Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 151/ШШ2018/00903

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: .................... оршин суух Сангийн далай овогт Ө. М. /РД:............../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ................ оршин суух Хольдог овогт Ц.Ц /РД ................../-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын өмчөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль, хариуцагч Ц.Ц, хариуцагчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Шаравдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ө.М нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

“Миний бие 2004 онд Ц.Ц-тай гэр бүл болж, гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Энэ хугацаанд 2004 онд охин Ц.Ц, 2007 онд охин Ц.Э, 2013 онд хүү Ц.Ч нар төрсөн. Анхны хүүхэд төрснөөс хойш 8 сарын дараа нүүр рүү шанаадаж гар хүрснээс хойш олон жил дарамталж, жил ирэх тусам нэмэгдэж өдийг хүрлээ. Ажлаас өөр газар руу явуулдаггүй, хамт олны үйл ажиллагаанд оролцуулдаггүй. Согтуу ирж агсам тавьж, хамааралгүй хүнтэй холбож харддаг. Хэл амаар доромжилж зоддог. Чамайг надаас салвал ална, гэр бүлээр чинь түйвээж шатаана, гэж дарамталдаг. Хүүхдүүд минь буруу хүмүүжил авч, бага хүү минь уурлахаараа хэнийг ч хамаагүй цохиж зодож, муу үгээр хараадаг болсон. Бүх бурууг надруу тохож өөрийгөө зөвтгөдөг. Намайг зодохдоо бүх цонх хаалгаа түгжиж, утас булааж авч байгаад шөнөжин харааж доромжилж цохиж зоддог. 2017 оны 9 дүгээр сарын 13-нд намайг зодоход нь цагдаад дуудаж өгсөнөөс хойш ойр ойрхон дарамталж, чи цагдаагаа дуудах байх, одоо дахиад дууд харъя. Би хахуул өгөөд гарчихна. Тэгээд чамайг ална гэж сүрдүүлсэн. Миний цалингийн картыг хураан авч, гэр бүлийн бүх санхүүг дур мэдэн өөрөө зохицуулдаг. Миний үг, зөвлөгөөг огт сонсдоггүй, бүхнийг өөрийнхөөрөө шийддэг. Би өөрийн цалингаараа ээмэг бөгж, хувцас авах гэвэл дэмий юманд мөнгө үрлээ гээд зөвшөөрдөггүй. Би олон удаа уучилж, үр хүүхдийнхээ төлөө тэвчиж ирсэн. Энэ өргөдлийг өгсөнөөр миний амь нас, эрүүл мэнд, ар гэрт минь хүртэл маш их эрсдэлтэй байдалд орж байна. одоо хөдөө ажлаар явж байна гээд өргөдлөө бичиж байна. Тиймээс бидний гэрлэлтийг аль болох хурдан цуцалж шийдэж өгнө үү. Хамтран амьдрах хугацаанд орлогоороо авсан байшин, газар, хашаа, машин зэрэг эд хөрөнгийг хуулийн дагуу хувааж өгнө үү. Гурван хүүхдийг миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Ц.Ц  нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа

“2003 онд Ө.М-атай танилцаж, гэр бүл болон 2004 онд том охин Ц.Ц төрсөн. Бид хамт сайхан амьдарч байтал 2005 онос хадам ээж бидний амьдралд оролцож, 2 дахь хүүхдээ олоод 5 сартай жирэмсэн байхад нь хүчээр үр хөндүүлж байсан. Үүнээс болж эхнэрийн бие өвддөг болсон, сэтгэл санаа нь хямардаг, зан ааш нь тогтворгүй болж эхэлсэн. ... би гэр бүлээ авч үлдэхийн тулд одоо амьдарч байгаа газраа авч, хашаа барьж хадмын хашаанаас нүүж ирсэн. 2010 онд мал болон хуучин хашаагаа зарж, цалингийн зээл авч 6х7 харьцаатай мансардтай байшин барьсан. 2007 онд охин, 2013 онд бага хүү Чинхүслэн төрсөн. ...

Эхнэр Ө.М 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хөдөө явах ажил гарлаа гээд гэрээсээ явсан. Тэрнээс хойш одоог хүртэл гэртээ эргэж ирээгүй, би үнэхээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүнийг дарамталдаг зоддог зүйл байсан бол эхнэр маань өөрөө үүнийг нотлох ёстой, намайг огт хийгээгүй зүйлийн төлөө ингэж гүтгэж, хуулийн байгууллагад өргөдөл гаргаад явж байгаад маш их гомдолтой байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Ө.М, хариуцагч Ц.Ц нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

“Ө.М нэхэмжлэлтэй, Ц.Ц холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзаж, талууд дараах байдлаар эвлэрэв.

  1. Төв аймгийн Зуунмод сум, 5 дугаар баг, УАА-2а-5 тоотод бүртгэлтэй /Ү-1427002088/ үл хөдлөх эд хөрөнгө, газар /Г-1427001279/ зэргийг хариуцагч Ц.Ц-ын өмчлөлд үлдээх,
  2. Охин Ц.Э, хүү Ц.Ч нарыг аав /эцэг/ Ц.Ц-ын асрамжид үлдээх, охин Ц.Ц-г эх Ө.М-ийн асрамжид үлдээх,
  3. Нэхэмжлэгч хариуцагч хэн аль тал нь хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байх,
  4. Төв аймгийн Зуун мод сум, 5 дугаар баг, Б-5-13 тоотын газрыг /Г-1427002029/, мөн 77-48ТӨА улсын дугаартай Тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгслийг тус тус нэхэмжлэгч Ө.М-ийн эзэмшилд үлдээхээр тус тус эвлэрч байна” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ө.М нь хариуцагч Ц.Ц-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын өмчөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Зохигчид 2003 онд танилцаж, 2003 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүл болсныг 2004 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн 04 дугаарт бүртгэж, №0173420-4 тоот гэрлэлтийн гэрчилгээ олгожээ. /хх-10 дахь хуудас/

Нэхэмжлэгч Ө.М, хариуцагч Ц.Ц нар нь гэрлэлтээ бүртгүүлсний

дараа 2004 оны 6 дугаар сарын 13-ны өдөр охин Ц.Ц, 2007 оны 6 дугаар сарын 30-ны өдөр охин Ц.Э, 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүү Ц.Ч нар төрсөн, тэд эрүүл бойжиж байгаа болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, зохигчдын гэрлэлтийн гэрчилгээ, өрхийн эмчийн тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-4-6, 10-13 дахь хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэслэл болж байгаа нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцлын улмаас 2018 оны 6 дугаар сараас тусдаа амьдарсан. Нэхэмжлэгч Ө.М нь нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа гэр бүлийн хүчирхийлэл дарамтын улмаас нотлох баримт бүрдүүлэх боломжгүй, гадуур явах боломжгүй айдас түгшүүртэй байгаа гэдэг үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасан “шүүхээс урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг хэрэглэх боломжгүй байна” гэж нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан тул нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулав.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан “... гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй...” гэх байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй, нэхэмжлэгч тал нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн болохоо, хариуцагч тал нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй болохоо тус тус нотлоогүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт “хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох ба гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авах”-ыг шүүхэд үүрэг болгосон. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө.М, хариуцагч Ц.Ц нарт эвлэрүүлэн зуучлалын журмаар эвлэрэх нэг сар /30 хоног/-ын хугацаа тогтоох урьдчилсан арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

Тус шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 151/ШЗ2018/02620 дугаар шүүгчийн захирамжийн биелэлтийг хангаж, зохигчдод тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Н.Түвшинжаргал нь 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр эвлэрүүлэн зуучлалын тусламж үйлчилгээ үзүүлсэн боловч, нэхэмжлэл гаргагч Ө.М гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байгаа, хариуцагч Ц.Ц хүүхдүүдийн ирээдүйг бодож байгаа ч хамтран амьдрах талаар эргэлзэж байгаа зэргээс зохигчид эвлэрэх боломжгүй тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгожээ.

Ө.М, Ц.Ц нарт шүүхээс тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтай эвлэрэх хугацаа өгч, хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болж, шүүхээр гэрлэлтээ цуцлуулахаар тохирсон, талуудын хүсэл зориг зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар зохигчид хэлэлцэн тохиролцох эрхтэй бөгөөд 2004 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Ц.Ц-г эх Ө.М-ийн асрамжид,  2007 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Ц.Э, 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү Ц.Ч-г эцэг Ц.Ц-ын асрамжид үлдээхээр, зохигчид хэн аль талдаа хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байхаар талууд тохиролцсон байх тул хүүхдүүдийн асрамж, тэтгэлгийн асуудлаар маргаангүй гэж шүүх дүгнэлээ.  

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт “Хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний эрх, ашиг сонирхлыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй” гэж заасан тул хүүхдийн эрхийг зөрчихгүй байхыг нэхэмжлэгч Ө.М, хариуцагч Ц.Ц нарт даалгах нь зүйтэй. 

Цаашид охин Ц.Ц, Ц.Э, хүү Ц.Ч нарын эсэн мэнд амьдрах эрх, хөгжих эрх, хамгаалуулах эрх, нийгмийн амьдралд оролцох болон хуульд заасан бусад эрхийг зөрчсөн, эцэг эхийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд, мөн хуульд заасан бусад үндэслэлээр хүүхдүүдийн асрамж, тэтгэлгийн асуудлаар зохигчдын хэн аль тал нь шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дундын эд хөрөнгөөс Төв аймгийн Зуунмод сум, 5 дугаар баг, УАА-2а-5 тоот хаягтай (Ү-1427002088) үл хөдлөх эд хөрөнгө, газар (Г-1427001279)-ыг хариуцагч Ц.Ц-ын өмчлөлд үлдээх, Төв аймгийн Зуун мод сум, 5 дугаар баг, Б-5-13 тоот хаягтай газар (Г-1427002029), 77-48ТӨА улсын дугаартай Тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Ө.М-ийн эзэмшилд үлдээхээр харилцан тохиролцож, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн эвлэрлийн гэрээгээ /хх-99 дэх хуудас/ шүүхэд ирүүлсэн тул эвлэрлийг баталгаажуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 120, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Сангийн далай овогт Ө.М /РД:............../, Хольдог овогт Ц.Ц /РД:........../ нарын гэрлэлтийг цуцалсугай.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2004 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Ц.Ц-г эх Ө.М-ийн асрамжид,  2007 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Ц.Э, 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү Ц.Ч-г эцэг Ц.Ц-ын асрамжид тус тус үлдээсүгэй.
  3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө.М, хариуцагч Ц.Ц нар нь хэн аль талдаа хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байхаар харилцан тохиролцсон болохыг дурдсугай.
  4. Охин Ц.Ц, Ц.Э, хүү Ц.Ч нарын аюулгүй орчинд амьдрах, эцэг эхтэйгээ хамт байх, тэдний анхаарал халамжид байх, тэжээн тэтгүүлэх болон хуульд заасан бусад эрхийг зөрчихгүй байхыг эх Ө.М, эцэг Ц.Ц нарт даалгасугай.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэг, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар дундын эд хөрөнгөөс Төв аймгийн Зуунмод сум, 5 дугаар баг, УАА-2а-5 тоот хаягтай (Ү-1427002088) үл хөдлөх эд хөрөнгө, газар (Г-1427001279)-ыг хариуцагч Ц.Ц-ын өмчлөлд үлдээх, Төв аймгийн Зуун мод сум, 5 дугаар баг, Б-5-13 тоот хаягтай газар (Г-1427002029), 77-48ТӨА улсын дугаартай Тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Ө.М-ийн эзэмшилд үлдээхээр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталгаажуулсугай.
  6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 197,370 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ц-аас 98,685 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.М-д олгосугай.
  7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Туулд даалгасугай.
  8. Хүүхдийн асрамж, тэтгэлгийн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдсугай.
  9. Энэ шийдвэр нь уншиж сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МӨНХБҮРЭН