Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/220

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Ж.Энхбат,

Нарийн бичгийн дарга: Х.Золцэцэг,

Шүүгдэгч: Д.Энхмөнх нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214001750299 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Шавь Боржигон овогт Дамдины Энхмөнх, /РД:МК90101631 /,  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Энхмөнх нь 2022 оны 07 дугаар сарын 04-ны өдөр 02 цаг 05
минутад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг В баарны гадаа
Б.Батхуягийг үл ялих зүйлээр шалтаглан түүнийг цохиж эрүүл мэндэд нь баруун хөмсөгний шарх, нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан 
гэх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

     ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  Д.Энхмөнхын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... өмнө гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ болсон зүйлийн талаар үнэн зөв ярьсан, миний цохисон үйлдлээс болж түүний баруун талын хөмсөг хэсэг задарсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....гэх мэдүүлэг / хх-ийн 57-58 /

2. Шүүгдэгч Д.Энхмөнх мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

2022 оны 07 дугаар сарын 04-ны орой манай бааранд одоо энэ зодуулсан гээд байгаа залуу орж ирсэн. Тэгээд сууж байгаад 23 цагийн үед тооцоогоо хийхгүй гарч явах гэсэн тэгэхээр нь тооцоогоо хийчихээ хө тооцоотой байгаа юм байна гэсэн тэгсэн урдаас би тооцоогоо хийсэн лалар минь гээд над руу нилээн салаавч өгсөн. Тэгэхээр нь би ажлаа хийж байна тооцоогоо хийчих гэсэн тэгсэн тэр текин дээр очоод тооцоогоо хийгээгүй мэдээд тооцоогоо хийгээд уучлалт гуйсан. Тэгээд буцаад сууж байгаад 01 цаг 40 минутын үед баар хаахаар болоод тэр гадагшаа гарсан тэгээд би ажил тараад гараад иртэл гадаа хүмүүстэй маргаад байх шиг байсан тэгэхээр нь нөгөө залууг яваа харьж амар гээд тэд нараас салгасан тэгсэн чинь над руу хоёулаа үзчихье чи цэрэгт явж үзсэн уу хамгаалагчаа гээд салаавч гаргаад чи намайг нэг цохичихдоо гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан мөн хувцсаа тайлаад үзчихье гээд хойшоо өрөлт авах шиг болоод зогссон тэгэхээр нь би баруун гараараа нэг удаа нүүр руу нь цохих шиг болсон тэгсэн газар унасан тэгээд босоод иртэл баруун хөмсөгнөөс нь цус гарсан сэтэрсэн байсан тэгснээ өөрөө цагдаа дуудсан. Тэгээд надад ял өгнө гээд орилоод байсан. Өөрөө эхэлж намайг зодолдоё гээд хэл амаар дайраад байхаар нь би нэг удаа гараараа цохисон тэгсэн харин хөмсөгнөөс нь цус гарсан тэрнээс бол би түүнийг зүгээр байж байхад нь цохисон зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 /,

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Энхмөнх мэдүүлэхдээ:  Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

4. Хохирогч Б.Батхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2022 оны 07 дугаар сарын 04-ний орой 00 цагийн орчим нэг он жавтайгаа Баянхонгор аймгийн төвд бааранд орсон. Тэгээд тэнд бааранд бүжиглэж байгаад 0.5 гр Алтанговь нэртэй  3 шил пиво уусан. Тэгээд ууж байгаад нэг шилтэй  пиво  үлдээгээд он жав болох Балжиннямтай хамт гарсан. Тэгээд 2 залуутай маргалдсан. Юунаас болсныг мэдэхгүй байна. Тэгээд би зодоон хийж болдоггүй гэдгээ хэлээд орилж ярьж хэлсэн. Тэгтэл  нэг залуу нь намайг хамар хавьцаа өшиглөсөн. Тэгээд хамраас цус гарсан. Өшиглүүлчхээд сууж байгаад цагдаад дуудлага өгсөн. Тэр үедээ би газар сууж байсан. Босож ирээд нөгөө залуутай дахиж хэрэлдээд байтал нэг залуу намайг үсэрч ирээд толгой хэсэг рүү цохисон. Тэгээд би газарт унаж гар, хөмсөг сэтэрсэн. Тэгээд удаагүй цагдаа ирсэн. Өмнө нь бол надад тийм гэмтэл байхгүй байсан. Надад гомдол санал байхгүй. Тухайн үед 80006463 гэсэн дугаартай байсан утсаа хаяад тэр дугаараа сэргээж аваагүй манай найз онжав холбогдоод би цагдаад мэдүүлэг өгсөн цагдаа чамайг холбогдоорой гэж байсан тэгээд цагдаатай холбогдоод би тухайн үедээ энхийг сахиулах ажиллагааны бэлтгэлт гарсан байсан. 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр бэлтгэл гараад завгүй байсан тэгээд очиж чадаагүй байсан.....гэх мэдүүлэг / хх-ийн 24-25 /,

5. Гэрч Б.Балжиннямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...22 цаг өнгөрөөгөөд Баянхонгор сумын 1 дүгээр байх "В" клуб буюу бааранд хоёулаа орсон. Тэгээд хүний тус бүр 2 шил пиво авч уусан. бүжиглэж байтал Батхуяг баарнаас гараад явсан. Тэгэхээр нь би араас нь гартал хэсэг залуучуудтай хэрүүл хийгээд хоорондоо салаавч өгөөд байж байсан, юунаас болсныг мэдэхгүй. Тэгтэл жижиг цагаан машинаас намхан биетэй залуу бууж ирээд Батхуягтай маргалдаж байснаа Батхуягийн цээж рүү, гэдэс хэсэг руу жийсэн.Тэгэхэд Батхуяг тэнцвэр алдаад хойшоо суусан. Би тэр намхан залууг хориглоод байж байтал бас нэг өндөр залуу намайг тойроод Батхуягийг суусан байхад нь нүүрний баруун хэсэг рүү өшиглөсөн. Тэгсэн хамраас нь цус гарсан. Тэгээд Батхуяг тэд нартай маргалдаад босоод ирсэн. Тэгж байтал нэг өндөр савхитай залуу түүний баруун талын нүүр, нүд хавь руу үсэрч ирээд цохисон, тэгээд тэр хойшоо баарны хэсэг рүү ойчоод хэвтээд өгсөн. Тэгээд би салгаад түүнийг дээш нь босгосон. Эхлээд нэг залуу өшиглөхөд бол хамраас цус гарсан тэгээд дараа нь савхитай залуу түүнийг цохисны дараа баруун хөмсөг нь сэтэрсэн маш их цус гарч байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 30-31 /,

6. Гэрч Х.Бүгдсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2022 оны 07 дугаар сарын 03-04-ны шилжих шөнө байсан би баарны гадаа өөрийн эзэмшлийн 21-22 УАК кроун маркийн машинтай Баянхонгор сумын 1дүгээр багт байрлах "В" баарны гадаа зогсож байтал нэг ногоон цамцтай малгайтай залуу тэр баарны гадаа байсан хүн болгон руу үсчээд, хэрүүл хийгээд, маргалдаад, салаавч гаргаад байсан. Тэгээд байж байгаад тэнд байгаа хүмүүстэй машины урд зодоо хийх гээд байхаар нь би гарч ирээд салгаад зогсож байтал миний машины урд гупер руу өшиглөсөн. Тэгтэл хажуугаар явж байсан залуу “болиоч” гээд түүнийг түлхэх шиг болсон. Тэгсэн тэр залуу баашлаад өөрөө ухраад өвдөглөөд суусан. тэгэхээр нь би “яаж байгаа юм” гэтэл “чиний хогийн машин яадаг юм, би цэргийн ангийн ахмад цолтой хүн, хоёулаа үзэх үү” гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би очоод нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгсэн завилж сууснаа тэнд байсан хүн болгон руу үсчиж байснаа босож ирээд тэр баарны хамгаалагч руу “чам шиг юм бааранд хамгаалагч гэж юу байдаг юм, хоёулаа үзэх үү” гээд хуруугаараа чичлээд байсан. Тэгсэн тэр баарны хамгаалагч савхитай залуу түүнийг гараараа нэг удаа цохисон. Тэгсэн тэр баарны үүд рүү баруун нүүрээ бариад ойчсон. Тэгэхдээ үүдний брожур хэсэгт баруун талынхаа хөмсгийг задалсан. Би хөнгөхөн өшиглөсөн, намайг түүнийг өшиглөхөд бол түүний нүүр болон баруун хөмсөг ямар нэг байдлаар задраагүй зүв зүгээр байсан. Харин сүүлд баарны хамгаалагч түүнийг цохисны дараа нүүрний баруун талын хөмсөг нь бага зэрэг сэтэрсэн цус гарч байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 33-34 /,

7. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 495 дугаартай шинжээчийн:

1. Б.Батхуягийн биед баруун хөмсөгний шарх, нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 37-38 /,

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Энхмөнх нь 2022 оны 07 дугаар сарын 04-ны өдөр 02 цаг 05 минутад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг үйл ажиллагаа явуулах “В” баарны гадаа иргэн Б.Батхуягийг үл ялих зүйлээр шалтаглан түүнийг цохиж эрүүл мэндэд нь баруун хөмсөгний шарх, нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт болсон нь хохирогч Б.Батхуяг, гэрч Б.Балжинням, Х.Бүгдсайхан нарын мэдүүлэг, шинжээчийн 495 дугаар дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Энхмөнхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул Д.Энхмөнхөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Батхуяг нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч Д.Энхмөнхийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Шүүх шүүгдэгч Д.Энхмөнхөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Д.Энхмөнх нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ялыг  оногдуулж уг оногдуулсан ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар тухайн үйл баримтыг бичиж буулгасан СД 1 ширхэгийг хураан ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Энхмөнхөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шавь Боржигон овогт Дамдин Энхмөнхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Шавь Боржигон овогт Дамдин Энхмөнхийг таван зуун  / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван  зуун  мянган / 500.000 / төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Шавь Боржигон овогт Дамдин Энхмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан таван зуун  / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван  зуун  мянган / 500.000 / төгрөгөөр торгох  ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч Д.Энхмөнх нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тухайн үйл баримтыг бичиж буулгасан СД 1 ширхэгийг хураан ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Энхмөнхөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Энхмөнхөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.БАТЦЭНГЭЛ