| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2021/0153/З |
| Дугаар | 128/ШШ2021/0638 |
| Огноо | 2021-10-05 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2021/0638
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Д.Б
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Санхүү, бүртгэлийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ө
Гомдлын шаардлага: “Баянзүрх дүүргийн Санхүү бүртгэлийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Өын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: гомдол гаргагч Д.Б, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, хариуцагч Ц.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч Д.Б шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Д.Б миний бие Монгол улсын иргэний хувьд Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн 22-р тойрогт бие даан нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн билээ.Сонгуулийн үйл ажиллагааны үеэр ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл гаргаж байгаагүй болон аливаа гарсан зөрчил болгоныг хуулийн дагуу Цагдаагийн байгууллага болон Сонгуулийн эрх бүхий байгууллагад мэдэгдэх зэргээр засаж сонгуульд оролцсон бөгөөд сонгуулийн тайланд Т ХХК-ийн мэргэшсэн аудитороор дүгнэлт гаргуулан Аудитын төв байгууллагад өгсөн учраас хууль зөрчөөгүй гэж үзэж байна.
Гэтэл Баянзүрх дүүргийн Санхүү бүртгэлийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Өын 2021 оны 01 сарын 14-ний өдрийн ******* дугаартай Шийтгэлийн хуудас 2021 оны 01 сарын 22 ний өдөр гэрийн хаягаар шуудангаар ирсэн бөгөөд энэхүү шийтгэлийн хуудастай танилцахад Д.Б нь Монгол Улсын Их хурлын 2020 оны сонгуулийн 22-р тойрогт бие даан нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн сонгуулийн зардлын явц болон эцсийн тайланг Үндэсний Аудитын газар хүргүүлээгүй гэж үзэн үүнийгээ Сангийн яамны 2020 оны 10 сарын 23-ний өдрийн 7/6746, Үндэсний аудитын газрын 2020 оны 10 сарын 02-ний өдрийн 2880 тоот албан бичгүүдэд үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 17,1-р зүйлийн 27 дахь хэсэгт зааснаар хорин мянган нэгжээр торгохоор шийтгэснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна.
Тодруулбал: Д.Б надад холбогдуулан зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа тухай мэдэгдээгүй зөрчилтэй холбогдуулан тогтоосон гэх СЯ -ны 2020 оны 1 дүгээр сарын 23-ний өдрийн 7/6746, Үндэсний аудитын газрын 2020 оны 10 сарын 02-ний өдрийн 2880 тоот албан бичгүүдтэй албан ёсоор танилцуулаагүй.өөрөөр хэлбэл зөрчил үйлдсэн гэж буруутгахдаа зөрчлийн хэргийг хянан шалгаж шийдвэрлэхдээ холбогдогч болсон миний хуулиар олгогдсон эрхийг бүхэлд нь эдлүүлээгүй хууль бус шийдвэр гаргасан байна.
Мөн зөрчлийн хэргийг хянан шалгаж шийдвэрлэхдээ холбогдогч болсон миний хуулиар олгогдсон эрх зөрчигдөж байгааг ойлгуулах.хууль зүйн зөвлөгөө авах боломж олгоогүйгээс гадна шийтгэл оногдуулах гэж байгаа талаар мэдэгдээгүй болон шийтгэлийн хуудсыг танилцуулахгүйгээр шуудангаар хүргүүлсэн нь иргэн миний өөрийгөө хамгаалах, нотлох баримт гарган өгөх.хүсэлт гаргах.гэрч дуудах, өмгөөлөгч авах.хэрэг хянан шийдэх үйл ажиллагаанд гомдол гаргах, хэрэгтэй танилцах зэрэг бүхий л эрхийг маань дахин дахин зөрчсөн үйлдлүүд болсон. Хэрэв ямар зөрчилд холбогдуулан шийтгүүлэх болсноо үнэн зөвөөр нь гүйцэд мэдсэн бол надад холбогдуулан нотолгоо болгосон СЯ -ны 2020 оны 10 сарын 23-ны өдрийн 7/6746, Үндэсний аудитын газрын 2020 оны 10 сарын 02-ний өдрийн 2880 тоот албан бичгүүдтэй бүрэн танилцан няцаалт баримт гаргах болон сонгуулийн тайлангаа гарган хүргүүлснээ нотлохоор “Т” ХХК ийн мэргэшсэн аудиторыг оролцуулах зэргээр үг шийтгэлээс татгалзаж болохоор байсан юм.
... Санхүү бүртгэлийн мэргэжилтэн намайг байцаах эрхгүй хүн байсан. Хуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрхтэй хүн байцаах ёстой байсан. Санхүүгийн хэлтсээс дуудсан тул санхүүгийн тайлантай холбоотой гэж бодсон боловч аудитын талаар байсан. Ц.Өыг шалгахад төрийн сангийн данс ирээгүй байсан учраас хаан банкны хуулган дээрх эх үүсвэр, нэр байхгүй зэргээс болсон гэж бодсон. Эцсийн болон явцын тайлангаа гаргаж өгсөн. Тухайн үед аудит засвартай, харуул оруулахгүй байсан надтай уулзахад санхүүгийн талаар гэж бодсон, надад зөвлөгөө өгч байгаад гарын үсэг зуруулсан. н.Бтай 2 цаг гаран ярьж суусан...” гэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Баянзүрх дүүргийн Санхүү, бүртгэлийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Өын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.
Уг шийтгэлийн хуудас нь Улсын Их Хурлын сонгуулийн 22 дугаар тойрогт нэр дэвшигчийг явцын болон эцсийн тайланг өгөөгүй, Үндэсний аудитын газарт хүргүүлээгүй гэж үзэж Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 7/6746, Үндэсний архивын газрын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2880 гэсэн албан бичгүүдийг үндэслэж шийтгэл ногдуулсан байдаг. Гэтэл Д.Бд холбогдуулан зөрчлийн хэрэг нээхээс эхлэн Д.Бын эрхийг илтэд зөрчин, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан, шийдвэрийг танилцуулаагүй, өмгөөлөгч авах, гомдол гаргах эрхийг зөрчсөн учраас уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.
Зөрчлийн хэрэг 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нээгдсэн боловч бүртгэл хяналтын хуудсын хувьд 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байдаг. Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолыг мэдэгдээгүй, хэрвээ тогтоолыг зөвшөөрөхгүй бол 5 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байсан боловч энэ эрхээр нь хангаагүй, эрх үүрэг тайлбарласан зүйл байдаггүй. Зөрчлийн хэргийн 5 дугаар хуудсанд байх арга хэмжээ авахуулах тухай Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 7/6746 дугаар албан бичиг нь Баянзүрх дүүргийн Засаг даргын Санхүү, бүртгэлийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга Ц.Ө гэсэн байдаг. Захиргааны хэргийн 71 дүгээр хуудсанд байх уг албан бичгүүд нь зөрүүтэй байдаг. Зөрчлийн хэрэгт байх уг албан бичиг хуулбар хувь, бар код нь өөр байдаг.
Зөрчлийн хэрэгт 9161013403, захиргааны хэрэгт 9761013390 гэсэн өөр бар кодууд дарагдсан байдаг ч огноо, толгой нь нэг байдаг. Зөрчлийн хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан баримтад Монгол Улсын ерөнхий аудитороос Сангийн яаманд хүргүүлсэн албан бичиг нь нотлох баримтын шаардлага хангадаггүй. Зөрчлийн хэргийн 12 дугаар хуудсанд байх Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын зөвшөөрөл нь эх хувиар үйлдэгдэж, тамга дарагдсан байх ёстой боловч хуулбар хувь зөрчлийн хэргийн материалд авагдсан байдаг. Ямар нэг байгууллагаас баримт авахдаа албан бичгээр хандаж, эх хувиар авч байж нотлох баримтын шаардлага хангана.
Мөн уг зөрчлийн хэрэгт зөрчлийн хэргийн хугацаа сунгуулах тогтоолын хувьд эрх бүхий албан тушаалтны хугацаа сунгуулах хүсэлт нь байдаггүй. Хуульд зааснаар 24 цагийн дотор хугацаа сунгуулах тухай хүсэлтээ албан бичгээр хандах ёстой.
Прокурор хугацаа сунгасан тогтоолдоо зөрчлийг шалгаж байхдаа Д.Б-аас мэдүүлэг авсан, нэр дэвшигчийн зарлалын хураангуйг хийсэн, цаашид прокурорын даалгаврын дагуу ажиллагааг явуулах гэсэн байдаг. Прокурорын хугацаа сунгасан тогтоол 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн огноотой байдаг. Зөрчлийн хэргийн 19,20, 21,22 дугаар хуудсанд авагдсан баримтууд 2020 оны 12 дугаар 16-ны өдрийн гэсэн огноотой байдаг. Прокурор эрх бүхий албан тушаалтны саналгүй, хугацаа сунгасан тогтоолгүй байхгүй байхад хугацааг сунгасан байдаг.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хувьд Баянзүрх дүүргээс дуудсаны дагуу Д.Быг очиход 1 эмэгтэй 2 цагийн турш ярилцлага хийж байгаа эсхүл зөвлөгөө өгч байгаа, нягтлан бодохын ажлаа хийж байгаа эсэх нь мэдэгдэхгүй байсаар гарын үсэг зуруулсан.
Сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийг зөрчсөн талаар ярилцсан. Хаан банкны дансаар хандив авахад хандивын эх үүсвэр, нэр зэрэг мэдээллийг бичих ёстой ч эдгээрийг бичигдээгүй зөрчлийн талаар ярьсан боловч зөрчил шалган шийдвэрлэх эрхгүй этгээд болох н.Б Д.Баас мэдүүлэг авсан гэж гарын үсэг зуруулсан. Энэ баримтад Ц.Ө гарын үсэг зурж, прокурорт танилцуулсан. Иймд хуульд заасан үндэслэл журмыг баримтлаагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны процедурыг зөрчиж материалуудыг нөхөж гүйцэтгэсэн, эрх бүхий бус албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.” гэв.
Хариуцагч Ц.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд 2017 оны 02 дугаар сараас 2020 оны 12 дугаар сарын дунд хүртэл Баянзүрх дүүргийн Санхүү, бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Хэлтэст байхад миний албан тушаалд улсын бүртгэгч гэсэн эрх, үүрэг байсан. нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийнхаа хувьд би Улсын Их Хуралд сонгогдсон нэр дэвшигч нарын явцын болон эцсийн тайлангаа хүргүүлээгүй талаарх бичгийг Сангийн яам болон Үндэсний аудитын газраас авсан. Улмаар 20 гаран хүнд зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, акт тавьсан. Зарим хүмүүстэй цар тахлын улмаас биечилж уулзаагүй. Н.Бын хувьд бүртгэлтийн мэргэжилтэн боловч Сангийн яамнаас улсын байцаагчийн эрх нь нээгдээгүй байсан учраас гарын үсэг зурах эрхгүй байсан. 2020 оны сүүл 2021 оны эхэн үед цар тахлын улмаас зарим хүмүүстэй биечилж уулзалгүй, утсаар холбогдож эрх үүрэг тайлбарлах байдлаар ажиллагааг явуулсан. Би биечилж уулзаж, ажиллагааг явуулсан эсэх нь хамаагүй, миний хувьд Зөрчлийн тухай хууль зөрчсөн гэдэг агуулгаар шийтгэлийн хуудас ногдуулсан.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын Их хурлын 2020 оны сонгуульд 22 дугаар тойрогт бие даан нэр дэвшсэн Д.Б нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т заасан “Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэснийг зөрчсөн болох нь Монгол улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд нягтлан бодох бүртгэлийн улсын Ерөнхий байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн 7/6746 дугаар албан бичиг, Монголын Улсын Үндэсний аудитын газрын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2880 дугаар албан бичгээр тогтоогджээ.
Дээрх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27 дахь хэсэгт “Нэр дэвшигч, нам, эвсэл хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” заасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ө нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ******* тоот шийтгэлийн хуудас бичсэн.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монголын Ерөнхий аудитороос ирсэн зөрчлийн хэргийг шилжүүлж, шийдвэрлүүлэх тухай албан бичгийг Ц.Ө хүлээн авсан. Д.Б нь тайлангаа Үндэсний аудитын газарт ирүүлэх ёстой байсан ч ирүүлээгүй байсан учраас Үндэсний аудитын газар Сангийн яамаар дамжуулан манайд зөрчлийн хэргийг ирүүлсэн. Байцаагчийн эрх н.Бд нээгдэх байсан ч нээгдэж амжаагүй байсан учраас байцаагчийн эрхтэй байсан Ц.Ө тухайн албан тушаалтанд арга зүйн зөвлөгөө өгч холбогдогчоос мэдүүлэг авч, өөрөө гарын үсэг зурсан.
... зөрчлийн хэрэгт “Д.Бтай 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 11 цаг 57 минутад утсаар холбогдсон тэмдэглэлд авагдсан байдаг. Утсаар холбогдоход “тайлангаа хугацаандаа өгсөн” талаар тайлбарласан байна. Ерөнхий аудиторын ирүүлсэн бичгийн хавсралтаас үзэхэд “нэр даан бие дэвшигч Д.Б нь 22 дугаар тойрогт нэр дэвшсэн бөгөөд явцын тайланг ирүүлээгүй гэсэн байдаг. Уг зөрчил аудитын байгууллагад тогтоогдон манайд шилжин ирсэн...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Гомдол гаргагч Д.Баас тус шүүхэд хандан Баянзүрх дүүргийн Санхүү бүртгэлийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Өын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ[1].
Маргааны үйл баримт болон хэрэгт авагдсан баримтаас үзвэл Баянзүрх дүүргийн Санхүү бүртгэлийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ө Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 22 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Д.Быг сонгуулийн хуулийг зөрчиж, хуульд заасан шаардлага хангаагүй хандивын орлогыг хандивлагчид буцаан шилжүүлээгүй болон буцах хаяг нь тодорхойгүй орлогыг улсын орлого болгоогүй гэж Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж үзэн 20,000 нэгж /20,000,000 төгрөг/-ээр торгох шийтгэл оногдуулсан байна[2].
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд маргаан бүхий актыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс “...Ц.Ө гэдэг хүнийг эмэгтэй хүн гэж бодож байтал эрэгтэй хүн байсан байна. Би Санхүү бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн н.Б гэх эмэгтэй хүнтэй 2 цаг гаруй ярилцсан. Эцсийн болон явцын тайлангаа өгсөн. Надаас нотлох энэ талаар баримтыг шаардаж аваагүй. Би цахимаар явцын тайлангаа хүргүүлсэн. Google drive хугацаа дууссан талаар е-майл ирсэн. Яг одоогоор шүүхэд гаргаад үзүүлэх боломжгүй байна...” гэж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс”... Ц.Ө гэдэг байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй гэдгийг сая мэдлээ. н.Б болон нэхэмжлэгч нарын хооронд Сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан хандивын эх үүсвэрийн мэдээлэл бичигдээгүй зөрчилд шалгаж байгаа талаар ярилцсан. Гэтэл сүүлд Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д заасан зөрчил үйлдсэн болгон шалган шийдвэрлэх ажиллагааны процессыг зөрчиж материалуудыг нөхөж гүйцэтгэсэн. Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан...” гэж маргасан.
Харин хариуцагч Ц.Өаас ”...Зарим хүмүүстэй цар тахлын улмаас биечлэн уулзалгүй, утсаар эрх үүрэг тайлбарлах байдлаар ажиллагааг явуулсан. н.Бын хувьд бүртгэлийн мэргэжилтэн боловч Сангийн яамнаас улсын бүртгэлийн байцаагчийн эрх нь нээгдээгүй байсан учраас гарын үсэг зурах эрхгүй байсан. Миний хувьд Зөрчлийн тухай хууль зөрчсөн гэдэг агуулгаар шийтгэлийн хуудас ногдуулсан...” гэж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ”...Д.Б нь тайлангаа Үндэсний аудитын газар ирүүлэх ёстой байсан боловч ирүүлээгүй учир Сангийн яамаар дамжуулан манайд зөрчлийн хэргийг ирүүлсэн...” гэж нэхэмжлэлийн шаардлага түүнийг үндэслэлийг үгүйсгэн тайлбарласан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан дээрх тайлбар, Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материал зэргээс үзвэл хариуцагч Баянзүрх дүүргийн Санхүү бүртгэлийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ө-аас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг хэрэглэн Д.Бд шийтгэл оногдуулсан эсэхэд эргэлзээ төрүүллээ.
Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн..., Арван есдүгээр зүйлийн 1-д ...Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц..., хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах...-аар заасан.
Ийнхүү төр Зөрчлийн тухай хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, улмаар хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хуулийн дагуу шалгаж тогтоон, хуулийн хариуцлага хүлээлгэх үүргийг өөртөө хүлээсэн.
Иймээс Баянзүрх дүүргийн Санхүү бүртгэлийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын хувьд хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлэхдээ иргэний үндсэн эрхийг зохих ёсоор хангах үүрэгтэй юм.
Энэ талаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-д Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1.5.зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах; 6.6 дугаар зүйлийн 4-д Эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална., 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх;-ийг тогтоосны үндсэн дээр шийтгэл оногдуулахаар зохицуулжээ.
Гэтэл шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гомдол гаргагч Д.Быг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Зөрчил үйлдсэн” гэж буруутгагдаж байгаа хүн буюу холбогдогчоор тогтоосон атлаа энэ зүйлд заасан ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх; зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах; өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах; нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх;зөрчлийн хэрэгтэй танилцах эрхийг нь эдлүүлээгүй гэх үйл баримт үүссэн.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Санхүү бүртгэлийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ө нь холбогдогчоос Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 1-д заасан Эрх бүхий албан тушаалтан зөрчил гарсан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор авсан мэдүүлэг болон энэ хуулийн 4.13 дугаар зүйлд заасан тэмдэглэлийг үйлдэхдээ биечлэн оролцоогүй, буюу зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаанд өөрийгөө төлөөлүүлэн улсын байцаагчийн эрхгүй этгээдийг оролцуулсан.
Дээрх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зөрчлийг шүүхээс шууд зөвтгөн Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан маргааны үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй болно.
Дээр дурдсан нөхцөл байдлын талаар нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул уг асуудлыг хариуцагчийн эрх хэмжээний хүрээнд дахин шийдвэрлэх боломжтой байх тул Баянзүрх дүүргийн Санхүү бүртгэлийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Өын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг 2 /хоёр/ сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ нь хариуцагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д заасан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээх субъект болохын хувьд дээрх Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журамд нийцүүлэн шалгах үүргээ гүйцэд биелүүлээгүй үйлдлээ зөвтгөн, бодит нөхцөл байдал, үндэслэлүүдийг нэг бүрчлэн нягтлан шалгасны үндсэн дээр захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, үйлдэл эс үйлдэхүйг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах нь зүйд нийцнэ.
Нөгөөтээгүүр дээрх шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулснаар маргаж буй акт хууль ёсны гэдэг нь хөдөлбөргүйгээр нотлогдохгүй бол түүнийг хүчингүй болгох эрх зүйн үр дагавартай юм.
Эцэст нь гомдол гаргагч Д.Б хууль дээдлэх зарчмыг хүндэтгэн эрх бүхий байгууллагын албан тушаалтны дуудсанаар хүрэлцэн ирэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заасан эрхээ хэрэгжүүлэн мэдүүлэг өгөх, зөрчил үйлдээгүй болох талаар холбогдох нотлох баримтыг гаргаж өгч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгчийн ажилд хүндэтгэлтэй хандахыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1-д тус тус заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Санхүү бүртгэлийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол Ц.Өын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргагч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР