Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 603

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монос 2 дугаар гудамж, 6 тоотод оршин суух Боржигон овогт Тэхугийн Анхбаяр /РД:ЖЯ93030387/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүсийн дунд голын 30А байр, 53 тоотод оршин суух Баарин овогт Дашдоржийн Энхжаргал /РД:ух64020141/-д холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 11,625,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүрэнхор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзулнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Анхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүрэнхор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Энхжаргал нь 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Т.Анхбаярт “...би чамд газрын гэрчилгээ гаргаж өгнө” гэж хэлээд нэхэмжлэгчээс 7,750,000 төгрөгийг зээлж авсан. Ингээд уг 7,750,000 төгрөгийн хэмжээн дээрээ мөнгө өгсөн авснаа баталгаажуулах үүднээс мөн өдрөө зээлийн гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан. 7,750,000 төгрөгийг нийт 30 хоногийн хугацаанд буюу 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд хүү тооцохгүйгээр, зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцож нотариатаар баталгаажуулсан. Гэвч хариуцагч нь тохирсон ёсоор газрын гэрчилгээг гаргаж өгөөгүй ба одоог хүртэл нэхэмжлэгчийг хохироож байна. Уг нь хариуцагч нь нэхэмжлэгчид Ар гүнтэд хоёр айлын газар авч өгнө гэж амалсан байдаг. Хэрэв амалсан ёсоор газраа авч өгсөн бол уг мөнгийг буцааж авахгүй байсан. Иймд хариуцагч Д.Энхжаргалаас зээлдүүлсэн мөнгөө буцааж авах хүсэлтэй байна. Дээрх зээлийн гэрээний дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу харилцаа үүссэн бөгөөд хариуцагч Д.Энхжаргал нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 7,750,000 төгрөг, алданги 3,875,000 төгрөг, нийт 11,625,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 600 хоног болж байгаа бөгөөд нэг өдрийн алданги 7,750 төгрөг болж байгаа. Нийт авах ёстой алданги 4,650,000 болох боловч уг үнийн дүн нь үндсэн зээлийн 50 хувиас хэтэрсэн учир 3,875,000 төгрөгөө алдангид тооцсон гэжээ.

 

Хариуцагч Д.Энхжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дашдорж овогтой Энхжаргал миний бие 2017 оны 02 дугаар сард Т.Анхбаяртай анх уулзсан бөгөөд миний болон манай дүүгийн нэр дээр Ар гүнтэд зусланд эзэмших эрхийн гэрчилгээтэй 2 газар байсан юм. Нэгийг нь Т.Анхбаярын найз авсан. Харин Т.Анхбаяр найзаараа дамжуулан 1 газрыг чинь шилжүүлж авъя, гэж газар болон гэрчилгээг үзсэн. Тэгээд надад “...1 айлын газар арай бага байна, та 2 айлын газар асуугаад өгөөч” гэсэн. Би түүнд туслах үүднээс ахаасаа асуусан чинь найзад нь 2 айлын газар байгаа гэсэн. Ингээд Т.Анхбаярыг дагуулж очиж үзүүлээд таалагдсан учир гэрээ хийж тэр газрыг гэрчилгээг гаргуулахаар газрын кадастрын албаны хүнд мөнгийг өгсөн. Энэ хугацаанд 2 удаа тэр газрыг Сонгинохайрхан дүүргийн захирамжид оруулсан байдаг боловч зөвшөөрөл нь гараагүй өдий хүрсэн. Би энэ кадастрын хүнд мөнгийг өгсөн. Түүнээс мөнгөө удаа дараа шаардаж байсан боловч өнөө маргаашгүй удахгүй гарна, захирамж гараагүй байна гэх мэтээр байнга хуурч мэхэлсээр өдий хүрсэн. Би аргаа бараад одоо хуулийн байгууллагад хандахаас өөр замгүй болоод байгаа. Би Т.Анхбаяртай зээлийн гэрээ хийж 7,750,000 төгрөг авсан нь үнэн боловч хүнд хууртаж өөрөө бас хохироод байна. Нэхэмжлэлд дурдсан алдангийг төлөх боломжгүй, харин зээлийн гэрээ хийж газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж авсан мөнгийг тодорхой хугацаанд тохиролцон төлөх хүсэлтэй байна. Т.Анхбаяраас авсан 7,750,000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 3 хувааж буюу 2019 оны 5 дугаар сарын 15-нд 2,583,000 төгрөг, 6 дугаар сарын 15-нд 2,583,000 төгрөг, 7 дугаар сарын 15-нд 2,583,000 төгрөгөөр тус тус төлөх боломжтой гэжээ.

 

Хэрэгт цугларсан баримт, зохигчийн тайлбарыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Т.Анхбаяр болон Д.Энхжаргал нар “зээлийн гэрээ” байгуулжээ. Уг гэрээгээр Т.Анхбаяр нь 7,750,000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар, хүүгүй зээлэхээр тохирсон байх бөгөөд зээлийг эргүүлэн төлөх хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцохоор талууд харилцан тохирсон байна /хх 4 хуудас/.

 

Нэхэмжлэгч Т.Анхбаяр нь хариуцагч Д.Энхжаргалд холбогдуулж үндсэн зээл 7,750,000 төгрөг, алданги 3,875,000 төгрөг, нийт 11,625,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Тэрээр өөрийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагчид 7,750,000 төгрөгийг хоёр айлын газар авахаар өгсөн ба үүнийг баталгаажуулах үүднээс зээлийн гэрээ байгуулсан. Гэвч хариуцагч газар олж өгөөгүй учраас одоо зээлсэн үндсэн мөнгөө алдангийн хамт буцаан шаардаж байна” гэжээ.

 

Хариуцагчийн зүгээс “...7,750,000 төгрөгийг нэхэмжлэгчид газар авч өгөх гэж хүлээн авч, зээлийн гэрээ байгуулсан нь үнэн. Би өөрөө бусдад хуурагдаад мөнгөө алдсан байгаа тул алдангийг төлөхгүй. Харин үндсэн зээлийг хувааж төлөх хүсэлтэй” гэсэн агуулга бүхий тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

Шүүхээс хэрэгт цугларсан баримтууд болон талуудын тайлбарыг харьцуулан судлаад 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн гэрээгээр нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзлээ.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгүүдээр зохицуулжээ.

 

Хариуцагч зээлийн гэрээг байгуулсан болон гэрээний зүйл болох 7,750,000 төгрөгийг хүлээн авсан, мөн буцаан төлөөгүй байгаа үйл баримтын талаар маргаагүй тул шүүхийн зүгээс нэхэмжлэгчид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлсэн мөнгөө буцаан шаардах эрх бий болсон гэж дүгнэлээ.

 

Мөн талууд зээлийн гэрээгээр алдангийг харилцан тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасантай харшлаагүй байх тул гэрээний хариуцлага буюу алдангийг нэхэмжлэгч тал хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Харин гэрээний үүргээ зөрчсөн нөхцөл байдал болон хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг харгалзан үзэж алдангийн хэмжээг 625,000 төгрөгөөр бууруулж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасантай харшлахгүй гэж шүүх үзэв.

 

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Д.Энхжаргалаас 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний дагууүндсэн зээл 7,750,000 төгрөг, алданги 2,250,000 төгрөг, нийт 11,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Анхбаярт олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагчД.Энхжаргалаас 11,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Анхбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 625,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн200,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Энхжаргалаас 190,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Анхбаяртолгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                              Н.ХАНГАЛ