Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/82

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч, хохирогч Ц.О,

шүүгдэгч, хохирогч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Ц-н О, Б овогт А-н Г нарт холбогдох эрүүгийн 2217000000093 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, 1965 оны 02 дугаар сарын 15-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, вагон үзэгч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 1, Г аймгийн С сумын 3 дугаар баг, тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Улаанбаатар Төмөр замын тусгай шүүхийн 1984 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 94 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 168 дугаар зүйлийн 168.а-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн гэх Д овогт Ц-н О /РД:

Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 04-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хадам эх, хүүхдүүдийн хамт Г аймгийн Ш сумын 1 дүгээр баг, ...... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1499 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 төгрөгөөр торгох ялаар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн гэх Б овогт А-н Г /РД:...../,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ц.О нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 1 дүгээр байрны 8-128 тоотод 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт архи уусан А.Г-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний биеэс зуурах, маажих зэргээр нүдний доод зовхины цус хуралт, баруун шууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч А.Г нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 1 дүгээр байрны 8-128 тоотод 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт архи уусан Ц.О-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний толгойн тус газар халуун саваар цохиж хуйханд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О, А.Г нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2217000000093 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

2. Шүүгдэгч А.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

3. Хохирогч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ ганцаараа архи уугаад сууж байсан. Гаднаас А.Г орж ирээд үлдсэн архиа хувааж уусан. Бид хоёр хоорондоо маргалдаад, би А.Г-ыг маажиж самардсан. Тэгтэл цагдаа нар ирээд аваад явсан. Надад Гт холбогдуулан гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

4. Хохирогч А.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би Ц.О ахын гэрт орж архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Бид хоёр аар саархан зүйлээс болж маргалдаад би О ахын толгойн тус газар нь халуун саваар цохисон. Ц.О ахад зодуулснаас болоод миний биед нүд, гар, хөл, цээж хөхөрсөн байсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

5. Иргэний нэхэмжлэгч Б.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Цэдэвсүрэн овогтой О нь уг гэмт хэргийн улмаас эмнэлгийн байгууллагын тусламж, үйлчилгээ авч үүнд эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 209 000 төгрөгийг зарцуулсан байна. Иймд эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгох нэхэмжлэл гаргаж байна. Тусламж үйлчилгээний зардал болох 209 000 төгрөгийг Төрийн сангийн 100900020080 тоот дансанд ГСА /өөрийн овог нэр/ гэх утгатай төлж барагдуулна... гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

 

6. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7, 11-13 дугаар хуудас/,

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 13769 дугаартай дүгнэлтэд:

- Ц.О-н биед хуйханд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

- Шинэ гэмтэл байна.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч Ө.Сарангэрэл гэжээ. /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 4918 дугаартай дүгнэлтэд:

- Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх шилний хагархай дээр цус илэрсэн. Уг цус нь А /II/ бүлгийн харьяалалтай байна.

- Биологийн шинжилгээний бүлгийн харьяалалаар тухайн зүйлийг хооронд нь харьцуулан таарч, тохирч байна гэж хэлэх боломжгүй байдаг.

Дүгнэлт гаргасан: Биологийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч М.Өнөржаргал гэжээ. /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

 

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 4919 дугаартай дүгнэлтэд:

- ХГҮ-ээр бэхжүүлж авсан гэх №2 бент дээр цус илэрсэн. Уг цус нь А /II/ бүлгийн харьяалалтай байна.

- Биологийн шинжилгээний бүлгийн харьяалалаар тухайн зүйлийг хооронд нь харьцуулан таарч, тохирч байна гэж хэлэх боломжгүй байдаг.

Дүгнэлт гаргасан: Биологийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч М.Өнөржаргал гэжээ. /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 4920 дугаартай дүгнэлтэд:

- Ирүүлсэн цусны дээж тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ. “Ц.О” гэж хаягласан цусанд 2.4 промилли спирт, “А.Г” гэж хаягласан цусанд 2.1 промилли спирт тус тус илэрсэн. Цусан дахь 2,1 болон 2,4 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна.

Дүгнэлт гаргасан: Химийн шинжээч, цагдаагийн дэслэгч М.Арвижих гэжээ. /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

 

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 4921 дугаартай дүгнэлтэд:

- Ц.О-н гэх цус нь А /II/ бүлгийн харьяалалтай байна.

- А.Г-ын гэх цус нь О/I/ бүлгийн харьяалалтай байна.

Дүгнэлт гаргасан: Биологийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч М.Өнөржаргал гэжээ. /хх-ийн 49 дүгээр хуудас/,

 

12. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 206 дугаартай дүгнэлтэд:

- А.Г-ын биед зүүн нүдний доод зовхинд, баруун шуунд, цээжинд, зүүн мөрөнд цус хуралт, зүүн хацарт, зүүн өвдөгт зулгаралт, баруун бөөрний байрлалд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2022.09.28-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох тогтоох журмын” 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Баруун шууны цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох тогтоох журмын” 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цээжний цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох тогтоох журмын” 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Зүүн мөрний цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох тогтоох журмын” 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Зүүн хацрын зулгаралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох тогтоох журмын” 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Зүүн өвдөгний зулгаралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох тогтоох журмын” 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Баруун бөөр орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох тогтоох журмын” 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

 

13. Шүүгдэгч Ц.О-н түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 81-84 дүгээр хуудас/,

 

14. Шүүгдэгч А.Г-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 102, 136 дугаар хуудас/,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1499 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 115-120 дугаар хуудас/,

- Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/72 дугаартай шийтггэх тогтоолын хуулбар /хх-ийн 139-144 дүгээр хуудас/,

 

15. Шүүгдэгч Ц.О-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103 дугаар хуудас/,

- Улаанбаатар Төмөр замын тусгай шүүхийн 1984 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 94 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 105-107 дугаар хуудас/,

- БНМАУ-н Ардын их хурлын тэргүүлэгчдийн өршөөл үзүүлэх комиссын тогтоолын хуулбар /хх-ийн 108-110 дугаар хуудас/ зэрэг болно.

 

НЭГ. Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Ц.О нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 1 дүгээр байрны 8-128 тоотод 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт архи уусан А.Г-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний биеэс зуурах, маажих зэргээр нүдний доод зовхины цус хуралт, баруун шууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч А.Г нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 1 дүгээр байрны 8-128 тоотод 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт архи уусан Ц.О-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний толгойн тус газар халуун саваар цохиж хуйханд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь иргэний нэхэмжлэгч Б.Ою-г мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Ц.О, А.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Ц.О гэм буруугийн шүүх хуралдаанд “би хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч А.Г гэм буруугийн шүүх хуралдаанд “би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Дахиж хэрэг хийхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгч нарт холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.О нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 1 дүгээр байрны 8-128 тоотод 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт архи уусан хохирогч А.Г-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний биеэс зуурах, маажих зэргээр нүдний доод зовхины цус хуралт, баруун шууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч А.Г нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 1 дүгээр байрны 8-128 тоотод 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр согтуурулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт архи уусан хохирогч Ц.О-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний толгойн тус газар халуун саваар цохиж хуйханд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Ц.О, А.Г нар хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хоорондоо харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Шүүгдэгч Ц.О, А.Г нар нь харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.О, А.Г нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 206 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 13769 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтууд, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.О, А.Г нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Уг гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нь шүүгдэгч Ц.О, А.Г нар нь архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн, хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдсанаас үүдэлтэй үйлдэгдсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.

Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Ц.О, А.Г нарын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Ц.О, А.Г нар нь прокуророос зүйлчилж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Ц.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч А.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.О, А.Г нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба шүүх хуралдаанд хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Ц.О-г гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна.

Харин хохирогч Ц.О-н эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 209 000 /хоёр зуун есөн мянга/ төгрөг гарсан байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” нөхөн төлүүлэхээр заасан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Г-аас 209 000 /хоёр зуун есөн мянга/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн төрийн сангийн 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна.

 

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүхээс шүүгдэгч Ц.О, А.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Ц.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах,  

            Шүүгдэгч А.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар түүнд оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 3 сарын хугацаагаар хорих ял болгож, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 /гурав/ жил 3 /гурав/ сар 13 /арван гурав/ хоногийн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар 13 /арван гурав/ хоногийн  хугацаагаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Ц.О эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна хөнгөн ял оноож өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч А.Г эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй. Хөнгөн ял оноож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.О, А.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүгдэгч Ц.О, А.Г нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Иймд шүүгдэгч Ц.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун  мянга/ төгрөгөөр торгох ялаар,

            Шүүгдэгч А.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-т оногдуулсан 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан өдөрт 8 /найм/ цагаар тус тус тогтоолоо.

 

Шүүгдэгч Ц.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Г-т оногдуулсан 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор тооцон 60 /жар/ хоногийг хугацаагаар хорих ялаар сольж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар түүнд оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 /гурав/ жил 3 /гурав/ сар 13 /арван гурав/ хоногийн ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 60 /жар/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 /гурав/ жил 5 /тав/ сар 13 /арван гурав/ хоногийг хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сар 13 /арван гурав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-ын цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцлоо.

 

            Шүүгдэгч Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрсээ алдсан мөнгөлөг никель бүрхүүл бүхий саарал өнгийн цайны халуун савны гадар 1 ширхэг, саарал өнгөтэй халуун савны суурь мэт хэлбэр дүрсээ алдсан зүйл 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Говьсүмбэр аймгийн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч Д овогт Ц-н О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            шүүгдэгч Б овогт А-н Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.      

 

            2. Шүүгдэгч Ц.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун  мянга/ төгрөгөөр торгох ялаар,

            шүүгдэгч А.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-т оногдуулсан 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тус тус тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Ц.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Г-т оногдуулсан 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор тооцон 60 /жар/ хоногийг хугацаагаар хорих ялаар сольж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар түүнд оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 /гурав/ жил 3 /гурав/ сар 13 /арван гурав/ хоногийн ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 60 /жар/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 /гурав/ жил 5 /тав/ сар 13 /арван гурав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-т оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сар 13 /арван гурав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-ын цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

            8. Шүүгдэгч Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

            9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Г-аас 209 000 /хоёр зуун есөн мянга/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн төрийн сангийн 100900020080 тоот дансанд олгосугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрсээ алдсан мөнгөлөг никель бүрхүүл бүхий саарал өнгийн цайны халуун савны гадар 1 ширхэг, саарал өнгөтэй халуун савны суурь мэт хэлбэр дүрсээ алдсан зүйл 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Говьсүмбэр аймгийн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

            11. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

            12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч А.Г-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ЭНХМАНДАХ