Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 1082

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Алтанбулаг сум, 1 дүгээр баг, Сумт зүүн дэнж, 10 дугаар гудамж, 05 тоотод оршин суух Бууч овогт Цэндсүрэнгийн Пүрэвдорж /РД:НА68112899/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, Алтанбулаг сум, 1 дүгээр баг, Сумт зүүн дэнж, 10 дугаар гудамж, 05 тоотод оршин суух бүртгэлтэй Улаанбаат хот, Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, бага наран, 36 тоотод түр оршин суух Адууч овогт Баатаржавын Уранчимэг /РД:УХ69122505/-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.         

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Пүрэвдорж, хариуцагч Б.Уранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уртнасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Пүрэвдорж нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа:

 

“Миний бие 1989 онд Б.Уранчимэгтэй гэр бүл болж, гэрлэлтээ 1991 онд батлуулсан юм. Энэ хугацаанд хүү П.Эрхэмбаяр, П.Эрхэмжаргал, охин П.Эмүжин нар төрсөн ба 2 хүү нас бие хүрч өрх тусгаарлаж гарсан. Охин П.Эмүжин аавтайгаа амьдарч байна. Миний ханьлаж байсан Б.Уранчимэг нь намайг тус суманд байрлах Хаан банк, Төрийн банк, хувь хүн зэргээс 20 гаруй сая төгрөгийн өртэй байхад Төв аймгийн Лүн суманд 700,000 төгрөгийн цалинтай ажилд ажиллахаар явсанаас хойш гэртээ ирэхээ больсоноос гадна өрхийн хэрэгцээнд хэрэглэх гэж байсан 2 ямаа, идэшний адууг маллаж байсан айлаас нь очиж хийж аваад явсан, сууцны байшингийн дээр хадгалж байсан 5 ханатай гэрийн хана, унь зэргийг хэлэлгүй зөөсөн. Гэрт байсан мөнгөн хазаар, мөнгөн аягануудыг надад хэлэлгүй ломбарданд тавьж үрсэнээс гадна өөрийн нэр дээр сум хөгжүүлэх сангаас зээлсэн 6,500,000 төгрөгөө төлөлгүй тэр чигтээ явж хамтран зээлдэгчийн хувьд надаар төлүүлсэн зэрэг үйлдэл гаргасан тул миний бие уучилж ойлгох нь бүү хэл огт хүлээн зөвшөөрөлгүй 2017 оноос өөр бүсгүйтэй гэр бүлийн харьцаанд орж хамтран амьдарч байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж, охиныг миний асрамжинд үлдээж өгнө үү. Бид гэр бүл болсоноос хойш бий болсон хөрөнгө гэр ахуйн хэрэгсэл бусад тавилга хэрэгсэл, мал хуйг би өөрийн хүү П.Эрхэмжаргалд шилжүүлэн өгсөн ба өөрийн нэр дээрх хашааны газраа өөрөө авч, дээр нь барьсан байсан модон хашаа, өвлийн байшинг Б.Уранчимэгт шилжүүлэн өгөх ба өөр хуваах өмчийн маргаан байхгүй болно” гэжээ.

Хариуцагч Б.Уранчимэг нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Баатаржав овогтой Уранчимэг миний бие Цэндсүрэн овогтой Пүрэвдоржтой 1990 онд гэр бүл болж батлуулсан. Түүнээс хойш 1990 онд хүү Эрхэмбаяр, 1992 онд хүү Эрхэмжаргал, 2002 онд охин Эмужин нар төрсөн. Надад гэрлэлтээ цуцлуулах шаардлага байхгүй гэж үзэж байна. Энэ хүн хамтран амьдрагчтай болсон.

Гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй. Хоёр том хүүхэд тусдаа гарсан. Бага охиныг өөрийн асрамжид авна гэж байгаа нь тэтгэлэг төлөхгүй гэж байгаатай холбоотой. Би гэрээсээ өмссөн хувцастайгаа л гарсан. Маргах зүйлгүй” гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.Пүрэвдорж нь хариуцагч Б.Уранчимэгт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Зохигчид 1989 онд гэр бүл болж, 1992 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр гэрлэлтийн гэрчилгээгээр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Ц.Пүрэвдорж, Б.Уранчимэг нарын дундаас төрсөн насанд хүрээгүй хүүхэд нь 2002 оны 8 дугаар сарын 04-ний өдөр охин Эмужин төрснийг 2002 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр бүртгэсэн нь Г-48 гэрчилгээгээр тогтоогдож байна.

Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцлын улмаас 2015 оноос тусдаа амьдарсан. Ц.Пүрэвдорж, Б.Уранчимэг нар гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон, шүүхээр гэрлэлтээ цуцлуулахаар нөхөр Ц.Пүрэвдорж шаардсаныг эхнэр Б.Уранчимэг зөвшөөрсөн, хэн аль талынх нь цаашид хамтран амьдрах боломжгүй гэх тайлбар зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.

Харин насанд хүрээгүй хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй бөгөөд эцгийн асрамжид өгөхийг нэхэмжлэгч хүсч, охин П.Эмужин эцгийн асрамжид үлдэх санал гаргасан, хариуцагч Б.Уранчимэг нь охин Ц.Эмужинг нэхэмжлэгч талын асрамжид өгөхийг зөвшөөрсөн байх тул нэхэмжлэгч Ц.Пүрэвдоржийн асрамжид үлдээв.

Зохигчид дундын өмчлөлийн хөрөнгө, хүүхдийн тэтгэлгийн асуудлаар  маргаагүй болно. 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс  нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх  эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг шүүхийн шийдвэрт дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг үндэслэн иргэн Бууч овогт Цэндсүрэнгийн Пүрэвдорж /РД:НА68112899/, Адууч овогт Баатаржавын Уранчимэг /РД:УХ69122505/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2002 оны 8 дугаар  сарын 04-ний өдөр төрсөн охин Ц.Эмужинг эцэг Ц.Пүрэвдоржийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосон болохыг дурдсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Пүрэвдоржоос 118,865 улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118,865 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Туулд даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХБҮРЭН