Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2021/0381

 

      

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: З.Г

Хариуцагч: Цагдаагийн Ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга.

Хаяг: *************

Хариуцагч: Цагдаагийн Ерөнхий газар

Хаяг: *************

Нэхэмжлэлийн шаардлага: “Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Бгийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 5б/5608 дугаар албан бичгээр З.Г-д мөнгөн урамшуулал олгохгүй байгаа үйлдлийг хууль бусад тооцож, нэхэмжлэгчид Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан мөнгөн урамшлыг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу олгохыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "...Миний бие Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт туслах нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс ******* сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст ахлах нягтлан бодогчоор томилогдон өнөөг хүртэл ажиллаж байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшил олгох журмыг Засгийн газар батална” гэж заасан.

Засгийн газрын 2017 оны 74 дүгээр тушаалаар баталсан “Цагдаагийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 2 дахь хэсэгт цагдаагийн албан хаагч аймгийн төвөөс бусад нэг буюу хэд хэдэн суманд тасралтгүй 60 сар ажилласан бол, 3 дахь хэсэгт “мөнгөн урамшуулал олгох хугацааг аймгийн төвөөс бусад суманд томилогдсон өдрөөс эхэлж тасралтгүй ажилласан 60 сарын хугацаагаар тооцно”, мөн журмын 4 дэх хэсэгт “цагдаагийн албан хаагчийн сүүлийн 60 сард хашиж байсан албан тушаалын цалингийн сүлжээгээр тогтоосон зэрэглэл, шатлалын цалингийн дунджийг 30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр мөнгөн урамшуулал тооцож олгох”-оор тус тус зохицуулсан байна. Гэтэл миний бие ******* сумын цагдаагийн хэлтэст томилогдон ажилласнаас хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн ба мөнгөн урамшууллаа авах гэхэд тасралтгүй 5 жил болоогүй. Та 3 сарын хугацаагаар хүүхэд асрах чөлөө авсан тул тасалдсан гэж үзэж урамшуулал олгохоос татгалзжээ.

Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар Төрийн албаны зөвлөлд хандахад ...Засгийн газрын 2017 оны 74 дүгээр тогтоолоор батлагдсан “Цагдаагийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-д заасны дагуу мөнгөн урамшуулал авах боломжтой гэсэн хариу өгсөн юм. Гэвч Цагдаагийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтан өнөөг болтол миний хүсэлтийг хангаж өгөөгүй, урамшууллыг авахад маш их чирэгдэл учруулж байна...” гэжээ.

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн дарга шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2015 оны Б/370 дугаар тушаалаар З.Гг 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын ******* сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст ахлах нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байгаа. 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс түүний гаргасан хүсэлтийн дагуу мөн даргын 2019 оны Б/142 дугаар тушаалаар хүүхдийг нь 3 нас хүртэл хугацаагаар асрах чөлөө олгож, 2019 оны Б/287 дугаар тушаалаар 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хүүхэд асрах чөлөөг цуцалсан. З.Г нь аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 3 жил 6 сар 26 хоног ажиллаж байгаад, 3 сар 1 хоногийн хугацаанд хүүхэд асрах чөлөөг авч, чөлөөг цуцалсан өдрөөс өнөөдрийг хүртэл 1 жил 10 сар 11 хоног ажиллаж байна.

 Ажилласан хугацаанд тооцох хугацааны талаар Засгийн газрын 1991 оны 13 дугаар тогтоолд төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ 2, ихэр бол 3 настай болтол нь асрахаар авсан 2 удаагийн чөлөөний хугацааг ажилласан хугацаанд тооцохоор зохицуулсан боловч Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэг нь цагдаагийн алба хаагч аймгийн төвөөс бусад суманд албан үүрэг гүйцэтгэхээр томилогдсон өдрөөс эхлэн тасралтгүй 60 сар ажилласан тохиолдолд мөнгөн урамшил олгох зохицуулалттай байх тул З.Ггийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн болно ...” гэжээ.

Хариуцагч Цагдаагийн Ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А******* шүүхэд гаргасан тайлбартаа: “...Цагдаагийн ахлах дэслэгч З.Ггаас гаргасан хүсэлтийн дагуу Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2019 оны Б/142 дугаар тушаалаар хүүхэд асрах чөлөө олгож, мөн даргын 2019 оны Б/287 дугаар тушаалаар мөн оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон хүүхэд асрах чөлөөг цуцалсан бөгөөд нэхэмжлэгч нь “аймгийн төвөөс бусад нэг буюу хэд хэдэн суманд тасралтгүй 60 сар ажиллаагүй” хүүхэд асрах чөлөө авч Цагдаагийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлээгүй байна.

Төрийн албаны зөвлөлөөс нэхэмжлэгчийн гомдлыг хянан шийдвэрлэхдээ Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний алба хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”, 2019 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн алба хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ыг баримталсан нь үндэслэлгүй бөгөөд дээрх журмууд нь нэг нь нөгөөгөө орлуулан зохицуулах талаар эрх бүхий байгууллагын шийдвэр, Улсын Дээд шүүхийн тайлбар, зөвлөмж байхгүй.

Иймд З.Ггийн Нийслэл дэх Захиргааны хэрийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч З.Ггаас нэхэмжлэлийн шаардлагаа “Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Бгийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 5б/5608 дугаар албан бичгээр З.Гд мөнгөн урамшуулал олгохгүй байгаа үйлдлийг хууль бусад тооцож, нэхэмжлэгчид Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан мөнгөн урамшлыг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу олгохыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгах” гэж эцсийн байдлаар тодруулсан болно.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон маргааны үйл баримтаас үзэхэд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/370 дугаар тушаалаар “Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын тооцооны нягтлан бодогч, цагдаагийн дэд ахлагч Зын Гг 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн ахлах нягтлан бодогчоор шилжүүлэн томилжээ[1].

Тэрээр 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн хүү Г.М*******г төрүүлснээр[2] Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/142 дугаар “Хүүхэд асрах чөлөө олгох тухай” тушаалаар 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдрөөс хүүхэд асрах чөлөө олгон, мөн даргын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/287 дугаар тушаалаар нэхэмжлэгч З.Гд олгосон хүүхэд асрах чөлөөг цуцалжээ.

Улмаар нэхэмжлэгчээс Цагдаагийн албан тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшил олгох журмыг Засгийн газар батална’’, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор баталсан “Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 2-т “Цагдаагийн алба хаагч аймгийн төвөөс бусад нэг буюу хэд хэдэн суманд тасралтгүй 60 сар ажилласан бол таван жил тутам нэг удаа мөнгөн урамшил авах эрхтэй”, 3-д “Мөнгөн урамшуулал олгох хугацааг аймгийн төвөөс бусад суманд томилогдсон өдрөөс эхлэн тасралтгүй ажилласан 60 сарын хугацаагаар тооцно" гэж тус тус заасныг баримтлан дээрх мөнгөн урамшлыг авах хүсэлтийг гаргажээ.

Гэвч Цагдаагийн Ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Б 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 5б/5608 дугаар албан бичгээр “...хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй...” гэх хариуг хүргүүлжээ.

Энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...З.Г аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 60 сар ажиллаагүй, хүүхэд асрах чөлөө авч цагдаагийн албаны чиг үүргийг хэрэгжүүлээгүй тул хугацаа тасарсан гэж үзэж байгаа юм...” гэж тайлбарласан.

Тус шүүх өмнө энэхүү үйл баримттай ижил төсөөтэй байж болох маргааныг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2018/2015 дугаар шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн хэдий ч шүүгчийн зүгээс доорх үндэслэлээр дээрх шүүхийн шийдвэрийг адил шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн болно.

Тодруулбал, Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшил олгох журмыг Засгийн газар батална’ Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор баталсан “Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 2-т “Цагдаагийн алба хаагч аймгийн төвөөс бусад нэг буюу хэд хэдэн суманд тасралтгүй 60 сар ажилласан бол таван жил тутам нэг удаа мөнгөн урамшил авах эрхтэй”, 3-д “Мөнгөн урамшуулал олгох хугацааг аймгийн төвөөс бусад суманд томилогдсон өдрөөс эхлэн тасралтгүй ажилласан 60 сарын хугацаагаар тооцно" гэж заасан.

Энэ нь Монгол Улс өргөн уудам нутаг дэвсгэртэй, аймгаасаа сумдууд нь алслагдмал оршдог учраас тухайн бүс нутагт Цагдаагийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан “гэмт хэрэгтэй тэмцэх”, “нийтийн хэв журам хамгаалах”, “олон нийтийн аюулгүй байдлыг хангах” үйл ажиллагааг хэрэгжүүлэх гол субъект цагдаагийн албан хаагч болохын хувьд тэдгээрийг хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлэхээр зориг гарган сум, сумдад тодорхой хугацаанд тогтвортой ажилласан хүчин чармайлтыг үнэлэн төрөөс өгч буй мөнгөн урамшуулал юм.

Өөрөөр хэлбэл цагдаагийн албан хаагчийг орон нутагт тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор сум, сумдад ажилласан хугацааг харгалзан нэмэгдэл болгон үзүүлж буй мөнгөн урамшуулал гэж үзэж болно.

            Гэвч дээрх хууль болон журмаар  “тасралтгүй ажилласан 60 сарын хугацааг” хэрхэн тооцож, ойлгохыг зохицуулаагүй байна.

Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгч З.Гг “...хүүхэд асрах чөлөө авч, цагдаагийн албаны чиг үүргийг 3 сар хэрэгжүүлээгүй ...” гэх үндэслэлээр дээрх хуульд заасан мөнгөн урамшлыг өгөхөөс татгалзаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Арван зургаадугаар зүйлийн 11-д “улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй” заасантай нийцсэнгүй.

Учир нь Монгол Улсын хэмжээнд Хэнтийн аймгийн Бор-Өндөр, Дорноговь аймгийн Замын-Үүд, Сэлэнгэ аймгийн *******, Өвөрхангай аймгийн Хархорин, Өмнөговь аймгийн Цогт-Цөций, Ханбогд, Завхан аймгийн Тосонцэнгэл, Ховд аймгийн Булган зэрэг сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст зөвхөн нягтлан бодогчийн орон тоотой байх бөгөөд тэдгээрт ажиллаж байгаа цөөн тооны эмэгтэй албан хаагчийн нэг бол нэхэмжлэгч З.Г юм.

Угтаа бол тасралтгүй ажилласан хугацааг ажилтан ажил олгогчтой тасралтгүйгээр хөдөлмөрийн хамааралтай харилцаанд байж хөдөлмөрийн үйлчилгээ үзүүлж байгааг хэлэх бөгөөд, ажил олгогчийн зөвшөөрөлтэйгөөр бий болсон түр зуурын чөлөө, амралтын байдалт ч хамаарна.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл нэхэмжлэгч З.Ггийн Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Цагдаагийн хэлтэст томилогдсон хугацаанаас тооцон үзвэл түүний ажилласан нийт хугацааны нийлбэр 5 жилд[3] хүрч байх бөгөөд энэ хугацаанд түүнд дээд шатны албан тушаалтнаас олгосон “ээлжийн амралт”, хариуцагчийн зөвшөөрөлтэйгөөр олгосон “хүүхэд асрах чөлөө” зэрэг нь тасралтгүй ажилласан хугацаанд хамаарахаар байна. 

Тиймээс энэ тохиолдлыг Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн, Засгийн газрын 1991 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Ажилласан хугацааг тооцох журам”-ын[4] холбогдох заалтыг төсөөтэй хэрэглэн нэхэмжлэгчийн хүүхэд асрах чөлөөний 3 сарын хугацааг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор баталсан журмын 3-т заасан “...тасралтгүй ажилласан 60 сарын...” хугацаанд оруулан тооцох боломжтой гэж шүүх үзлээ.

Нөгөөтээгүүр Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01/2031 дүгээр албан бичгээр “...Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор батлагдсан журам...”[5]заасныг харгалзан нэхэмжлэгчийн мөнгөн урамшил авах хүсэлтийг дахин хянан үзэх талаар хариуцагчид мэдэгдсэн...” талаар дурдсан байна.[6]

Иймд Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Бгийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 5б/5608 дугаар албан бичгээр З.Гд мөнгөн урамшуулал олгохгүй байгаа үйлдлийг хууль бусад тооцож, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэгчид Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан мөнгөн урамшлыг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу мөнгөн урамшлыг олгохыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгахаар шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Цагдаагийн албаны тухай 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З.Ггийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Бгийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 5б/5608 дугаар албан бичгээр З.Гд мөнгөн урамшуулал олгохгүй байгаа үйлдлийг хууль бусад тооцож, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэгчид Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан мөнгөн урамшлыг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу олгохыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр  зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.БАТБААТАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хавтас хэргийн 42 хуудас

[2] Хавтас хэргийн 65 хуудас

[3] Хавтаст хэргийн 67-73 хуудас

[5] https://www.legalinfo.mn/law/details/13946

[6] Хавтас хэргийн 27 хуудас