| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2022/0081/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/84 |
| Огноо | 2022-12-08 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга П.Энхбат,
улсын яллагч Э.Нэргүй,
хохирогч Б.А,
шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч М овогт Т-н Б-д холбогдох эрүүгийн 2217000000096 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны 02 дугаар сарын 18-нд Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, ам бүл 7, эцэг, эхнэр, 4 хүүхдийн хамт Г аймгийн Ш сумын 1 дүгээр баг, тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх М овогт Т-н Б /РД:
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Т.Б нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 15 цагийн орчим Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Шивээ-Овоо ХК-ийн уурхай дотор иргэн Б.А-той маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж зодон, эрүүл мэндэд нь эрүүний зүүн өнцгийн далд хугарал, хамрын ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2217000000096 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
2. Хохирогч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр экскаваторын зөөвөр хийгдсэн. Кабелын утсан дээрээс болж маргаан болсон. Наад утсаа аваад хойш нь тавь гэхээр нь буруу утас аваад тавьсан. Тэгсэн чинь Б0 ах уурлаад наадах чинь биш пизда минь гэсэн. Би зүгээр хэлэхэд яадаг юм пизда чинь гэхэд үгийн зөрүүгүй цохисон гэв.
3. Шүүгдэгч Т.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр би ажил дээрээ буюу Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шивээ-Овоо ХК-ийн уурхайн бүсэд байсан юм. Өдөр 15 цагт экскаватор 04 ачиж буй шороонд тэсэлгээ хийх шаардлагатай болсон тул экскаватор 04-ийг 150м холдуулах шаардлагатай болсон юм. Тэгээд би туслах А-д экскаватор хэвийн нүүх үеийн кабелийн утас татах үүрэг өгсөн юм. А тухайн кабелийн утсыг янзалж чадахгүй байхаар нь экскаватор хөл пидалд усны сав хавчуулаад экскаваторыг өөрөөр нь явуулаад би өөрөө буугаад хамт таталцаж өгсөн юм. Тэгээд би А-од одоо тэрийгээ ав, тат гэх мэтийн ажлын шаардлага тавьж эхэлсэн. Бид хоёр экскаваторыг нүүлгэж дуусгаад байрлуулж тавьчихаад ард үлдсэн кабелийг эсрэг ачаан доогуур нууж тэсэлгээнээс зайлуулах үед хоёр кабел үлдсэн байсныг нэгийг нь би аваад үлдсэн кабелийг А-ыг ав гэтэл А миний авсан кабелийг бариад зогсоод байсан. Тэгэхээр нь би чи миний кабелийг авсан байна, нөгөө кабелаа аваач гээд уурлаад хэлтэл А надад та шоронгийн ялтантай харьцаж байгаа юм шиг харьцлаа гээд шууд намайг бариад авсан. Тэгээд би намайг цохих гэж байна гэж бодоод гараараа цохитол оноогүй юм. Бид хоёр барилцаж аваад байж байтал тэсэлгээний харуул залуу Т салгасан. Тэгтэл А намайг гараараа зүүн талын хацар хэсэгт нэг удаа цохисон. Би газар унаж босож ирээд дахиж барилцаж аваад би А-ын зүүн, баруун хацар хэсэгт баруун зүүн гараараа нэг нэг удаа цохисон. Тэгтэл Т гэх залуу бид хоёрыг салгаж чадахгүй байсан болохоор хүн дуудах гээд явсан. Бид хоёр зууралдаж байгаад за одоо болье гээд болцгоосон. Тэгээд бид хоёр ажлаа хамт дуусгаад хоорондоо учраа олсон юм... гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,
4. Хохирогч Б.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би Шивээ-Овоо уурхайд туслах ажилтнаар ажиллаад өнөөдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр албан ёсоор бие даан үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд Б-н туслах ажлыг гүйцэтгэж байсан юм. Манай ажил өглөө 7 цагт эхэлдэг. 15 цагийн үед уурхай тэсэлгээ хийх гээд экскаватороо тус тэсэлгээ хийх гэж байгаа газраас холдуулах ажил гарсан. Тэгтэл экскаваторын дугуйн дор орсон кабел утсыг экскаваторын дугуйнаас холдуулах гэж байгаад би буруу кабелийн утас бариад автал гэнэт Б уурлаад наадах чинь биш, пиздаа чинь гэхээр нь би та одоо аятайхан хэлчихэж болдоггүй юм уу пиздаа чинь гээд хэлчихсэн юм. Тэгтэл Б миний нүүр рүү гараараа нилээн хэдэн удаа цохисон. Яг хэдэн удаа гэдгийг мэдэхгүй байна. Тэгэхээр нь би буцаагаад Б-н толгой руу 2-3 удаа буцааж цохисон. Тухайн үед би нүүр лүүгээ цохиулснаас болоод ухаан балартаад арагшаагаа унасан. Тэгээд дахиад босож ирээд Б бид хоёр бие биенийхээ нүүр лүү цохилцоод зууралдсан. Б-д цохиулснаас үүдэн миний баруун нүдэнд цус хурсан. Хамар хугарсан. Зүүн эрүү цуурсан, үүдэн доод нэг шүд хөдөлгөөнд орсон. Харин Б надад цохиулснаас үүдэн зүүн хацар нь цус болсон байсан. Гэхдээ тэр үед миний хамарнаас цус гарсан байх гэж бодож байна. Тэгээд бид хоёрыг хажууд байсан залуу салгасан. Тухайн үед Б ажлаа тараад халз үзнээ гэж байсан. Миний толгой өвдөөд байхаар нь Б-д ажлаасаа буулаа гэж хэлээд Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлсэн. Миний рентген зургийг аваад хамар чинь хугарчихсан байна, мөн зүүн эрүү цуурсан байна гэж хэлсэн. Би Б-д зодуулсандаа гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
5. Гэрч Э.Энхжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн орчим би өөрийн хамтран амьдрагч Б.А-той Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх 5 дугаар сургуулийн үүдэнд таараад Б.А-од чи яасан эрт тарсан юм гэхэд Б.А нь надад ажлын ахтай муудалцаад намайг зодчихлоо гэж хэлэхээр нь юу болсон талаар асуухад ажлын ахтай юм хийж байгаад ажлын ах намайг кабел аваад өг пизда минь гэж хэлэхээр нь би хүнтэй аятайхан харьцаач гэж хэлтэл нүүр лүү нь цохисон гэж хэлсэн. Тэгээд А бид 2 нэгдсэн эмнэлэг дээр очиж үзүүлтэл хамар нь хугарсан, эрүү нь цуурсан байна, яаралтай Улаанбаатар хот руу явах шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд бид 2 цагдаагийн байгууллагад хандсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
6. Гэрч С.Баттөгс мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2022 оны 10 дугаар сарын 14-ний өглөө би 7 цагийн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шивээ-Овоо ХК-ийн уурхай руу ажилдаа явсан юм. Өдөр 15 цагийн үед уурхай дээр тэсэлгээ хийчихээд харуулд гарч байх үед техникийн аюулгүй байдлыг хангах гээд операторуудад хэлэх гээд явж байтал Б, А нар хоорондоо маргалдсан зууралдаад зогсож байсан. Тэгтэл А Б-г гараараа цохиод унагааж байсан. Тэгээд би очоод тэр хоёрыг салгасан. Тэгтэл салахгүй буцаад барилцаж аваад хоорондоо гараараа цохилцоод байсан. Тэгэхээр нь би өөр хүмүүс дуудах гээд явчихаад иртэл тэр хоёр салчихсан ажлаа хийгээд зогсож байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
7. Гэрч О.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Манай ахын зан байдлын хувьд гэвэл ааш зан сайтай, хүнтэй нийтэч, хүнтэй учраа зөв олдог, ямар нэгэн илүү дутуу зан байхгүй, архи дарс хэрэглэдэггүй хүн байгаа юм. Урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
8. Гэрч А.Л мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Манай ахын зан байдал нь ааш зан сайтай, зөөлөн сэтгэлтэй, хүнд тусархаг, хүнтэй нийтэч, хүнтэй учраа зөв олдог, ямар нэгэн илүү дутуу зан байхгүй, хорт зуршил байхгүй. Архи дарс хэрэглэдэггүй хүн байгаа юм. Урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Өмнө нь хүн амьтантай хэрүүл маргаан үүсгэж байсан асуудал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
9. Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-9 дүгээр хуудас/,
10. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 210 дугаартай дүгнэлтэд:
- Т.Б-гийн биед эрүүний зүүн өнцгөөр зөөлөн эдийн няцрал, уруулын зүүн талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2022.10.14-нд үүсгэгдсэн байх боломжтой.
- Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 33 дугаар хуудас/,
11. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 218 дугаартай дүгнэлтэд:
- Б.А-ын биед эрүүний зүүн өнцгийн далд хугарал, хамрын ясны хугарал гэмтлүүд тогтоогдлоо.
- Уг гэмтдүүд нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2022.10.14-нд үүсгэгдсэн байх боломжтой.
- Эрүүний зүүн өнцгийн далд хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
- Хамрын ясны хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
12. Хохирогч Б.А-ын эмнэлгийн баримт /хх-ийн 77-84 дүгээр хуудас/,
13. Хохиролын баримт /хх-ийн 85-90 дүгээр хуудас/,
14. Хохирогч Б.А-ын Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт /хх-ийн 92 дугаар хуудас/,
15. Шүүгдэгч Т.Б-гийн Говьсүмбэр аймгийн Прокурорын газар гаргасан хүсэлт /хх-ийн 97 дугаар хуудас/,
16. Шүүгдэгч Т.Б-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар хуудас/ зэрэг болно.
НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Т.Б нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 15 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Шивээ-Овоо ХК-ийн уурхай дотор хохирогч Б.А-той маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж зодон, эрүүл мэндэд нь эрүүний зүүн өнцгийн далд хугарал, хамрын ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Т.Б нь хохирогч Б.А-ыг буруу кабелийн утас бариад байна гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Мөн энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.А-ын эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учирсан боловч прокуророос шүүгдэгч Т.Б-гийн үйлдлийг аль хүнд төрлийн хохирол учруулсан байдлаар нь буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна гэж шүүхээс үзлээ.
Түүнчлэн шүүгдэгч Т.Б нь хохирогч Б.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.А, гэрч С.Б, Э.Э нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 218 дугаартай дүгнэлт, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Б нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Б нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Т.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.А-ын эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтаар тогтоогдсон 1643 268 /нэг сая зургаан зуун дөчин гурван мянга хоёр зуун жаран найм/ төгрөгийг шүүгдэгч Т.Б нь нөхөн төлсөн буюу 2 000 000 /хоёр сая/ төгрөгийг хохирогч Б.А-д төлсөн байх тул түүнийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Т.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Т.Б-гийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж түүнд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул уг прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Т.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүхээс үзлээ.
Иймд шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М-д овогт Т-н Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ