Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/81

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Н- овогт Б-гийн Ат холбогдох эрүүгийн 2217001520101  дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 19..... оны 09 дүгээр сарын 20-нд Завхан аймгийн Их уул суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, машинч мэргэжилтэй, ам бүл 3, Шивээ-Овоо ХХК-д ................. ажилтай,ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн Говьсүмбэр аймаг ....... сум, .......... дүгээр баг ........ тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх, Н. овогт Б-ийн А /РД:..................../

                                                                    Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 7-5-70 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ц.Оийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж архи уулаа гэх шалтгаанаар зодож биед нь баруун нүдний зовхинд, эрүүнд, хэвлийн дээд хэсгээр баруун ташаан толгойн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ат холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2217001520101 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Б.А мөрдөн алгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Тухайн хэрэг гарсан өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би 21 цагийн үед ажлаасаа буугаад Оюу маркетаас Соёрхол нэртэй 0,75 литрийн савалгаатай архи 1 шилийг аваад найз Б-тэй хамт гэрт нь хувааж уучихаад гэртээ очтол манай эхнэр байхгүй байсан. Тэгээд би 7 дугаар байранд байгаа юм байна гэж бодоод очтол ганцаараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн хэвтэж байсан. Тэгтэл босож ирээд намайг зайл пизда минь гээд хэл амаар доромжлоод байхаар нь би гараараа нүд хэсэгт нь нэг удаа цохиод нэг удаа хацарт нь алгадсан юм. Тэгээд хэрүүл маргаан болж байтал цагдаа ороод ирсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 52-53 хуудас/

2. Шүүгдэгч Б.А мөрдөн байцаалтын мэдүүлэхдээ: Тухайн өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 21 цагийн үед ажлаасаа буугаад Оюу маркетаас Соёрхол нэртэй 0,75 литрийн савалгаатай архи 1 шилийг аваад найз Б-тэй хамт гэрт нь буюу 13-р байранд очиж хувааж уусан юм. Тэгээд гэртээ очтол манай эхнэр байхгүй байсан. Тэгээд би 7 дугаар байранд байгаа юм байна гэж бодоод очтол ганцаараа архи хэрэглэсэн байдалтай хэвтэж байсан. Тэгээд босож ирээд намайг зайл пизда минь гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би гараараа нүд хэсэгт нь нэг удаа цохиод алгадсан юм. Тэгээд хэрүүл маргаан болж байтал гаднаас цагдаа орж ирээд намайг аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/

3. Хохирогч Ц.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Тухайн өдөр би  Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 7-5-70 тоотод байр түрээслэж басйан юм. Тэгээд би Оюу маркет ороод 0,75 литрийн савалгаатай Хар экс нэртэй архи аваад ганцаараа уусан юм. Тэгээд тасраад унтчихсан байсан. Тэгтэл гаднаас манай нөхөр А орж ирээд намайг архи уусан байна гээд зодчихсон байсан. Би тухайн үед архи согтууруулах зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан болохоор болсон асуудлын талаар сайн санахгүй байна. Маргааш өглөө нь миний баруун талын нүд хавдчихсан байсан. Надад А холбогдуулж гаргах гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/

4. Гэрч У.Р- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Тухайн өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би жижүүртэй байсан юм. Тэгтэл орой 23 цаг өнгөрч байхад 7 дугаар байрны гадуур явж байтал хүмүүс орилоод байхаар нь 65 дугаар орц руу ороод сонстол 70 тоотод хүмүүс муудалцаад байх шиг байхаар нь би хаалгыг нь татаж үзтэл нээлттэй байсан. Тэгээд ортол том өрөөн д Ц.О газар хэвтчихсэн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай, баруун талын нүд нь хөхрөөд хавдчихсан, хамарнаас нь цус гарчихсан хэвтэж байсан. Тэгээд би болсон асуудлын талаар тодруулах гэтэл хариулах чадваргүй байсан. Тэгтэл ариун цэврийн өрөөнөөс А гарч ирээд наадах чинь ганцаараа архи уугаад тасарчихсан байна, би ажлаасаа сая ирлээ, би нүд рүү нь цохичихсон юм гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/

5. Насанд хүрээгүй гэрч А.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Тухайн өдөр би Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, Хөтөл 1-6 тоотод ээж Ц.О, дүү А.И, А.И, А.О, А.И нарын хамт амарч байсан. Аав А тухайн өдөр ажилтай байсан. Тэгээд ээж О орой 16 цаг өнгөрч байхад дүү нараа харж байгаарай, түрээслэх байраа цэвэрлэчихээд ирье гэсэн. Тэгээд орой аав ирээд ээжийг асуухаар нь 7 дугаар байр орно гээд явсан гэж хэлсэн. Тэгтэл шөнө 00 цагийн үед ээж О гаднаас нилээн согтуу, баруун талын нүд нь хавдчихсан орж ирсэн. Тэгээд асуутал аавыг цохисон гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/

6. Гэрч Т.Эмөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Манай дүү А нь 1983 онд Завхан амйгийн Их-Уул суманд төрсөн. Завхан аймгийн Их-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийг 1998 онд төгссөн. Завхан аймагт хөдөө мал дээр мал маллаж амьдарч байгаад 2005 онд Улаанбаатар хот Налайх дүүргийн коллежийг экскаваторын туслах машинист мэргэжлээ төгсөөд 2006 оноос одоог хүртэл Шивээ-Овоо ХХК-д туслах машинистаар ажиллаж байна.Одоо Шивээговь суманд эхнэр хүүхдүүдийн хамт амьдарч байна. Урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, зан байдлын хувьд ааш зан сайтай, зөөлөн сэтгэлтэй, хүнд тусархуу хүн байгаа юм гэх мэдүүлэг. /хх-ийн 43 дугар хуудас/

7. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 221 дугаартай дүгнэлтэд:

-Ц.Оийн биед баруун нүдний зовхинд, эрүүнд, хэвлийн дээд хэсгээр, баруун ташаан толгойд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой.

-Дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. (хх-ийн 22-23 дугаар хуудас),

 

8. Шүүгдэгч Б.А эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 62 дугаар хуудас)

9. Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 4-6 дугаар хуудас/ зэрэг болно.

НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 7-5-70 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ц.Оийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж архи уулаа гэх шалтгаанаар зодож биед нь баруун нүдний зовхинд, эрүүнд, хэвлийн дээд хэсгээр баруун ташаан толгойн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгчид холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 7-5-70 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ц.Оийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж архи уулаа гэх шалтгаанаар зодож биед нь баруун нүдний зовхинд, эрүүнд, хэвлийн дээд хэсгээр баруун ташаан толгойн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан үйл баримт болсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Түүнчлэн хохирогч Ц.Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь гэрч У.Р, шүүгдэгч Б.А нарын мэдүүлэг, Говьсүмбэр шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 221 дугаартай дүгнэлт, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.А нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Б.А нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Б.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.А нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

 

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар: Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч Б.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 /зургаан зуун тавин/ нэгжээр торгох саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Ат эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.Аын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.5-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар яллах дүгнэлтэнд зүйлчлэн ирүүлснийг дурдав.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч, хохирогч нар нь хоорондоо гэр бүлийн асуудлаар ахуйн хүрээнд архидан согтуурч хэрүүл маргаан үүсгэснээс үүдэлтэй байна.

            Иймд шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 650 000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 650 000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдлаа.

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч Н овогт Б-ийн Аыг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 /зургаан зуун тавь/  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 650 000 /зургаан зуун тавь/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат оногдуулсан 650 /зургаан зуун тавь/  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 650 000 /зургаан зуун тавь/ төгрөгөөр торгох ялыг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

   7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                           Н.АРИУНЖАРГАЛ