Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/124

 

 

2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр                     Дугаар 2022/ШЦТ/124                                       Даланзадгад сум

                                                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: О.Батнасан,

Шүүгдэгч: Б.А,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Б-ын А-д холбогдох 2228003240173 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Б.А нь 2022 оны 08 дугаар сарын 16-ны шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Нисэхийн 17 дугаар гудамжны 17 тоот хашааны зүүн талд иргэн Ц.Бтай таарамжгүй харьцааны улмаас маргаж, үснээс нь зулгаах, нүүр рүү нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, зүүн гуя, хэвлийд цус хуралт, баруун тохой өвдөгт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Аг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.А шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Миний нүүр болон толгой, хөл рүү цохиод байсан. Тэр хүн нь эмэгтэй хүн байсан. Би хэдэн хүн байсныг санахгүй байна. Би тухайн үед их хэмжээний архи согтууруулах ундаа уусан байсан. Тэгээд согтсон байсан болохоор хэдэн хүн халдсан талаар би санахгүй байна. Өнөрбүл дэлгүүрийн гаднаас найзындаа очихоор таксинд суусан. Манай найз хамт явж байсан юм. Тэгээд бид 2 таксинд суухаас өмнө пиво уусан бөгөөд таксинд суугаад дахиад пиво уусан. Би тухайн үед эм, тос, өвчин намдаах лаа гэх зүйлсийг 70.000- 80.000 төгрөгийн хооронд авсан. Энэ төлбөр болон 15 хоног ажлаа хийж чадаагүй хугацааны хохирлоо би 400.000 төгрөгөөр нэхэмжилж байна. Би нэг өдөрт дунджаар 280.000 төгрөгийн орлоготой байдаг. Тэр намайг зодсон гэх хүнээс эмний 80.000 болон 400.000 төгрөг нийтдээ 480.000 төгрөг нэхэмжилж авна. /хх-ийн 16-17, 29 дэх тал/

 

Хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд:

Асуулт: Та энэ хүнийг таних уу? Хэрэв таньдаг бол та энэ хүнийг хэрхэн яаж таньдаг вэ?

Хариулт: Би тухайн үед 2022 оны 08 сарын 15-ны өдрөөс 2022 оны 08 сарын 16-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6-р баг Нисэхийн 17-16 тоот хашаагүй хоосон газарт хүнтэй андуурч зодож биед нь халдахдаа харж байсан.

Асуулт: Хохирогч Ц.Бгийн биед үүссэн гэх гэмтлийн талаар та мэдэх үү?

Хариулт: Би энэ хүний биед үүссэн гэх гэмтлүүдийн талаар мэднэ.

Асуулт: Та Ц.Бгийн биед хэн халдаж бие эрх чөлөөнд хэрхэн хохирол учруулсан талаар мэдэх үү?

Хариулт: Тухайн үед би энэ хүнийг манай найзыг айлгасан хүнтэй андуураад машинаас нь үсдэж буулгаад, алгадаж цохиж биед нь халдсан.

Асуулт: Тухайн үед таны бие эрх чөлөөнд хэн хэн халдсан талаар та мэдэх

үү?

Хариулт: Тэр үед энэ эмэгтэй миний биед халдсан /хх-ийн 34 дэх тал/

 

Гэрч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 08 сарын 16-ны өдөр би найзтайгаа гадуур явъя гээд явж байгаад Өлзийт дэлгүүрийн урд талд 2 хүн гар өргөж байхаар нь авсан. Тэгээд тэр 2 хүн Дундсайханд хүргүүлье гэж хэлсэн. Тэгээд тэр 2 хүн Гурвансайханд бууя, эсхүл Дундсайханд бууя гээд яваад байсан. Тэр 2 хүний нэг нь нөгөө хүнээ манай гэрт очъё гэж хэлсэн. Тэр 3 хүн архи нэлээн уусан согтуу байсан. Тэр 2 хүн миний машинд суухдаа 1 ширхэг том бүтэн пивотой орж ирсэн. Тэгээд тэр 2 хүн таксины мөнгөө өгөхгүй, бэлэн мөнгө байхгүй АТМ-ээс гаргаж өгөөд Ивээл дэлгүүрийн хаан банк дээр очоод тэр хүн мөнгөө аваагүй гэхээр нь нэгийг нь гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд нэг нь буусан чинь нөгөө найз нь би үхчихье гээд тэр 2 хүн хоорондоо муудалцаад байсан. Нөгөө үлдсэн хүн нь та 2 эгчийгээ Гурвансайханд хүргээд өг, эгч нь та хоёрт 20.000 төгрөг өгье гэхээр нь манай найз бид 2 хүргэж өгсөн. Тэгээд тэр эгчийг Гурвансайханд хүргэж өгсөн чинь тэр эгч “За эгч нь ороод мөнгө аваад ирье" гэхээр нь за гэж хэлсэн. Тэгээд нөгөө эгч гарч ирэхгүй байхаар нь би найзтайгаа хамт гэр рүү нь орсон чинь нөгөө эгч нэг эрэгтэй хүнтэй хамт оронд орсон байсан. Тэгэхээр нь би мөнгөө авъя гэсэн чинь мөнгө байхгүй гэж хэлэхэд нөгөө хамт хэвтэж байсан эрэгтэй нь “Чи шөнө орой ирчихээд таксины мөнгөө өгөөч” гэхэд нөгөө эгч байхгүй чи өгчих гэж хэлээд тэр 2 хэрэлдсэн. Тэгээд тэр эгч гарч ирээд эгчийгээ Хайрхан дэлгүүр рүү хүргээд өг гэхээр нь манай найз, тэр эгч бид 3 Хайрхан дэлгүүр орсон. Тэр эгч манай найзад картаа өгөөд ороод мөнгөө авчих гэж хэлсэн. Тэгээд мөнгөө авчихаад манай найз бид 2 тэр эгчийг “Эгч Гурвансайхан руу хүргүүлэх юм уу гэхэд тэр эгч “Үгүй ээ намайг Малчин хороололд хүргээд өг” гэж хэлсэн. Тийш явах замд манай найз гэртээ ороод гялс хоол идчихье гээд гэртээ орсон. Тэгээд би машиндаа нөгөө эгчтэй хамт үлдсэн. Тэр үед би урд талд суугаад утсаар тоглоод байж байсан чинь миний машины хажуугаар 2 машин хурдтай ирээд хойд талын хашааны үүдэнд зогссон. Нөгөө эгч нөгөө авч орж ирсэн 1 ширхэг пивоо ууж байгаад доошоо шал руу асгаад байхаар нь би “Та яаж байна, зүгээр уугаач” гээд хэлсэн чинь нөгөө эгч ар талын суудалд сууж байснаа миний хоолойноос багалзуурдаад авсан. Тэгээд би та чинь одоо яаж байна гэж хэлэхэд миний нүүр бадайраад байхаар нь би нэг хөлөө хойш нь давуулаад гарыг нь татаж байсан чинь хойд талын 2 хаалга онгойгоод нөгөө эгчийг хөлнөөс нь татаад унагаасан. Тэгээд би бага зэрэг манарчихаад буугаад ирсэн чинь зодоон болоод байсан. Нөгөө эгч чинь нэг өөр эмэгтэйтэй зодолдож байсан. Тэгээд би тэр хэдийг салгасан. /хх-ийн 39 дэх тал/

 

Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тэр зодоон 6-р баг Нисэхийн 16-16 тоотод байрлах манай найз Золбоогийн гэрийн хойно болж байсан. Би яг хаягийг нь мэдэхгүй байна. 2022 оны 08 сарын 15-ны шөнө би тэр гуравтай хамт ирчихээд Золбоогийн гэрт үлдсэн. Тэгээд гадаа хүн орилолдоод байхаар нь гэрээс гарахад хүмүүс зодолдож байсан. Тэр үед А нэг танихгүй эгчийг үсдээд цохиж байсан. Хажууд нь Н, А 2 байж байсан. Тэр үед би холоос харж байсан болохоор тэр гурвыг хамт хүн зодоод байна гэж бодсон. А А болон нөгөө танихгүй хүн хоёрыг салгаж байсан. Тэрийг нь би А хамт зодож байна гэж андуурч харсан. Н болохоор хажууд нь ойрхон зогсож байсан. Тэгээд би тэр хоёрыг андуурч Атай хамт хүн зодож байна гэж бодсон. /хх-ийн 57 дахь тал/

 

Гэрч Х.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв Нисэх 16 дугаар гудамжинд найз О.Золбоогийн гэрт байсан. Тухайн үед А Н хоёр гэрээс гарч байгаа харагдсан. Тэгээд хэсэг хугацааны дараа би араас нь гарсан чинь А нэг танихгүй эмэгтэй хүнд үсдүүлээд доор нь орчихсон газарт хэвтэж байсан. Би салгахаар очсон чинь уг танихгүй эмэгтэй Агийн үснээс зулгаагаад А бас уг эмэгтэйн үснээс зулгаагаад нэг нэгэнтэйгээ үсдэлцээд байсан. Би очоод тэр хоёр салаад боссон. Аг Н цааш нь аваад явсан. Би уг танихгүй эмэгтэйн хамт тэр хоёрын зодолдсон газарт үлдсэн. Тэгээд тэр эгчтэй юм ярих гэж байсан чинь уг эмэгтэй миний хурууг арагш нь дараад би ёоёо гэсэн чинь А ирээд уг эмэгтэй хүнтэй юм ярьж байхад тэр эмэгтэй “эгч нь хүчиндүүлэх гэж байлаа таксины жолоочид” гэж яриад байсан. Тэр машинтай хүмүүс нь намайг гэрээс гарч ирэхэд шууд хөдлөөд яваад өгсөн. Тэгээд тэр танихгүй эмэгтэй хүнтэй бид нар яриад учраа олоод гэрт нь хүргэж өгсөн. Уг эмэгтэй бид нарт хэлэхдээ таксины мөнгө нь 20.000 төгрөг болсон чинь таксины жолооч нь уг мөнгөндөө унтчих гээд намайг хүчиндэх гэж байсан гэж ярьж байсан. Тухайн үед харанхуй байсан болохоор хэнд ямар бэртэл гэмтэл учирсан талаар би хараагүй. Миний биед ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй. Миний харснаар бол уг эмэгтэйн зүүн нүдний доор нь хөхөрчихсөн байх шиг байсан. Өөр бэртэл гэмтэл анзаарагдаагүй. Тухайн үед намайг харж байхад А тэр хоёр хэн хэнийгээ үсдээд байсан. Тэрнээс нэг нэгнийгээ цохиж зодсон зүйл огт байгаагүй. /хх-ийн 67-68 дахь тал/

 

Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв Нисэх 16 дугаар гудамжинд найз О.Золбоогийн гэрт байсан. Тухайн үед Золбоог хамаатны ах нь айлгаад байсан учир найзуудын хамт ирсэн байсан. Тэгээд гэрийн гадаа машин ирэхээр нь би гэрээс Агийн хамт гартал хашааны гадаа буланд нэг машин ирчихсэн зогсож байсан. А бид хоёр уг машин дээр очоод би зүүн талын хойд хаалгыг нь татсан чинь цоожтой байсан. А баруун хойд хаалгыг нээсэн. Би машин тойроод хэвтэж байсан. Уг эмэгтэй хүн Агийн дээр нь гараад өвдөглөөд суучихсан Аг үсдээд байсан. Тэгээд би салгах гээд байсан чинь тэр хоёр салахгүй нэг нэгнийгээ үсдээд байсан. Би хөөе болиоч гээд байхад тэр хоёр болихгүй нэг нэгнийгээ үсдээд байхаар нь би Агийн дээр нь өвдөглөөд суучихсан байсан эмэгтэйн цамцнаас нь хойш нь татсан чинь уг эмэгтэй босохгүй байсан. Тэгж байгаад уг эмэгтэй Агийн дээрээс босоод А бас босоод ирсэн. Тэгсэн чинь тэр танихгүй эмэгтэй согтуу байсан болоод тэгсэн юм уу мэдэхгүй хэл яриа нь мэдэгдэхгүй нэг юм хэлээд хараагаад байх шиг байсан. Тэгсэн А уурлаад чи юу гээд байгаа юм бэ гээд уг танихгүй эмэгтэйн нүүр рүү хоёр удаа алгадахаар нь би Аг боль гээд цааш нь аваад явчихсан. Тэгсэн уг танихгүй эмэгтэйн байгаа газарт Х.А болон гэрт байсан бусад хүмүүс гарч ирсэн. Тэгсэн чинь уг эмэгтэй бид хоёр руу дайраад А бид хоёрыг самардсан. Аг хаана самардсаныг мэдэхгүй байна. Миний зүүн гар тохойны ар дээд талд самардсан. Тэгээд уг эмэгтэй хүнтэй ярилцаад учраа олоод тэр эмэгтэйг гэрт нь хүргэж өгсөн. /хх-ийн 70-71 дэх тал/

 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 396 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.Бгийн биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, зүүн гуя, хэвлийд цус хуралт, баруун тохой, өвдөгт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Ц.Бгийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Ц.Бгийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 76-77 дахь тал/

 

Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би нөхөр хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р баг Баруунсайханы 7-27 тоотод амьдардаг бөгөөд бүрэн дунд боловсролтой. Арван жилийн сургуулиа Даланзадгад сумын 1-р бүрэн дунд сургуулийг төгссөн, эзэмшсэн мэргэжил байхгүй, одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй байгаа. Надад санал хүсэлт гомдол байхгүй. /хх-ийн 84-85 дахь тал/

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 94 дэх тал/

Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 93 дахь тал/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 90 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

  Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд: 

Хохирогч Ц.Б, шүүгдэгч Б.А нар нь 2022 оны 08 дугаар сарын 16-ны шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Нисэхийн 17 дугаар гудамжны 17 тоот хашааны зүүн талд иргэн Ц.Бтай таарамжгүй харьцааны улмаас маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Улмаар шүүгдэгч Б.А нь хохирогч Ц.Бгийн үснээс нь зулгаах, нүүр рүү нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсон үйл баримт тогтоогдож байна.   

 

  Тодруулбал: Хохирогч Ц.Бгийн: Миний нүүр болон толгой, хөл рүү цохиод байсан. Тэр хүн нь эмэгтэй хүн байсан. /хх-ийн 16-17 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд:

Асуулт: Та энэ хүнийг таних уу? Хэрэв таньдаг бол та энэ хүнийг хэрхэн яаж таньдаг вэ?

Хариулт: Би тухайн үед 2022 оны 08 сарын 15-ны өдрөөс 2022 оны 08 сарын 16-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6-р баг Нисэхийн 17-16 тоот хашаагүй хоосон газарт хүнтэй андуурч зодож биед нь халдахдаа харж байсан./хх-ийн 34 дэх тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Цийн: ...Тэгээд би та чинь одоо яаж байна гэж хэлэхэд миний нүүр бадайраад байхаар нь би нэг хөлөө хойш нь давуулаад гарыг нь татаж байсан чинь хойд талын 2 хаалга онгойгоод нөгөө эгчийг хөлнөөс нь татаад унагаасан. Тэгээд би бага зэрэг манарчихаад буугаад ирсэн чинь зодоон болоод байсан. Нөгөө эгч чинь нэг өөр эмэгтэйтэй зодолдож байсан. Тэгээд би тэр хэдийг салгасан. /хх-ийн 39 дэх тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Х.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв Нисэх 16 дугаар гудамжинд найз О.Золбоогийн гэрт байсан. Тухайн үед А Н хоёр гэрээс гарч байгаа харагдсан. Тэгээд хэсэг хугацааны дараа би араас нь гарсан чинь А нэг танихгүй эмэгтэй хүнд үсдүүлээд доор нь орчихсон газарт хэвтэж байсан. Би салгахаар очсон чинь уг танихгүй эмэгтэй Агийн үснээс зулгаагаад А бас уг эмэгтэйн үснээс зулгаагаад нэг нэгэнтэйгээ үсдэлцээд байсан. Би очоод тэр хоёр салаад боссон. /хх-ийн 67-68 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Нын: Тухайн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв Нисэх 16 дугаар гудамжинд найз О.Золбоогийн гэрт байсан. Тухайн үед Золбоог хамаатны ах нь айлгаад байсан учир найзуудын хамт ирсэн байсан. Тэгээд гэрийн гадаа машин ирэхээр нь би гэрээс Агийн хамт гартал хашааны гадаа буланд нэг машин ирчихсэн зогсож байсан. А бид хоёр уг машин дээр очоод би зүүн талын хойд хаалгыг нь татсан чинь цоожтой байсан. А баруун хойд хаалгыг нээсэн. Би машиныг тойроод очиход нэг эмэгтэй хүн Агийн дээр нь гараад өвдөглөөд суучихсан Аг үсдээд байсан. Тэгээд би салгах гээд байсан чинь тэр хоёр салахгүй нэг нэгнийгээ үсдээд байсан. Би хөөе болиоч гээд байхад тэр хоёр болихгүй нэг нэгнийгээ үсдээд байхаар нь би Агийн дээр нь өвдөглөөд суучихсан байсан эмэгтэйн цамцнаас нь хойш нь татсан чинь уг эмэгтэй босохгүй байсан. Тэгж байгаад уг эмэгтэй Агийн дээрээс босоод А бас босоод ирсэн. /хх-ийн 70-71 дэх тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А нь 2022 оны 08 дугаар сарын 16-ны шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Нисэхийн 17 дугаар гудамжны 17 тоот хашааны зүүн талд иргэн Ц.Бтай таарамжгүй харьцааны улмаас маргаж, үснээс нь зулгаах, нүүр рүү нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, зүүн гуя, хэвлийд цус хуралт, баруун тохой өвдөгт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.  

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Бгийн эрүүл мэндэд тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, зүүн гуя, хэвлийд цус хуралт, баруун тохой өвдөгт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 396 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76-77 дахь тал/-ээр тогтоогдож байна.

 

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

 

Хохирогч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “Миний хохирол гомдлыг барагдуулсан. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх ба шүүгдэгч шүүх хуралдаанд ...хохирогчид 480.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн гэснээр шүүгдэгч Б.Аг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Б.А нь хувийн байдлын хувьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” /хавтаст хэргийн 86 дахь тал/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 94 дэх тал/, Оршин суугаа хаягийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 93 дахь тал/ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны 1681 дугаартай тодорхойлолтод: Б.А нь Даланзадгад сум Баруунсайхан 1 дүгээр баг 7-27 тоотод ам бүл 2 оршин суудаг нь үнэн болохыг Хүн ам өрхийн мэдээллийн сангийн бүртгэлд үндэслэн тодорхойлов. /хх-ийн 90 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх саналыг гаргасан ба шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж ...хэлэх зүйл байхгүй гэх тайлбар гаргав.

 

 Шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Ад зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс /сумын төвөөс/ гарч явахгүй байх хязгаарлалт тогтоох тухай улсын яллагчийн саналыг хүлээн авч, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хохирогч Ц.Бд 480.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

      1. Шүүгдэгч Х овгийн Б-ын Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Ад зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс /сумын төвөөс/ гарч явахгүй байх хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хохирогч Ц.Бд 480.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА