Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 338

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 4 дүгээр байр, 9 тоотод оршин суух Боржигон овогт Мундаагийн Идэрчулуун /РД: тж64050375/

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 4 дүгээр байр, 9 тоотод оршин суух Боржигон овогт Батдоржийн Баясгалан /РД: чз64092661/

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10а байр, 43 тоотод оршин суух Өндөрнөр овогт Түмэнбаярын Оюунжаргал /РД: рф70112063/-д холбогдох

 

50,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн,

орон сууцны гэрчилгээ гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхзаяа, хариуцагч Т.Оюунжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Идэрчулуун нь эхнэр Б.Баясгалангийн хамт Дархан-Уул аймагт барьцаалан зээлдэх үйл ажиллагаа явуулдаг. Хариуцагч Т.Оюунжаргалын нөхөр Х.Мөнхбат нь нэхэмжлэгч М.Идэрчулуун болон түүний эхнэр Б.Баясгалан нартай дараах зээлийн гэрээнүүдийг байгуулсан байдаг. Үүнд:

1/ 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч М.Идэрчулуунтай зээлийн болон барьцааны гэрээнүүдийг байгуулсан. Уг гэрээгээр Х.Мөнхбат нь 10,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлж авсан. Ингэхдээ барьцаанд нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороо, 13 дугаар байрны 47 тоот орон сууцыг тавьсан. Барьцааг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Энэхүү гэрээний дагуу хүлээсэн үүргээ Х.Мөнхбат нь бүрэн биелүүлсэн бөгөөд энэ талаар бидэнд ямар нэг маргаан байхгүй.

2/ Х.Мөнхбат нь 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч М.Идэрчулуунтай “Зээлийн болон барьцааны гэрээ” байгуулж 14,000,000 төгрөг зээлсэн байдаг. 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Зээлийн болон барьцааны гэрээ”-ний дагуу Х.Мөнхбат нь 14,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлж авсан. Талууд зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үлдсэн мөнгөн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохирсон. Нэхэмжлэгч М.Идэрчулуун нь зээлийн гэрээний дагуу 14,000,000 төгрөгийг цаг тухайд нь шилжүүлэн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Харин Х.Мөнхбат нь 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дээрх гэрээний дагуу нэг сарын зээлийн хүүд 840,000 төгрөг төлсөн боловч зээлийн үндсэн төлбөр болон үлдсэн хүү, алдангийг одоог хүртэл төлөөгүй юм.

3/ Х.Мөнхбат нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Б.Баясгалантай “Барьцаат зээлийн гэрээ” байгуулж 11,000,000 төгрөг зээлж авсан юм. Уг гэрээг байгуулахдаа талууд өмнө нь барьцаанд тавьсан байраа чөлөөлүүлэлгүйгээр дахин нэмж мөнгө зээлэхээр тохирсон. Энэ гэрээгээр Х.Мөнхбат 11,000,000 төгрөгийг 7 хоногийн 3 хувийн хүүтэйгээр зээлж, 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр эргүүлэн төлөх үүрэг хүлээсэн. Үүний дагуу Б.Баясгалан 11,000,000 төгрөгийг цаг тухайд нь шилжүүлэн өгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэвч Х.Мөнхбат нь мөн л дээрх гэрээгээр хүлээсэн зээлийн үндсэн төлбөрийг хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй. 

Х.Мөнхбат нь сүүлд байгуулсан хоёр гэрээнүүдийн дагуу хүлээсэн зээлийн үндсэн төлбөрийг хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргээ биелүүлэлгүй байсаар 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр нас барсан юм. Иргэний хуулийн 520.1.1-т зааснаар Х.Мөнхбатын эхнэр Т.Оюунжаргал нь түүний хууль ёсны өвлөгч болох бөгөөд Иргэний хуулийн 535.1 дэх заалтын дагуу талуудын байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнүүдийн дагуу Х.Мөнхбатын гүйцэтгэвэл зохих үүрэг нь түүний хууль ёсны өвлөгчид нь шилжих ёстой. Иймд нэхэмжлэгч нар дээрх байгуулагдсан гэрээнүүдийн дагуу Иргэний хуулийн 281.1, 282.1, 535.1 дэх заалтуудыг баримтлан дараах шаардлагуудыг талийгаач Х.Мөнхбатын хууль ёсны өвлөгч Т.Оюунжаргалд холбогдуулан гаргаж байна. Үүнд:

1/ 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Зээлийн болон барьцааны гэрээ”-ний дагуу үндсэн зээл 14,000,000 төгрөг, хүү 7,000,000 төгрөг, алданги 7,000,000 төгрөг, нийт 28,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Идэрчулуунд олгуулах.

2/ 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Барьцаат зээлийн гэрээ”-ний дагуу  үндсэн зээл 11,000,000 төгрөг, алданги 11,000,000 төгрөг, нийт 22,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Баясгаланд олгуулах.

3/ Үүргийн гүйцэтгэлийг зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороо, 13 дугаар байрны 47 тоот орон сууцаар хангуулах. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Дээр дурдсанчлан Х.Мөнхбат нь 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч М.Идэрчулуунтай зээлийн болон барьцааны гэрээнүүдийг байгуулсан. Барьцаанд нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороо, 13 дугаар байрны 47 тоот орон сууцыг тавьж, улсын  бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Үүний дараа Х.Мөнхбат нь 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч М.Идэрчулуунтай “Зээлийн болон барьцааны гэрээ” байгуулж 14,000,000 төгрөг зээлсэн. Талийгаачийн зүгээс өмнөх зээлийн барьцаагаа чөлөөлүүлэхгүйгээр дахин зээл авах санал тавьсныг нэхэмжлэгч хүлээн авсан байдаг. Уг зээлийн гэрээний 4 дүгээр заалтад “Энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахын тулд барьцааны зүйл болгон Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороо, 13 дугаар байрны 47 тоот орон сууцыг барьцаанд авав” гэж заасан байгаа. Үүнээс үзэхэд талууд уг орон сууцыг уг зээлийн барьцаанд тавихаар харилцан тохирсон гэж үзнэ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх дуусгавар болоогүй, уг гэрээний заалтаар баталгаажсан байгаа. Ийм учраас орон сууцыг барьцаанаас чөлөөлөх боломжгүй. Шүүх хуралдаанд хариуцагч өөрийн сөрөг нэхэмжлэлийг тодруулж байна. Уг тодруулсан үндэслэлийг ойлгож байгаа бөгөөд шууд шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэх боломжтой гэжээ. 

 

Хариуцагч Т.Оюунжаргал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Т.Оюунжаргал миний бие Х.Мөнхбатад 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 13 дугаар байрны 47 тоот хаягт байршилтай, Ү-2003008046 дугаартай 39 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатай итгэмжлэлээр олгосон билээ. Х.Мөнхбат нь дээрх итгэмжлэлийн хугацаанд 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр М.Идэрчулуунаас 10,000,000 төгрөгийг зээлж авсан. Ингээд 2014 оны 5 дугаар сарын 31-ний өдөр зээл болон зээлийн хүүгийн хамт 11,200,000 төгрөгийг төлж барьцаалагчийн шаардлагыг хангасан болох нь тогтоогдсон. Иймд барьцаагаар хангагдах шаардлагыг дуусгавар болсонд тооцож М.Идэрчулуун, Б.Баясгалан нараас Дархан-Уул аймгийн Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 13 дугаар байрны 47 тоот хаягт байршилтай, Ү-2003008046 дугаартай 39 м/кв 3 өрөө орон сууцны гэрчилгээг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.Оюунжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал болох М.Идэрчулуун, Б.Баясгалан нар намайг талийгаач Х.Мөнхбатын хууль ёсны төлөөлөгч, өвлөгч гэж үзэн надаас талийгаач Х.Мөнхбатын зээлсэн мөнгө, түүний хүү болон алдангид нийт 50,000,000 төгрөг шаардсаныг би хүлээн зөвшөөрөхгүй, дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1/ Нэхэмжлэлд намайг “хууль ёсны өвлөгч” гэж тодорхойлжээ. Гэтэл миний бие Т.Оюунжаргал нь Х.Мөнхбаттай 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн ба хоорондын таарамжгүй харьцааны улмаас бид 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/00454 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Үүнээс хойш Х.Мөнхбат нь 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр нас барсан. Ийм учраас миний бие талийгаач Х.Мөнхбатын хууль ёсны өвлөгч байх боломжгүй, бидний гэрлэлт дуусгавар болсон би ямар ч эд хөрөнгө өвлөж аваагүй. Талийгаачийн гүйцэтгэвэл зохих үүрэг хариуцлагыг хүлээх үндэслэлгүй юм.

2/ Т.Оюунжаргал миний бие Х.Мөнхбатад 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 13 дугаар байрны 47 тоот хаягт байршилтай, Ү-2003008046 дугаартай 39 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатай бусдад барьцаанд тавих итгэмжлэл өгсөн. Уг итгэмжлэлийн дагуу миний хуваарьт хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороо, 13 дугаар байрны 47 тоот орон сууцыг Х.Мөнхбат нь нэхэмжлэгч М.Идэрчулуунд зээлийн барьцаанд тавьж 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөгийг зээлж авсан. Би өөрөө бизнесийн ашиг ирэх хугацааг тооцож 3 сарын хугацаанд итгэмжлэл хийж, зээлийн гэрээг байгуулсан учир 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг бол мэдэж байсан. Улмаар Х.Мөнхбат нь 2014 оны 5 дугаар сарын 31-ний өдөр зээл болон зээлийн хүүгийн хамт 11,200,000 төгрөгийг төлж үүргээ бүрэн биелүүлсэн байдаг.

Сүүлд нь талийгаачийн бие өвдөөд эмнэлэгт байхад М.Идэрчулуун надтай утсаар холбогдож сүүлд авсан хоёр зээлийн талаар надад тайлбарласнаар би талийгаачийн сүүлд авсан зээлүүдийг мэдсэн. Уг хоёр зээлийг талийгаач өөрөө авч, өөртөө зарцуулсан байх, учир нь гэр бүлийн хэрэгцээнд нэг ч төгрөг зарцуулагдаагүй. Мөн надаас Х.Мөнхбатад өгсөн орон сууцыг барьцаанд тавих итгэмжлэлийн хугацаа дууссан байсан учир талууд барьцааны гэрээг улсын бүртгэлд ч бүртгүүлээгүй байна. Ийм учраас сүүлийн гэрээний дагуу барьцааны эрх нэхэмжлэгчид үүсээгүй гэж ойлгож байна. Нэгэнт би сүүлд байгуулагдсан зээлийн гэрээнүүдэд ямар нэгэн байдлаар оролцоогүй, талийгаач Х.Мөнхбатын хууль ёсны өвлөгч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцахгүй.  

Шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ бүрэн дэмжиж байгаа. Дээр дурдсанчлан  миний бие өөрийн хуваарьт хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 13 дугаар байрны 47 тоот хаягт байршилтай, Ү-2003008046 дугаартай 39 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатай бусдад зээлийн барьцаанд тавих итгэмжлэлийг талийгаач Х.Мөнхбатад олгосон. Х.Мөнхбат нь дээрх итгэмжлэлийн хугацаанд 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр М.Идэрчулуунаас 10,000,000 төгрөгийг зээлж авсан. Уг зээлээ хүүтэй нь буцаагаад төлчихсөн, үүрэг дууссан. Нэгэнт үндсэн үүргээ биелүүлсэн учир барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Сөрөг нэхэмжлэлдээ миний бие “...барьцаагаар хангагдах шаардлагыг дуусгавар болсонд тооцож М.Идэрчулуун, Б.Баясгалан нараас Дархан-Уул аймгийн Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 13 дугаар байрны 47 тоот хаягт байршилтай, Ү-2003008046 дугаартай 39 м2 талбайтай 3 өрөө орон сууцны гэрчилгээг гаргуулж өгнө үү” гэж бичсэн. Гэхдээ сөрөг нэхэмжлэлийн гол санаа нь өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаанаас чөлөөлүүлэх агуулгатай юм гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч М.Идэрчулуун болон Х.Мөнхбат нар зээлийн болон барьцааны гэрээ байгуулжээ. Зээлийн гэрээгээр Х.Мөнхбат нь 10,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй хүлээн авчээ /хх 106, 150, 151 хуудас/.

 

Х.Мөнхбат нь дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож хариуцагч Т.Оюунжаргалаас 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 3 /2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл/ сарын хугацаатай өгсөн “орон сууц захиран зарцуулах итгэмжлэл”-ийн дагуу Т.Оюунжаргалын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороо, 13 дугаар байрны 47 тоот орон сууцыг барьцаалсан байна /хх 106, 148, 150 хуудас/.

 

Дээрх 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ Х.Мөнхбат бүрэн гүйцэтгэсэн талаар зохигчид маргаангүй.

 

2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ дуусгавар болсны дараа 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Х.Мөнхбат нь нэхэмжлэгч М.Идэрчулуунтай “Зээлийн болон барьцааны гэрээ” байгуулж 14,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлж авчээ. Талууд зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үлдсэн мөнгөн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохирсон байна.

 

Улмаар Х.Мөнхбат нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Б.Баясгалантай “Барьцаат зээлийн гэрээ” байгуулж 11,000,000 төгрөгийг 7 хоногийн 3 хувийн хүүтэйгээр зээлж, 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр эргүүлэн төлөх үүрэг хүлээсэн байна.

 

2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгч М.Идэрчулуун болон Б.Баясгалан нар хариуцагч Т.Оюунжаргалд холбогдуулж дараах шаардлагуудыг гарган шүүхэд ханджээ. Үүнд:

1/ 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Зээлийн болон барьцааны гэрээ”-ний дагуу үндсэн зээл 14,000,000 төгрөг, хүү 7,000,000 төгрөг, алданги 7,000,000 төгрөг, нийт 28,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Идэрчулуунд олгуулах. 

2/ 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Барьцаат зээлийн гэрээ”-ний дагуу  үндсэн зээл 11,000,000 төгрөг, алданги 11,000,000 төгрөг, нийт 22,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Баясгаланд олгуулах.

3/ Үүргийн гүйцэтгэлийг зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороо, 13 дугаар байрны 47 тоот орон сууцаар хангуулах. 

 

Нэхэмжлэгчийн зүгээс дээр дурдсан шаардлагуудын үндэслэлээ “...гэрээний тал болох Х.Мөнхбат нь 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр нас барсан тул Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт зааснаар Х.Мөнхбатын хууль ёсны өвлөгч болох эхнэр Т.Оюунжаргалаас гэрээний үүргийг шаардаж байна” гэж тайлбарлажээ.   

 

Хариуцагч Т.Оюунжаргал өөрт нь холбогдуулж гаргасан дээрх шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Тэрээр өөрийн татгалзлаа “...Х.Мөнхбат бид хоёр гэрлэлтээ цуцлуулсан, хууль ёсны өв залгамжлагч биш учир би талийгаачийн бусдаас зээлсэн мөнгийг төлөх үүрэг хүлээхгүй. Тэгээд ч би Х.Мөнхбатад нэг удаа л 3 сарын хугацаатай өөрийн орон сууцыг барьцаанд тавих итгэмжлэл олгосон. Уг итгэмжлэлийн дагуу авсан зээлээ төлчихсөн учир миний өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж тайлбарласан ба энэхүү татгалзлын үндэслэлээрээ “орон сууцны гэрчилгээ гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

           

Шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг зохигчийн тайлбартай харьцуулан судлаад дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хангаж харин үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэл:

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 535 дугаар зүйлийн 535.1 дэх  хэсгүүдэд зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх нь хууль ёсны өвлөгч байх бөгөөд өв хүлээн авсан өвлөгч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ. 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/00454 дүгээр шийдвэрээр хариуцагч Т.Оюунжаргал болон Х.Мөнхбат нарын гэрлэлтийг цуцалсан ба тэдний хууль ёсны эхнэр нөхөр байх харилцааг дуусгавар болгосон уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна /хх 34, 208 хуудас/. 

 

Харин Боржигон овогт Хуягийн Мөнхбат нь 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр өвчний учир эмнэлэгт нас барсан болох нь хэрэгт авагдсан №0000202491 тоот нас барсны гэрчилгээгээр нотлогдож байна /хх 12 хуудас/.

 

Монголын нотариатчдын танхимын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 927 дугаар албан бичгээс үзэхэд Боржигон овогт Хуягийн Мөнхбатын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө өвлөх эрхтэй холбогдуулан түүний хууль ёсны өв залгамжлагчид өв хүлээн авах хүсэлт гаргасан, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт гаргасан, нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ олгосон эсэхийг Танхимын өвийн нэгдсэн бүртгэлээс шүүж үзэхэд бүртгэгдсэн мэдээлэл байхгүй болох нь тогтоогджээ.

 

Дээрх баримтуудаар хариуцагч Т.Оюунжаргал нь талийгаач Х.Мөнхбатын хууль ёсны өвлөгч мөн болох нь тогтоогдохгүй байх тул хариуцагч Т.Оюунжаргал нь Х.Мөнхбатын нэхэмжлэгч нартай байгуулсан гэрээний үүргүүдийг Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хариуцах учиргүй гэж шүүхээс үзлээ.

 

Сөрөг нэхэмжлэл:

 

Хариуцагч Т.Оюунжаргал нь нэхэмжлэгч М.Идэрчулуун, Б.Баясгалан нарт холбогдуулж “Дархан-Уул аймгийн Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 13 дугаар байрны 47 тоот хаягт байршилтай, Ү-2003008046 дугаартай 39 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцны гэрчилгээг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

 

Сөрөг нэхэмжлэлийн агуулга болон хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд Т.Оюунжаргал нь өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх агуулгаар шүүхэд хандсан гэж үзэхээр байна.   

 

Дээр дурдсанчлан Х.Мөнхбат болон М.Идэрчулуун нарын хооронд 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож Т.Оюунжаргалын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороо, 13 дугаар байрны 47 тоот орон сууцыг барьцаалж, гэрээ байгуулсан ба 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ Х.Мөнхбат бүрэн гүйцэтгэсэн талаар зохигчид маргаагүй /хх 106, 151, 152 хуудас/.

 

Үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд гэрээгээр хүлээсэн үүрэг дуусах ёстойг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт заасан ба Х.Мөнхбат болон М.Идэрчулуун нарын хооронд 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон байна.

 

Барьцааны эрх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг баталгаажуулах зорилготой байдаг бөгөөд энэхүү баталгаа нь үндсэн эрхгүйгээр дангаар бие даан оршин тогтнох боломжгүйг Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасан.

 

2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ нэгэнт дуусгавар болсон буюу Х.Мөнхбат үндсэн үүрэг болох зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн учир нэхэмжлэгч тал Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороо, 13 дугаар байрны 47 тоот орон сууцыг Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 160.3 дахь хэсэгт заасны дагуу барьцаанаас чөлөөлөх үүрэгтэй юм.    

 

2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн М.Идэрчулуун болон Х.Мөнхбат нарын хооронд байгуулагдсан “зээлийн болон барьцааны гэрээ”-ний 4 дүгээр заалтад “...Энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахын тулд барьцааны зүйл болгон Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 13 дугаар байрны 47 тоот хаягт орших 000050785 тоот гэрчилгээ, 39 м2, 3 өрөө Ү-2003008046 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий орон сууцыг барьцаанд авав” гэж заасны дагуу хариуцагч Т.Оюунжаргалын өмчлөлийн орон сууц зээлийн барьцаанд хэвээр байгаа гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй.

 

Учир нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсгүүдэд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заах ёстой.

 

Гэтэл хэрэгт маргаан бүхий орон сууцыг 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээнээс өөр үүргийн барьцаанд бүртгүүлсэн талаарх баримт авагдаагүй ба гэрээний заалт нь өөрөө барьцааны эрхийг дангаар үүсгэхгүй.     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                         

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Т.Оюунжаргалаас гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай М.Идэрчулуун, Б.Баясгалан нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасныг баримтлан      эрхийн улсын бүртгэлийн Ү-2003008046 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сумын 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 13 дугаар байрны 47 тоот хаягт байрлах, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478,150 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Идэрчулуун, Б.Баясгалан нараас 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагч Т.Оюунжаргалд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Н.ХАНГАЛ