Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2024/0659

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.М, “УУ”

ТӨХК нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа,

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц

Нэхэмжлэгч: Л.М, “УУ” ТӨХК

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Д.С, Н.У

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 557 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галцэцэг

Хэргийн индекс: 128/2023/0606/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.М, “УУ” ТӨХК нараас Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/250 дугаар захирамжийн Д.С, Н.У нарт холбогдох газар эзэмшүүлэх эрх шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах-аар тус тус маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 557 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан Л.М-аас Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/250 дугаар захирамжийн Д.С, Н.У нарт холбогдох газар эзэмшүүлэх эрх шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар: Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.3, 33 дугаар зүйлийн 33.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан “УУ” ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/250 дугаартай захирамжийн Д.С, Н.У нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

3. Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

3.1. Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрчим хүчний тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, нутаг дэвсгэрийнхээ эрчим хүчний хангамжийн талаархи бодлого боловсруулан холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ”, 7.3-д “Тухайн нутаг дэвсгэр дэх эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст баригдсан барилга, байгууламж, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, мод, бут, сөөгийг зайлуулах, дээрх зөрчлийг гаргуулахгүй байх арга хэмжээ авна”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3-д “Дэд станц, хуваарилах байгууламж, ой, тариа, ногооны талбайд байрших тохиолдолд түүний эргэн тойрон 25 м газарт ой байлгах, үр тариа, төмс хүнсний ногоо тариалахыг хориглоно” гэж тус тус заасан гэжээ. Гэтэл бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч Д.С, Н.У нар нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/650 дугаартай захирамжийн дагуу газар эзэмших эрх олгосон газрыг дүүргийн газрын албаны мэргэжилтэнтэй уулзаж, ямар нэгэн биет байдлын болон эрхийн зөрчилгүй гэдгийг шалгуулж тус бүрийг худалдаж авсан.

3.2. Анхан шатны шүүх нь Эрчим хүчний тухай хууль болон Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар уг маргаан бүхий газарт эзэмших эрх олгох үед хэрхэн үйлчилж байсан эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцэхгүй байна.

3.3. Мөн нэхэмжлэгч “УУ” ТӨХК нь зөвхөн иргэн Д.С, Н.У нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба өнөөдрийг хүртэл тухайн чиглэлийн цахилгаан шугамын зурвасын дагуу маш олон иргэн, аж ахуйн нэгж газар эзэмшиж, ашиглаж байхад дүүргийн Засаг даргад хандаж энэ талаар ямар ч арга хэмжээ авахгүй байгаагаас дүгнэхэд бусад иргэн, аж ахуй нэгж эрчим хүчний шугамын зурваст амьдарч болно харин энэ 2 иргэн УЦТС ТӨХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчөөд байгаа мэт тайлбарлаж байгаа нь эргэлзээтэй, нэхэмжлэгч Л.М-тай үгсэн хуйвалдаж нэхэмжлэл гаргасан гэж үзэхэд хүрч байна.

Иймд хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 557 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж “УУ” ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Л.М-аас Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/250 дугаар захирамжийн Д.С, Н.У нарт холбогдох газар эзэмшүүлэх эрх шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... төв засмал замаас баруун зүг салсан машин болон явганаар орох, гарах гарцыг хааж газар олголт хийгдсэн нь миний газраа чөлөөтэй ашиглах, эзэмших эрхийг зөрчиж түргэн тусламж, онцгой байдлын тусламж авах боломжийг хязгаарласан, захиргааны акт гаргах ажиллагаа зохих журмын дагуу явагдаагүй, хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гараагүй” гэж, нэхэмжлэгч “УУ” ТӨХК-иас Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/250 дугаар захирамжийн Д.С, Н.У нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... уг газрууд нь ашиглалтын 10 кв, 35 кв-ын шугамуудын чанх дор олгогдсон байгаа нь Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурвасын зөвшөөрөгдөх зай хэмжээ”-г зөрчиж олгогдсон, мөн хамгаалалтын зурвасын зөвшөөрөгдөх зай хэмжээг зөрчсөн, хамгаалалтын зурваст иргэн, аж ахуйн нэгжүүдийн газар олгож, гэр орон сууц барьж амьдран суух, барилга байгууламж барин үйл ажиллагаа эрхлэн явуулах нь тухайн газар эзэмшиж байгаа иргэн болоод тус агаарын шугамаас цахилгаан хэрэглэгч иргэд, аж ахуй нэгжүүдийн эд хөрөнгө, эрүүл мэндэд учирч болох эрсдэл, хор хөнөөлийн талаар тодорхой дүгнэлтийг Эрчим хүчний яамнаас өгсөн. Иймд иргэд болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд халдсан илт хууль бус захирамж гаргасан” гэж, хариуцагчаас“... маргаан бүхий актыг батлан гаргахдаа төрийн хуульд үндэслэх, хууль дээдлэх зарчмуудыг зөрчөөгүй, хуульд заагаагүй үндэслэлээр иргэн, хуулийн этгээдийн эрхэд халдсан, хууль зүйн үр дагаврыг үүсгэсэн нь ойлгомжгүй гэх шинжийг агуулаагүй. Орц гарц хаасан гэж үзэх боломжгүй” гэж, гуравдагч этгээд нараас“... Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу гэр, орон сууцны зориулалтаар тус газрыг эзэмшиж байгаа. Холбогдох кадастрын зураг хийгдсэн, ямар нэгэн биет байдал болон эрхийн доголдолгүй байсан. Чингэлтэй дүүргийн Засаг дарга газрыг бусдад олгохдоо хууль зөрчөөгүй, бусдын өмчлөх эрхийг зөрчсөн үйлдэл гаргаагүй” гэж тус тус тайлбарлан маргажээ.

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж Л.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “УУ” ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

4. Дараах үндэслэлээр гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

            4.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2002 оны А/274 дүгээр захирамжаар Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Я-т хаягт байрлах, нэгж талбарын 15***** дугаар бүхий 455 м.кв газар эзэмших эрхийг Д.Л-д олгож, үүний дараа нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/88 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар дээрх газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай нэхэмжлэгч Л.М-т эзэмшүүлжээ.

4.2. Анх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай А/650 дугаар захирамжаар иргэн Б.З-д тус дүүргийн 19 дүгээр хорооны Я-н нутаг дэвсгэрт байрлах 700 м.кв газрыг, иргэн Б.О-д тус дүүргийн 19 дүгээр хорооны Я-н нутаг дэвсгэрт байрлах 600 м.кв газрыг гэр бүлийн зуслангийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, гэрчилгээ тус тус олгож, тус газрыг эзэмших эрхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/250 дугаар захирамжаар иргэн Б.З-оос гуравдагч этгээд Д.С-д, иргэн Б.О-с гуравдагч этгээд Н.У-д тус тус шилжүүлсэн байна.

4.3. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно” 3.1.7-д “"газар эзэмших эрхийн гэрчилгээ" гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг”, 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна”, 31 дүгээр зүйлийн 31.1-д “Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна”, 31.2-д “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 33 дугаар зүйлийн 33.1-т “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ”, 33.1.1-т “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана”, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д “Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана”, 20.3.4-д “хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэж өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэж газрын мэдээллийн санд оруулах ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус хариуцан гүйцэтгэнэ” гэж тус тус заасан.

            4.4. Дээрх хуулийн зохицуулалт болон хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1/1766 дугаар “гуравдагч этгээд Д.С-ын  нэгж талбарын 1501***** дугаар бүхий 700 м.кв талбайтай газар, Н.У-н нэгж талбарын 150****** дугаар бүхий 600 м.кв талбайтай газар, Л.М-ын нэгж талбарын 15***** дугаар бүхий 455 м.кв талбайтай газрууд нь Газрын кадастрын мэдээллийн санд хоорондоо давхцалгүй байна” гэх албан бичиг, Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 18/374 дүгээр “... 1501*****, 150****** дугаартай газрууд нь иргэн Л.М-ын нэгж талбарын дугаар бүхий газрын орц, гарцыг хаасан гэж үзэх боломжгүй” гэх албан бичиг, кадастрын зураг, анхан шатны шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг зэргээр нэхэмжлэгч Л.М-ын газар нь бусад этгээдийн буюу гуравдагч этгээд нарын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцалгүй, тэдгээрийн орц, гарцыг хаагаагүй болох нь тогтоогдсон байна.

            4.5. Иймд энэ талаар анхан шатны шүүх “...гуравдагч этгээд нарын газар нь нэхэмжлэгчийн орц, гарцыг хаасан үйл баримт тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлсэн захирамжийн улмаас нэхэмжлэгчийн субьектив эрх зөрчигдөөгүй” гэж дүгнэн, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/250 дугаар захирамжийн Д.С, Н.У нарт холбогдох газар эзэмшүүлэх эрх шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Л.М-ын нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй байна.

            5. Нэхэмжлэгч “УУ” ТӨХК нь Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан “Чингэлтэй дүүргийн засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/250 дугаартай захирамжийн Д.С, Н.У нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

            5.1. Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрчим хүчний тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, нутаг дэвсгэрийнхээ эрчим хүчний хангамжийн талаархи бодлого боловсруулан холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 33.2-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга шугам сүлжээг хамгаалах дүрмийн дагуу хамгаалалтын зурвасын хэмжээг баталгаажуулна”, Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2-д “Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг дор дурдсан нөхцөл, хэмжээг баримтлан тогтооно”, 2.3-д “Дэд станц, хуваарилах байгууламж, ой, тариа, ногооны талбайд байрших тохиолдолд түүний эргэн тойрон 25 м газарт ой байлгах, үр тариа, төмс, хүнсний ногоо тариалахыг хориглоно” гэж тус тус заасан.

            5.2. Хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 18/1020 дугаар “... Н.У, Д.С нарын 1501*****, 150111**** нэгж талбарын дугаартай газар нь эрчим хүчний хамгаалалтын зурваст хамаарч байна” гэх албан бичиг, Эрчим хүчний яамны 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 7/562 дугаар “... иргэн Д.С-д олгосон нэгж талбарын 1501*****, иргэн Н.У-д олгосон нэгж талбарын 1501105729 дугаартай гэх газарт хар төмөр хашаа барьсан байна. Уг хашааны зүүн талын хэсгээс 35 кВ-ын яргайт А, Б цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгийн баруун захын утас хүртэл хэмжилт хийхэд 2, 3 метр, мөн 10 кВ-ын Шадивлан цахилгаан дамжуулах агаарын шугамын 3 дугаар тулгуурыг оруулж, цахилгаан дамжуулах агаарын шугамын утасны доор хашаа барьсан байна” гэх албан бичиг, тус яамны үзлэг хийж баримтжуулсан фото зураг зэрэг баримтуудаар гуравдагч этгээд Д.С, Н.У нарт олгосон газар нь өндөр хүчдэлийн агаарын шугам 35 кВ, 10 кВ утасны доор байрладаг болох нь тогтоогдож байх нэхэмжлэгч “УУ” ТӨХК-аас “Чингэлтэй дүүргийн засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/250 дугаартай захирамжийн Д.С, Н.У нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар маргасан нь үндэслэлтэй энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

            5.3. Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа ямар ч хуулийн үндэслэлгүй эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр гаргаж, эрхэд халдсан, энэ нь хэн ч харсан илэрхий тодорхой алдаатай байх тохиолдлыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасанд хамааруулан ойлгох бөгөөд дээрх онцгой хамгаалалт бүхий өндөр хүчдэлийн хамгаалалтын шугамд газарт гуравдагч этгээд нарт газар олгосон Чингэлтэй дүүргийн засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/250 дугаартай захирамжийн Д.С, Н.У нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бүхий болжээ.

            5.4. Уг хамгаалалтын зурвас буюу өндөр хүчдэлийн агаарын шугам 35 кВ, 10 кВ утасны доор байрладаг болох нь тогтоогдсон, энэхүү өндөр хүчдэлийн зурвас бүхий газарт иргэдэд газар эзэмшүүлж шийдвэрлэснээр иргэдийн тэр дундаа гуравдагч этгээд нарын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрах эрсдэлтэй, ямар нэгэн хохирол эрсдэл учрахгүй гэх бодит баталгаа тогтоогдохгүй байх тул шүүх нэхэмжлэгч “УУ” ТӨХК-ийн “... хамгаалалтын зурвасын зөвшөөрөгдөх зай хэмжээг зөрчсөн, хамгаалалтын зурваст иргэн, аж ахуйн нэгжүүдийн газар олгож, гэр орон сууц барьж амьдран суух, барилга байгууламж барин үйл ажиллагаа эрхлэн явуулах нь тухайн газар эзэмшиж байгаа иргэн болоод тус агаарын шугамаас цахилгаан хэрэглэгч иргэд, аж ахуй нэгжүүдийн эд хөрөнгө, эрүүл мэндэд учирч болох эрсдэл, хор хөнөөлийн талаар тодорхой дүгнэлтийг Эрчим хүчний яамнаас өгсөн. Иймд иргэд болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд халдсан илт хууль бус захирамж гаргасан” гэх тайлбарыг хүлээн авч нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 557 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

   ШҮҮГЧ                                                                    Ц.САЙХАНТУЯА

   ШҮҮГЧ                                                                    Д.ОЮУМАА

   ШҮҮГЧ                                                                    Н.ХОНИНХҮҮ