Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/83

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга А.Энхбаяр,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч Т.Ж, Д.Ш нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Т-н Ж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Д-н Ш нарт холбогдох 2217000810094 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Г аймгийн С сумын 3 дугаар баг тоотод оршин суух хаягтай улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

- Чойр хотын шүүхийн 1994 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Чойр дахь сумын шүүхийн 1994 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 29 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж 5 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ял дээр Чойр хотын шүүхийн 1994 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 3 жил 11 сар 18 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэж, бүгд 8 жил 11 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,

- Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1995 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 136 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Чойр дахь сумын шүүхийн 1994 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 29 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 8 жил 11 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 7 жил 9 сар 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэж, бүгд 8 жил 9 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,

- Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 56 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Төв аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 289 дугаартай захирамжаар тэнсэн сулласан 2 жил 7 сар 25 хоногийн ялын зарим буюу 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, бүгд 5 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,

- Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 45а дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил 4 сарын хугацаагаар хорих ялд мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын  хугацаагаар баривчлах ялыг тус тус багтааж биечлэн эдлэх ялыг 10 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.9 дэх хэсэгт заасныг журамлан Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 56 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан 1 жил 6 сар 2 хоногийн хорих ялын зарим болох 8 сарын хорих ялыг нэмж нэгтгэж, бүгд 11 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,

- Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 477 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан гэх О овогт Т-н Ж /РД: ........./,

 

Монгол улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Г аймгийн С сумын  дугаар баг, ...тоотод оршин суух хаягтай  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

- Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1994 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 86 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 259 дүгээр зүйлд зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийг журамлан оногдуулсан хорих ялын хөнгөнийг хүндэд нь багтаан бүгд 1 жилийн хорих ялаар,

- Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 254 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 276 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,

- Сум дундын 6 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

- Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан гэх Б овогт Д-н Ш /РД:

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Т.Ж 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх иргэн Н.Б-ын гэрт хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Х.Г-ийн 150,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung S7” маркийн гар утас, Хаан банкны 5990079736 тоот данс бүхий виза карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч улмаар картыг бэлэн мөнгөний машинд уншуулж 700,000 төгрөгийг авч нийт 850,000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Д.Ш нь Т.Ж-ыг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх иргэн Н.Б-ын гэрт хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Х.Г-ийн 150,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung S7” маркийн гар утас, Хаан банкны 5990079736 тоот данс бүхий виза карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч улмаар картыг бэлэн мөнгөний машинд уншуулж 700,000 төгрөгийг авсан гэдгийг мэдсээр байж 260,000 төгрөгийг авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ж, Д.Ш нарт холбогдох Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2217000810094 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Т.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

 2022 оны 4 дүгээр сард Г, Ш бид гурав төмөр замын гадаа нэг шил архи уусан. Доошоо Найрамдал хотхон руу явсан.  Би Г-н картыг авч Андууд дэлгүүрээс 2 шил ногоон шилтэй архи аваад Б-н гэрт очиж Э, Б, Г, Ш бид нар 2 шил архиа уусан. Тэр үед Г найздаа хивс авч өгнө гэж хэлсэн. Сүүлдээ Г агсам тавиад, утсаа шидээд байсан. Утсыг нь Б аваад ширээн дээр тавьж байсан. Архи ууж байгаад Ш бид хоёр гарах болсон. Гарахдаа ширээн дээрээс утсыг нь аваад гарсан. Яагаад утсыг нь авсан бэ гэхээр Г тэр айлыг танихгүй, өөрөө согтуу байсан болохоор утсыг нь авсан. Гараад явж байхад Э араас гүйгээд ирсэн. Би тэр үед Ш-т энэ мөнгөнөөс аваад Э өгье, ажил явдал гарахад нь оролцож чадаагүй гээд 200,000 төгрөг авч өгье гэсэн чинь Ш 20,000 төгрөгийг нь авъя гээд 20,000 төгрөгийг Ш авсан. 180,000 төгрөгийг нь Э-т өгсөн. Дахиж АТМ ороод үлдсэн 500,000 төгрөгийг нь авсан. АТМ-ээс 2 удаа авсан гэсэн үг. Мөнгөө авчихаад, дахиж архи аваад, дээшээ гарч Сүмбэр сумын Сансар буудалд ирсэн. Архиа ууж байгаад шөнө буудлаасаа гараад Хорихын 75-д ирж архи уусан. Өглөө нь босоод ирсэн чинь утсыг нь бид хоёр алга болгочихсон байсан. Би утсыг нь авсан байсан. Утсыг нь олоогүй. Үлдсэн мөнгөөр нь маргааш нь архи уугаад, нөгөөдөр нь намайг Чойрын хүмүүс Өмнөговь аймгийн Гашуун Сухайт руу ажилд аваад явсан. Явчихаад ирсэн чинь цагдаад өргөдөл өгсөн байсан. Г-с уучлалт гуйсан. Г-т 720 000 төгрөгний утас авч өгсөн. Цагдаа дээр байхад 700,000 төгрөгийг Г-т хувааж өгсөн. Энэ хэрэгтээ маш их гэмшиж байна. Гэм буруугаа ойлгож байна. Согтуу байхад нь ашигласан миний буруутай үйлдэл байгааг ойлгож байна. Хохирол төлбөрөө төлсөн. Уучлалт гуйсан. Маш их харамсаж байна. Гэм буруугаа ойлгож, хүлээн зөвшөөрч байна гэв.

 

2. Шүүгдэгч Д.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Т.Ж мэдүүлэгтэй адилхан. Яг болсон процесс нь ийм зүйл болсон нь үнэн. Г надад А-д захаас хивс авч өгнө гэж байсан нь үнэн. Үүнийг Э, Б нар мэднэ. Ширээн дээр байсан гар утсыг нь манай найз танихгүй айлд үлдээхгүй гээд авч явсан. Ийм хэрэг хийсэндээ найзаасаа уучлалт гуйсан. Гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байгаа гэв. 

 

3. Хохирогч Х.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Хонхорын зүүн талд нэг айлд Ш Ж, мөн гэрийн эзэн гэх хүний хамт архи уусан. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө сэрсэн чинь миний утас алга болсон байсан. Тухайн үед өөрийгөө согтуу явж байгаад хамаг юмаа хаясан байна гэж бодоод тоогоогүй. Тэгээд хөдөө ажилд явж байгаад Чойрт ирсэн. Би утас картаа алга болгох үедээ Хаан банкны данснаас мөнгө гарсан талаар асуухад үгүй байна гэж хэлэхээр нь картаа хаалгачихаад шинэ карт захиалчихаад явсан. Тэгээд ажлаас ирээд шинэ карт аваад гүйлгээ хийх гэсэн чинь мөнгө байхгүй байхаар нь дансны хуулгаа шүүгээд үзтэл 2022 оны 04 дүгээр сарын 09-ний орой 18 цаг 39 минутад миний картнаас 500 000 /таван зуун мянга/, 200 000 /хоёр зуун мянга/ төгрөгийн гүйлгээ хийгдсэн байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Уг гүйлгээнээс өөр миний картнаас мөнгө авсан асуудал байхгүй байсан. Би тухайн гар утсыг 2022 оны 03 дугаар сард утас засварын О-с 300 000 төгрөгөөр худалдаж авсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

...Ш, Ж-нд одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирсон 700 000 төгрөгийг Ш, Ж бэлнээр өгч барагдуулсан. Миний алдсан гар утасны оронд өөр гар утас өгчихсөн байгаа. Ш, Ж нар миний данснаас 1 185 737 төгрөг байсан нь Хаан банкны дансны хуулгаас харагдаж байна. Харин Ш Ж нар нь миний данснаас мөнгө авсны дараа 484 687 төгрөг миний дансанд үлдсэн... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 22 дугаар хуудас/,

 

4. Гэрч П.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай том ах Б 2022 оны 4 сарын эхээр нас барсан юм. Тухайн үед Ш, Ж нар надад буян хийгээрэй гээд тус бүр 20 000 төгрөг өгсөн. Тэгээд ажил явдал дууссаны дараа 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 12 цагийн үед Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Балданзасаг захын хажууд Ш, Ж хоёртой тааралдаад бид гурав 1 шил 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж уусан. Тэгээд би шөнө ээлжтэй хоносон, бие жоохон өвдөөд байна Хонхорт очиж Б-нд жаал хэвтэе гэсэн чинь Ж, Ш хоёр хамт явна гэсэн. Тэгээд бид 3 байж байтал З гэх залуу гарч ирсэн. Тэгээд бид 4 хамт такси бариад Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Ус-Ду компани Б-н гэрт очсон. Би тухайн үед 2 шил Хараа нэртэй архи авч очсон. Хоёр шил архиа уугаад дуусаж байтал Г түрүүлээд яваад өгсөн. Тэгээд 18 цаг өнгөрч байхад Ш, Ж бид 3 Б-н гэрээс гараад Хонхор луу алхацгаасан. Би тухайн үед нөгөө хоёроос арай хоцорч алхаад байсан. Тэгээд 8-р байранд байрлах Төрийн банкны АТМ машин руу Ш Ж хоёр яваад орохоор нь би араас нь ортол тэр хоёр АТМ-д карт уншуулаад зогсож байсан. Тухайн картыг хэдэн удаа уншуулсан талаар санахгүй байна. Надад ямар ч байсан 180000 төгрөг ахын чинь буяны ажилд хоёр найз нь олигтой туслаж чадаагүй юм чинь гээд өгөхөөр нь нөгөө хоёрт баярлалаа гэж хэлээд явсан. Тэгээд АТМ дотроос гараад Ш, Ж хамт яваад, би Сүмбэр сумын 3 дугаар баг 2 дугаар байранд Н-н гэрт очоод унтаад өгсөн. Тэрнээс хойш дахиж Ш, Ж нартай тааралдаагүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 24-25 дугаар хуудас/,

 

5. Гэрч Н.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би яг хэдэн сарын хэдний өдрийг санахгүй байна. Тухайн өдөр гэртээ Э-тай хамт 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж уугаад дуусах гэж байтал гаднаас Ш, Ж нар нэг залуутай хамт шил 0.75 литрийн FLIX нэртэй архи аваад ороод ирсэн. Тэгээд бид нар ойр зуурын юм ярьж хамт архиа хувааж уусан. Бид нарыг архи хувааж ууж байхад Ш, Ж нартай хамт ирсэн залуу нилээн согтчихсон Ж-д би найздаа хивс өгнө гээд яриад байсан. Тухайн үед бүгд согтсон байсан учир тухайн яриаг нэг их анзаараагүй. Архиа дуусах үед бүгд нилээн согтсон байсан чинь тэр шар залуу агсрах маягтай болоод хүн болгонд үг хаяад утсаа нааш цааш шидээд байхаар нь газар унасан гар утсыг би аваад ширээн дээр тавьсан. Миний санаж байгаагаар Ш, Ж нар хамт гарч яваад араас нь Э гараад явсан. Ж, Ш хоёртой хамт ирсэн залуу манайд хэсэг сууж байгаад гараад явсан. Тухайн залууг хаашаа явсан талаар мэдэхгүй. Орой сэрээд хартал гэртээ би ганцаараа байсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 37-38 дугаар хуудас/,

 

6. Гэрч Д.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Т-н Ж-тай найзлаад 10-аад жил болж байна. Ж зан байдлын хувьд тусч, хүний арга эвийг амархан олдог, шударга, олны дунд нэр хүндтэй, цайлган сэтгэлтэй ер нь зөөлөн талдаа хүн. Ямар нэгэн эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн бус дунд боловсролтой, эхнэр хүүхэдгүй, одоо төмөр замд ээжийнхээ хамт амьдардаг... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 40 дүгээр хуудас/,

 

7. Гэрч Н.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай банкны бэлэн мөнгөний машин өөрийн картнаас ямар нэгэн шимтгэл авахгүй. Бусад банкны карт уншуулж, манай бэлэн мөнгөний машинд гүйлгээ хийсэн тохиолдолд 500 төгрөгийн шимтгэл авна. Тухайн гүйлгээ хийгдсэн карт нь Хаан банкны карт болохоор манай банкны мөнгөний машинд уншуулахад 500 төгрөгийн шимтгэл авч байгаа юм. Тэгээд гүйлгээ хийсэн хүн нь 200 000, 500 000 төгрөг авсан. Ямар ч банкны бэлэн мөнгөний машин 500 төгрөгөөр гүйлгээ хийдэг... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 42 дугаар хуудас/

 

8. Ашид Билгүүн ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ТХҮ-922/3710 дугаартай хөрөнгө, даатгалын хохиролын үнэлгээ /1 дүгээр хх-ийн 44-47 дүгээр хуудас/,

 

9. Хохирогч Х.Г-ийн Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /1 дүгээр хх-ийн 3 дугаар хуудас/,

 

10. Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 54 дүгээр хуудас/,

 

11. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

 

12. Шүүгдэгч Д.Ш-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 104 дугаар хуудас/,

- Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1994 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 86 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /1 дүгээр хх-ийн 108-110 дугаар хуудас/,

- Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 254 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /1 дүгээр хх-ийн 113-115 дугаар хуудас/,

- Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 144 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /1 дүгээр хх-ийн 117 дугаар хуудас/,

- Сум дундын 6 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хх-ийн 119-123 дугаар хуудас/,

- Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хх-ийн 240-243 дугаар хуудас/,

- Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 246-248 дугаар хуудас/,

 

13. Шүүгдэгч Т.Ж-ы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 105 дугаар хуудас/,

- Чойр хотын шүүхийн 1994 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /1 дүгээр хх-ийн 128-139 дүгээр хуудас/,

- Чойр дахь сумын шүүхийн 1994 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 29 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /1 дүгээр хх-ийн 140-143 дугаар хуудас/,

- Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 56 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /1 дүгээр хх-ийн 151-155 дугаар хуудас/,

- Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хх-ийн 159-165 дугаар хуудас/,

- Говьсүмбэр аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2006 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 25 дугаартай магадлалын хуулбар /1 дүгээр хх-ийн 166-172 дугаар хуудас/,

- Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 45а дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хх-ийн 173-181 дүгээр хуудас/,

- Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 324 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /1 дүгээр хх-ийн 182-183 дугаар хуудас/,

- Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хх-ийн 187-199 дүгээр хуудас/,

- Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 145 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /1 дүгээр хх-ийн 200-201 дүгээр хуудас/,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 477 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хх-ийн 204-212 дугаар хуудас/,

- Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 23 дугаартай магадлалын хуулбар /1 дүгээр хх-ийн 213-220 дугаар хуудас/,

- Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 110 дугаартай тогтоол /1 дүгээр хх-ийн 221-225 дугаар хуудас/,

- Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1991 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 5 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /1 дүгээр хх-ийн 227-234 дүгээр хуудас/,

- Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1995 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 136 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /1 дүгээр хх-ийн 235-238 дугаар хуудас/,

 

14. Шүүгдэгч Т.Ж Говьсүмбэр аймгийн Прокурорын газар гаргасан хүсэлт /2-р хх-ийн 20 дугаар хуудас/,

 

15. Шүүгдэгч Д.Ш-ын Говьсүмбэр аймгийн Прокурорын газар гаргасан хүсэлт /2-р хх-ийн 20 дугаар хуудас/ зэрэг болно.

 

НЭГ. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Ж 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх иргэн Н.Б-ын гэрт хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогч Х.Г-ийн 150 000 төгрөгийн үнэ бүхий “Samsung S7” маркийн гар утас, Хаан банкны 5990079736 тоот данс бүхий виза карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч улмаар картыг бэлэн мөнгөний машинд уншуулж 700,000 төгрөгийг авч нийт 850,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Ш нь Т.Ж-ыг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх иргэн Н.Б-ын гэрт хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогч Х.Гийн 150 000 төгрөгийн үнэ бүхий “Samsung S7” маркийн гар утас, Хаан банкны 5990079736 тоот данс бүхий виза карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч улмаар картыг бэлэн мөнгөний машинд уншуулж 700,000 төгрөгийг авсан гэдгийг мэдсээр байж 260,000 төгрөгийг авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Т.Ж хохирогч Х.Г-ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэж унтаж байх хооронд 150 000 төгрөгийн үнэ бүхий гар утас, Хаан банкны виза картыг авч Хонхорын 8 дугаар байрны Төрийн банкны бэлэн мөнгөний машинаас 700 000 төгрөгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдлийг “хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч Д.Ш нь Т.Ж-ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг мэдсээр байж уг орлогоноос 260 000 төгрөгийг авч захиран зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл /Мөнгө угаах/-д заасан гэмт хэргийн ойлголтод гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан зэрэг үйлдлүүд хамаарна.

 

Шүүгдэгч Т.Ж нь хулгайлах гэмт хэргийг үйлдэж хохирогч Х.Г-т 850 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь, шүүгдэгч Д.Ш нь шүүгдэгч Т.Ж-ы 700 000 төгрөгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон орлого болохыг мэдсээр байж уг орлогоос 260 000 төгрөг авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Х.Г-ийн мэдүүлэг, гэрч Н.Б, П.Э нарын мэдүүлэг, камерийн бичлэгт хийсэн тэмдэглэл, Хаан Банкны дансны хуулга, Ашид Билгүүн ХХК-ийн дүгнэлт, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгээр нотлогдон тогтоогдож байна.

 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Т.Ж-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Ш-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь тус тус үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Ж, Д.Ш нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.Ж, Д.Ш нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Т.Ж-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Д.Ш-ыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Г-т 850 000 /найман зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч Т.Ж, Д.Ш нар нь мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлсөн байх тул шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

 

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Т.Ж, Д.Ш нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Т.Ж, Д.Ш нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Ж, Д.Ш нарт холбогдох эрүүгийн хэрэгт хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шүүгдэгч Т.Ж-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Д.Ш-т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах саналтай хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул уг прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Т.Ж, Д.Ш нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүхээс үзлээ.

 

            Иймд шүүгдэгч Т.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

            Шүүгдэгч Д.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ж-д оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан өдөрт 8 /найм/ цагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ.” гэж заасан байх тул шүүгдэгч Д.Ш-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.Ж нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэв.

 

            Шүүгдэгч Т.Ж, Д.Ш нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч О овогт Т-н Ж-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            Шүүгдэгч Б овогт Д-н Ш-ыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.    

 

            2. Шүүгдэгч Т.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

            Шүүгдэгч Д.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ж-д оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш-ыг 6 /зургаа/ сарын хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

 

4. Шүүгдэгч Т.Ж нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч Т.Ж, Д.Ш нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалсугай.

 

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

   8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ж, Д.Ш нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ЭНХМАНДАХ