Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 146

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 35 дугаар байрны 90 тоотод оршин суух, Монгол овогт Мөнх-Очирын Цолмон /РД: ЧД82072800/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 5, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байранд байрлах, Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох,

 

Төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөртөө тооцож авахыг санал болгосон шийдвэрийг хүчингүй болгуулах тухайнэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Батхуяг, М.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Цолмонгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 3010/Б дугаар шийдвэрээр Б.Бадамбулагаас 62,229,380 төгрөг гаргуулж Анод банкинд олгохоор шийдвэрлэсэн юм байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 35 дугаар байрны 90 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг төлбөр авагч Монголбанкийг төлбөртөө тооцоод ав гэсэн шийдвэр гарсан. Дээрх орон сууц нь М.Цолмон, Б.Бадамбулаг бидний дундаас гарсан хүүхдүүд болох Б.Учрал, Б.Ирмүүнбилэг гэсэн 4 хүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө юм. Энэ нь Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэрээр нотлогдоно. Учир нь энэ шийдвэрээр дээрх орон сууцыг М.Цолмон, Б.Учрал, Б.Ирмүүнбилэг нарын өмчлөлд үлдээсэн юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.7-д заасан ажиллагаа явагдаагүй байхад мөн хуулийн 86.8-д заасан шаардлага гаргах эрх үүсээгүй байхад 2 удаа дуудлага худалдаа явуулж төлбөр авагчийг төлбөртөө тооцож авах санал болгосон шийдвэр гаргасныг бие даасан шаардлага гаргах эрхтэй М.Цолмон миний бие зөвшөөрөхгүй байна. Иймд Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 35-90 тоот 2 өрөө орон сууцыг төлбөр авагчийг төлбөртөө тооцож авахыг санал болгосон шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

 Хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Батхуяг, М.Эрдэнэбаяр нарын шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 3010/Б дугаар шийдвэрээр Б.Бадамбулагаас 62,229,380 төгрөг гаргуулж Анод банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгох, төлбөр төлөгч нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 35-90 тоот 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулж төлбөрийг барагдуулахаар шийдвэрлэсний дагуу тус албанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 35-90 тоот 2 өрөө орон сууцыг 2008 онд барьцаалж зээл авах үед дээрх орон сууц нь Б.Бадамбулагийн /1 хүний/ өмчлөл байсан бөгөөд одоо ч 1 хүний өмчлөл хэвээрээ байгаа болох нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т гүйцэтгэх баримт бичгийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор барьцаалсан, битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн тохиолдолд уг эд хөрөнгө хэний эзэмшилд шилжсэнээс үл хамааран гаргуулж, түүнийг төлбөрт суутгана гэж заасан тул нэхэмжлэгчийн шаардлага дурдсанаар уг үл хөдлөх эд хөрөнгөд өмчлөгч нэмэгдсэн байсан ч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад саад болохгүй. Мөн төлбөр төлөгч Б.Бадамбулаг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дуудсан үед ирэхгүй, хаа байгаа газар нь мэдэгдэхгүй, зугтааж саад учруулж байгаа учраас санал болгох хурлаа хийж чадаагүй, хурал хийгдээгүй байгаа гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Цолмон нь хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдууланБаянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 хороолол, 35 дугаар байрны 90 тоот 29 м/кв 2 өрөө орон сууцыг төлбөртөө тооцож авахыг төлбөр авагчид санал болгож шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгө нь Б.Бадамбулагийн буюу 1 хүний өмчлөлд одоо хүртэл байгаа тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаагхуулийн дагуу явуулсан гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 3010/Б дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хариуцагч Б.Бадамбулагаас 62,229,380 төгрөг гаргуулж Анод банк ХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгох, төлбөр төлөгч нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 35-90 тоот 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулж, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч М.Цолмон нь Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 604 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаарт Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Б.Учрал, 2008 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.Ирмүүнбилэгт нарыг төрүүлсэн эх М.Цолмонгийн асрамжид үлдээн, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 35 дугаар байрны 90 тоот 2 өрөө орон сууцыг М.Цолмон, охин Б.Учрал, хүү Б.Ирмүүнбилэгт нарт үлдээн, ... гэж шийдвэрлэснийг үндэслэн дээрх маргаан бүхий орон сууцны өмчлөгч, бие даасан шаардлага гаргах эрхтэй гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна:, 8.1.1-д эд хөрөнгө өмчлөх эрхийн;, мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ. гэжээ.

Нэхэмжлэгч М.Цолмон нь Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 35 дугаар байрны 90 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Харин маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Баянгол дүүргийн Бүртгэлийн хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1323 дугаар албан бичгээр дээрх орон сууц нь Б.Бадамбулагийн өмчлөл /1 хүний/-ийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь тогтоогдож байна.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дүгээр сарын 23-ний өдрийн 2664 дүгээр гүйцэтгэх хуудсыг үндэслэн Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Б.Бадамбулагийн өмчлөлийн /1хүний өмч/ Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 35 дугаар байрны 90 тоот 29 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 15252355/1 дүгээр тогтоолоор хурааж, үнэлгээ тогтоолгон, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр анхны, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд тус тус оруулахад Б.Бадамбулагийн үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдоогүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагааг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр явуулахаар 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлбөр төлөгч Б.Бадамбулагт Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь 3/7602 тоот мэдэгдлээр мэдэгджээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д Энэ хуулийн 72.1, 72.2-т заасны дагуу дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө суутган авахыг санал болгоно. Хэрэв төлбөр авагч авахаас татгалзсан, эсхүл хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй бол худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаана. гэжээ.

Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэбаярын ... төлбөр төлөгч Б.Бадамбулаг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дуудсан үед ирэхгүй, хаа байгаа газар нь мэдэгдэхгүй, зугтааж саад учруулж байгаа учраас санал болгох хурлаа хийж чадаагүй, хурал хийгдээгүй байгаа гэх тайлбараас үзэхэд төлбөр төлөгчийн өмчлөлийн албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагаа хийгдээгүй болох нь тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэгч М.Цолмонгийн төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөртөө тооцож авахыг санал болгосон шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2017 оны/ хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч М.Цолмонгийн хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан гаргасан төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөртөө тооцож авахыг санал болгосон шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

       

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР