Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 67

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 2 дугаар хороо, ******* тоотод оршин суух, Шарнууд С.Б /РД:ГЭ*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Налайх дүүрэг дэх Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, хариуцагчийн төлөөлөгч Ц.С, Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Налайх дүүргийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд гагнуурын багшаар олон жил ажилласан. 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр манай эхнэр өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн. Би тухайн үед өдрийн цагаар ажилдаа яваад, оройн цагаар эхнэрийгээ сахиж хонодог байсан. 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр би ажлаа тараад эмнэлэг дээр очиход “Танай эхнэрийн бие тун тааруу байна. Иймд “Гялс” төв дээр очиж өнгөт зураг авахуулах шаардлагатай байна” гэж хэлсэн. Би 2018 оны 09 сарын 25-ны өглөө эхнэртэйгээ хамт сургууль дээрээ очиж удирдлагаас чөлөө авах гэхэд байхгүй байсан. Тухайн цаг хугацаанд миний хувьд цаг хугацаа давчуу байсан тул сургуулийн захиргаанд албан ёсоор бичгээр өргөдөл гаргах боломжгүй болсон. Харин намайг сургууль дээр ирэхэд Дүгэрмаа багш байсан болохоор “Манай эхнэрийн бие тааруу байна. Улаанбаатар хотод яаралтай зураг авахуулах шаардлагатай байна. Та сургуулийн захиргаанд хэлээд өгөөрэй” гэж хэлээд явсан. Би явахдаа Дүгэрмаа багшаас тэнхимын эрхлэгч Б.Агийн дугаарыг авч яваад замдаа залгахад утас нь холбогдохгүй байсан. Харин “Гялс” төв дээр очоод сургуулийн захирал Ц.Сонгуулийн утас руу залгаж “Манай эхнэрийн бие өвдөөд Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлээд явж байна. Та надад 3, 4 хоногийн чөлөө өгөөч” гэж чөлөө авахад “Ойлголоо” гээд утасаа салгасан. Намайг эхнэрээ сахиад эмнэлэгт байж байтал 2018 оны 09 дүгээр сарын 26-ны орой Б.А залгаад “Та маргааш ирэх шаардлагатай байна” гэсэн.  2018 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө ажилдаа ирээд хичээлийнхээ бэлтгэлийг хангаад өрөөндөө сууж байхад намайг захирлын өрөөнд дуудсан. Намайг захирлын өрөөнд очиход тус сургуулийн захирал Ц.С, сургалтын албаны дарга С.Мөнхбат, сургалтын албаны арга зүйч Б.А, хүний нөөц Б.Даваадалай, нягтлан Г.Ганцэцэг, аж ахуйн дарга Ж.Мөнхбат нар цугларсан байсан. Тэгээд намайг ороход таныг халах тухай асуудлыг ярилцах болно гэсэн. Мөн “Энэ хүнийг захиргааны чөлөө, зөвшөөрөлгүйгээр ажил тасалсан гэж үзэж ажлаас халах нь зүйтэй” гэхэд бүх ажилчид дэмжсэн. Түүний дараагаар Ц.С захирал надад та дараа, дараагийн ажилдаа ороход хүндрэлтэй учир өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан нь таньд ашигтай мэтээр ярьж надад тайлбарласан. Тухайн үед эхнэрийнхээ болон өөрийн биеийн эрүүл мэндээс болоод сэтгэл санаа тааруу байсан болохоор ямар нэгэн эсэргүүцэлгүйгээр хүсэлтээ бичиж өгсөн. Би ажлаасаа тараад гэртээ очоод эхнэртээ ажлаасаа халагдсан тухайгаа хэлээгүй. Харин эхнэрийнхээ биеийг гайгүй болохоор нь ажлаас халагдсан тухай хэлсэн. Гэтэл миний хувьд ажлаас халагдах сонирхолгүй байсан болохоор өөрийнхөө хүндэтгэн үзэх шалтгаантай байснаа нотлох баримт, тайлбарыг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө сургуулийн захиргаанд өгөхөд 2018 оны 09 сарын 27-ны өдөр тушаал гарчихсан учир таны баримтыг хүлээж авах боломжгүй гэсэн. Миний хувьд өөрийн хүсэлтээр ажлаас гарсан мэтээр тайлбарлаж тушаал гаргасан нь хууль бус гэж үзэж байна. Тухайн үед өөрийгөө эмчлүүлэх, эхнэртээ анхаарал халамж тавих үүднээс эмнэлэгээр явж байсан. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зэрэг үйл явдлаас болж миний бие нэхэмжлэл гаргах хугацаандаа багтаан шүүхэд нэхэмжлэл гаргаж амжаагүй. Хүндэтгэн үзэх шалтгаантай холбоотой хүсэлт, баримтаа хэрэгт хавсаргасан байгаа. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл шүүх хуралдаанд  тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн хувьд 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр захирлын зөвлөл ээлжит бус хурал хийгээд, ажлаас чөлөөх тухай тушаал гаргасан. Мөн уг тушаалаар шахалт үзүүлж нэхэмжлэгчийг өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлтийг бичүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэл бүхий байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон хариуцагчийн хариу тайлбараас харахад дараах зүйлс эргэлзээтэй байна. Үүнд өнөөдрийн байдлаар хэрэгжиж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т “ажилтан санаачилсан” харин 38.1.2.-т “ажил олгогч санаачилсан”-аар хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр цуцална гэж заасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар 38.1.2.-т “ажил олгогч санаачилсан”-аар хөдөлмөрийн гэрээг цуцлах нь өөрийн онцлогтой. Өөрөө хэлбэл удаа дараа ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачлагаар ажлаас халах үндэслэл болдог. 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Налайх дүүргийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын дэргэдэх зөвлөлийн ээлжит бус хурлын тэмдэглэлд уг сургуулийн захирал Ц.С “С.Б нь энэ сарын 25, 26 ,27-ний өдрүүдэд албан ёсоор чөлөө авалгүй шалтгаангүйгээр 3 өдрийн хичээл тасалсан” гэж хэлсэн байдаг. Гэтэл 2018 оны 09 дүгээр сарын 25, 26, 27-ны өдрүүдэд нэхэмжлэгчийн эхнэр эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байсан гэдгийг нотлох баримтаар нотлогдсон. Нэхэмжлэгчийн “2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр би ажлаа тараад эмнэлэг дээр очиход танай эхнэрийн бие тун тааруу байна. Иймд “Гялс” төв дээр очиж өнгөт зураг авахуулах шаардлагатай байна гэж хэлсэн” гэх тайлбараар дээрх өдрүүдэд эмнэлэгт эхнэрийгээ эмчлүүлж байсан нь харагдаж байна. Хөдөлмөрийн тухай хууль нь ажилтны эрх ашгийг хамгаалахаас гадна хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг тодорхойлж өгсөн байдаг. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт ар гэрийн болон өөрийн бие эрүүл мэндийн асуудал дурьдагдсан байдаг.  Нэхэмжлэгчийн хувьд гэр бүлээ гэх үү ажлаа гэх үү гэсэн асуудал гарна. Үүнийг Сэтгэл зүйн онолын үүднээс бие хүний хувьд ийм асуудал гарсан бол мэдээж гэр бүл нь үнэ цэнэ, амь амьдрал нь байдаг учраас бүх тохиолдолд гэр бүлээ сонгодог. Гэрчийн мэдүүлгээр С.Б нь тухайн өглөө мэдэгдсэн нь нотлогддог. Мөн уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2.-т “Хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 39.1.-д заасан хугацаанаас өмнө цуцалж болно” гэж заасныг зөрчсөн байна. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.-т “Хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй буюу 30 хоногийн хугацаа олгохоор зааж өгсөн байна. Гэтэл 09 дүгээр сарын 27-ны өдөр ээлжит бус хурал хийчихээд, ажилтанд ажил хүлээлцэх хугацаа олгохгүйгээр тэр өдрөө ажлаас халах тушаалаа гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ажилтан 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байдаг. Гэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “Хүндэтгэн үзэх шалтгаан” байгаа гэдгээ нотлох юм бол гомдол гаргах хугацааг сэргээх боломжтой юм. Өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэгчийн өнөөдөр шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд нь хууль зүйн үндэслэлтэй байна гэдгийг хэлмээр байна. Нэхэмжлэгчийн болон түүний гэр бүлийн гишүүний биеийн эрүүл мэндийн байдал тааруу байсан учраас 30 хоногийн дотор гомдол гаргах боломжгүй байсан.  Нэхэмжлэгч нь өөрийнхөө зөрчигдсөн эрхийг хамгаалуулахаар шаардах эрхтэй, шүүхэд хандах эрхтэй байна гэж үзэж болохоор байна. Нэхэмжлэгчийг ажил олгогчийн санаачлагаар халахаар бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг хэрэглэх ёстой байхад ажил олгогчийн санаачлагаар халах үйлдэл хийсэн мөртлөө өөрийнх нь санаачлагаар халсан мэтээр тушаал гаргасан нь хуулийг буруу хэрэглэсэн байна. Төрийн байгууллага нь зарчимч байх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.  Нэхэмжлэгч нь ажил тасалсан гэх өдрүүдэд өөрийнхөө хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ нотолсон. Гэтэл ажил олгогч нь өмнөх шийтгэлийг нь харгалзан үзээд ажлаас халсан нь хууль зөрчсөн байна. Сахилгын шийтгэл оногдуулснаас хойш 6 сарын хугацаагаар дуусгавар болохыг харгалзаж үзээгүй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримт болон гэрчийн мэдүүлэг, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан зэргийг харгалзан үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.С шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.Б нь тус сургуульд 2009 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн барилгын сантехник мэргэжлийн дадлагажигч багшаар ажилд орж 9 дэх жилдээ гагнуурын багшаар ажиллаж байна. Манай байгууллага нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. С.Б нь ажиллаж байсан хугацаандаа нийт 5 удаа арга хэмжээ авагдаж байсан. Намайг энэ сургуулийн захиралаар ажиллаж байх хугацаанд 2018 оны 02 дугаар сард нийт 3 өдөр захиргааны зөвшөөрөлгүйгээр ажлаа тасалсан. Үүнийг нь хувь хүнийхээ үүднээс С.Бгийн ажилласан жил, нас, гэр бүлийнх нь байдлыг харгалзан үзэж сахилгын шийтгэл оногдуулж байсан. Гэтэл бодит байдал дээр нэхэмжлэгч тэр үед архи ууснаас болж ажилдаа ирээгүйгээс гадна ажлын байран дээр согтуу ирсэн. Гэтэл өөрийнхөө архи уугаагүй гэж ажилчидтай маргасан учраас Цагдаагийн байгууллагад дуудлага өгч шалгуулахад 1.64 хувийн согтолттой гарсан. Түүний дараагаар 2018 оны 03 дугаар сард над руу залгаж 3 өдрийн чөлөө авъя гэхэд нь “Та өөрийн биеэр ирж чөлөө зөвшөөрлөө сургалтын менежер Б.Агаас авах хэрэгтэй. Надаас утсаар чөлөө авахгүй шүү” гэж хэлсэн. С.Б чөлөө зөвшөөрөлгүйгээр 3 хоног ажил тасалсан тул 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулж байсан. 2018 оны 09 дүгээр сард мөн адил чөлөө зөвшөөрөлгүй ажил тасалсан учраас энэ асуудлаар захирлын дэргэдэх зөвлөлийн ээлжит бус хуралдааныг хуралдуулахаар болсон. Ингээд захирлын дэргэдэх зөвлөлийн ээлжит бус хуралдаанаар С.Бг ажлаас халах нь зүйтэй гэж үзсэн учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1.-д заасны дагуу ажлаас халах тушаалыг гаргасан. Өмнө нь нэхэмжлэгч ажиллаж байх хугацаанд Солонгос улс руу яваад архи уухаа болиод ирсэн байсан. Бидний зүгээс С.Бг архи уухаа больсон байна гэж их талархаж байсан. Гэтэл өнгөрсөн 2019 оны 09 дүгээр сард дахин архи ууж, ажлаа тасалсан. Нэхэмжлэгч өмнө нь эхнэртэйгээ хамт ирж уулзаж байсан. Нэхэмжлэгчийн эхнэр нь манай ажил дээр ирээд “Энэ хүний архи уух асуудлыг зогсооно. ОХУ-д руу явж кодлуулна. Та манай нөхрийг харж үзээч, манай гэр бүлийг тэжээдэг ганц хүн юм” гэж надад хэлж байсан. С.Бтэй манай сургалтын менежер болон миний бие олон удаа албан журмаар ч төдийгүй, хувь хүнийхээ үүднээс ч архи хэтрүүлэн хэрэглэж байгаа талаар нь олон удаа захиж, ярилцаж байсан. С.Б өмнө нь захиргааны шийтгэл авахдаа “Би дахин шийтгэл авах үйлдэл гаргавал ажлаас халагдахад татгалзах зүйлгүй гэсэн амлалтыг хүртэл өгч байсан. Гэтэл бидний итгэлийг алдсан тул ажлаас халахаас өөр аргагүй болсон. Хэдийгээр би нэхэмжлэгчийг шууд ажлаас халах байсан ч энэ хүний тэтгэвэрт гарах нас, жилийг нь харгалзан үзээд өөрийнхөө хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэх нь зүйтэй гэж үзсэн. Нэхэмжлэгч нь гурван өдөр ажил тасалчихаад ирэхдээ согтуу ажлын байран дээр ирсэн. Миний хувьд уг тушаалыг хуульд заасан журмын дагуу гаргасан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний хувьд 2012 оноос хойш Бат-Өлзийгийн багшилдаг тэнхимын эрхлэгчээр ажиллаж байна. Энэ хугацаанд С.Б нь удаа дараа шалтгаангүйгээр ажил тасалж, ажил дээрээ согтуу ирдэг байсан. С.Бгийн уг үйлдэлээс болоод би олон удаа захирлын зөвлөлөөр орж загинуулдаг байсан. Нэхэмжлэгч архи ууж, ажил тасалсан, ажлын байран дээр согтуу ирсэн асуудлаар удаа дараа сануулж, 4 удаа сахилгын шийтгэл авсан. Гэхдээ ажлаас халагдаагүй байсан. С.Б багш олон удаа амлалт өгсөн мөртөө огт хэлсэндээ хүрдэггүй. Энэ тухай бичиж өгч байсан амлалт,  тайлбар  нь хавтаст хэрэгт байгаа. Мөн С.Б багш 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өглөө над руу залгахад би утсаа авах боломжгүй байсан. Гэхдээ миний хувьд С.Б багшид албан ёсны чөлөө олгох эрхгүй хүн. Учир нь манай сургуулийн дотоод журманд зааснаар нэг өдрийн чөлөөг сургалтын албаны даргаас, хоёроос дээш өдрийн чөлөөг сургуулийн захирлаас олгох журамтай. Гэтэл 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр С.Б ирэхдээ нүүр ам нь нил шарх сорви болсон, архи үнэртүүлсэн ирсэн учраас бид захирлын дэргэдэх зөвлөлийг ээлжит бусаар хуралдуулсан. Бат-Өлзийгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчдын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Б нь Налайх дүүрэг дэх Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/64 тоот тушаалыг эс зөвшөөрч, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн гагнуурын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч Налайх дүүрэг дэх Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргана.

 

Нэхэмжлэгч С.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр сургууль дээр очиход  ажил тасалсан гэх үндэслэлээр захирлын зөвлөл хуралдаад захирал Ц.С “Энэ хүнийг захиргааны чөлөө, зөвшөөрөлгүйгээр ажил тасалсан гэж үзэж ажлаас халах нь зүйтэй” гэхэд бүх ажилчид дэмжсэн... тухайн үед эхнэрийнхээ болон өөрийн биеийн эрүүл мэндээс болоод сэтгэл санаа тааруу байсан болохоор ямар нэгэн эсэргүүцэлгүйгээр хүсэлтээ бичиж өгсөн. Гэтэл ажлаас халсан тушаалын үндэслэл дээр хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-ийг баримталсан буюу ажил олгогчийн санаачлагаар халсан тухайгаа дурдаагүй, зөвхөн би өөрийн хүсэлтээр гарсан мэтээр тушаал гаргасан нь хууль бус гэж үзэж байна. Би ажлаас халсан тушаалыг 2018 оны 10 дугаар сарын 07-ний өдөр авсан. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зэрэг үйл явдлаас болж нэхэмжлэл гаргах хугацаандаа багтаан шүүхэд нэхэмжлэл гаргаж амжаагүй. Хүндэтгэн үзэх шалтгаантай холбоотой хүсэлт, баримтаа хэрэгт хавсаргасан тул ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна...” гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч “С.Б 2018 оны 09 дүгээр сард чөлөө зөвшөөрөлгүй ажил тасалсан учраас захирлын дэргэдэх зөвлөлийн ээлжит бус хуралдаанаар С.Бг ажлаас халах нь зүйтэй гэж үзсэн. Хэдийгээр би нэхэмжлэгчийг шууд ажлаас халах байсан ч энэ хүний тэтгэвэрт гарах нас, жилийг нь харгалзан үзээд өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлж Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1.-д заасны дагуу ажлаас халах тушаалыг гаргасан” С.Б өмнө нь захиргааны шийтгэл авахдаа “Би дахин шийтгэл авах үйлдэл гаргавал ажлаас халагдахад татгалзах зүйлгүй гэсэн амлалтыг хүртэл өгч байсан. Гэтэл бидний итгэлийг алдсан тул ажлаас халахаас өөр аргагүй болсон...  гэж маргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан, нэхэмжлэгч С.Б ажлаас халсан шийдвэрийг 2018 оны 10 дугаар сарын 07-ний өдөр авсан боловч  2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Ажил олгогч ажлаас халсан шийдвэрийг ажилтанд 2018 оны 10 дугаар сарын 07-ний өдөр хүлээлгэж өгсөн талаар зохигч маргаагүй.

Нэхэмжлэгч С.Б ажлаас үндэслэлгүй халсан тухай гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн үндэслэлээ нотолж эмчлүүлэгчийн картын нотариатаар батлуулсан хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 06, 11 дүгээр сарын 12, 24-ны өдрүүдийн хэт авиа оношилгооны зураг, 2018 оны 11 сарын 6, 7, 16, 22-ны өдрийн эмчийн үзлэг хийсэн эмчлүүлэгчийн картын нотариатаар батлуулсан хуулбар, С.Бгийн эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, Налайх эрүүл мэндийн төвийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ний өдрөөс 11 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал хэвтэж эмчлүүлсэн эмнэлгийн магадлагаа, эхнэр Л.Саранчимэгийн 2018 оны 09 сарын 19-ний өдрөөс 2018 оны 09 сарын 28-ны хооронд эмчлүүлсэн эмнэлгийн хуудас зэрэг баримтуудыг ирүүлжээ /хх-8-18/.

Дээрхи баримтуудаас үзвэл: Хэдэн он болох нь тодорхойгүй, 10 сарын 01-ний өдрийн гэмтлийн эмчийн үзлэгт  “2017 оны 09 сарын 28-нд бусдад зодуулсан, 10 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 04 хүртэл акт өгөв“ гэж, 10 сарын 13-ны өдрийн мэс засалын үзлэгт “гэмтлийн шалтгаан цээжний битүү гэмтэл, тархины доргилт, тархины хаван, цээжний рентгин зураг авахуулах” гэж, 10 сарын 11-ний өдрийн эмнэлгээс гарах үеийн үзлэгт “С.Б 49 настай, хэвтэж эмчлүүлэв” гэж, 10 сарын 16-ний өдөр мэс засалын амбулатори үзлэгээр “ 7, 8-р хавирга хугарсан” гэж тус тус  эмчлүүлэгчийн  картанд бичигдсэн байна.

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан тайлбартаа “...2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн эмчийн үзлэгээр нойр булчирхайн хорт хавдартай болох нь тогтоогдож, байнгын эмчийн хяналтанд орж эмчлүүлсэн...” гэжээ. Хэрэгт авагдсан эмчлүүлэгчийн  картнаас харахад нэхэмжлэгч 2018 оны 11 дүгээр сарын 06, 16, 22-ны өдрүүдэд эмчид үзүүлж шинжилгээ оношилгоо хийлгэсэн, 2018 оны 11 дүгээр сарын 07-ний өдрөөс 14-ний өдрийг дуустал хэвтэж эмчлүүлсэн болох нь Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн эмнэлгийн магадлагаа болон эмчлүүлэгчийн картаар тогтоогдож байна.

            Харин нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нойр булчирхайн хорт хавдар гэх оношоор эмчийн хяналтанд орж эмчлүүлсэн үйл баримт тогтоогдоогүй, 10 дугаар сарын 01-ний өдрийн гэмтлийн эмчийн үзлэгээс харахад  нэхэмжлэгч 2017 оны 09 дүгээр сарын 28-нд бусдад зодуулсаны улмаас 2017 оны 10 дугаар сард үзүүлж, эмчилгээ хийлгэсэн болох нь дээрхи баримтаар нотлогдож байна.

            Нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд шүүхэд гомдол гаргаагүй хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлоогүй тул хөөн хэлэлцэх хугацааг  сэргээх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлсэн гэж үзэн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5  дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар  зүйлийн 128.1.2., 129 дүгээр зүйлийн  129.2.-д зааснаар Шарнууд С.Бгийн нэхэмжлэлтэй Налайх дүүрэг дэх Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Б улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.

 

ДАРГАЛАГЧ                                         Н.БАЯРСҮРЭН