Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 66

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг 1 дүгээр хороо өөрийн байранд байрлах “ХС” ХХК /РД:2604744/-ийн

Хариуцагч: Налайх дүүрэг, 2 дугаар хороо Туулын 19 дүгээр гудамж, 05 тоотод оршин суух, Боржигон Ж.О /РД:УД58122068/-д холбогдох

Зээлээр худалдах, худалдан авах үүргийн биелэлт 21.329.260 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Т.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, нарийн бичгийн дарга П.Нямсүрэн нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “ХС” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь хүнсний бөөний худалдааны үйл ажиллагаа явуулдаг. Ж.О нь манай компаниас 2010 оны 10 дугаар сараас эхлэн хүнсний барааг зарж борлуулахаар, зээлээр авч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн эхний үед сар бүр тооцоогоо найдвартай хийж байсан болохоор бид итгэж барааг өгдөг болсон. 2013 оны 04 дүгээр сараас эхлэн тооцооны үлдэгдэл гаргаж 2013 оны 05 дугаар сард барааны тооцоо хийхээ больсон.

Барааны тооцоо: 2013 оны 04 сарын тооцооны үлдэгдэл 149.520 төгрөг, 2013 оны 05 дугаар сарын 04-нд тамхи 7.263.500 төгрөг, кофе 276.000 төгрөг, шүдэнз 74.000 төгрөг нийт 7.613.500 төгрөг, 2013 оны 05 дугаар сарын 08-нд тамхи

10.033.000 төгрөг, бохь 197.000 төгрөг, гоймон 82.000 төгрөг, шоколад 114.240 төгрөг, кофе 276.000 төгрөг, нийт 10.702.240 төгрөг, 2013 оны 05 дугаар сарын 15-нд тамхи 2.820.000 төгрөг, бохь 44.000 төгрөг, нийт 2.864.000 төгрөг, эдгээр барааны нийт дүн 21.329.260 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.О эгч манай байгууллагатай 2010 оноос хойш бараа авсан байдаг. Харин 2013 оны хавар буюу 05 дугаар сарын төлбөр болох 21.329.260 төгрөгийг төлөхгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед шүүх хуралдаан болохын өмнө манай өмгөөлөгч, хариуцагч болон түүний өмгөөлөгчтэй уулзахад сүүлийн худалдан авалт болох тамхины үнэтэй холбоотойгоор яриа болсон. Үүнийг илүү тодорхой ярьвал, манай компанид тамхи нийлүүлдэг газар нь 3 хоногийн дараагаар тамхины үнэ өснө гэсэн мэдээг бидэнд дуулгасан. Яг тэр үеэр Ж.О эгчийг манайхаас тамхи авах гээд ирэхэд “3 хоногийн дараагаар тамхины үнэ нэмэгдэх юм байна. Та өнөөдөр тамхиа авчихвал танд ашигтай” гэж хэлсэн байсан. Тэгээд Ж.О эгч өмнөх өрөө өгөөд, шинээр тамхи нэмж авсан байдаг. Хамгийн сүүлийн шүүх хуралдаанд Одгэрэл “Сүүлд авсан тамхины мөнгө болох 2.900.000 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн мөнгийг хасаад өгөх боломж байна уу? Би ойрын хугацаанд хашаа байшингаа зараад танай өрийг барагдуулна” гэсэн учраас талууд эвлэрч, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэсэн. Энэ шүүхийн шийдвэр нь 2013 оын 07 дугаар сард гарсан боловч хариуцагч тухайн оныхоо 12 дугаар сард багтаж төлбөрөө төлөөгүй. Харин өнөөдрийг хүртэл Ж.О нь эцсийн байдлаар төлсөн нь 6.443.000 төгрөг, үлдэгдэл нь 15.392.170 төгрөг байна. 2013-2018 оны хооронд сард 50.000-100.000 төгрөг, эсвэл 3 сард 50.000-100.000 төгрөгөөр төлсөн байдаг. Би жилд нэг удаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу орж энэ талаар асуухад “Ж.Оийн хашаа, байшин нь Хаан банкны зээлийн барьцаанд байдаг юм байна. Ж.О нь жилд нэг удаа ч гэсэн хамаагүй багаар ч гэсэн төлж байгаа учраас үүнээс илүү албадлагын арга хэмжээ авах боломжгүй” гэж надад хэлсэн. Миний мэдэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь 4 удаа солигдсон. Харин сүүлийн жилээс арай ахиу мөнгө төлдөг болсон. Учир нь Ж.О эгч өмнө нь өөр хүнд өр төлбөртэй байж байгаад шүүхийн шийдвэрээр өмнөх зээлээ төлж байсан гэдгийг сүүлд сонссон. Ийм учраас манайд нэг сард 50.000 төгрөг төлдөг байсан бол сүүлийн 2, 3 жилд манай байгууллагад 170.000 төгрөгийг төлдөг болсон. Миний хувьд өмнө нь Ж.О эгчтэй уулзаж байгаагүй. Харин 2, 3 удаа л утсаар ярихад “Эгч нь хоёр дүүдээ хохирол учруулчихлаа. Би яаж ийж байгаад төлж дуусганаа” гэж надад хэлж байсан. Яг үнэндээ би өнөөдрийн шүүх хуралдаан дээр орж ирж тайлбар өгч байгаадаа гайхаж байна. Би өөрөө хуулийн мэргэжилтэй хүн биш учраас энэ талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ намайг тэр үед шүүхийн шийдвэрийг уншихад “талууд эвлэрч байгаа учраас дахин гомдол гаргах эрхгүй” гэж заасан байсан. Гэтэл өнгөрсөн жил Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас над руу залгаад “Ж.Оийн гэр бүлээс энэ төлбөрийн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан байна. Та төлбөр тооцоотойгоо хамааралтай бүх баримтаа авчир” гэж хэлсэн. Би түүнийх нь дагуу бүх бичиг баримтаа ухаж байж, шүүхийн шийдвэрт аваачиж өгсөн.  Хариуцагч талаас 1.000.000 төгрөгийн баримт, 4.000.000 төгрөгийн баримт, 6.100.000 төгрөгийн баримтыг олж аваад энэ үнийн дүнг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаагүй байна гээд Налайх дүүргийн шүүхэд өгсөн байсан. Гэтэл тэдгээр баримтыг манайх аваагүй гэж хэлээгүй, харин манай байгууллагын тооцоон дээр “1.000.000 төгрөгийг Ж.О /захиргаа/-ээс 2013 оны 05 сарын 04-ний өдөр хийв”, “4.000.000 төгрөгийг Ж.О /захиргаа/-ээс 2013 оны 05 сарын 06-ны өдөр авав”, “6.100.000 төгрөгийг Ж.О /захиргаа/-ээс 2013 оны 05 сарын 08-ны өдөр авав” гэж бичигдсэн байна. Би энэ баримтыг эх хувиар нь хэрэгт хавсаргасан байгаа. Гэтэл Ж.О эгчийн өгсөн энэ мөнгө нь өмнөх сарын өрийг 2013 оны 05 дугаар сард төлсөн. Манайхаас бараа зээлээр авсан газар нь 01 дүгээр сарын 01-ний өдөр зээлээр авсан бол 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор багтааж төлдөг. Өөрөөр хэлбэл Ж.О эгчийн өгсөн мөнгөний баримтууд нь тухайн өдөр ямар төрлийн бараанаас, хичнээн хэмжээгээр авсан нь хүртэл бүгд байгаа. Харин өгөөгүй мөнгөний үлдэгдэл нь нийлээд 21.329.260 төгрөг болсоныг бид нэхэмжилсэн. Би 2013 онд компанийнхаа 100 хувийн хөрөнгө оруулагч байсан хэдий ч ажилд байнга оролцдоггүй, өөр ажил хийдэг байсан. Гэхдээ компани маань ямар хүмүүстэй харьцаж байгааг нь маш сайн мэддэг байсан. Манай дэлгүүр Налайх дүүргийн тамгын газрын 1 дүгээр давхарт  байрладаг байсан. Харин Ж.О эгч тухайн үед Налайх дүүргийн тамгын газарт үйлчлэгчээр ажилладаг байсан. Харин манай байгууллагатай 2012 оноос хойш холбоотой болж ирсэн байдаг. Ж.О эгч манайхаас анх “Манай нэг хүү Алтны уурхайд ажилладаг юм. Тийм учраас тэнд ажилладаг нинжа нарт ойр зуурын бараа, тамхи зардаг юм” гэж хэлээд бага хэмжээгээр бохь, чихэр аваад зараад олсон мөнгөөрөө өмнөх өрөө дардаг байсан. Харин хугацаа өнгөрөх тусам манайхаас тамхи авдаг болсон. Тэгээд 10.000.000 төгрөгийн тамхи аваад, алтны уурхай дээр зараагүй харин Нарантуул зах дээр 8.000.000 төгрөгөөр зардаг байснаа сүүлд надад хэлсэн. Тамхи бол хүний байнгын хэрэгцээ, түүнээс гадна зах зээлийн тамхины үнээс хамаагүй бага байгаа учраас Нарантуул захын худалдаачид 10.000.000 төгрөгийн тамхийг 8.000.000 төгрөгөөр маш дуртай авдаг байсан гэсэн. Ж.О эгч манайхаас гадна өөр газар ломбарданд зээлтэй байгаад, олсон мөнгөөрөө ломбардныхаа өрийг дараад дахин мөнгө зээлээд, зээлсэн мөнгөөрөө манай өрийг дардаг байсан гэж сүүлд надад хэлсэн. Харин Ж.О эгчийн хувьд сүүлийн хэдэн сарын зээлийг төлөхгүй удсанаас, бид шүүхэд нэхэмжлэл гаргахаас өөр аргагүй болсон. Өнгөрсөн хугацаанд Ж.О шүүхийн шийдвэрээр 6.443.000 төгрөгийг төлсөн. Иймд хариуцагчаас үлдэгдэл 15.133.179 төгрөгийг нэхэмжилж байгаа. Гэвч өмнөх шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаас 1.000.000 төгрөг хассан тул түүнийг хасаад 14.057.179 төгрөг нэхэмжилж байна  гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний дүү Одгэрэл амьдралын шаардлагаар Налайх дүүргийн тамгын газарт үйлчлэгчээр ажиллаж байхдаа, давхар “ХС” ХХК-аас нэр бүхий бараа аваад, уурхай дээр 3 жил гаран хугацаанд зардаг байсан. Гэхдээ энэ хугацаандаа Ж.О тухай бүрт нь төлбөрийг нь төлдөг байсан. Өөрөөр хэлбэл дээрх 3 жилийн хугацаанд эхний барааныхаа өрийг төлөөд, дараагийнхаа барааг авдаг байсан. Мөн ямар ч өр төлбөргүй байсан. Тухайн үедээ Ж.О нь “ХС” ХХК-ийн ажилчин Жайна, Бямбаа нартай их найзлан, ойр дотно харилцаатай байсан. Гэтэл 2013 онд тооцооны үлдэгдэл гаргаад, 2013 оны 05 дугаар сараас Ж.Оийг ямар ч тооцоо хийгээгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авч, талууд эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Харин талуудын эвлэрсэн үнийн дүн нь 20.329.260 төгрөг  байсан... Тэр үед Ж.О ямар ч өр төлбөргүй гэж өөрийгөө бодож явтал гэнэт л нэг өдөр маш их хэмжэээний өр төлбөрт орсон. Миний дүү тухайн үед маш их хэмжээний өр төлбөрт ороод гэр бүлийнхэндээ, өөрийнхөө төрсөн эгч, ах нартаа хүртэл хэлэлгүй нуусан байсан. 2013 онд Ж.О захиргаанд ажиллаж байсан. Тэгтэл нэг өдөр хамт ажилллаж байсан үйлчлэгч нь намайг дуудаж Ж.Оийн бичсэн захидлыг  өгсөн. Тэр захидалд гэрээслэл маягын зүйл бичсэн байсан. Тэр захидлыг уншаад бүх арга хэмжээг авч бид Ж.Оийг Дархан хотын эмнэлэгээс олж авсан. Би дүүтэйгээ уулзаад болсон явдлын талаар асуухад Ж.О нь ломбарднаас өдрийн 3 хувийн хүүтэй зээл, Бүжин гэх ломбарднаас өдрийн 3 хувийн хүүтэй зээл авсан байсан. Энэ хэргийн шүүхийн шийдвэрийг харахад хамгийн сүүлд 4 дүгээр сард 146.000 төгрөгийг төлсөн гэж бичигдсэн байсан. Мөн Ж.Оийн эгч нь өөрийнхөө танилаар дамжуулан Уянга, Занданшатар гэх хүмүүсээс тусламж хүссэн ч асуудал гарсан. Энэ асуудлыг нэхэмжлэгчийн төлөөлөгч сонсоосой гэж бодоод хэлээд байгаа юм шүү. “ХС” ХХК-д ямар ч өр төлбөргүй гэж бодож явахад нэг өдөр Жайна, Бямбаа нар залгаад “Таны төлчихсөн байсан тамхины үнэ нэмэгдсэн. Та зөрүү 3.000.000 төгрөгөө өнөөдрийн дотор төлөхгүй бол сүүлд нь нэмэгдсэн үнээр төлөх нь танд хэцүү” гэж хэлсэн. Энэ тухай Ж.О сонсоод сандарч банкнаас зээл авч, “ХС” ХХК-д өгсөн байсан. Миний дүү огт төлбөргүй байснаа энэ нэмэгдсэн тамхины балагаар энэ бүх зовлон ирсэн. Манай дүү 2 банкнаас зээл авсан байсан. Ж.Од цуглуулж хадгалсан зүйл байхгүй. 2013 онд “ХС” ХХК нь сургуулийн ойролцоо байсан, тусгай зөвшөөрөлгүй байсан болохоор тамхи зардаггүй байсан. Гэхдээ тамхины маш их нөөцтэй, уг тамхиа Т.Э даргын өрөөнд хураачихсан байсан гэдэг. Миний дүү өндөр үнээр тамхиа аваад Нарантуул зах дээр бага үнээр зардаг байсан байна. Үүний дундаас Ж.О асар их хэмжээний алдагдалд орсон байсан. Ж.О бараа аваад төлбөрөө төлөөгүй биш, харин бүх төлбөрөө төлсөн мөртлөө өр төлбөрт орсон. Шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулахаар шүүхэд хүсэлт гаргасан ба шүүх  уг баримтуудыг нотлох баримтаар авч, хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул надад хэрэгт авагдсан нотлох баримттай танилцах боломж олдсон. Тэдгээр нотлох баримтууд дунд “ХС” ХХК-ийн санхүүгийн тайлан дунд миний дүүгийн гарын үсэггүй баримтууд хүртэл байсан... Миний дүү өнгөрсөн зун шинээр баримт олоод шүүхэд гаргаж өгөөд, шинээр илэрсэн нөхцөл байдал илэрсэн гэж үзэж хэргийг анхан шатны журмаар дахин хянан хэлэлцэхээр болсон нь бидэнд олдож байгаа том боломж гэж үзэж байна. Иймд энэ шинээр гарч ирсэн нотлох баримтад байгаа мөнгөн дүнг нэхэмжлэлийн нийт дүнгээс хасагдах ёстой гэж үзэж байна гэв.

            Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “ХС” ХХК нь хариуцагч Ж.Оээс зээлээр худалдах, худалдан авах үүргийн биелэлт 2013 оны 4 дүгээр сарын тооцооны үлдэгдэл 149.520 төгрөг, 2013 оны 5 дугаар сарын 04-нд тамхи 7.263.500 төгрөг, кофе 276.000 төгрөг, шүдэнз 74.000 төгрөг, нийт 7.613.500 төгрөг, 2013 оны 5 дугаар сарын 08-нд тамхи 10.033.000 төгрөг, бохь 197.000 төгрөг, гоймон 82.000 төгрөг, шоколад 114.240 төгрөг, кофе 276.000 төгрөг нийт 10.702.240 төгрөг, 2013 оны 5 дугаар сарын 15-нд тамхи 2.820.000 төгрөг, бохь 44.000 төгрөг нийт 2.864.000 төгрөг, бүгд 21.329.260 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Э 21.329.260 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлсөн 6.443.000  төгрөг, өмнөх эвлэрлийн гэрээгээр  хасч тооцсон 1.000.000 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцон  14.057.179  төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн үнийн дүнг багасгасан.

 

            Нэхэмжлэгч Байгууллагын төлөөлөгч Т.Э Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгах эрхтэй байна.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н нэхэмжлэлийн үнийн дүнгээс 6.443.000 төгрөг төлсөн талаар маргахгүй, Багахангай,  Налайх  дүүргийн  шүүхийн  2013  оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 251 дугаар шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагаас “ХС” ХХК-нд 2013 оны 5 дугаар сарын 03-нд тушаасан кассын орлогын ордерын 1020 дугаартай 1.000.000 төгрөг, 5 дугаар сарын 06-ны өдөр тушаасан 1056 дугаартай 4.000.000 төгрөг, 5 дугаар сарын 8-ны өдөр тушаасан 1072 дугаартай 6.100.000 төгрөг нийт 11.100.000 төгрөгийг  хасч тооцуулах үндэслэлтэй гэж маргасан.  

 

Нэхэмжлэгч “ХС ХХК” нь хариуцагч Ж.Оийн хүсэлтээр тамхи, хүнсний барааг зээлээр нийлүүлж байсан, ийнхүү нийлүүлэхдээ зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр  байгуулаагүй байна.

                Хавтаст хэрэгт авагдсан кассын баримт, нэхэмжлэгч “ХС” ХХК-ийн төлөөлөгч П.Бямбасүрэнгийн “...Ж.О 2010 оны 10 дугаар сараас эхлэн манай компаний хүнсний барааг зээлээр авч эхэлсэн. Эхний үед сар бүр тооцоогоо найдвартай хийдэг байсан болохоор итгээд бараагаа зээлээр өгч байсан. Гэтэл 2013 оны 4 дүгээр сараас эхлэн тооцооны үлдэгдэл гаргаж  5 дугаар сард тооцоогоо хийгээгүй”...гэх мэдүүлэг, хариуцагч Ж.Оийн “...би тус компаний барааг зээлээр авч зараад сар бүр тооцоогоо хийж байсан...харин сүүлийн 5 дугаар сард тооцоогоо хийж чадалгүй алдагдалд орсон...” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгч “ХС” ХХК, хариуцагч Ж.О нарын хооронд  бараа зээлээр худалдах, худалдан авсан үйл баримт тогтоогдож байгаа хэдий ч Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн шинжийг тохиролцоогүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч “ХС” ХХК хариуцагч Ж.Оээс худалдах, худалдан авах гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н нь “ХС” ХХК-нд Ж.Оийн 2013 оны 5 дугаар сарын 03-нд тушаасан кассын орлогын ордерын 1020 дугаартай 1.000.000 төгрөг, 5 дугаар сарын 06-ны өдөр тушаасан 1056 дугаартай 4.000.000 төгрөг, 5 дугаар сарын 08-ны өдөр тушаасан 1072 дугаартай 6.100.000 төгрөг нийт 11.100.000 төгрөгийн баримт нь тухайн үед олдоогүй, шинэ нөхцөл байдлаар илэрсэн тул нэхэмжлэлийн шаардлага 21.329.260 төгрөгөөс хасч тооцуулахаар дээрхи баримтуудыг  ирүүлжээ.

Нэхэмжлэгч “ХС “ХХК  нь шүүхэд нэхэмжилсэн барааны  үнэ  болох 21 329 260 төгрөгтэй холбоотой 2013 оны 5 дугаар сарын 03-нд кассын орлогын ордерын 1020 дугаартай 1.000.000 төгрөг, 5 дугаар сарын 06-ны өдөр тушаасан 1056 дугаартай 4.000.000 төгрөг, 5 дугаар сарын 08-ны өдөр тушаасан 1072 дугаартай 6.100.000 төгрөг нийт 11.100.000 төгрөгийн баримт, кассын баримтын жагсаалт, хариуцагч Ж.Оийн  бараа хүлээн авсан гарын үсэгтэй 2013 оны 4 дүгээр сарын тооцооны үлдэгдэл 149.520 төгрөг, 2013 оны 5 дугаар сарын 04-нд 7.613.500 төгрөг, 2013 оны 5 дугаар сарын 08-нд 10.702.240 төгрөг, 2013 оны 5 дугаар сарын 15-нд 2.864.000 төгрөг, нийт 21.329.260 төгрөгийн баримтуудыг ирүүлсэн байна. /хх-ийн 90,92-101 тал /

Нэхэмжлэгч “ХС” ХХК-аас хариуцагч Ж.О  бараа зээлээр худалдан авч, төлбөрийг дараа сардаа төлдөг байсан талаар зохигч маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Эын шүүх хуралдаанд гаргасан “...хариуцагч Ж.О  эгчийн төлсөн энэ мөнгө нь өмнөх сарын өрийг 2013 оны 05 дугаар сард төлсөн. Манайхаас бараа зээлээр авсан газар нь 01 дүгээр сарын 01-ний өдөр зээлээр авсан бол 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор багтааж төлдөг... Ж.Оийн хувьд төлөөгүй мөнгөний үлдэгдэл нь нийлээд 21.329.260 төгрөг болсоныг бид нэхэмжилсэн...” гэх тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нгийн “... Ж.О “ХС” ХХК-аас нэр бүхий бараа аваад, тухай бүрт нь төлбөрийг нь төлдөг байсан. Өөрөөр хэлбэл дээрх 3 жилийн хугацаанд эхний барааныхаа өрийг төлөөд, дараагийнхаа барааг авдаг байсан... 2013 оны 05 дугаар сараас Ж.Оийг ямар ч тооцоо хийгээгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан... гэх тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан 2013 оны 5 дугаар сарын 03-нд кассын орлогын ордерын 1020 дугаартай 1.000.000 төгрөг, 5 дугаар сарын 06-ны өдөр тушаасан 1056 дугаартай 4.000.000 төгрөг, 5 дугаар сарын 08-ны өдөр тушаасан 1072 дугаартай 6.100.000 төгрөг нийт 11.100.000 төгрөгийн баримт, кассын баримтын жагсаалт, Ж.Оийн 2013 оны 5 дугаар сарын 04-нд 7.613.500 төгрөг, 2013 оны 5 дугаар сарын 08-нд 10.702.240 төгрөг, 2013 оны 5 дугаар сарын 15-нд 2.864.000 төгрөг, нийт 21.329.260 төгрөгийн бараа хүлээн авсан гарын үсэгтэй кассын баримтууд зэргээс үзэхэд хариуцагч Ж.Оийн төлсөн 11.100.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлага 21.329.260 төгрөгөөс хасч тооцох үндэслэл  тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасантай холбогдуулан  нэхэмжлэгч “ХС” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264.596 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж,  хариуцагч Ж.Оээс  228.236 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч  “ХС” ХХК -д олгов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1., 116., 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар хариуцагч Боржигон Ж.Оээс 14.057.179 /арван дөрвөн сая тавин долоо мянга нэг зуун далан есөн/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ХС” ХХК-д олгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264.596 /хоёр зуун жаран дөрвөн мянга таван зуун ерэн зургаа/ төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Ж.Оээс 228.236 /хоёр зуун хорин найман мянга хоёр зуун гучин зургаа/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ХС” ХХК-д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                            Н.БАЯРСҮРЭН