Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэргүйн Хангал |
Хэргийн индекс | 102/2018/03182/и |
Дугаар | 562 |
Огноо | 2019-02-22 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 562
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, жалханц хутагт Дамдинбазар гудамж, 41 дүгээр байр, 108 тоотод оршин суух, Хөтчин овогт Оюунчимэгийн Бат-Эрдэнэ /РД:цз86021871/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатар гудамж, 13б байрны 100 тоотод оршин суух, Тэргүүлэгч овогт Санжаагийн Нэргүй /РД:че61061668/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, кристал таун хотхон, 802 дугаар байр, 103 тоотод оршин суух, Боржигон овогт Ганбатын Даваахүү /РД:че86081162/ нарт холбогдох,
эрхийн улсын бүртгэлийн Ү-2205007415 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг 14 хороо, 3 дугаар хороолол, 13 Б байрны 100 тоот хаягт байрлах 40 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэн, хариуцагч С.Нэргүйн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чинзориг, хариуцагч Г.Даваахүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анар,хариуцагчийн өмгөөлөгч Г.Тамир, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Бат-Эрдэнэ нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч С.Нэргүй болон Г.Даваахүү нартай хэлцэл хийсэн. Уг хэлцлээр Баянгол дүүрэг, 14 хороо, 3 дугаар хороолол, 13 Б байрны 100 тоот хаягт байрлах 40 м2 бүхий 3 өрөө орон сууцыг О.Бат-Эрдэнэ 92,000,000 төгрөгөөр худалдан авах баталгаа болгож урьдчилгаанд 53,000,000 төгрөгийг Г.Даваахүү болон С.Нэргүй нарт өгсөн ба энэхүү хэлцлээ нотариатаар батлуулсан. Ингээд О.Бат-Эрдэнэ орон сууцны үлдэгдэл төлбөр болох 39,000,000 төгрөгөө төлөх шаардлагатай байсан. Г.Даваахүү, С.Нэргүй нар нь О.Бат-Эрдэнэ намайг байрны үлдэгдэл төлбөрөө төлөхийг байнга шаардаж байсан бөгөөд миний бие үлдэгдэл төлбөрөө ипотекийн болон банкны зээлээр төлөхөөр хөөцөлдөж байсан боловч зээл гарахгүй удааширч байсан. Үлдэгдэл төлбөрөө яаралтай төлөхийн тулд О.Бат-Эрдэнэ нь хувиараа мөнгө зээлдүүлдэг этгээд болох Б.Ариунзаяаг зар, мэдээ сониноос “мөнгө зээлдүүлнэ” гэх зарын дагуу залгаж, хувиараа мөнгө зээлэхээр тохиролцсон. Ингээд үлдэгдэл 39,000,000 төгрөгөө төлөхийн тулд О.Бат-Эрдэнэ нь иргэн Б.Ариунзаяаг өөрөө олж ирэн барьцаатай 30,000,000 төгрөгийн зээл авахаар болсон. О.Бат-Эрдэнэд барьцаанд тавих зүйл байхгүй, хариуцагч нар нь Баянгол дүүрэг, 14 хороо, 3 дугаар хороолол, 13 Б байрны 100 тоот хаягт байрлах 40 м2 бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгч байсан тул Б.Ариунзаяатай Г.Даваахүү болон С.Нэргүй нар 30,000,000 төгрөгийн барьцаат зээлийн гэрээ байгуулсан ба уг 30,000,000 төгрөгийг О.Бат-Эрдэнэ нь шууд Г.Даваахүү болон С.Нэргүй нарт орон сууцны төлбөрт өгсөн. Харин үлдэх 9,000,000 төгрөгийг О.Бат-Эрдэнэ өөрөө цалингийн зээл аваад төлсөн юм. Ингээд О.Бат-Эрдэнэ үндсэндээ хариуцагч нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 14 хороо, 3 дугаар хороолол, 13 Б байрны 100 тоот хаягт байрлах 40 м2 бүхий 3 өрөө орон сууцны үнийг буюу 92,000,000 төгрөгийг бүхэлд нь төлж дуусгасан болно.
Ингээд О.Бат-Эрдэнэ нь банкны зээл гарсны дараа Б.Ариунзаяаас зээлсэн мөнгийг өөрөө Б.Ариунзаяад төлөөд байраа өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар Г.Даваахүү, С.Нэргүй, Б.Ариунзаяа нартай анхнаасаа тохиролцсоноор 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр О.Бат-Эрдэнэ нь хариуцагч Г.Даваахүү болон С.Нэргүй нартай “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ” байгуулсан байдаг. Дахин хэлэхэд гуравдагч этгээд болох Б.Ариунзаяа нь анхнаасаа өөрөөс нь зээлж буй 30,000,000 төгрөг нь О.Бат-Эрдэнийг тус байрны өмчлөгч болохын тулд төлж буй байрны үлдэгдэл төлбөр гэдгийг мэдэж байсан.
Хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ” нь өөрөө банкнаас орон сууцны зээл авахад зориулж хийсэн гэрээ, харин хэргийн 7 дугаар хуудсанд авагдсан 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Мөнгө бэлэглэлийн гэрээ” нь өөрөө банкинд байрны зээлэнд хамрагдах үүднээс урьдчилгаа мөнгөө хийснээ харуулах гэж хийсэн гэрээ юм.
Ийнхүү дээр дурдсан байдлаар бидний хооронд гэрээ хийгдсэн ба хариуцагч Г.Даваахүү, С.Нэргүй нарт байрны үлдэгдэл төлбөр дуусгавар болсны дараа банкны зээлийн асуудал нилээн сунжирч байж шийдэгдсэн. Банкнаас О.Бат-Эрдэнэд тухайн байран дээр нийт 50,000,000 орчим төгрөгийн зээл гарах боломжтой гэсэн шийдвэр гарсан. Ингээд О.Бат-Эрдэнэ нь банкнаас орон сууцны зээл авахаар болсон тул Б.Ариунзаяад хандаж байрны барьцааны асуудлыг чөлөөлүүлэхээр хандсан. Гэвч Б.Ариунзаяа нь “...зээлийн гэрээний дагуу 55,000,000 төгрөг төлөх ёстой, мөнгө дутуу тул хүлээж авахгүй, 55,000,000 төгрөг дээр л тохирно” гэсэн. Улмаар Б.Ариунзаяа нь Г.Даваахүү, С.Нэргүй нарыг иргэний шүүхэд өгч, 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу тэднээс нийтдээ 69,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэр гаргуулсан. Хариуцагч Г.Даваахүү, С.Нэргүй нар нь шүүхэд уг мөнгийг О.Бат-Эрдэнийн төлөх ёстой зээл гэж хэлсээр байгаад, мөн тухайн хэрэгт үнийн дүнг багасгах, давж заалдах гомдол гаргах зэрэг хариуцагчийн эрхээ эдлэхгүй байсаар ийнхүү өндөр үнэтэй шүүхийн шийдвэр гаргуулсан. Энэхүү шийдвэрийн дагуу О.Бат-Эрдэнэ нь Г.Даваахүү, С.Нэргүй нарт 92,000,000 төгрөгийн нийт төлбөрийг нь төлж дуусгавар болсон байр шийдвэр гүйцэтгэлээр Б.Ариунзаяагийн өмчлөл дээр шилжих болоод байна. Улмаар энэ асуудлаас болоод банк зээлээ буцаан татсан.
Ингээд үндсэндээ нэхэмжлэгч О.Бат-Эрдэнэ гэр бүлээрээ байртай болохын төлөө төлсөн 92,000,000 төгрөгөө төлсөн атлаа байргүй хоцорч, Б.Ариунзаяа нь 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хариуд тухайн байрыг өөртөө авч үлдэх нөхцөл байдалтай болж байна. Б.Ариунзаяа нь банкнаас тус байран дээр гарсан 50,000,000 төгрөгийн зээлийг өөртөө хүлээн авсан тохиолдолд тухайн бүх асуудал шийддэгдэх бүрэн боломжтой байсан. Анхнаасаа тус зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь дээрх нөхцөл байдлыг халхавчилж хийсэн хэлцэл бөгөөд Б.Ариунзаяа, хариуцагч, нэхэмжлэгч бид бүгд мэдэж байсан. Иймд нэхэмжлэгч О.Бат-Эрдэнэ нь байрны төлбөрөө бүрэн төлж дуусгасан учир эрхийн улсын бүртгэлийн Ү-2205007415 дугаартай, Баянгол дүүрэг 14 хороо, 3 дугаар хороолол, 13 Б байрны 100 тоот хаягт байрлах 40 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцны сууцны хууль ёсны өмчлөгчөөр О.Бат-Эрдэнийг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Нэргүй шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй Г.Даваахүү, С.Нэргүйд холбогдох иргэний хэрэгт С.Нэргүй миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Дэлгэрэнгүй тайлбар татгалзлаа нотлох баримтын хамт гаргаж өгөх болно гэжээ.
Хариуцагч С.Нэргүйгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чинзориг, өмгөөлөгч Г.Тамир нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Учир нь О.Бат-Эрдэнэ нь маргаан бүхий орон сууцыг хариуцагч нараас худалдан авахаар тохирч, улмаар байрны үнэ болох 92,000,000 төгрөгийг бүхэлд нь төлж дуусгасан. Эхлээд 53,000,000 төгрөгийг, дараа нь 39,000,000 төгрөгийг төлсөн. 39,000,000 төгрөгөөс 30,000,000 төгрөгийг нь О.Бат-Эрдэнэ иргэн Б.Ариунзаяагаас авсан зээлээр төлсөн байгаа. О.Бат-Эрдэнэ гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул бидний зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрч байгаа. Нэхэмжлэлийн шаардлага нь маргаан бүхий байрны хууль ёсны өмчлөгчөөр л тогтоолгох учир гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөхгүй гэж үзэж байгаа гэжээ.
Хариуцагч Г.Даваахүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй Г.Даваахүү, С.Нэргүйд холбогдох иргэний хэрэгт С.Нэргүй миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Дэлгэрэнгүй тайлбар татгалзлаа нотлох баримтын хамт гаргаж өгөх болно гэжээ.
Хариуцагч Г.Даваахүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ,түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрээр хариуцагч Г.Даваахүү, С.Нэргүй нар нь иргэн Б.Ариунзаяагаас 30,000,000 төгрөг зээлж авсан, барьцаанд нь 13б-100 тоот байрыг барьцаалсан, зээлийн гэрээгээ удаа дараа сунгаж байсан, мөн зээлийг эргүүлэн төлөөгүй болохыг тогтоосон. Ингээд уг шийдвэрээр Г.Даваахүү болон С.Нэргүй нараас нийт 69,300,000 төгрөг гаргуулах, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар болсон. Уг шийдвэрт хэн аль нь гомдол гаргаагүй, хуулийн хүчин төгөлдөр болсон ба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаад Б.Ариунзаяагийн өмчлөлд шилжих шатандаа ирсэн боловч энэ хэргээс шалтгаалаад ажиллагаа түдгэлзсэн байгаа. Нэхэмжлэгч О.Бат-Эрдэнэ нь уг шүүх хуралдаанд гэрчээр биечлэн оролцсон, ийм асуудал үүсээд байгааг сайн мэдэж байсан. Гэтэл худалдан авсан байр нь гэнэт л өөр хүний өмчлөлд шилжсэн мэтээр шүүхэд ярьж байгаа нь үндэслэлгүй гэжээ.
Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Бат-Эрдэнэ нь хариуцагч Г.Даваахүү болон С.Нэргүй нарт холбогдуулж Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 13Б байрны 100 тоот орон сууцны зориулалттай, 40 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд ханджээ.
Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ “...миний бие орон сууцыг хариуцагч нараас худалдан авсан ба байрны үнэ болох 92,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан учир маргаан бүхий байрны хууль ёсны өмчлөгч мөн” гэж тайлбарлав.
Өмчлөх эрх хуулийн дагуу болон хэлцлийн үндсэн дээр үүсэх боломжтой ба нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаас үзэхэд тэрээр хэлцлийн үндсэн дээр буюу худалдах-худалдан авах гэрээний дагуу Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 13Б байрны 100 тоот орон сууцны зориулалттай, 40 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон гэж үзсэн байна.
Хэрэгт нэхэмжлэгч О.Бат-Эрдэнэ болон хариуцагч Г.Даваахүү, С.Нэргүй нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ” авагджээ. Уг гэрээнээс үзэхэд хариуцагч Г.Даваахүү, С.Нэргүй нар өөрсдийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 13Б байрны 100 тоот орон сууцны зориулалттай, 40 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг О.Бат-Эрдэнэд 92,000,000 төгрөгөөр худалдах талаар тохирсон байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх харин худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Харин үл хөдлөх эд хөрөнгө худалдаж байгаа бол гэрээг бичгээр байгуулж, түүнийг нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1, 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсгүүдэд хуульчилсан байдаг.
Хэдийгээр нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ” нь бичгээр байгуулагдаж, нотариатаар гэрчлэгдэх хуулийн шаардлага хангасан байх боловч нэхэмжлэгчийг худалдах-худалдан авах гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба зохигч болон хэргийн бусад оролцогч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй байдаг.
Иргэн Б.Ариунзаяа болон хариуцагч Г.Даваахүү, С.Нэргүй нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/02628 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон ба уг шийдвэрт дурдагдсан үйл баримтыг талуудын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хийгдсэн “Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-ний 3.4 дэх хэсгийн “...энэхүү гэрээг нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлснээр Иргэний хуулийн 110.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрх худалдан авагч талд үүсч худалдагч талын өмчлөх эрх дуусгавар болно” гэсэн заалт, мөн хариуцагч Г.Даваахүү болон С.Нэргүй нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бичгээр өгч байсан “...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Дэлгэрэнгүй тайлбар татгалзлаа нотлох баримтын хамт гаргаж өгөх болно” гэсэн бичгийн тайлбаруудтай харьцуулан судлахад нэхэмжлэгч О.Бат-Эрдэнэ худалдах-худалдан авах гэрээгээр хүлээн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй буюу маргаан бүхий байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул эрхийн улсын бүртгэлийн Ү-2205007415 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 13 Б байрны 100 тоот хаягт байрлах 40 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай О.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 622,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ