| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2018/00952/и |
| Дугаар | 1122 |
| Огноо | 2018-10-25 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 1122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймаг, Батсүмбэр сум, 1 дүгээр баг, Мандал уйлант 3 дугаар гудамж, 30 тоотод оршин суух Боржигон овогт Тогтохбаярын Одгэрэл /РД:ОЖ93010809/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Батсүмбэр сум, 4 дүгээр баг, Үдлэг гэх газар оршин суух Булгадар овогт Болдын Алтаншагай /РД:ОР89113019/-д холбогдуулан гаргасан,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Одгэрэл, хариуцагч Б.Алтаншагай, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Бадам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Одгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа:
“Миний бие Б.Алтаншагайтай анх 2014 оноос танилцаж, хамтран амьдраад, 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүү А.Хангай төрсөн. Манай хүү одоо 3 настай. 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хуримаа хийсэн. Ингээд Улаанбаатар хотод амьдарч байгаад, буцаад 2016 оны 3 дугаар сард би хүүтэйгээ хөдөө аав ээжрүүгээ явсан. Манай нөхөр 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймагруу алтанд явсан. Тэрнээс хойш ямар ч холбоогүй болсон. Миний бие 2016 оны 9 дүгээр сараас Төв аймгийн Батсүмбэр сумын сургуульд багшаар ажиллаж эхэлсэн. Одоогоо багш хийж байгаа. Алтаншагай явснаасаа хойш одоог хүртэл холбоогүй байгаа. 2016 оны 3 дугаар сараас хойш бүтэн 2 жил би нөхрийнхөө араас нь явсан. Хөдөө очиж түүний авв, ээж болон дүү дээр нь очиж уулзсан. Гэтэл тэдгээр хүмүүс чамтай Алтаншагайг суулгахгүй гэж хэлсэн. Тэрнээс хойш 12 дугаар сард дүү дээр нь ирж гуйсан боловч, мөн суулгахгүй гэж хэлсэн. Алтаншагай нь хүүхдээ гэсэн сэтгэл байдаггүй. Хүү байнга надаас аавынхаа талаар асуудаг боловч, энэ хүн утсаа авдаггүй. Элдэв янзаар доромжилдог. Мөн бид 2-н зүгээс өөр хоорондоо маргалдсан зүйл байдаггүй боловч гадны нөлөө буюу эгч ах хамаатан садангийн нөлөө байдаг гэж боддог. Одоо шүүхээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс өөрт ноогдох хувийг гаргуулах шаардлага гаргаж байгаа. Тодруулбал хурим хийх явцад манай хадам аав үхэр, хонь, ямаа өгнө гэж амалсан. Энэ хөрөнгийг хариуцагчаас хүүхдийн нэр дээр гаргуулах хүсэлттэй байгаа. Миний бие их сургууль төгссөн дипломоос өөр зүйлгүй тул дээрх хөрөнгө нь хүүхдэд нь их хэрэгтэй” гэв.
Хариуцагч Б.Алтаншагай шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“...Миний бие Т.Одгэрэлтэй 2013 онд танилцаж, 2016 он хүртэл хамт амьдарсан, нэг хүүтэй. Нэхэмжлэлд шаардсаны дагуу хүү А.Хангайдаа мөнгөн тэтгэмжийг өгөхөд татгалзах зүйлгүй болно” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Одгэрэл нь хариуцагч Б.Алтаншагайд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т.Одгэрэл нь хуримаа хийхэд хадам эцэг Б.Болдоос бэлэглэсэн 20 үхэр, 200-250 бог мал /хонь, ямаа/-аас өөрт ногдох хэсгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, хариуцагч Б.Алтаншагай нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч, дундын эд хөрөнгийн шаардлагыг маргаж байгаа, сөрөг шаардлага гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар шаардах эрхтэй байна.
Зохигчид 2013 онд танилцаж, 2014 оноос гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдарч 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүү А.Хангай төрсөн, одоо хүү эхийн асрамжид эрүүл өсч бойжиж байгаа болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл бойжиж байгаа тухай их эмчийн тодорхойлолт, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч Б.Алтаншагай, нэхэмжлэгч Т.Одгэрэл нар нь 2016 оноос тусдаа амьдарч байгаа ба хүү Хангайн төрсний гэрчилгээнд эцэг Булгадар овогт Болдын Алтаншагай, эх Боржигон овогт Тогтохбаярын Одгэрэл гэж бичигдсэн, Хангайн эцэг нь мөн болохоо Б.Алтаншагай нь хүлээн зөвшөөрч, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргажээ.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд, гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхэдтэй адил эрхтэй, эцэг, эх нь хүүхдээ асрамжлах, тэжээн тэтгэх үүрэгтэй.
Хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй бөгөөд хүүхдийн өссөн болон дассан орчин, бусад нөхцөл байдал зэргийг харгалзан хүү А.Хангайг эх Т.Одгэрэлийн асрамжид хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү А.Хангайг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, хүүг 16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Алтаншагайгаас сар бүр тэтгэлэг гаргуулан, хүү А.Хангайг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх… эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосон болохыг сануулах нь зүйтэй гэж үзлээ.
Дундын өмчлөлийн хөрөнгийн талаар
Нэхэмжлэгч Т.Одгэрэл нь “Миний бие хүүхэд тээж төрүүлэх гэж өвчтэй болсон. Биднийг гэрлэхэд хадам аав үхэр 20, бог мал 200-300 тоо толгойг өгсөн. Энэ малаас бидэнд ногдох хэсгийг мөнгөн хэлбэрээр гаргуулж, хүүхдийнхээ нэр дээр хадгалуулна” гэж шаардаж, хариуцагч Б.Алтаншагай нь “аав Болд амлаж байсан ч малаа зүслэж, таслаж өгөөгүй, аавд өөрт нь нэхэмжлэгчийн шаардаж байгаа тооны олон мал байгаагүй, би хүний хөрөнгийг /эцгийн/ бусдад өгөх эрхгүй” гэж тус тус маргаж байна.
Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.4 дэх хэсэгт “Тодорхой хөрөнгө бэлэглэхээр амласан амлалтыг нотариатаар гэрчлүүлсэн бол үүрэг үүснэ” гэж заасан тул нэхэмжлэгч нь хадам эцэг Б.Болдын амлалтыг нотариатаар гэрчлүүлсэн, эсхүл нэхэмжлэгч хариуцагч нарыг тусдаа гэр барьж гарахад амласан малыг зүслүүлж аваагүй гэх зохигч талуудын тайлбар, Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газраас 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 06/182 тоотоор ирүүлсэн 2017 оны жилийн эцсийн мал тооллогын А дансны бүртгэлийн баримтаар хариуцагч Б.Алтаншагайн эцэг Б.Болд нь адуу-3, үхэр-9, хонь-83, ямаа-29 тоо тооны мал өмчилдөг, хариуцагч Б.Алтаншагайн нэр дээр 2014-2017 онд бод, бог мал тоологдоогүй гэх тодорхойлолтоор зохигчдын дундын хөрөнгөд мал байгаа болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны үеэр хариуцагч Б.Алтаншагай нь миний өмчлөлд нэг морь, хамт амьдарч байсан гэрийг нэхэмжлэгчид өгч болно гэж зөвшөөрсөн хэдий ч, нэхэмжлэгч Т.Одгэрэл нь түүнийг авахаас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон нэхэмжлэгч Т.Одгэрэлийн урьдчилан төлсөн 29,836 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Алтаншагайгаас гаргуулан, нэхэмжлэгч Т.Одгэрэлд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүү А.Хангайг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан, эцэг Б.Алтаншагайгаар тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг баримтлан 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Алтаншагайн Хангайг эх Т.Одгэрэлийн асрамжид үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 зааснаар хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон нэхэмжлэгч Т.Одгэрэлийн урьдчилан төлсөн 28,483 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Алтаншагайгаас 28,483 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Т.Одгэрэлд олгосугай.
4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН