Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/259

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн,

шүүгдэгч М.О******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.О*******т холбогдох эрүүгийн 2215000000243 дугаартай, 163/2022/0243/Э индекстэй хэргийг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д******* овогт М******* О*******, Булган аймгийн Бугат суманд ...оны ...дүгээр сарын ....-ны өдөр төрсөн, эрэгтэй, Орхон аймгийн ........тоотод оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Хуурай дээж хязгаарлагдмал хариуцлагатай компанид харуул ажилтай, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг, 40 настай, эрэгтэй,

урьд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 374 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан /РД......../,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.О******* нь 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Чулуутын арын хоолой” гэх газраас 2 ширхэг хэрэглээний зориулалттай шинэс төрлийн 0.999 м3 босоо мод хөрөөдөж, хууль бусаар мод бэлтгэж байгаль экологид 243.909 төгрөгийн шууд хохирол, 731.727 төгрөгийн шууд бус хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2215000000243 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч М.О******* нь 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Чулуутын арын хоолой” гэх ойн тусгаарлалт хийгдээгүй газрын ойгоос 2 ширхэг хэрэглээний зориулалттай шинэс төрлийн 0.999 м3 босоо мод хөрөөдөж, байгаль экологид 243.909 төгрөгийн шууд, 731.727 төгрөгийн шууд бус хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.О*******ын өгсөн: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

  1. Иргэний нэхэмжлэгч Ч.Б******* өгсөн “Тухайн газарт ойн тусгаарлалт хийгдээгүй байсан учир мод бэлтгэж болохгүй. Ойд учирсан экологи-эдийн засгийн үнэлгээг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

 

  1. Иргэний нэхэмжлэгч М.Б******* өгсөн “Надаас машин авч явахдаа өвс татна гэж авсан. Тэгээд өвс нь нойтон болохоор өвөл түлэх түлээгээ бэлтгэсэн байсан. Би өөрийн 29-95 БУА улсын дугаартай Нino Dutro маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

 

  1. Гэрч Б.Б******* өгсөн "... ах О******* намайг хоёулаа хамт модонд явъя гэсэн тэгээд би О******* ахын хамт Бугат сумын 3 дугаар баг Чулуутын арын хоолой гэх газарт очсон тэгээд би машин зогсож байсан газрын ойр орчимд байсан хугарч муудаж унасан унанги модыг ачих гээд машин руугаа ойртуулж байхад ах О******* хөрөөгөөр мод хөрөөдөж машинд ачихад бэлэн болгож байсан. Тэгээд би ачихад бэлэн болгосон өөрийн даах модыг 29-95 БУА улсын дугаартай HINO Dutro маркийн тээврийн хэрэгсэл дээр ачиж байхад ах О******* 2 ширхэг босоо модыг хөрөөдөж унагаасан тэгэхээр нь би О******* ахад битгий босоо унагаа ах тэгж болохгүй байх гэсэн. Тэгээд О******* ах ачихад бэлэн болгож хөрөөдөж дуусгаад намайг хоёулаа энэ моднуудыг өргөж машин дээрээ ачаадахъя гэсэн тэгээд би ах О*******тай тухайн моднуудыг өргөж HINO Dutro маркийн тээврийн хэрэгсэл дээр ачсан тэгээд модоо ачиж дуусгаад машинтай уруудаад явж байтал цагдаа нар таарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43, 49 дэх тал/,
  2. Гэрч Б.Н өгсөн "... эрүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 21 цагийн үед Бугат сумын Чулуутын ам гэх нэртэй газраас Орхон аймаг руу явах шороон зам дээр Орхон аймаг руу явж байсан түлээний мод ачсан 29-95 БУА улсын дугаартай Нino Dutro маркийн тээврийн хэрэгсэл явж байхаар нь зогсоон шалгахад мод бэлтгэх эрхийн бичиггүй түлээний мод тээвэрлэн явж байхаар нь тээврийн хэрэгслийг нь түр саатуулан зохих албан тушаалтанд хүлээлгэн өгч ажилласан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,
  3. Булган сум дахь Сум дундын ойн ангийн шинжээч Б.Ж 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 11 дугаартай дүгнэлтэд “Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг “Чулуутын арын хоолой” гэх газарт ойгоос мод бэлтгэх талбай тусгаарлалтын ажил хийгдээгүй байна. Мод бэлтгэсэн Бугат сумын 3 дугаар баг Чулуутын арын хоолой гэх газарт зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн газар нь ногоон бүсийн буюу хамгаалалтын бүсийн ойд орж байна. Бэлтгэсэн мод нь хэрэглээ, түлээний зориулалтаар бэлтгэсэн шинэс төрлийн хуурай мод байна. Ойн цэвэрлэгээний ажлаар босоо мод унагаж болохгүй. Уг иргэний унагаасан 2 ширхэг модны өндрийн зэргийг тогтоож нийт эзлэхүүнийг гаргаад, Монгол орны шинэсэн ойн сортимент сортын хүснэгтийн дагуу хэрэглээ, түлээгээр ангилж модны экологи эдийн засгийн үнэлгээ гаргана. Шинэс хэрэглээний хуурай 0.559 м3, шинэс түлээний хуурай 0.44 м3 нийт 0.999 м3 экологи-эдийн засгийн үнэлгээ нь 243.909 төгрөг” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 72-73 дахь тал/,
  4. Ашид билгүүн хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ТХҮ-622/4672 дугаартай дүгнэлтэд “Хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө 80.000 төгрөг” гэх зах зээлийн үнэлгээ тогтоосон дүгнэлт, /хавтаст хэргийн 59-61 дэх тал/,
  5. Ашид билгүүн хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1001199 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 29-95 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 3.000.000 төгрөгөөр тогтоосон” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 81-85 дахь тал/,
  6. Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.З “... экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 243.909 төгрөг болох нь тогтоогдсон бөгөөд уг үнэлгээг “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтын дагуу учруулсан хохирол болох 243.909 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэн тооцоход 731.727 төгрөгийн нөхөн төлбөр болж байна” гэх хохирлын үнэлгээ тооцсон акт, /хавтаст хэргийн 88 дахь тал/,
  7. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, мод, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 3-12, 21-23 дахь тал/,
  8. Яллагдагч М.О*******ын өгсөн “2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ...Бугат сумын 3 дугаар багт байрлах Чулуутын их гэх хадаж бэлдсэн өвсөө ачихаар очсон чинь нойтон байхаар нь ар талын хоолойноос нь би 2 ширхэг босоо хуурай мод унагаагаад машинд ачих хэмжээгээр хөрөөдөж бэлдээд машин дээрээ ачсан. Харин Батбаяр газар унасан гишүү унангийг машин дээрээ ачаад уруудаад Чулуутын амралтын дээд аман дээр явж байтал цагдаа нар ирээд бичиг баримт шалгаад мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй байна гээд Бугат сумын төв рүү авч явсан.. мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 98-99/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн цагаан өнгөтэй, цэнхэр тагтай цахилгаан хөрөөг таньж судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Батбаяр, Б.Нямбаяр нарын өгсөн мэдүүлэг, сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 11 дугаартай дүгнэлт, хэргийн газарт болон мод, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар хураагдсан хөрөө зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч М.О*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтууд байх бөгөөд шүүгдэгч М.О******* нь 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Чулуутын арын хоолой” гэх газрын ойгоос 2 ширхэг хэрэглээний зориулалттай шинэс төрлийн 0.999 м3 босоо мод хөрөөдөж, хууль бусаар мод бэлтгэж байгаль экологид 243.909 төгрөгийн шууд, 731.727 төгрөгийн шууд бус хохирол учруулсан, Монгол Улсын Үндсэн хууль болон Ойн тухай хуулийг зөрчиж, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдлоо.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч М.О******* нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч М.О*******ын зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчины эсрэг гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан үйлдэл учир хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

Шүүгдэгч М.О*******ын гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 243.909 төгрөгийн шууд хохирол учирсан нь Булган сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль, орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр нийт 731.727 төгрөгийн хохирол, нөхөн төлбөр тогтоогдсон байна.

Уг хохирол, нөхөн төлбөрийг М.О******* Булган аймгийн Бугат сумын Байгаль хамгаалах сангийн төрийн сангийн 100040255402 дугаартай дансанд 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төлсөн талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, Булган аймгийн Бугат сумын Байгаль хамгаалах сангийн төрийн сангийн 100040255402 дансанд тушаасан 731.727 төгрөгийг буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.  

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.О*******ыг ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.О*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч М.О*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хавтаст хэргийн 102-109 дэх талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 374 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн “Хуурай дээж” хязгаарлагдмал хувьцаат компанийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч М.О******* нь ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамтаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шандын 66-4 тоотод амьдардаг, “Хуурай дээж” хязгаарлагдмал хариуцлагатай компанид харуул ажилтай, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч М.О*******ыг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс торгох ялын хамгийн бага хэмжээ болох дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч М.О*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгож, шүүгдэгч М.О*******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нь оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 29-95 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч М.Батсайхан, шүүгдэгч М.О******* нарын мэдүүлэг, тээврийн хэрэгслийн лавлагаагаар иргэн М.Б*******х /хавтаст хэргийн 38-39, 107-108 дахь тал/ болох нь тогтоогдож байна.

Иймд мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 29-95 БУА улсын дугаартай Hino Dutro загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч, иргэний нэхэмжлэгч М.Батсайханд үлдээж, тээврийн хэрэгслийн үнэ 3.000.000 төгрөгийг шүүгдэгч М.Батсайханаас гаргуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 61 ширхэг 0.999 м3 хэмжээтэй хэрэглээний зориулалттай шинэс төрлийн модыг хурааж тус тус улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 80.000 төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн, цагаан өнгийн, цэнхэр өнгийн тагтай цахилгаан хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгох, энэ хэрэгт шүүгдэгч М.О******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч М.О*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д******* овогт М******* О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч М.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавь нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтанд торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч М.О******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.О*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.О*******ын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Булган Бугат хамгаалах сангийн дансанд тушаасан байгаль экологид учруулсан, экологи эдийн засгийн хохирол 731.727 төгрөгийг /долоон зуун гучин нэгэн мянга долоон зуун хорин долоо/ 100040255402 тоот данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулсугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч М.О******* нь бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Ч.Булган-Эрдэнэ нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгож, 3,000,000 /гурван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий 29-95 БУА улсын дугаартай Hino Dutro тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч М.Батсайханд буцаан олгож, үнийг шүүгдэгч М.О*******аас албадан гаргуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 61 ширхэг буюу 0.999 м3 шинэс төрлийн модыг тус тус хурааж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 80,000 /наян мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн цагаан өнгөтэй, цэнхэр өнгийн тагтай цахилгаан хөрөөг хурааж улсын орлого болгосугай.

9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ЭНЭРЭЛ