Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 138/ШШ2019/00165

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 138/ШШ2019/00165

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд явуулж,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар баг/Яргай/-т оршин суух, ЖЛ86012713 регистрийн дугаартай, Халаг овогт Пилжирийн Отгонболдын,

Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, 26 дугаар байрны 09 тоотод оршин суух, ЖЛ87051509 регистрийн дугаартай, Улиад овогт Чулуунбаатарын Болорзулд холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 сарын 11-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Нарийн бичгийн дарга М.Баттулга

Нэхэмжлэгч П.Отгонболд

Хариуцагч Ч.Болорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч П.Отгонболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2009 онд танилцан, улмаар хайр сэтгэлтэй болж гэр бүл болсон бөгөөд 2010 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулан 2017 он хүртэл хамт амьдарсан. Энэ хугацаанд 2010 оны 10 сарын 10-ны өдөр охин О.Марал, 2012 оны 12 сарын 08-ны өдөр охин О.Хэрлэн, 2015 оны 6 сарын 08-ны өдөр хүү О.Маргад-Эрдэнэ нар төрсөн. Биднийг гэрлэхээс өмнө эхнэр маань хоёр хүүхэдтэй байсан бөгөөд 5 хүүхэдтэй өнөр өтгөн амьдарч байсан. Бага хүүгээ төрөхөөс өмнө миний бие тохиолдлоор нэг бүсгүйтэй танилцаж, хэсэг хугацаанд холбоотой байсан бөгөөд эхнэрээ нэг удаа хуурсан. Хүүгээ төрсний дараа тэр бүсгүйтэй уулзахаа больсон. Энэ тухай эхнэр маань мэдсэн тул би эхнэрээсээ уучлалт гуйж, дахин ийм алдаа гаргаагүй. Ингээд бид хамт амьдарч байтал эхнэр маань 2017 оны 10 сард Цэнхэрлүү найзынхаа хүүхдийн харна гэж яваад гэртээ ирэхгүй байсан. Би очиж гэртээ ирэхийг олон удаа гуйсан боловч зөвшөөрөөгүй. Ийм байдлаар хоёр сар болсны эцэст Улаанбаатар хотод ажил хийж байна гэсэн сураг гарч ирсэн боловч дахин сураггүй болсон. Ингээд 2018 оны 01 сард уулзахад өөр гэр бүлтэй болсон гэсэн. Бидний хамтын амьдралын явцад гэр бүлийн маргаан гардаг л байсан. Би өөрийн гаргасан алдаагаа ухаарч уучлалт гуйсан. Үр хүүхдүүдээ бодоод намайг уучилж хамт амьдарч болох л байсан. Гэтэл энэ хүн гурван хүүхдээ орхиод яваад өгсөн. Гэртээ хүрээд ирэх байх гэж хүлээсэн. Гэвч хамт амьдарч чадахгүй гэдгээ надад хэлсэн. Иймд бид дахин цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, гурван хүүхдийг минь миний асрамжинд үлдээж өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Ч.Болорзул энэ хугацаанд хүүхдүүдтэйгээ нэг ч удаа утсаар ярьж асуугаагүй, Том охин маань ээжийгээ гэдэггүй, хаяад явсныг нь хүлээн зөвшөөрдөггүй, дунд охин маань ээжтэйгээ их ойр байсан болохоор ээжийгээ заримдаа санаад байгаа нь ажиглагдаад байдаг. Бага хүү маань ээжийгээ одоо бараг танихгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Хариуцагч Ч.Болорзул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2009 онд танилцаад гэр бүл болсон ба 2010 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулан 2017 он хүртэл хамт амьдарсан. Энэ хугацаанд бид хоёр охин, нэг хүүтэй болсон. П.Отгонболдын ярьж байгаа болгон үнэн. Биднийг хамт амьдарч байх хгацаанд нөхөр маань өөр хүнтэй эр эмийн харьцаатай болсноос болж бидний харьцаа хөндийрч, гэр дотор байнгын хэрүүл маргаан гардаг байсан. Согтуу ирж агсам согтуу тавьдаг, намайг хэл амаар доромжилдог байсан. Үүнийг нь би тэвчдэг байсан. Гэтэл хүүгээ төрүүлэх гээд жирэмсэн байхад өөр хүнтэй яваад байна гэдгийг нь би мэдсэн, төрөх гээд эмнэлэгт байхад хүүхдүүдийг минь гадаа гаргачихаад нөгөө эмэгтэйгээ гэртээ авчирдаг. Хүүгээ төрүүлсний дараа нөгөө эмэгтэйнхээ гэрээс надад шөл цай авчирдаг байсныг нь би сүүлд мэдсэн. Би эхний хууралтыг нь уучилсан. Гэвч дахин дахин нөгөө эмэгтэйтэйгээ зууралдаад байсан учир би энэ байдалтай нь эвлэрч чадахгүй болсон тул гэрээсээ явсан нь үнэн. Эхлээд найзынхаа хүүхдийг харж байна гэж худлаа хэлж ч үзсэн, дараа нь хотруу ажил хийхээр явсан. П.Отгонболд араас ирж гэрлүүгээ явахыг гуйсан боловч түүний энэ байдал засрахгүй гэдгийг би мэдэж байсан, үнэхээр залхсан учраас би гэртээ хариагүй. Хүүхдүүдийн хувьд би өөрөө ажилгүй, гэр орон байхгүй учраас аавд нь үлдээгээд явахаас өөр сонголт надад байгаагүй. Хүүхдүүдээ би маш их санадаг байсан учраас утсаар ярьж чадаагүй, нэг л удаа утсаар яриад хүүхдүүдийнхээ дууг сонсчихвол гэртээ буцаад л яваад очино, амьдрал энэ хэвээр үргэлжлэнэ гэсэн бодол миний толгойноос гараагүй. Хүүхдүүд маань том болоод намайг ойлгоно гэж би бодож байна. Том охин маань надаас хөндий байдаг, аав л гэдэг хүүхэд, дунд охин маань надтай ойр байсан болохоор намайг санаж байгааг би мэдэж байгаа. Хүү маань жаахан үлдсэн. Отгонболд одоо нөгөө хүүхэнтэйгээ хамт амьдардаг гэсэн. Миний хувьд одоо өөр хүнтэй хамтран амьдарч хүүхэд төрүүлсэн. Иймд бид цаашид дахин хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдүүдээ аав дээр нь үлдээхэд татгалзахгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч П.Отгонболд нь хариуцагч Ч.Болорзулд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2009 онд танилцан гэр бүл болон хамт амьдарч 2010 оны 10 сарын 22-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болсон байх ба тэдний дундаас охин О.Марал 2010 оны 10 сарын 10-ны өдөр, охин О.Хэрлэн 2012 оны 12 сарын 08-ны өдөр, хүү О.Маргад-Эрдэнэ 2015 оны 6 сарын 08-ны өдөр тус тус төрсөн болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.

Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаандаа зан харьцаа үзэл бодлын зөрүүтэй байдал гаргах, нөхөр П.Отгонболд нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэснээс бие биенээ гэсэн сэтгэл нь хөндийрсний улмаас тэдний харьцаа таарамжгүй болж, улмаар 2017 оны 10 сараас одоог хүртэл тус тусдаа амьдарсан, цаашид дахин хамт амьдрах хүсэлгүйн улмаас гэрлэлтээ цуцлуулахыг харилцан тохиролцсон, гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон, одоо хэн алин нь өөр гэр бүлтэй болсон зэрэг нөхцөл байдлууд нь тэдний гэрлэлтийг цуцлах шалтгаан болох тул Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчийн хүүхдүүдээ өөрийн асрамжинд авах тухай шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч талууд энэ талаар маргаагүй тул Гэр бүлийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг үндэслэн охин О.Марал, О.Хэрлэн, хүү О.Маргад-Эрдэнэ нарыг эцэг П.Отгонболдын асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг нэхэмжлэгч хариуцагч нарт мэдэгдэх нь зүйтэй юм.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн ба хариуцагч Ч.Болорзулаас улсын тэмдэгтийн хураамжид гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай шаардлага тус бүрд 70 200 төгрөг буюу нийт 140 400 төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлого болгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Халаг овогт Пилжирийн Отгонболд, Улиад овогт Чулуунбаатарын Болорзул нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин О.Марал, О.Хэрлэн, хүү О.Маргад-Эрдэнэ нарыг эцэг П.Отгонболдын асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг мэдэгдсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Энхтуулд даалгасугай.

 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч П.Отгонболд нь шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг, нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг болон зохигч талууд гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй гэснийг тус тус дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч Ч.Болорзулаас улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөгийг гаргуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН