Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2015/0218/з |
Дугаар | 194 |
Огноо | 2017-05-29 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 194
“Азийн ирээдүй” ХХК-ний нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, гуравдагч этгээд “Өнчөөвүүд” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золбаяр, гуравдагч этгээд “Өнчөөвүүд” ХХК-ний өмгөөлөгч П.Анударь нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0170 дугаар магадлалтай, “Азийн ирээдүй” ХХК-ний нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 39 дүгээр зүйлийн 39.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Азийн ирээдүй” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын /хуучин нэрээр/ 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын “Азийн ирээдүй” ХХК-д холбогдох хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын “Монгол технологи интернэйшнл” ХХК-д, “Өнчөөвүүд” ХХК-д олгосон “Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А-266 дугаар тушаал, “Жаргалант вилл” ХХК-д олгосон 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын хавсралтын холбогдох хэсгүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0170 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Азийн ирээдүй” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын “Азийн ирээдүй” ХХК-д холбогдох хэсэг, 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А-266 дугаар тушаалын “Өнчөөвүүд” ХХК, “Монгол технологи интернэйшнл” ХХК-д холбогдох хэсэг, 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын “Жаргалант вилл” ХХК-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Азийн ирээдүй” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0170 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн зүгээс хяналтын журмаар гомдол гаргаж байна.
1. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ: /шийдвэрийн хуудас-13/ “нэхэмжлэгч тал 2010 онд “ЭДШИЛ” ХХК-тай эскизийн төсөл боловсруулах гэрээ байгуулж “аялал жуулчлалын иж бүрэн цогцолборын үндсэн барилгуудын архитектур төлөвлөлтийн эскизийг боловсруулах”-аар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн эскизийн төсөл боловсруулах гэрээгээр нотлогдож байна. Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 02-02/2193 дугаар албан бичиг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар тогтоол, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 03/108 албан бичиг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд “Азийн ирээдүй” ХХК-ийн газар ашиглах эрхээ хэрэгжүүлж чадаагүй нь бусдын буруугаас болсон гэж үзэхээр байхад хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан холбогдох нотлох баримтуудыг нягтлан хяналгүйгээр нэхэмжлэгчийн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг цуцласан нь холбогдох хууль тогтоомжид нийцээгүй байна” гэж дүгнэжээ.
Дээрх дүгнэлтийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Хянавал хэсэгт /магадлалын хх 4-5/ “Түүнчлэн, “Азийн ирээдүй” ХХК тухайн газраа зориулалтын дагуу ашиглаж чадаагүй шалтгаанаа газраа зориулалтын дагуу ашиглаж болохгүй нөхцөл байдлууд үүссэний улмаас төлөвлөгдсөн төслийг хэрэгжүүлж, үйл ажиллагаа явуулж чадаагүй гэж тайлбарласан бөгөөд дээрх нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ гээд мөн дээр дурдсан байгууллагуудын тогтоол шийдвэрийг дурдаад “Азийн ирээдүй” ХХК газар ашиглах тухай гэрээ байгуулснаас хойш өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна” гэжээ.
Нэхэмжлэгч “Азийн ирээдүй” ХХК нь газар ашиглах боломжийг Монголын төр олгоогүй гэж маргаж, Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 02-02/2193 дугаар албан бичиг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаар тогтоол, Монгол улсын Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар тогтоол зэргийг ярьдаг ч Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон бусад холбогдох төрийн байгууллагад энэ талаар хандаж байгаагүй байдаг ба албан бичгээр хандаж байсан нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч талын санаачлагатай үйлдэл гаргаагүй байгааг ганцхан төрийн захиргааны байгууллага, албан тушаалтныг буруутган нэг талыг барьж дүгнэлт гаргасан. Мөн дээрх шийдвэрүүдийн дагуу “Азийн ирээдүй” ХХК-д үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн талаарх ямар нэг албан бичгийг тус компанид мэдэгдэж байгаагүй зэргээс үзэхэд үйл ажиллагаа явуулах эрх нь 2008 оны 8 сараас хойш нээлттэй байсан хэдий ч хашаа ч хатгаагүй зэрэг нь маргаан бүхий газрыг ашиглах сонирхол үйлдэл нь харагдахгүй байгаа.
Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан.
Гэтэл “Азийн ирээдүй” ХХК-ийн газар ашиглах эрх 2008 оноос хойш үүссэн, 2009 оны 11 сараас хойш газар ашиглах гэрээ байгуулсан хэдий ч маргаж байгаа газар дээр бодитоор ямар нэгэн объект бариагүй зориулалтын дагуу нэг ч зүйл хийгээгүй нь шүүхийн үзлэг, Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас ирүүлсэн зураг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн зураг нэхэмжлэгчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог.
2. Хэрэгт авагдсан 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 25/2009 дугаартай Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг 2013 оны 09 сарын 18 өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан байх бөгөөд гэрээний 1.6-д нийт төлбөрийн 70 хувь буюу 9.240.000 төгрөгийг Хан-Уул дүүрэгт, 30 хувь буюу 3.960.000 төгрөгийг Хамгаалалтын захиргаанд, гэрээний 1.7-д заасны дагуу улирал бүр бүтнээр төлөх, газар ашиглах хугацаа 2008.09.18-2013.09.18 гэж тохиролцсон. Гэтэл “Азийн ирээдүй” ХХК нь гэрээнд заасны дагуу газрын төлбөрийг улирал бүр хугацаандаа төлөөгүй, 2013 онд 66.000.000 төгрөгийг төлж, газар ашиглах гэрчилгээндээ сунгалт хийлгэсэн, гэрээгээр хүлээсэн үүрэг болох 19.800.000 төгрөгийг хамгаалалтын захиргаанд төлөөгүй, тооцоо нийлсэн акт нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйг зөвтгөх эрх зүйн акт бол биш юм.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д газар эзэмшигчийн эрх үүргийг хуульчилж өгсөн байдаг ба 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, мөн заалтын 35.3.3-д “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх” зэрэг үүргийг хүлээсэн нь биелүүлээгүй.
Түүнчлэн 2009 оны 11 дүгээр сард 25/2009 тоот тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ байгуулж, гэрээний хугацаа газар ашиглах эрх олгосон өдрөөс буюу 2008 оны 8 дугаар сараас эхлэж үүссэн 5 жилийн хугацаатай байх буюу 2013 оны 9 дүгээр сард дууссан, 708 дугаар гэрчилгээг 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр сунгасан боловч Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох журмын 3 дугаар зүйлийн 3.4-д “... гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, БО-ны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна” гэж заасныг зөрчин гэрээ байгуулж, БО-ны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраар батлуулсан үйлдлийг шүүх дүгнээгүй. Гэрээ байгуулаагүй байхад цуцалсан гэж Төрийн захиргааны төв байгууллагыг буруутган шийдвэр, магадлалыг гаргасан. Гэтэл хууль, журмаараа “Азийн ирээдүй” ХХК нь гэрээгээ байгуулах үүргээ хүлээсэн боловч биелүүлээгүй.
3. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ: “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1-д зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр, түүнчлэн газар эзэмшигч нь тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд дуусгавар болгох ёстой байна. Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д зааснаар газар ашиглах хүсэлт гаргах, түүнийг хянан шийдвэрлэх, газар эзэмших гэрээний агуулгыг тодорхойлох, түүнийг байгуулахад Газрын тухай хуульд заасан журмыг баримтлах хуулийн зохицуулалттай байна” гэж дүгнэжээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, бусад хууль тогтоомжийн актаас бүрдэх бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/ нь Газрын тухай хуульд нийцүүлэн тушаал, шийдвэр гаргах бүрэн эрхтэй. Гэтэл анхан шатны шүүх “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1-д зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр, түүнчлэн газар эзэмшигч нь тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд дуусгавар болгох ёстой байна” гэж дүгнэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус заасныг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гаргасан тушаалыг илт хууль бус тушаал гэж шүүх дүгнэсэн.
Харин Давж заалдах шатны шүүхийн магадлалд /хх-6/: “харин шүүх хэргийн оролцогчид газар эзэмших эрхийн гэрчилгээг хугацаанаас нь өмнө хүчингүй болгосон талаар маргаж байхад “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэлийн аль нь ч бий болоогүй байхад нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцлахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй” талаар, хариуцагч БОНХАЖ сайд нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй байхад “Азийн ирээдүй” ХХК-ийн газар ашиглах гэрчилгээний хугацаа сунгагдсанаас хойш дахин гэрээ байгуулаагүй тул 2 жил дараалан ашиглаагүй гэх хуулийн заалтаар газар ашиглах эрхийг цуцлах боломжгүй гэж дүгнэлт хийсэн нь буруу, тухайн маргаанд хамааралгүй хуулийн зохицуулалтыг тайлбарлаж хэрэглэсэн байх боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж чадахгүй” гэжээ.
Анхан шатны шүүх Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж байхад Давж заалдах шатны шүүх хэдийгээр хуулийн заалтыг буруу тайлбарлан шийдсэн ч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж магадлалдаа дүгнэжээ. Монгол Улсын шүүх хуулийг зөв хэрэглэж хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсний үндсэн дээр бүх шатны шүүхийн шийдвэр Монгол Улсын нэрийн өмнөөс гардаг эрх зүйн системтэй байтал Давж заалдах шатны шүүх хууль буруу тайлбарласан нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа нь хуулийг зөв хэрэглэх системийг алдагдуулж, үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Газрын тухай хуулиудын холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.
Байгаль орчны сайд (тухайн үеийн нэрээр)-ын 2008 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 258 дугаар тушаалаар Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн Арцатын задгай гэх газарт аялал жуулчлалын зориулалтаар, 5 жилийн хугацаагаар 5 га газрыг “Азийн ирээдүй” ХХК-нд ашиглуулахаар шийдвэрлэсний дагуу 2008 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 708 дугаартай газар ашиглах гэрчилгээ олгож, 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 25/2009 дугаартай газар ашиглах гэрээг 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан, 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Азийн ирээдүй” ХХК-ийн газар ашиглах гэрчилгээний хугацааг “2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүртэл” сунгасан, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дугаар тушаалаар “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6”-д заасныг үндэслэн “Азийн ирээдүй” ХХК-ийн газар ашиглах эрхийг мөн өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцож, гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс “... газрын төлбөрөө бүрэн төлсөн, ... эрх цуцлах үндэслэл байхгүй” гэж, хариуцагчаас “... анх газар ашиглах эрх олгосноос хойш 7 жил үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй ... тул эрх цуцалсан нь хууль зөрчөөгүй” гэж маргажээ.
-... “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлийн талаар:
Хэрэгт нотлох баримтаар авагдсан Хан-Уул дүүргийн Өмч газрын харилцааны албаны 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 09/123 дугаар албан бичгийн хавсралт “газрын төлбөр төлөлтийн судалгаа”, 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн газар ашиглах гэрээг дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн 820150212 дугаар акт зэргээр нэхэмжлэгч “Азийн ирээдүй” ХХК нь 2008-2012, 2014 онуудад газрын төлбөр төлөөгүй, 2013 онд 66,000,000 төгрөг, 2015 онд 66,000,000 төгрөг, нийт 132,550,000 төгрөгийг газрын төлбөрт төлж, төлөгдөөгүй үлдэгдлийг 0 төгрөгөөр баталгаажуулсан, хариуцагч уг үйл баримттай маргаагүй байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй /бол газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох/”-оор заасан, газар ашиглагч “Азийн ирээдүй” ХХК нь 2008-2012, 2014 онуудад газрын төлбөрөө “хугацаанд нь, бүрэн” төлөөгүй байх боловч, хариуцагч сайд дээрх хугацаанд “Азийн ирээдүй” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлаагүй атлаа төлбөрөө бүрэн төлж, үлдэгдлийг 0 төгрөгөөр баталгаажуулсны дараа буюу 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр энэ үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь буруу байна.
Өөрөөр хэлбэл, эрх бүхий албан тушаалтнаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд “газрын төлбөрийг хугацаанд нь, бүрэн төлөөгүй” зөрчил нь тухайн цаг үед бодитой байхыг шаардана, 2015 онд зөрчлөө арилгасны дараа “2014 онд зөрчил гаргасан байсан” гэх агуулгаар нөхөж хариуцлага ногдуулах үндэслэлгүй, маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгч “Азийн ирээдүй” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүд зөв байна.
Энэ үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...газрын төлбөрийг улирал бүр хугацаандаа төлөөгүй, 2013 онд 66,000,000 төгрөгийг төлж, газар ашиглах гэрчилгээндээ сунгалт хийлгэсэн, гэрээгээр хүлээсэн үүрэг болох 19,800,000 төгрөгийг хамгаалалтын захиргаанд төлөөгүй, тооцоо нийлсэн акт нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйг зөвтгөх эрх зүйн акт биш” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.
-... “газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлийн талаар:
Нэхэмжлэгч “Азийн ирээдүй” ХХК нь 2008-2014 онд маргаан бүхий газрыг “аялал жуулчлалын зориулалтаар”, бодитой ашиглаагүй боловч тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Азийн ирээдүй” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүртэл сунгасан, газар ашиглах гэрээг 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулж, гэрээний хугацаа 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр дуусгавар болсон, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “... /газар ашиглагч/ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй /бол газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох/”-оор заасан, газар ашиглагч “Азийн ирээдүй” ХХК нь гэрээнд заасан “аялал жуулчлалын” зориулалтаар газраа 2 жил дараалан ашиглаагүй байхад газар ашиглах эрхийн гэрчилгээг хариуцагч хүчингүй болгоогүй, эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан байх тул эрх бүхий этгээдээс тухайн үед “газраа хуульд заасан хугацаанд ашиглаагүй” бодит байдлыг хүлээн зөвшөөрч, эрх олгосон гэж үзнэ.
Иймд, хариуцагчийн “... эрх олгогдсноос хойш 7 жилийн хугацаанд газраа ашиглаагүй ... тул эрхийг цуцалсан” гэх тайлбар үндэслэлгүй.
Энэ тохиолдолд, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “2 жил”-ийн хугацааг сүүлд эрх олгосон 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тооцох бөгөөд хуульд заасан 2 жилийн хугацаа дуусаагүй байхад 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын үйл ажиллагаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д нийцээгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...3 сарын дотор ... гурвалсан гэрээ байгуулж, ... батлуулсан байна /гэснийг/ зөрчин гэрээ байгуулсан”, “... хууль, журмаараа “Азийн ирээдүй” ХХК нь гэрээгээ байгуулах үүрэг хүлээсэн боловч биелүүлээгүй” гэх боловч “гэрээний хугацаа сунгуулаагүй” үйл баримт нь маргаан бүхий актын үндэслэлд хамаарахгүйн зэрэгцээ эрх бүхий этгээдээс газар ашиглах эрхийн гэрчилгээг 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүртэл сунгасан, газар ашиглах гэрчилгээ хүчинтэй байх хугацаанд газар ашиглагч газрын төлбөрийг бүрэн төлсөн, дүүргийн Өмч, газрын харилцааны алба төлбөрийг хүлээж авсан байхад “Азийн ирээдүй” ХХК-ийг “газар ашиглах эрхгүй” гэж шүүх дүгнэх боломжгүй, “гэрээний хугацаа дууссан” үйл баримт нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэж гарсан маргаан бүхий актын “хуульд нийцээгүй” байдлыг зөвтгөх үндэслэл болохгүй.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсгүүдийг баримталсан нь зөв байна.
Эдгээр үндэслэлээр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүх хуулийг зөв хэрэглэх системийг алдагдуулж, үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0170 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА