Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2024/0661

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М ө” ББН-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч Ч.О

Гомдол гаргагч: “М ө” ББН

Хариуцагч: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч Ч.О

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 657 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., хариуцагч Ч.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2024/0585/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч: “М ө” ББН-өөс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч Ч.Од холбогдуулан “2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 0120375 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 657 дугаар шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 2, 10.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад тус тус заасныг баримтлан гомдол гаргагч “М ө” ББН өрхийн эрүүл мэндийн төвөөс гаргасан гомдлын шаардлагыг хангаж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч Ч.Огийн гаргасан 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 0120375 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

            3.1. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг гурваас доошгүй хоногийн өмнө хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ”, 70.5-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг мэтгэлцэх зарчмаар явагдах бөгөөд хэргийн оролцогчид гаргасан хүсэлт, татгалзлын үндэслэлээ нотолно” гэж заасныг тус тус зөрчиж урьдчилсан хэлэлцүүлгийн тов мэдэгдээгүй бөгөөд хүсэлт гаргах, урьдчилсан хэлэлцүүлэгт мэтгэлцэх зарчмын эрхээр хангаагүй, шүүх хуралдааны явуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

            2. Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.9-д “өөрөөр хэлбэл эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллага буюу маргаан бүхий энэ тохиолдлын хувьд гомдол гаргагч “М ө” ББН нь ажил олгогчийн хувьд нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд шилжүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 10.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх учиртай байна” гэж дүгнэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

            Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал”-ыг тогтоосон бөгөөд мөн зүйлийн 6-д “дараах эрх бүхий албан тушаалтан дор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 6.60 дахь хэсэгт “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Улсын байцаагчийн шалган шийдвэрлэх зөрчил”-ийг тодорхой зааж хуульчилсан.

            Тодруулбал Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.60 дахь хэсэг “Зөрчлийн тухай хуулийн 10.19 дүгээр зүйл “Эрүүл мэндийн даатгалын тухай хууль зөрчих”-ийн 1 дэх хэсэг “Даатгуулагчийн шимтгэлийг эрүүл мэндийн даатгалын санд хариуцан төлүүлэх этгээдтэй холбоотой заалт бөгөөд энэхүү заалтад холбогдуулан шимтгэлийг хугацаанд нь шилжүүлээгүй бол уг шимтгэлийг нөхөн төлүүлж, хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги тооцохоор тайлбарласан.

            Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын эх үүсвэрийн нэгт Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн 19.1.8 дахь заалтад “Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх хугацаа хэтрүүлсэн ногдуулсан алданги” гэж заасан.

            Харин Зөрчлийн тухай хуулийн 10.19 дүгээр зүйл “Эрүүл мэндийн даатгалын тухай хууль зөрчих”-ийн 2 дахь хэсэг “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн төлбөрийг гаргуулж, хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.

            Энэхүү хэсэгт Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь энэ хуулийн 16.1.4-т заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон эмийн сантай даатгалын гэрээ байгуулах бөгөөд гэрээний хэрэгжилтийг хянаж дүгнэнэ” гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлд “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагын эрх, үүрэг”-ийг заасан бөгөөд энэ хуулийн зүйл заалтын дагуу нэхэмжлэгч “М ө” ББН-тай Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулсан.

            Иймд “М ө” өрхийн эрүүл мэндийн төвөөс Урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо шинжилгээний тусламжаар нэмэлт гэрээ байгуулахаар ирүүлсэн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 11 дугаартай хүсэлтийн дагуу Худалдан авалт гэрээлэлтийн газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 10-00-07/22 дугаартай удирдамжийг боловсруулан уг өрхийн эрүүл мэндийн төвд газар дээрх хяналт, үнэлгээ хийх явцад, “М ө” өрхийн эрүүл мэндийн төв нь Эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөөс өөр хаяг байршилд буюу Хан-Уул дүүргийн 20 дугаар, “Ю” сентрийн байрны 1 давхрын байранд/ ажлын байрны дүгнэлт гаргуулаагүй, тусгай зөвшөөрөлгүйгээр/ 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн хооронд оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээ үзүүлж байсан нь Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2, Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ худалдан авах 2024 оны УБ-05/096 дугаар гэрээний 2.1.8.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон.

            “М ө” өрхийн эрүүл мэндийн төв нь 2022 оны 08 дугаар сараас 2024 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд 4861 тохиолдолд хамаарах 68,584,000 төгрөгийн хохирлыг Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан байж болзошгүй тохиолдлыг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр илрүүлж, Монгол Улсын Зөрчлийн хуулийн тусгай ангийн 10.19 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 2402000173 дугаартай зөрчлийн хэрэг нээж Зөрчлийн хянан шийдвэрлэх хуульд заасан ажиллагааг явуулж, үзлэгээр “М ө” ӨЭМТ нь Хан-Уул дүүргийн 15, 18, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах үндсэн байршилд /Лабораторийн бус/ Багажийн шинжилгээ (Зүрхний цахилгаан бичлэг, Ургийн зүрхний цахилгаан бичлэг)-г 2312 тохиолдолд /давхардсан тоогоор/ 18,252,000 төгрөг, Хэт авиан оношилгоо 83 тохиолдолд 1,245,000 төгрөг (“М ө” Хэвлийн хэт авиа /ЭХО/ 1,2-р сар-2024 мэдээлэлтэй таарсан), Түргэвчилсэн төст 237 тохиолдолд, 843,000 төгрөг, эд эсийн шинжилгээ (мазок) 727 тохиолдолд үзүүлж 6,642,000 төгрөг, Иммунологийн түргэвчилсэн сорил 1155 тохиолдолд үзүүлж, 4,748,400 төгрөг, Шээсний туузан оношлуур 272 тохиолдолд үзүүлж, 1,360,000 төгрөг, нийт 4786 тохиолдлын оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээний зардал болох 33,090,400 төгрөгийг уг хугацаанд нийт нэхэмжлэн авсан 156,949,300 төгрөгөөс хасаж тооцсон.

            Эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөөс өөр хаяг байршилд буюу Хан-Уул дүүргийн 20 дугаар, “Ю” сентрийн байрны 1 давхрын байранд 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн хооронд лабораторийн 14245 үзүүлэлтийг шинжилж 78,924,000 төгрөг, Багажийн шинжилгээ (Зүрхний цахилгаан бичлэг)-г 422 тохиолдолд /давхардсан тоогоор/ үзүүлж 3,171,000 төгрөг, Хэт авиан оношилгоо 1364 тохиолдолд үзүүлж 17,047,000 төгрөг, Түргэвчилсэн тест 200 тохиолдолд үзүүлж 819,000 төгрөг, Үтрээний арчдас (мазок) 28 тохиолдолд үзүүлж 140,000 төгрөг, Иммунологийн түргэвчилсэн тест-1 тохиолдолд үзүүлж 10,000 төгрөг, Шээсний туузан оношлуур 2323 тохиолдолд үзүүлж 10,765,500 төгрөг, Рентген оношилгоо-673 тохиолдолд 6,669,000 төгрөг, нийт 117,545,900 төгрөг, Үндсэн байршилд (15,18,19 хороо): 2022-2023 онд Дүрс оношилгооны нарийн мэргэжил эзэмшээгүй (Ерөнхий мэргэжлийн) эмч нар ЭХО оношилгооны үзлэгийг нэхэмжилсэн 887 тохиолдлын 6,313,000 төгрөг, нийт 123,858,900 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжпэн авсан нь тогтоогдож, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хэргийн материалын танилцуулж, зөрчил шийтгэл ноогдуулах тухай 0120375 дугаартай шийтгэлийн хуудсыг оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.60 дахь хэсэгт заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын Улсын байцаагчийн харьяалан шийдвэрлэх зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “ зөрчил , зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл хэмжээг энэ хуулиар тогтооно” гэж заасныг үндэслэн арга хэмжээ авсан болно.

            3. Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.18-д “... шүүхийн журмаар шийдвэрлүүлэх боломжтой маргаанд шийтгэлийн хуудас оногдуулсан нь буруу”      гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

            Учир нь Манай байгууллага нь нийтийн эрх ашгийн төлөө даатгуулагчид эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг худалдан авдаг үйлчлүүлэгч төвтэй, нийгмийн хариуцлага бүхий менежментийг хэрэгжүүлдэг ба Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагчийн эрх үүргийн дагуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагад газар дээрх хяналт шалгалтыг удирдамжийн дагуу явуулж, дээрх зөрчлүүдийг илрүүлж, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагчийн дүрмийг баримтлан хуулиар олгогдсон эрхийн хүрээнд шийтгэлийн хуудас оногдуулсан болно.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх боловч холбогдох хуулийг тайлбарлан хэрэглээгүй байх тул шийдвэрийн үндэслэх нь хэсэгт энэ талаар өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв

            2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

            2.1. Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “... “М ө” өрхийн эрүүл мэндийн төв нь эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөөс өөр хаяг байршилд оношилгоо шинжилгээний тусламж, үйлчилгээ даатгуулагч иргэнд хийж байсан” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн “М ө” эрүүл мэндийн төвд 2000 нэгж буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 123.858.900 төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэснийг гомдол гаргагч “М ө” ББН эс зөвшөөрч “... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь хэсэгт зааснаар бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй захиргааны акт, ... 128.858.900 төгрөгийн зардал байдлаар зарцуулчихсан учраас буцаан төлөх боломжгүй, Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д зааснаар тухайн акт гарах эрх зүйн үндэслэл байхгүй” гэх үндэслэлээр “2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 0120375 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан.

            2.2. Харин хариуцагчаас “ ... “М ө” ББН өрхийн эрүүл мэндийн төв нь Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасныг зөрчсөн. Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулж, хэрэгжилтийг хангах гэж заасан. Нэхэмжлэгч байгууллага гэрээний хэрэгжилтийг биелүүлээгүй. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 13 дугаар тогтоолоор гэрээний ерөнхий загварыг баталсан. Үүний 3-р хавсралтад талуудын харилцах суваг гэж байдаг. Нэхэмжлэгч байгууллага тус хавсралтад заасныг мөн биелүүлээгүй. Гэрээний 2.1.8-д дараах тохиолдолд бичиг баримт, нотолгоог үндэслэн тусламж үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзана, 2.1.8.4-т тусгай зөвшөөрөлд заасан хаяг байршлаас өөр байршилд үзүүлсэн тусламж үйлчилгээний нэхэмжлэлийг санхүүжүүлэхгүй гэж заасныг зөрчсөн. Нэхэмжлэгч байгууллага 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр магадлан итгэмжлэлийг 2 жилийн хугацаатайгаар сунгуулж авсан. 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Хан-Уул дүүргийн 20-р хороонд үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд үйл ажиллагаа явуулах үед магадлан итгэмжлэлд тухайн хэсэг нь хамрагдаагүй. Тусгай зөвшөөрөлгүй, ажлын байрны дүгнэлт гаргуулаагүй ...” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

            2.3. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”,4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 2 дахь хэсэгт “Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно”, 10.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан.

            2.4. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулиар шийтгэлийн хуудас оногдуулахдаа түүний зөрчлийн шинжийг Зөрчлийн тухай хууль болон бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлсны эцэст түүнд зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцүүлэх хуулийн зохицуулалттай.

            2.5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас “М ө” ББН-тэй байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ХУД-05/015 дугаар “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ”[1]-ний 2.1.8-д “дараах тохиолдолд холбогдох баримт, нотолгоог үндэслэн тусламж үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзах”, 2.1.8.4-т “тусгай зөвшөөрөлд заасан хаяг, байршлаас өөр хаяг байршилд үзүүлсэн тусламж, үйлчилгээний нэхэмжлэл”, 6.1-д “Энэхүү гэрээтэй холбоотой талуудын хооронд үүссэн аливаа маргааныг дараах арга замаар шийдвэрлэнэ:” 6.1.3-д “хэрэв аль нэг тал маргааныг хэлэлцээ хийж шийдвэрлэхээр бичгээр хүсэлт тавьснаас хойш ажлын 10 хоногт, эсхүл энэхүү гэрээний 6.1.1, 6.1.2-т заасны дагуу талууд нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй бол Захиргааны хэргийн шүүхээр” гэж заасан.

            2.6. Дээрх гэрээнд заасны дагуу тусгай зөвшөөрөлд заасан хаяг, байршлаас өөр хаяг байршилд үзүүлсэн тусламж, үйлчилгээний нэхэмжлэлийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзсантай холбоотой маргааныг Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр тусгайлан заасан байхад хариуцагчаас  маргаан бүхий шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн “... эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл дээрээ бүртгэлгүй хаягт байрлан үйл ажиллагаа явуулж байсан, үйл ажиллагаа явуулж байсан, үйл ажиллагаа явуулах үед магадлан итгэмжлэлд тухайн хэсэг нь хамрагдаагүй, ажлын байрны дүгнэлт гаргуулаагүй, ... , дүрс оношилгооны нарийн мэргэжил эзэмшээгүй эмч нар ЭХО оношилгооны үзлэгийн төлбөрийг нэхэмжилсэн ...” гэсэн үндэслэлээр төлбөр тогтоосон нь үндэслэлгүй  байх тул шүүх 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 0120375 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 2000 нэгж буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, хохирол, шимтгэл, алдангийн нөхөн төлбөрийн 123.858.900 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэснийг хууль ёсны шийдвэр гэж үзэхгүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

            2.7. Анхан шатны шүүх “... талуудын хооронд байгуулсан Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ худалдан авах гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой эрх зүйн маргаан байх бөгөөд энэ тохиолдолд хариуцагч нь гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой төлбөрийг шүүхийн журмаар шаардан гаргуулах учиртай байжээ, ... шүүхийн журмаар шийдвэрлүүлэх боломжтой маргаанд шийтгэлийн хуудас оногдуулсан нь буруу” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

            2.8. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас “М ө” ББН-тэй байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ХУД-05/015 дугаар “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ”[2]-ний 2.1.8-д “дараах тохиолдолд холбогдох баримт, нотолгоог үндэслэн тусламж үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзах”, 2.1.8.4-т “тусгай зөвшөөрөлд заасан хаяг, байршлаас өөр хаяг байршилд үзүүлсэн тусламж, үйлчилгээний нэхэмжлэл”, 6.1-д “Энэхүү гэрээтэй холбоотой талуудын хооронд үүссэн аливаа маргааныг дараах арга замаар шийдвэрлэнэ:” 6.1.3-д “хэрэв аль нэг тал маргааныг хэлэлцээ хийж шийдвэрлэхээр бичгээр хүсэлт тавьснаас хойш ажлын 10 хоногт, эсхүл энэхүү гэрээний 6.1.1, 6.1.2-т заасны дагуу талууд нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй бол Захиргааны хэргийн шүүхээр гэж заасан, уг гэрээнд заасны дагуу тусгай зөвшөөрөлд заасан хаяг, байршлаас өөр хаяг байршилд үзүүлсэн тусламж, үйлчилгээний нэхэмжлэлийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзсантай холбоотой маргааныг Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр байна.

2.9. Харин Зөрчлийн тухай хуулийн 10.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагчийн шимтгэлийг эрүүл мэндийн даатгалын санд хариуцан төлүүлэх этгээд нь шимтгэлийг төлөх, хуульд заасан этгээдээр төлүүлэх үүргээ биелүүлээгүй бол төлбөл зохих шимтгэлийг нөхөн төлүүлж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, 2 дахь хэсэгт “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Тайлбар: Ажил олгогч, ерөнхий менежер шимтгэлийг энэ хууль, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасан хугацаанд шилжүүлээгүй бол уг шимтгэлийг нөхөн төлүүлж, хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөл зохих шимтгэлийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж тус тус заасан байхад анхан шатны шүүх уг хуулийн зохицуулалтын даатгуулагчийн шимтгэлийг эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх, шимтгэл нөхөн төлөхтэй холбоотой заалттай холбогдуулан дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

            2.10. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс “... эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага “хуульд заасан үргээ биелүүлээгүй” гэдэгт хуульд заасан ямар үүрэг хамаарах эсэхийг хууль тогтоогч тайлбар хэсэгт “ажил олгогч, ерөнхий менежер шимтгэлийг энэ хууль, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасан хугацаанд шилжүүлээгүй бол ...” гэж тайлбарласан байна, ... эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага буюу маргаан бүхий энэ тохиолдлын хувьд гомдол гаргагч “М ө” ББН нь ажил олгогчийн хувьд нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд шилжүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 10.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйчлэх учиртай байна” гэж Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дээрх хуулийн дүгнэсэн нь буруу байх боловч энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

            2.11. Иймд анхан шатны шүүхийн Үндэслэх нь хэсгийн дүгнэлтийг дээрх дурдсанаар өөрчилж хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.  

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 657 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

   ШҮҮГЧ                                                                     Д.ОЮУМАА

   ШҮҮГЧ                                                                    Г.МӨНХТУЛГА

   ШҮҮГЧ                                                                    Н.ХОНИНХҮҮ

 

[1] Нотлох баримтаар авагдсан 2402000173 дугаар зөрчлийн хэргийн 3 дугаар хавтас 99-108 дахь талууд

[2] Нотлох баримтаар авагдсан 2402000173 дугаар зөрчлийн хэргийн 3 дугаар хавтас 99-108 дахь талууд