Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 370

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаа

шүүгдэгч Б.Эрдэнэбат

шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Буян-Эрдэнийн Эрдэнэбатад холбогдох 201619000666 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авснаар 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Усан сангийн 1-13 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Түмэнтэй овогт Буян-Эрдэнийн Эрдэнэбат, /РД:МР90122915/

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Эрдэнэбат нь согтуугаар 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн нутаг Баянгол гэх газарт нийтийн хэв журмыг ноцтой зөрчиж, үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлан танхайрахдаа иргэн М.Цогтбаатар, Э.Ганболд нарыг зодож М.Цогтбаатарын биед хөнгөн зэргийн гэмтэл, А.Үржиндожийн эд хөрөнгөд 60.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч Б.Эрдэнэбат шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: А.Үржиндорж ах намайг ажилд оруулж өгсөн юм. Би тухайн өдөр А.Үржиндорж ахад баярлаж талархсанаа илэрхийлэх гэж очсон байх. Би архи ууж согтсон болохоор үйл явдлыг санахгүй байна. Би хүн зодож танхайраагүй гэж бодож байна гэв.

 

            Хохирогч М.Цогтбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би “Айс” нэртэй цэвэр ус түгээх компанид борлуулагчаар ажилладаг. Манай байгууллагын нийт 30 гаруй хүмүүс 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгууллагаараа салхинд гарч амрахаар болсон. Улаанбаатар хотоос Батсүмбэр сумын Сөгнөгөрийн гол гэдэг газар очоод майханаа бариад түлээ модоо бэлтгээд ширээгээ засах гэтэл хүмүүс маргалдаад байхаар нь очсон чинь Эрдэнэбат нилээн согтуу Үржиндорж ахтай муудалцаж байсан. Намайг явж очиход Эрдэнэбат Үржиндорж ахаас салаад Ганболдтай барилцаад маргалдаад байсан. Тэгэхээр нь би Эрдэнэбатыг салгаж, хамт газарт унасан чинь Эрдэнэбат босож ирснээ миний нүд болон шанаа руу 2-3 удаа цохисон. Тэгтэл Ганболд, Эрдэнэбаттай дахин муудалцаж барьцалдаад Эрдэнэбатыг цохиод унагааж харагдсан. Гадаа орой болсон болохоор Эрдэнэбат дахин агсам тавиагүй, унтсан бид нар цаашдын ажиллагаандаа орцгоосон. Би бага зэрэг л уусан, эрүүл байсан, Ганболд бас согтоогүй, бага зэрэг уусан байсан, харин Эрдэнэбат нилээд согтуу 1 дүгээр хорооллын атаман гээд агсраад байхаар нь Үржиндорж ах унтуулах гээд очсон чинь майханг нь эвдээд хаячихсан гэсэн урж тасдаад багана гадсыг нь хугалчихсан. Би майхан унагааж байхыг нь хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/

 

            Хохирогч Э.Ганболд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг Зүүн салаанд Биг грийн лайт ХХК-ны Айс нэртэй цэвэр ус түгээх үйлдвэрт 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ажлынхаа хүмүүстэй зугаалгаар Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол гэх газарт голын хажууд майхан барьж байрласан юм. 19-20 цагийн үед хоол хийж идээд бөөнөөрөө том ширээ засаад нилээд архи ууцгаагаад шөнө болгосон. Манай ажлын Эрдэнэбат гэх залуу архи ууж согтоод Үржиндорж ахын майханг нурааж эвдээд Үржиндорж ахыг газар унагаагаад зодох гээд байж байсан. Би тэр 2-ыг салгах гээд очтол Эрдэнэбат шууд босож ирснээ миний нүүрэнд 2 удаа цохихоор нь би гарыг нь бариад боль гэтэл дахин миний толгой руу мөргөсөн. Тэгэхээр нь би зөрүүлээд Эрдэнэбатын нүүр рүү 1 удаа цохисон. Манай ажлын Цогоо гэх залуу бид 2-ын дундуур орж салгахад Эрдэнэбат мөн Цогоог цохиод нүдийг нь хөхрүүлчихсэн. Хүмүүс бид нарыг салгаад би майханд орж унтахад Цогоо миний хажуугаар орж унтсан байсан. Харин Эрдэнэбат хүмүүстэй маргалдаад орилоод агсам тавиад яваад байсан. Маргааш нь Улаанбаатар хот руу явахад Эрдэнэбатын нүд нь хөхөрчихсөн харагдаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/

           

            Иргэний нэхэмжлэгч А.Үржиндорж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би “Айс” цэвэр усны компанид боруулалтын менежер ажилтай бөгөөд манай байгууллагын 30 гаруй хүмүүс 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр салхинд гарахаар болж 4 тээврийн хэрэгсэлд хуваагдаж суугаад Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөрийн гол руу явцгаасан. Тухайн үед дарга намайг ахмад гээд зугаалга ахлуулж явуулсан. Голын эрэг дээр ирээд майханаа бариад хоол унд хийгээд сууж байтал манай ажлын Эрдэнэбат нь “1 дүгээр хороололын атаман байсан гээд хүмүүс рүү агсам тавиад юм хийж байгаа хүмүүсийг санаачаад яваад байсан. Тэгэхээр нь би Эрдэнэбатыг унтуулах гээд Цогтбаатараар майханаа бариулсан. Майхан барихаар нь Эрдэнэбатыг “миний дүү энэ майханд унт” гэж хэлтэл Эрдэнэбат нь “би энэ майханд унтдаг хүн биш, чи намайг ийм майханд унтуулах гэж байгаа юм уу” гээд майхны гол баганаас бариад 2 хажуу тийш ганхуулаад гадсаар нь майхныг ураад хаячихсан. Тэгэхээр нь би Эрдэнэбатад хандаж “чи яагаад майханг эвдчихвээ, энэ чинь надад хэрэгтэй” гэж хэлтэл Эрдэнэбат намайг цохих гээд байх шиг болохоор нь хойш ухарсан чинь юманд тээглээд доош суусан чинь дээрээс дараад уначихсан. Би Цогтбаатар, Ганболд нарыг дуудаад Эрдэнэбатыг аваарай гэж хэлтэл Ганболд ирээд Эрдэнэбатыг сугдаад босгосон чинь Ганболд руу дайраад цаанаас Цогтбаатар ирээд тэр 2 Эрдэнэбатыг 2 хажуу талаас нь сугадсан чинь Эрдэнэбат Цогтбаатарыг баруун гараараа нүд рүү нь 2 удаа цохиод дахиад толгой руу нь цохисон. Өглөө босоод Эрдэнэбатын нүүрийг харсан чинь баруун нүд нь хавдчихсан байхаар нь яагаад хавдсан талаар асуутал өчигдөр Ганболд цохисон байна лээ гэж хэлсэн. Нүдэндээ цохиулсан гээд гомдол гаргасан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/

 

Гэрч Б.Гансүх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Орой унтахаар майханаа бариад байж байхад урд хүмүүс хоорондоо ноцолдож эхэлсэн. Тэгээд юу болж байгаа юм бол гээд яваад очиход Эрдэнэбат гэх залуу Үржиндоржийн дээр дараад түлхэж унагаасан байдалтай сууж байсан. Тэр үед Ганболд намайг очиход очсон байсан бөгөөд боль гээд салгах гээд Эрдэнэбатыг татаад өндийлгөсөн. Тэр үед Эрдэнэбат, Ганболдод хандаж чи одоо юу юм бэ, зүгээр байгаарай гэж хэлээд Ганболд руу дайраад 2-3 удаа цохисон. Тэгээд Ганболд түүнийг 1 удаа нүүр рүү нь цохисон. Мөн Эрдэнэбат, Цогтбаатарыг хориглож байхад нь түүний шанаа хэсэгт нь 1-2 удаа цохиж байсан. Гадаа харанхуй байсан тул яг хаана нь цохиж байгааг хараагүй. Ер нь Эрдэнэбат архи уусан, хүн рүү агсам тавих шинжтэй байсан. Ганболд нь Эрдэнэбатад  цохиулсандаа уурлаад 1 удаа нүүр рүү нь цохисон. Учир нь Э.Ганболдыг 2-3 удаа цээж болон толгойн хэсэгт цохисон. Цогтбаатарын шанаа хэсэгт 1-2 удаа цохисон. Харанхуй байсан тул яг хаана нь цохиж байгааг нь хараагүй. Ямар ч байсан агсам тавиад майхан нурсан байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/

 

Гэрч Э.Энх-Амгалан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Эрдэнэбат ах согтоод нилээд агсраад Үржиндорж ахын майханг гараараа татаж унагаасан. Ганболд, Цогтбаатар ах хүрч ирээд Эрдэнэбатад хандаж “чи яагаад байгаа юм бэ, одоо боль гэж хэлэхэд Эрдэнэбат ах Ганболдод хандаж чи одоо юу юм бэ, зүгээр байгаарай гэж хэлээд Ганболд ахын нүүр рүү эхлээд 1 удаа цохисон. Тэр үед Цогтбаатар ах Эрдэнэбатад хандаж “ахын дүү чи боль” гэж хэлээд түүнийг болиулаад байж байтал Ганболд ах Эрдэнэбат ахыг цохих гэхээр нь би Ганболд ахыг түлхээд холдуулсан. Эрдэнэбат, Цогтбаатар ах руу очоод түүний нүд рүү 1 удаа цохисон. Харин Ганболд ах “хөгшөөн би чамд 2 удаа цохиулчихлаа” гэж хэлээд Эрдэнэбат ахын нүүр рүү 1 удаа цохиход Эрдэнэбат ах саваад газар унасан. Гансүх ах Ганболдыг салгаад цааш нь аваад явсан. Эрдэнэбат ах согтуу Үржиндорж ахын майханг нурааж, түүний дарж унагааснаас болоод салгахаар очсон Ганболд, Цогтбаатар нарыг зодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/

 

А.Үржиндоржийн эзэмшлийн майханд үзлэг хийсэн тэмдэглэлд: Эрээн өнгийн майханд үзлэг хийхэд ногоон өнгийн төмөр угсардаг талаас 2 ширхэг баганатай, эрээн өнгийн нимгэн материалаар хийгдсэн дотортой, эрээн өнгийн ус, борооны хамгаалттай гадартай майхан байв. Уг майханы дотор, гадна талын майхны дээд хэсэгт байрлах багана гадас төмөр ордог 2 талын хэсэг сэтэрч урагдсан ногоон өнгийн төмөр багананы нэг талын гадасны дотор талын пүрш нь сунасан, нөгөө талын багананы пүрш нь тасарсан байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. Үзлэгээр өөр хэрэг ач холбогдолтой зүйл илрээгүй байна...гэх тэмдэглэл /хх-ийн 17-18 дугаар хуудас/

 

Орон нутгийн комиссоос гаргасан майхны үнэлгээ: /хх-ийн 43 дугаар хуудас/

 

Иргэн М.Цогтбаатарын биед үзлэг хийсэн шинжээчийн 448 дугаартай дүгнэлт: М.Цогтбаатарын биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрхи нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буян-Эрдэнийн Эрдэнэбатад холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхэд Б.Эрдэнэбат нь бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй, унтуулах гэсэн А.Үржиндоржийн үйлдлийн эсрэг согтуурхан, унтахгүй гэж майхан эвдсэн үйлдлийг танхайрсан гэж үзэж зүйлчилсэн нь эргэлзээтэй байна гэж шүүх дүгнэлээ.

            Шүүгдэгч Б.Эрдэнэбатын үйлдэл нь харилцан зодолдсон шинжтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч М.Цогтбаатарын... гэх мэдүүлэг, гэрч Б.Гансүхийн...е гэх мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч Б.Эрдэнэбат нь яг хэн, хэн рүү яаж агсарсан нь тодорхойгүй тогтоогдоогүй байна. Иймд унтуулах гэхэд унтахгүй гэж согтуурхан эсэргүүцсэн үйлдлийг салгах гэж ирсэн Цогтбаатар, Ганболд нартай зодолдсон, Б.Эрдэнэбат нь өөрөө ч зодуулснаас үзэхэд хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан зодолдсон гэж үзэхээр байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж зааснаар Төв аймгийн прокурорын газраас Б.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Эрдэнэбатад холбогдох хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. 

 

Хохирлын талаар:

Иргэний нэхэмжлэгч А.Үржиндоржид 60.000 төгрөг төлөх төлбөртэй, хохирогч М.Цогтбаатар, Э.Ганболд нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч Б.Эрдэнэбатын эзэмшлийн Нокиа 2322 маркийн гар утсыг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож эзэмшигчид нь буцаан олгох нь зэргийг дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйчилсүгэй.

2. Шүүгдэгч Түмэнтэй овогт Буян-Эрдэнийн Эрдэнэбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

3. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбатыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу /192.000х6=1.152.000/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Эрдэнэбат нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг тайлбарласугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан Б.Эрдэнэбатын нэр хөрөнгөнөөс 60.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.Үржиндоржид олгосугай.

            6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, ялтан Б.Эрдэнэбатын эзэмшлийн Нокиа 2322 маркийн гар утсыг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож эзэмшигчид нь буцаан олгосугай.

7. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Б.Эрдэнэбатад бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БУЯНТОГТОХ