Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/80

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Г аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч О.Н, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Г аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Оийн Нт холбогдох эрүүгийн 2117000770085 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Оийн Н /РД: /, Д аймгийн С суманд .... оны ... дүгээр сарын ....-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, Д аймгийн З сумын 3 дугаар баг, Жинчин ..... тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, арматурчин мэргэжилтэй, ам бүл 1,

Урьд Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 55 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 56 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 сарын хорих ялаар шийтгэж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн ялыг бүгдийг нэмж нэгтгэн жинхэнэ эдлэх хорих ялыг 2 жил 8 сараар тогтоосон, Дорноговь аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 90 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, оногдуулсан ялын хөнгөнийг хүндэд багтааж 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1373 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/10 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 28 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 7 сар 28 хоногийн хорих ялаар тогтоосон гэх,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тэмдэглэснээр:

 

Яллагдагч О.Н нь 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Т.Мын Г аймгийн С сумын 1 дүгээр баг, .............. дугаартай хашаанд байрлах хүн байнга амьдрах зориулалттай гэрийн хаалганы цоожийг эвдэн дотогш хууль бусаар нэвтэрч мөнгөн тоногтой 1 ширхэг хазаарыг хулгайлан авч 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

 

1. Шүүгдэгч О.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад үнэхээр санаж байгаа зүйл байхгүй. Гэмт хэрэг хийсэн үгүйгээ мэдэхгүй байна. Би тархины гэмтэлтэй. Энэ хавар 2-3 удаа ухаан алдаж унаснаас хойш юу ч санахгүй байгаа. 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өршөөлөөр суллагдсан болохоор энд л байсан байх. Энд тодорхой байрлаж байсан газар байхгүй. З-д очиж бүртгүүлэх байсан тул Чт 1-2 хоног архи ууж байсан. Тухайн үед ямар  хувцастай байснаа санахгүй байна. Хохирогчид хохирол, төлбөр төлж барагдуулсан зүйл байхгүй. Өмнө нь архи уухаараа дандаа танхайн гэмт хэрэг үйлддэг байсан. Сүүлд хулгай хийсэн юм шиг байна. Хууль мэдэхгүй болохоор хэргийн зүйлчлэлийг мэдэхгүй байна. Хуулийн хүн зөв зүйлчилсэн байх. Би гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг дээр ямар мэдүүлэг өгснөө санахгүй байна, ямар цагдаа мэдүүлэг авсныг санахгүй байна. Мааньтын хорих ангид байхад байнгын эмчилгээтэй байсан. Энд ирээд сар гаран болж байна. Эмчилгээ тасалдаад байна. Хурдан шийдүүлээд явмаар байна гэв.

 

2.  Хохирогч Т.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Манай эхнэр Г аймгийн С сумын 1 дүгээр баг, .... тоотод байрлах дүүгийнхээ хашаанд гэр бариад хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт явуулдаг. 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 5 дахь өдөр байсан болохоор манай гэр бүлийнхэн хөдөө гэртээ ирцгээсэн. 2021 оны 09 дүгээр сарын 11-ний орой дүү Н манай эхнэрийн гар утас руу залгаад манай гэрийн хаалгыг эвдээд хулгай орсон талаар хэлсэн. Маргааш нь Ч ирж гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзтэл  авдарт байсан хуучны цалин цагаан мөнгөөр бөгжилж бүрсэн, зэсэн амгаатай мөнгөн хазаар хулгайд алдагдсан байсан. Уг хазаар нь өв дамжиж ирсэн. Миний хулгайд алдсан хазаар гэрийн хоймор байрлуулсан 2 арслантай авдрын баруун талын авдарт байсан. Би хазаараа хамгийн сүүлд хөдөөнөөс Ч руу нүүх үедээ авдартаа хийсэн. Гомдолтой байна, алдсан мөнгөн хазаараа биетээр нь эсхүл 1 500 000 төгрөгөөр үнэлж мөнгийг нь төлүүлж авмаар байна” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 29-35 хуудас/

 

3. Гэрч В.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр амралтын өдөр байсан болохоор бэр эгч хүүхдүүдээ аваад хөдөө гэр лүүгээ явсан. Би 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 17 цагийн үед гэрээсээ гарсан. Манай нөхөр Э 19 цагийн үед гэрээсээ гарсан гэсэн. Орой 21 цагийн үед бид хамтдаа гэртээ ирсэн чинь манай хашаанд байдаг М ахын гэрийн хаалгыг нь хөшөөд хүн орсон байхаар нь хөдөө гэр лүү хэлээд цагдаад дуудлага өгсөн. Манай ах, эгч хоёр ирээд гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзээд мөнгөн хазаар алга болсон байна, өөр алга болсон зүйл байхгүй байна гэж хэлсэн. Алдсан гэх мөнгөн хазаар нь хуучны мөнгөн хазаар гэдгийг нь би мэднэ” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 44-46, 52-53 хуудас/

 

4. Гэрч Т.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 5 дахь өдөр байсан учраас хүүхдүүдээ аваад хөдөө гэр лүүгээ явсан. Тэгтэл 2021 оны 09 дүгээр сарын 11-ний орой манай дүү Н залгаад танай гэрт хулгай орсон байна гэхээр нь манай нөхөр бид хоёр 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өглөө гэртээ ирээд гэрийнхээ эд зүйлийг шалгаж үзтэл гэрийн авдранд байсан манай нөхрийн өвөөгийнх нь мөнгөн хазаар алга болсон байсан. Тэр хазаар нь хуучны мөнгөөр мөнгөлсөн хазаар байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 47-49,56-57 хуудас/

 

5. Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр амралтын өдөр байсан болохоор М ахын эхнэр нь хүүхдүүдтэйгээ хөдөө явсан. Манай эхнэр Н 13 цагийн орчим гадуур ажилтай гээд гарсан, би гэртээ охинтойгоо үлдсэн. Гэртээ байж байтал манай эхнэр аавынхаа гэрт ирсэн байна гэж ярихаар нь би охиноо аваад 15 цаг өнгөрч байхад хадам аавын гэрт очсон. Намайг гэрээсээ гарахад манай байшингийн баруун талд байсан М ахын гэр нь гаднаасаа цоожтой байсан бөгөөд би хашаанаас гараад хашааныхаа хаалгыг цоожлоогүй явсан. Орой 20 цагийн орчим эхнэр хүүхэдтэйгээ хамт гэртээ иртэл М ахын гэрийнх нь хаалга онгорхой байхаар нь эхнэр бид хоёр М ахынх ирсэн юм байна гэж ярилцаад гэрт нь ортол хүн байхгүй, гэрэл нь унтраалттай байхаар нь гэрлийг нь асаагаад хартал гэрийнх нь хойморт байдаг 2 авдрыг ухаад хамаг хувцсыг нь гаргаад хаячихсан, авдар нь онгорхой байсан. Би хулгайч орж ирээд гэрийг нь ухсан байж магадгүй гэж бодоод цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд М ахтай холбогдсон. М ах авдар дотор хазаар байна уу гэж асуухаар нь хартал мөнгөн хазаар байхгүй байсан. Тухайн өдрийн маргааш нь М ах, Э эгч нар ирээд гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзээд мөнгөн хазаар алдагдсан гэж ярьж байсан. 2021 оны 07 дугаар сард Мягмар ахын гэрт нь очиход надад мөнгөн хазаар үзүүлж байсан. Тухайн хазаар нь битүү мөнгөн байсан бөгөөд суран жолоотой байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 63-65 хуудас/

           

6. Гэрч З.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би хэдэн онд гэдгийг нь сайн санахгүй байна, одоогоос 2-3 жилийн өмнө Боржигон чуулгын уран бүтээлчдийн “Би Монгол хүн” нэртэй дуунд клип хийлгэхээр болоод М ахынд очиж ахын хазаар, эмээл зэргийг нь хэрэглэж адуунаас нь морь унаж зураг авалт хийсэн. Тухайн клипний зураг авалт хийж байх хугацаанд би өөрийнхөө гар утсаар авч байсан зураг байгаа. Үүнийг би мөрдөн шалгах ажиллагаанд өгч болно” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 70-71 хуудас/

 

7. Гэрч Т.Ж мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би Н буюу Саботой 2021 оны намар 9 сар билүү, 10 сард нэг удаа тааралдсан. Тэр С сумын 1 дүгээр баг, 72 дугаар байрны өөдөөс харсан 2 айлын орон сууцны зүүн талын айл буюу О гэдэг айлд 2 хоног архи уусан. Тэр үеэр нь би түүнтэй ганц нэг шил архи хувааж уусан. Тухайн үед Б, О, А гэх хүмүүс хамт архи ууж байсан. Сабо тэнд архи уусны маргааш нь нэг хүн надад Сабо айлын хазаар хулгайлсан гэнээ, хүмүүс хайгаад явж байна гэж ярьж байсан. Түүнээс хойш Сабо ахиж харагдахаа больсон” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 81-82 хуудас/

 

8. Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Н нь хамгийн сүүлд манайхаар 1 жилийн өмнө ирсэн. Тухайн үед 2021 оны 09 дүгээр сар байсан, хэдний өдөр байсан талаар одоо санахгүй байна. Ирэх үедээ цэнхэр өнгийн куртик, цэнхэр өнгийн пүүз, цайвар өнгийн цамц, цэнхэр  өнгийн малгайтай, хар цүнх барьчихсан 40 000 төгрөгтэй ирсэн. Тухайн мөнгөөр нь 2 шил архи авч уугаад дууссан. Манай гэрийн үүдний амбаарт 2 хоносон санагдаж байна” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 191-192 хуудас/

 

9. Шинжээч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: Дүгнэлтэд тусгагдсан ерөнхий байдал гэдэг нь уг объектын хэлбэр хэмжээ болон гутлын мөрний урт, өргөн хээний зураглал зэргийг авч үзнэ. Хувийн болон онцлог шинж гэдэг нь элэгдэлт, хагарал болон бусад гадны хүчин зүйлийн үйлчлэлээр болон эдэлгээний явцад үүссэн элэгдэлтийг хэлнэ. Хувийн болон онцлог шинж тэмдгүүдийг гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №8, №10 дээр тусган харуулсан байгаа бөгөөд хувийн онцлог шинж тэмдгүүдийг улаан өнгөөр тэмдэглэсэн байгаа” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 193-194 хуудас/

 

10. Шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 17ы өдрийн 009/012 дугаартай дүгнэлтэнд: Хэргийн газрын үзлэгээр гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан гутлын мөр Зураг №3 нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. О.Наас хурааж авсан гэх гутлын мөр нь гэрэл зургийн үзүүлэлтийн 1 дэх хуудасны 2 дугаар нүүрэнд 9х12 см хэмжээтэй 3 гэрэл зураг байх ба түүний дунд хэсэгт Зураг №3. Гутлын мөр-2 гэсэн тайлбартай, газрын хөрсөн дээр үүсгэгдсэн гутлын мөртэй хэмжээ болон ерөнхий шинж тэмдгүүдээрээ тохирч байна. Онцлог шинж тэмдгүүдийг гэрэл зургаас үзнэ үү. Шинээр нөхцөл байдал илэрсэнгүй.

Дүгнэлт гаргасан шинжээч, цагдаагийн дэслэгч Э.Б гэжээ. /1-р х.х-ийн 97-102/

 

11. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р х.х-ийн 15-26 хуудас/

 

12. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р х.х-ийн 184-190, 2-р х.х-ийн 9-10 хуудас/

 

13. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р х.х-ийн 215, 2-р х.х-ийн 10 хуудас/

 

14. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ТХҮ-922/4550 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р х.х-ийн 198-200 хуудас/

 

15. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /1-р х.х-ийн 115, 127-159, 221-234 хуудас/

 

16. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ХМШЗ/192 дугаар Өршөөл үзүүлэх тухай шүүгчийн захирамжийн хуулбар, ялын тооцооны тодорхойлолт /1-р х.х-ийн 160-162, 220 хуудас/  

 

17. Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухай баримтууд /1-р х.х-ийн 244-249, 2-р х.х-ийн 1-4 хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

 

НЭГ. Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.Н нь 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Г аймгийн С сумын 1 дүгээр баг, Төмөр замын ..... дугаар байрны хашаанд байрлах Т.Мын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч гэрийн хойд хэсэгт байрлах авдарнаас мөнгөн тоногтой хазаар хулгайлж, 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

Шүүгдэгч О.Нын гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

  Шүүгдэгч О.Н дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь  хохирогч Т.М, гэрч В.Н, Т.Э, Э.Э, З.Д, Т.Ж, Б.О, шинжээч Э.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 17ы өдрийн  009/012 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.

 

Шүүгдэгч О.Н нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгч О.Нын үйлдэлд тохирсон болохыг дурдах зүйтэй байна.

            Харин шүүгдэгч О.Н толгойд авсан гэмтлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн, урьд нь өгсөн мэдүүлгүүдээ мэдэхгүй, санахгүй байна гэж, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нь хавтаст хэрэгтэй танилцахад гэмт хэргийн зүйлчлэлийг үгүйсгэх асуудал байхгүй боловч шүүх хуралдаанд шүүгдэгч О.Н нь тухайн гэмт хэргийг үйлдсэн талаар тодорхой мэдэхгүй гэсэн мэдүүлгийг өгч байна. Иймд шүүгдэгч О.Ныг тухайн гэмт хэргийг үйлдсэн эсэхийг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдэх байх гэж үзэж байна гэжээ.

            Шүүгдэгч О.Н нь Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ХМШЗ/192 дугаар Өршөөл үзүүлэх тухай шүүгчийн захирамжаар тус аймагт байрлах Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангиас суллагдсан байна. Шүүгдэгч О.Н нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх хугацаанд тус аймагт байсан, гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэгт хураагдсан эд мөрийн баримт, шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 17ы өдрийн 009/012 дугаар дүгнэлт, шинжээч Э.Б, гэрч Б.О нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг тус тус нотлогдон тогтоогдож байгааг дурдлаа.

 

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч нь амар хялбар аргаар мөнгөтэй болох хүслээс үүдэлтэй байна.

 

ХОЁР: Шүүгдэгч О.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа улсын яллагч Ш.Батсүх: Шүүгдэгч О.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 03 жил 07 сар 28 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 5 жил 1 сар 10 хоногийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх гэсэн саналыг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг: шүүгдэгч О.Н нь эрүүл мэндийн хувьд тархины уйланхай, тархины цусан хангамжийн архаг дутагдал гэсэн оноштой. Энэ үйлдсэн гэмт хэргийг урьд нь шийтгэгдсэн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний шийтгэх тогтоолоор хамт шийдвэрлэх боломжтой байсан зэргийг харгалзан хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү. Мөн 415 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байсан болон эрүүл мэндийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад хорих ялыг эдлүүлэх гэсэн саналыг тус тус гаргажээ.

 

Шүүгдэгч О.Нт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хуульд заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч О.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний эрүүл мэндийн байдал, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэгээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд гаргасан хүсэлт зэргийг тус тус харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Мөн ялын тооцооны тодорхойлолтоор /1-р х.х-ийн 220/ 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар шүүгдэгч О.Нын эдлээгүй үлдсэн хорих ялын хугацааг 3 жил гэж тогтоосон ба түүнд 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хүртэл хугацаанд 1 сар 25 хоногийн хорих ял эдлэсэн байх тул Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/10 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 03 жил 07 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 5 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэм хорын нэхэмжлэлийн талаар: Хохирогч Т.М 1 500 000 төгрөгийн хохирлоо нөхөн төлүүлж авмаар байна гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн ба “Ашид билгүүн” ХХК-ний 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ТХҮ-922/4550 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шүүгдэгч О.Наас 1 200 000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Мт олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч О.Нын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нийт 36 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор тогтоолоо.

Мөн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Nike” загварын хос пүүзэн гутал, хар бор өнгийн дугуй хэлбэртэй 5.25 см голчтой цоожны даруулга төмөр, мөнгөлөг өнгөтэй SANTIAO гэсэн бичиглэл бүхий цоож, 62 см урттай 5 см өргөнтэй бор өнгийн төмөр, 67 см урттай 2 см өргөнтэй мөнгөлөг өнгийн төмөр зэргийг тус тус устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Оийн Ныг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч О.Ныг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Нт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 03 жил 07 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил 10 /арав/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялын хэмжээг 4 /дөрөв/ жил 10 /арав/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нт оногдуулсан 4 /дөрөв/ жил 10 /арав/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нын цагдан хоригдсон 36 /гучин зургаа/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр хөх өнгийн “Nike” загварын хос пүүзэн гутал, хар бор өнгийн дугуй хэлбэртэй 5.25 см голчтой цоожны даруулга төмөр, мөнгөлөг өнгөтэй SANTIAO гэсэн бичиглэл бүхий цоож, 62 см урттай 5 см өргөнтэй бор өнгийн төмөр, 67 см урттай 2 см өргөнтэй мөнгөлөг өнгийн төмөр зэргийг тус тус устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч О.Наас 1 200 000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж Г аймгийн Ш сумын 2 дугаар баг, Зүлэгт гэх газар оршин суух хохирогч Т.Мт олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Нт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Г аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БАТТУЛГА