнэ.

Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-т “Гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.С нь энэ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

Иймд шүүгдэгч Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан бусдын алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Б мөрдөн байцаалтын шатанд “Б.С хохирлоо бүрэн барагдуулсан бөгөөд цаашид нэхэмжлэх зүйл, өр төлбөр гомдол санал байхгүй болно” гэх нотариатчиар гэрчлүүлсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 73 дахь тал)-ыг хэрэгт хавсаргасан байгааг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.

2. Шүүгдэгч Б.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан бусдын алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул түүнд тухайн зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.С урьд Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2017/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 50-54 дэх тал/-аар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 47, 50-54 дэх тал)-аар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.С нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй

Шүүгдэгч Б.С-гын хувийн зан байдлын талаар Гэрч Э.Э-гийн өгсөн: “Манай нөхөр Б.С нь Б гэх хүний 4 дэх залуу нь буюу айлын бага нь юм. Увс аймгийн Өндөрхангай суманд 1999 онд төрсөн дээрээ хоёр эгч, нэг ахтай бөгөөд ах эгч нар нь бүгд тусдаа гарсан. Аав Б нь 55 орчим насны хүн байдаг бөгөөд хадам ээж Б нь бас 50 орчим насны хүн байдаг бөгөөд одоо Өндөрхангай суманд мал маллан амьдардаг. Б.С нь ерөнхий боловсролын сургуульд сураагүй учраас уншиж бичиж чаддаггүй. Харин 2019 онд Завхан аймгийн Завхан Тэс суманд цэргийн алба хаасан. Би нөхөр Б.С-тэй 2022 оны 10 дугаар сард гэр бүл болж одоо Увс аймгийн Өндөрхангай сумын 4 дүгээр багийн буюу сумын төв дээрээ байгаа. Бид хоёр одоогоор гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй. Би нөхрөө 2019 оннос хойш мэддэг болсон бөгөөд төлөв даруу зантай. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Багаасаа мал маллаж өссөн бөгөөд өвөлд нь тухайн сумын болон бусад хүмүүсийн адууг  хөлсөөр авч өвөлждөг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал), Гэрч Т.Б-ын өгсөн:.....2022 оны 10 дугаар сард тусдаа гарч Энхцэцэгтэй гэр бүл болсон. Одоогоор гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. Тусдаа гарснаас хойш сумын төв дээр оршин сууж байгаа одоогоорэрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. Цаашид мал маллан амьдрах байх. Манай хүү мал маллахын хажуугаар өөрийн адууг болон цөөн хүний адууг хөлсөөр авч оторлож өвөлждөг. Архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэдэггүй. Найз нөхөд үе тэнгийнхээ залуучуудтай нөхөрлөдөг... Эдийн засгийн хувьд одоогоор мал тасалж албан ёсоор өгөөгүй байгаа бөгөөд 12 дугаар сарын тооллогоор тасалж өгнө. Ямар нэгэн хадгаламж болон зээл байхгүй:” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал) мэдүүлэг хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд прокурортой тохиролцсон торгох ялыг оногдуулах боломжтой гэж дүгнэв.

Ялтан нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 

Мөн зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Б.С нь нэг алдуул адууг 600.000 төгрөгөөр тооцож бусдад худалдсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдэж, 600.000 төгрөгийн орлого олсон гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасан нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдэгт юуг хамааруулах, түүнийг хэрхэн шийдвэрлэхийг зохицуулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б.С-гээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс хурааж улсын орлогод оруулахыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, , шүүгдэгч Б.С-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Б-ын С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-г 1000 /нэг мянга/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Ялтан нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б.С-гээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг түүнд ногдох хөрөнгөнөөс хурааж улсын орлогод оруулахыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.С-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.ГАНСҮХ