| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2022/0199/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/207 |
| Огноо | 2022-12-06 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Н,
Хохирогч: С.Ж,
Хохирогчийн өмгөөлөгч: Д.Б,
Шүүгдэгч: Ц.Б-ийг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Ц-ний Б-д холбогдох 2235000000230 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 4 дүгээр сарын 18-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, хувиараа авто машинд засвар хийдэг, ам бүл 2, ээжийн хамт Увс аймгийн Улаангом сумын ......дугаар баг .... тоотод оршин суух, урьд нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2001 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 357 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, төрөөс авсан гавьяа шагналгүй Ш овогт Ц-ний Б /РД.............. /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хохирогч С.Ж-гийн гэрт хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Ц.Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутагт 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хохирогч С.Ж-г зодсон болох нь:
Хохирогч С.Ж-гийн биеийн рентген зураг, эмчийн бичиг (хавтаст хэргийн 6-7 дахь тал )
Хохирогч С.Ж-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай гэрийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Д, Т, Л нар ирж өвлийн байдлаар дулаалж баьж өгсөн ба нэлээн орой гэр барьж дууссан болохоор би Д, Т, Л нарыг маргааш өглөө манайд ирж цай уугаарай гэж хэлж явуулсан. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 18-ны өглөө Д, Т, Л нар манай гэрт ирэхээр нь би хоол хийж цай өгөөд нэг шил архи задалж өгөөд сууж байхад гаднаас Ц /Ц/ Т /Ц.Б/ нар орж ирсэн. Ц.Б нь архи согтууруулах ундаа нэлээн хэрэглэсэн согтуу орж ирсэн ба намайг архи аваад ир гэхээр нь надад байхгүй гэсэн Ц.Б зээл тавиад архи аваад ирэхгүй юу гэхээр би зээл тавихгүй, чи манай гэрээс гарч зайл гэсэн. Тэгэхэд Ц.Ц.Б нь чи намайг хоёр удаа гэрээсээ хөөлөө гэж хэлээд намайг сууж байхад миний нуруу хэсэг рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би Ц.Б-ийг мөр хэсгээс нь татаж гэрийн хаалгаар түлхэж гаргаад манайхаас яв зайл гэж хэлээд араас нь гарахад Ц.Б намайг эргэж өшиглөсөн. Би орилж гэрийн үүдэнд унасан байхад Л намайг гэрт оруулсан. Тухайн орой харанхуй болсны дараа 21-22 цагийн үед Ц.Б орой Ц нар намайг машинтай ирж аваад Улаан уулын урд талын модтой замаар дээд хэсэгт гэр нь байрлах Ц гэх бариачид очиж бариулсан. Тухайн бариачид маргааш өдөр бас бариулсан.Уг үйл явдал болсон гэх 2022.10.18-ны өдөр Д, Т, Л нар манай гэрт архи согтууруулах ундаа хэрэглээгүй ирсэн ба би тухайн хүмүүст гэр барьж өгсөнд баярлаж цай хоол хийж Л-д 10,000 төгрөг өгч явуулаад Хараа нэртэй 0,5 литрийн нэг шил архи дэлгүүрээс авхуулж задалж өгсөн. Ц.Б гэрийн гадна намайг өшиглөж миний хавирга хугалсан ба гэр дотор өшиглөхөд миний биед ямар нэгэн гэмтэл үүсээгүй. Би гомдолтой байна. Би Ц.Б-өөс миний эрүүл мэндэд учруулсан гэмтлийн нөхөн төлбөр 2.000.000 /хоёр сая/ төгрөг нэхэмжилж байна. Миний бие учирсан хохирлын талаар баримт бүрдүүлж чадаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19, 20 дахь тал/,
Гэрч Ш.Ц-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “.Уг үйл явдал болсон 2022.10.18-ны өдрийн өмнөх өдөр миний хамтран амьдрагч Ц.Б бид хоёр С.Ж ахын гэрийг өвлийн байдлаар барьж тэдний гэрт хоносон. Тэгээд маргааш нь буюу 2022.10.18-ны өглөө босоод гэрийн хаяа булах гэж байхад Л нар ирэхээр нь С.Ж ах Л-д 20.000 төгрөг гаргаж өгөөд архинд явуулсан. Л нь архи авч ирхэд С.Ж, Т, Л, Ц.Б бид нар гэрт орсон. Гэрт ороод Л-ын хийж өгсөн архийг нь би амсаад гэрээс гарч зүүн талын багснаас гэрийн гол буюу хоймор хүртэл хаяаг шороогоор булаад гэрийн зүүн талаас хаяаны шороо саван хийж авах гэж байхад араас хүн тэврэхээр нь би цочиж орилж хархад С.Ж ах нилээн согтсон байдалтай миний араас тэвэрсэн байсан. Би С.Ж ахыг боль гээд зогсож байхад Ц.Б гэрээс гарч ирээд манай эхнэртэй ноцолддог хэн бэ гэж хэлээд С.Ж ахыг гэрийн үүдэнд байдаг шалны өнцөг дээр хүчтэй татаж, хавирч унагааж цээжин дээр нь дараад авчихсан байхад би Ц.Б-ийг салгаж авсан. Ц.Б-ийг С.Ж-гийн биед халдаж байхыг надаас өөр хүн хараагүй. Ц.Б-ийг Л-ийн гэрт амраагаад буцаж С.Ж ахын гэрт очиход С.Ж ахын бие нь эвгүй байхаар нь өвчин намдаах эм уулгаад унтуулсан. Тэгээд Ц.Б-ийг Л-ийн гэрээс очиж авч С.Ж ахын гэрт хамт очоод С.Ж ахыг бариачид очиж бариулахад зүүн талын 3 хавирга хугарсан байна гэхээр нь эмийн сан орж наалт, өвчин намдаах эм зэрэг зүйл авч С.Ж ахын гэрт ирж хоносон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28, 30 дахь тал/,
Гэрч М.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “..С.Ж ах, Ц.Б хоёр хэзээ гэрээс гарсныг би мэдээхгүй байна. Гэнэт С.Ж ах зовуурьтайн аргагүй чанга дуугаар дуугарахаар нь гэрээс гарахад С.Ж гэрийн үүдний жижиг шалан дээр уначихсан, хажууд нь Ц.Б, Ц нар зогсож байсан. Би юу болсон талаар асуухад С.Ж Ц.Б намайг цохьчихлоо гэхээр би Ц.Б-өөс яагаад настай хүн зодсон юм зодсон вэ гэж асуухад наад хөгшин чинь манай эхнэр Ц-г тэвэрсэн байсан болохоор би түүнийг түлхэж унагаасан гэж хэлсэн. Тухайн үед С.Ж ах зовуурьтай дуугараад байхаар нь Л-ийг дуудаж гэрт оруулаад баруун орон дээр хэвтүүлсэн. Ц.Б нь Улаангом сумын 10 дугаар багт байрлах С.Ж ахын гэрийн гадна түүний биед халдаж цохисон. Ц.Б, С.Ж ахын биед халдаж цохиж байхыг Ш.Ц-г харсан. Харин Л бид хоёр гэрт байсан болохоор хэн нь хэний биед яаж халдаж цохисон болохыг хараагүй. С.Ж ах зовуурьтай дуугарахаар нь би гэрээс гарахад гэрийн үүдэнд уначихсан байсан. Уг өдөр Ц Ц.Б нь С.Ж ахыг гэрийнхэн гадна биед нь халдаж унагаахаас өмнө С.Ж ахын биед ямар нэгэн гэмтэл, өвдөж зовуурилж байсан зүйл байгаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,
Гэрч Л.Л-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ц.Б, С.Ж-ийн биед халдаж зодож байхыг би хараагүй. Би гэрээс гарахад Ц.Б өшиглөчихлөө гээд элэг, цээжээ тэврээд доош хараад үүдний жижиг шалан дээр хэвтэж байсан. Би Ц.Б-өөс юунаас болж С.Ж өвөөг цохисон талаар асуухад миний эхнэр Ц-гийн араас тэврээд авчихсан байхаар нь би түлхэж унгаасан гэж байсан. Тухайн өдөр өвөөгийн биед ямар нэгэн бэртэл гэмтэл байхгүй байсан ба Ц.Б гэрийн гадна түлхэж унагаасны дараа С.Ж өвөө босож чадахгүй баруун талын далны доод хэсгээр хатгаж өвдөж байна гэсэн. Тухайн үед Т бид хоёр өргөж босгоод гэрт нь оруулаад орон дээр нь хэвтүүлсэн. Уг үйл явдал болсноос хойш 4 хоногийн дараа буюу 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр С.Ж өвөөгийн гэрт очиход Ю.Б-д гэх хүн байсан ба С.Ж өвөөгийн 4 хавирга хугарсан байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,
Гэрч У.Ц-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “.С Ж гэх хүн Н бид хоёрыг гэр барьж өг гэхээр нь бид ажилтай байна гэж хэлээд очоогүй. Түүнээс хойш 3 хоногийн дараа С.Ж ах хоол хийчихсэн байна архи байвал аваад хүрээд ир гэсэн. Н бид хоёр 0,75 литрийн нэг шил архи аваад С.Ж ахын гэрт очиж хоол идээд уг архийг хувааж уугаад байж байхад С.Ж ах намайг Ц.Б түлхэж унгааснаас хойш миний хавирга өвдөөд байна гэж байсан. Тэгээд архи уугаад сууж байхад Ц.Б /Ц.Б/, Ц/Ц/ нар орж ирсэн. Уг орой С.Ж ах, Ц, Ц.Б, Н нар тэдний гэрт архи ууж хоносон. Тухайн орой би Ц.Б-гөөс С.Ж ахыг яагаад цохисон талаар асуухад С.Ж ахын гэрийн хаяа булж байхад Ц-г тэврээд авчихсан байхаар нь би Ц-тэй С.Ж ахыг хардаж түлхэж унагасан гэж хэлсэн. Тэгээд С.Ж ахын гэрт архи ууж хоноод маргааш өглөө нь Н, Ц, Ц.Б нар гэрээс гараад явсан ба би Ж ахын гэрт үлдсэн. Өдөр 12 цагийн үед байх Н, Ц, Ц.Б нар Ж ахынд ирээд намайг авч гарна гэхээр миний дотор эвгүй байна, би гарахгүй гэж хэлээд гараагүй ба тэд нар гэрээс гараад явсан Би С.Ж ахын гэрийн зүүн орон дээр унтаж байхад тэдний хамаатны хүмүүс орж ирсэн ба энэ хүнийг хэн цохисон юм бэ? гэж асуухад нь би мэдэхгүй гэж хэлсэн. Тэр хүмүүс С.Ж ахыг эмнэлэгт үзүүлнэ гэж хэлээд аваад гарахаар нь би гэрлүүгээ явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,
Гэрч Л.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...С.Ж ах надад хэлэхдээ Ц.Ц.Б миний хавирга хугалсан гэсэн ба түүний хавиргыг яаж хугалсан талаар би асуугаагүй. Харин би С.Ж ахад хандаж та архи уусан хүн болгоныг гэртээ цуглуулж архи уугаад байхаар ийм асуудал болж байгаа юм гэж хэлсэн. С.Ж ахын гаргасан гомдол мэдээллийн талар надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,
Гэрч Ю.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...С.Ж ахын хүргэн М 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 11 цагийн үед надтай утсаар холбогдож С.Ж-гийн хавирга хугарсан юм шиг байна. Гэрт нь очоод юу болсон талаар мэдээд өгөөч гэсэн. Би уг өдөр 12 цагийн үед С.Ж ахын гэрт очиход С.Ж ах баруун орон дээрээ хэвтэж байсан ба гэрт Хараа \У.Ц\ гэх эмэгтэй зүүн талын орон дээр унтаж байсан. Би С.Ж ахаас юу болсон талаар асуухад Ц.Б \Ц.Б\ гэх залуу надаас архины мөнгө нэхэж, миний хавирга руу өшиглөж намайг бэртээсэн гэж байсан. Би С.Ж ахыг нэгдсэн эмнэлэг дагуулж орж цээжний зураг авахуулсан. Тухайн өдөр С.Ж ах цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дахь тал/,
Гэрч С.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...С.Ж нь надад хандаж 2022 оны 10 дугаар сарын 15-нд гараа бэртээсэн гэж ирж бариулсан. Мөн түүнээс хойш 3 хоногийн дараа байх миний ээжийн өнгөрсөн өдөр би цээр барьдаг. Уг өдөр С.Ж нь бэртсэн гэж Ц, Ц.Б, Н нарын хамт намайг унтах гээд орондоо орчихсон байхад ирсэн. Тухайн өдөр нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны шөнө байсан. Уг өдөр би С.Ж-д бариа хийхэд баруун талын 3-4 ширхэг хавирга хугарсан байсан.Олон жил бариа засал хийсэн туршилгаас үзэхэд хавирга хугарч удсан тохиолдолд зөөлөн эдэд нөлөө өгдөг. Харин С.Ж-гийн гэмтэл нь удаагүй байсан ба хавдаж ямар нэгэн өөрчлөлт өгөөгүй байсан. Би юу болсон талаар асуухад хавирга их өвдөж байна гэхэд Ц нь хэргийн эзэн нь гадна байна оруулаад ирэх үү гэхээр би хэрэг шүүхгүй гэж хэлэхэд Ц.Б-ийг гаднаас гэрт оруулж ирсэн. Би Ц.Б-ийг чи хөгшин настай хүн яаж байгаа юм гэхэд миний буруу гэж байсан болохоор яг яаж бэртсэн талаар тодорхой мэдэхгүй асуугаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/.
Шүүгдэгч Ц.Б-гийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Уг үйл явдал болохын өмнө ирж гэр бартж өг гэсэн. Тухайн өдөр нь Ц-гийн хамаатны айлд буяны ажилд оролцоод С.Ж ахын гэрт очиход гэрээ өвлийн байдлаар дулаалж барьсан байсан ба С.Ж ахын гэрт бид Ц, С.Ж ах бид нар нэг шил архи хувааж уугаад унтсан. Маргааш нь буюу 2022 оны 10 дугаар сарын 18-ны өглөө С.Ц бид хоёр босож гэрийн хаяа дулаалж булах талаар ярилцаж сууж байхад Т, Л, хоёр ирсэн. С.Ж ах Л-д авдараасаа 20.000 төгрөг гаргаж өгөөд архи аваад ир гэсэн. Тэгээд Л архинд яваад С.Ж ах, Т, Ц бид нар гэрийн хаяа булсан. Л архи авч ирэхээр би нар хувааж уухаар гэрт орсон. Харин Ц архи уухгүй гээд гэрийн хаяа булаад гадна үлдсэн ба С.Ж ах гэрт архи ууж байгаад гарч бие засна гээд гэрээс гарсан түүний араас би тамхи татахаар удалгүй гэрээс гарахад С.Ж ах Ц-г араас нь тэврээд авчихсан байсан. Тэгэхээр нь би С.Ж-гийн баруун дал хэсгээс нь мушгиж татаж хөлийг нь хавирахад гэрийн үүдэнд байсан жижиг шалан дээр эвгүй дуугарч унасан. Тэгээд Л,Т нар гарч ирээд С.Ж-г өргөж босгоод гэрт оруулсан. Ц бид хоёр араас нь гэрт орж үлдсэн архийг хувааж уугаад Т,Л,Ц бид нар С.Ж ахын гэрээс гарч яваад Т-ын гэрт очиж хоол идэж би унтсан. Унтаж байгаад сэрэхэд бүрэнхий болсон байсан ба Ц бид хоёр Т-ын гэрээс гарч яваад С.Ж ахын гэрт очиход бие эвгүй байна гэхээр нь Цоодол гэх бариачид очиж бариулсан. Би С.Ж ахын биед гэмтэл учруулсан үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би буруугаа ойлгож байгаа бөгөөд С.Ж ахыг Онош эмнэлэгт 6 хоног хэвтүүлж эмчилгээ хийлгэсэн. Учирсан хохирлыг төлж барагдуулна” /хавтаст хэргийн 67-68 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 475 дугаартай шинжээчийн “Үзүүлэгч С.Ж-гийн биед цээжний баруун талын 6, 7, 8, 9 дүгээр хавирганууд далны шугамаар хөндлөн зөрөөтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цээжний баруун хэсэг болон бүсэлхийн баруун хэсгийг хамарсан цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний байдлаар үүсчихсэн байсан талаар түүний рентген зургийн хариунд бичигдсэн байна. Шинэ гэмтлүүд байна. Цээжний баруун талын 6, 7, 8, 9 дүгээр хавирганууд далны шугамаар хөндлөн зөрөөтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цээжний баруун хэсэг болон бүсэлхийн баруун хэсгийг хамарсан цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журам” -ын 2.3.1 -д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. Цус хуралт гэмтлүүд нь биеийн нийт гадаргуугийн 4 хувь орчим талбайг хамарч байна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дэх тал/-ээр хохирогч С.Ж-гийн биед учирсан гэмтэл нь хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ц.Б нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч С.Ж-гийн биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч С.Ж нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт 2.000.000 \хоёр сая\ төгрөгийн нэхэмжлэл гаргасан боловч холбогдох баримт гаргаж өгөөгүй тул гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг цаашид эмчлүүлсэн тохиолдолд зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Ц.Б хохирогч С.Ж-гийн шинжилгээ хийлгэсэн 37500 төгрөгийг төлсөн баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн болно.
Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.
2. Шүүгдэгч Ц.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ц.Б урьд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2001 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 357 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хавтаст хэргийн 84-85 дахь тал/-оор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа /хавтаст хэргийн 82 дахь тал/-аар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй
Шүүгдэгч Ц.Б-ийн хувийн зан байдлын талаар гэрч Ц.Б-гийн өгсөн: “...Ц.Б нь 1984 онд миний аав Б.Ц, ээж Г.Н нарын 8 дахь хүүхэд болж мэндэлсэн. Улаангом сумын 10 дугаар багт байдаг 3 дугаар сургуулийн арван жилийн сургуулийг 1992-2000 онд суралцан төгсөж бүрэн бус дунд гэрчилгээтэй. Ц.Б нь З гэх хүнтэй нэг жил хамтран амьдарч А гэх хүүхэдтэй болсон. Албан ёсоор гэрлэлтээ батлуулж гэр бүл зохиож байгаагүй. Ц.Б нь хүнд худлаа хэлдэггүй, шулуун шударга зантай, ямар нэгэн суурь өвчин байхгүй, аливаа автомашины засварын ажилд гарын эв дүйтэй, төлөв даруу, татхи татдаг, бусдад тусархуу, эелдэг зөөлөн, шударга зантай, уурлаж уцаарладаггүй, хүний үгэнд ордог, хүмүүжил маш сайн. Сул тал нь архи согтууруулах ундаа уучихдаг зантай ба эгч ах нар архи ууж байна гэж уухлахад урдаас ямар нэгэн үйлдэл үг хэлээр дайрах, доромжилдог зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/, гэрч Д.Ц-ийн өгсөн:....Ц.Б нь манай хадам Н-тэй хамт амьдарч байгаа Ц.Б нь ах эгч нарынхаа өмнөөс маргалдаад байдаггүй, хүнд ямар нэгэн зүйл хийж өгнө гэж хэлсэн бол шөнө орой нойр хоолгүй явж эхэлсэн ажилаа дуусгадаг, хүний юманд дураараа ерөөсөө гар хүрдэггүй, цэргийн алба хаагаагүй, ямар нэгэн суурь өвчин байхгүй, автомашин засварлах ажилд техник сэтгэлгээтэй гарын эв дүйтэй, авьяастай төлөв даруухан зантай, бусадтай зөв боловсон харилцдаг, хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, тамхи татдаг, бусдад тусархуу эелдэг зөөлөн, шударга зантай уурлаж уцаарладаггүй, сайхан сэтгэлтэй, хүний үгэнд ордог, аливаа зүйлийн эв эеийг олох гэж хичээдэг, огцом түргэн ааш авир байдаггүй, хэлэх гэсэн үгээ шулуухан хэлчихдэг юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дэх тал/ хэрэгт авагдсан байна.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;” 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн....” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Ялтан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Б-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Ц-ний Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д 450 /дөрвөн зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай
4. Хохирогч С.Ж нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Б-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ