| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2018/01019/И |
| Дугаар | 138/ШШ2019/00177 |
| Огноо | 2019-03-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 138/ШШ2019/00177
| 2019 оны 03 сарын 04 өдөр | Дугаар 138/ШШ2019/00177 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд явуулж,
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Улаанхудаг-ын хойд хэсэг 9-05 тоотод оршин суух, ЖЭ81042261 регистрийн дугаартай, Хатагин овогт Мөнх-Очирын Одмаагийн,
Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Нуурын 10-06 тоотод оршин суух, ЛЙ78020171 регистрийн дугаартай, Буйр овогт Нямын Батпүрэвт холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн эцэг болон асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 сарын 03-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд Нарийн бичгийн дарга Ч.Ануужин
Нэхэмжлэгч М.Одмаа
Хариуцагч Н.Батпүрэв нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч М.Одмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Батпүрэв бид хоёр 2002 онд танилцан, улмаар хайр сэтгэлтэй болж гэр бүл болсон бөгөөд 2008 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Хамт амьдрах хугацаанд бид хоёр хүүхэдтэй болсон ба том охин О.Хишгээ 2003 онд, бага хүү Б.Пүрэвдорж 2013 онд тус тус төрсөн. Биднийг гэрлэлтээ батлуулаагүй байхад том охин маань төрсөн учир охин Хишгээ маань надаар овоглодог. Бидний хамт амьдарсан хугацаанд нөхөр маань байнга шахам архи ууж, гэр орондоо агсам согтуу тавьдаг байснаас гадна гэртээ тогтохгүй, үр хүүхдээ асрахгүй, гадуур хэсч улмаар гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэдэг болсон. Батпүрэвийн дээрх өөрийнхөө зугаа цэнгэлийг хөөсөн, үр хүүхэд гэр бүлдээ анхаарал тавьдаггүй, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэх зэрэг зүй бус явдлаас болж миний бие сэтгэл санааны гүн хямралд орж, мэдрэлийн ядаргаа тусч нүүр ам саажиж, нойргүйдэлд орж байнга эм тариа хэрэглэдэг болсон. Энэ байдлыг би олон жил тэсэж тэвчиж явсан. Гэтэл хамгийн сүүлд 2017 оны 10 сард Батпүрэв Төв аймагруу самар түүхээр Дорнод аймгаас хэдэн хүмүүстэй хамт явсан бөгөөд хамт явсан Мөнхцэцэг гэх хүүхэнтэй дотно харьцаатай болоод ирсэн. Ингээд 2017 оны 12 сард гэрээсээ явлаа гээд гараад одоо болтол гэртээ ирээгүй. Энэ хугацаанд үр хүүхдүүдээ ч огт асуугаагүй, бага хүү нь байнга надаас аавыгаа нэхдэг, аавыгаа санаад байна гээд уйлдаг. Энэ байдлыг Батпүрэвт олон удаа хэлсэн, хүүхдүүдтэйгээ ирж уулзаач гэхээр огт тоодоггүй. Би Батпүрэвийг үр хүүхдээ бодоод хүрээд ирэх болов уу гэж хүлээсэн. Шүүхийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч хамт амьдрах хүсэлгүй гээд дуусгавар болгосон. Батпүрэв одоо тэр хүүхэнтэйгээ хамт амьдарч байгаа. Иймд хойшид түүнтэй дахин хамт амьдрах хүсэлгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, охин О.Хишгээгийн төрсөн эцэг нь Н.Батпүрэв мөн болохыг тогтоож, эцгээс нь хоёр хүүхдэд минь тэтгэлэг гаргуулж өгнө үү. Хоёр хүүхдээ би өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Хүүхдийн сэтгэл гэдэг их хэцүү юм байналээ, Н.Батпүрэвээс хүүхдүүдтэйгээ ирж уулзаж байгаарай гэж л хүсч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Н.Батпүрэв шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2002 онд танилцаад гэр бүл болсон ба 2008 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Том охин 2003 онд, бага хүү 2013 онд төрсөн. Том охин маань биднийг гэрлэлтээ батлуулаагүй байхад төрсөн тул ээжээр нь овоглосон, Охин маань миний охин мөн. Миний бие хааяа архи дарс ууж, найз нөхөдтэйгөө нийлээд явдаг нь үнэн. Тэр тоолонд Одмаа намайг цагдаа дуудаад эрүүлжүүлэхэд өгчихдөг байсан. Ер нь гэрт байнга хэрүүл маргаантай байдаг нь намайг залхаасан. Архи дарс уудаг нь миний буруу боловч хэн хэнд маань буруу байгаа. Одмаа өөрөө гэртээ тогтддоггүй, ажил хийгээд олж ирсэн мөнгийг маань аваад гадуур хэсээд явчихдаг, найзуудтайгаа ямар ч зорилгогүй Манжуур яваад өгчихдөг, гэртээ ирэхээрээ намайг мөнгө олж ир гэж байнга үглэж, дарамталдаг нь надад үнэхээр хэцүү байсан учраас би гэрээсээ явсан. Одмаа өөрөө гэр бүлээс гадуурх явдалтай байсныг нь би 2013 онд олж мэдсэн. Би хэрүүл хийгээд яахав гээд тэвчдэг байсан. Ярилцъя гэхээр өөдөөс загнаж цагдаа дуудаад өгчихнө шүү гэдэг. Болохгүй болохоор нь би өөр хүнтэй нэр холбогдсон нь үнэн. Одоо би тэр хүнтэйгээ хамт амьдарч байгаа. Надад Одмаатай хамт амьдрах үнэхээр хэцүү байдаг болохоор цаашид хамт амьдрах ямар ч бодол байхгүй тул салахаар шийдсэн. Надад өөр хэлэх зүйл байхгүй, Бид тус тусдаа амьдраад нэг жил гаран болж байна. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдүүдтэйгээ уулзъя гэхээр уулзуулахгүй гэж загнадаг, нэг удаа согтуу очсон нь үнэн. Хоёр хүүхэддээ цаашид анхаарал халамж тавих болно, мөн тэтгэлгийг төлнө. Хоёр хүүхдээ ээж дээр нь үлдээхэд татгалзахгүй гэв.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч М.Одмаа нь хариуцагч Н.Батпүрэвт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба шүүх хуралдааны явцад охин Хишгээгийн төсөн эцэг нь Н.Батпүрэв мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2002 онд танилцан гэр бүл болон хамт амьдарч 2008 оны 8 сарын 11-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болсон байх ба тэдний дундаас охин О.Хишгээ 2003 оны 02 сарын 11-ний өдөр, хүү Б.Пүрэвдорж 2013 оны 11 сарын 19-ний өдөр тус тус төрсөн болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.
Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаандаа зан харьцаа таардаггүй, бие биенээ үл хүндэтгэх, үзэл бодлын зөрүүтэй байдал гаргах, нөхөр Н.Батпүрэв архи согтууруулах хэрэглэх, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэх зэргээс болж гэрийн дотор таарамжгүй харьцаа бий болж, улмаар 2017 оноос одоог хүртэл тус тусдаа амьдарсан, цаашид дахин хамт амьдрах хүсэлгүй тул гэрлэлтээ цуцлуулахыг харилцан тохиролцсон, гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлууд нь тэдний гэрлэлтийг цуцлах шалтгаан болох тул Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хариуцагч Н.Батпүрэв нь охин Хишгээгийн биологийн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй тул охин О.Хишгээгийн төрсөн эцэг нь Н.Батпүрэв мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн хүүхдүүдээ өөрийн асрамжинд авах тухай шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч талууд энэ талаар маргаагүй тул Монгол Улсын Гэр бүлийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг үндэслэн охин О.Хишгээ, хүү Б.Пүрэвдорж нарыг эх М.Одмаагийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар эцэг эх нь насанд хүрээгүй үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул охин О.Хишгээ, хүү Б.Пүрэвдорж нарыг 18 насанд хүртэл нь эцэг Н.Батпүрэвээр сар тутам тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байх ба мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг нэхэмжлэгч хариуцагч нарт мэдэгдэх нь зүйтэй юм.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн ба хариуцагч Н.Батпүрэвээс улсын тэмдэгтийн хураамжид 279 579 /гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн эцэг тогтоолгох тухай шаардлага тус бүрд 70 200 төгрөг буюу нийт 210 600 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагад тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээг нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн хэмжээгээр тооцон хоёр хүүхдийн тэтгэлэгт ногдох 68979 төгрөг/ төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлого болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Буйр овогт Нямын Батпүрэв, Хатагин овогт Мөнх-Очирын Одмаа нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасныг баримтлан охин Хатагин овогт Одмаагийн Хишгээгийн төрсөн эцэг нь Буйр овогт Нямын Батпүрэв мөн болохыг тогтоосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин О.Хишгээ, хүү Б.Пүрэвдорж нарыг эх М.Одмаагийн асрамжинд үлдээсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар 05 нас 04 сартай хүү Б.Пүрэвдоржийг 11 насанд хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар,11-16 насанд /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь, 16 нас 01 сартай охин О.Хишгээг 18 насанд хүртэл нь тус тус амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.Батпүрэвээр сар тутам тэжээн тэтгүүлсүгэй.
5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг мэдэгдсүгэй.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Энхтуулд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч Н.Батпүрэвээс улсын тэмдэгтийн хураамжинд 279 579 төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч М.Одмаа нь шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг, зохигч талууд эд хөрөнгийн маргаангүй гэснийг тус тус дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН