Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 151/ШШ2018/01224

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 4 дүгээр хороо, Хэрлэн 5-8 тоотод оршин суух Боржигон овогт Чимэдбазарын Энхбаатар /РД:НД62052171/-ын

Хариуцагч: Төв аймаг, Баянчандмань сум, 2 дугаар баг, Замт, илт 8 гудамж, 6 тоотод оршин суух Буриад овогт Санжаагийн Нармандах /РД:НД63051063/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 6 сарын 28-ны өдөр хүлээн авч, 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.         

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Энхбаатар, хариуцагч С.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.Энхбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа:

“Чимэдбазар овогтой Энхбаатар миний бие 1979 онд өөрийн хуучин эхнэр С.Нармандахтай анх танилцаж, 1985 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулж тусдаа гарсан юм. Улмаар бидний дундаас 1982 онд том хүү Э.Наранбаатар, 1985 онд охин Э.Нарантунгалаг, 1987 онд хүү Э.Наранхүү, 1989 онд охин Э.Нарантуяа нар тус тус төрсөн юм. Бид 20 жилийн туршид хамтран амьдарсан ба улмаар 2002 онд хувийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч эхэлсэн.

Одоогоор тусдаа амьдраад 16 жил болж байгаа ба хэн аль нь тусдаа амьдралтай болсон юм. Бидний хамтран амьдрах хугацаанд бий болсон эд зүйлс байгаа боловч эдгээрт миний зүгээс ямар нэгэн маргаан байхгүй, мөн 4 хүүхэд маань бүгд нас биед хүрсэн учраас хүүхдийн тэтгэлгийн асуудал байхгүй болно.

Би ойрын хугацаанд өөрийн эхнэр М.Цэцэгмаатай хамт Солонгос улс руу гарах гэхээр хуучин гэрлэлтийн баталгаагаа шүүхээр цуцлуулахгүй бол хамт гарах боломж бүрдэхгүй байна.

Хариуцагч С.Нармандахын хувьд одоогоор Төв аймгийн Баянчандмань сумын 2 дугаар багт амьдардаг ба түүний холбогдох утасны дугаарыг болон харьяа 2 дугаар багийн Засаг даргын утасны дугаарыг нэхэмжлэлдээ дурдсан болно. Иймд хуучин эхнэр болох С.Нармандах бид хоёрын гэрлэлтийг хуульд зааснаар цуцалж өгнө үү гэж хүсч байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаах байхгүй, мөн хүүхдийн тэтгэлгийн маргаан байхгүй болно” гэжээ.

Хариуцагч С.Нармандах нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “Санжаа овогтой Нармандах миний бие 1963 онд Төв аймгийн Архуст суманд төрсөн. Техникийн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй. Архуст сумын хүүхдийн цэцэрлэгийн тогоочоор 13 жил ажиллаад 2001 оноос зүрхний өвчний улмаас тахир дутуугийн группэд орж 2013 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. 1981 онд Чимэдбазарын Энхбаатартай гэр бүл болж 1982 онд том хүү Наранбаатар, 1985 онд том охин Нарантунгалаг, 1987 онд бага хүү Наранхүү, 1989 онд бага охин Нарантуяа нарыг төрүүлж 4 хүүхдийн эцэг эх болж ажил амьдрал тэгш сайхан амьдарч байсан. Нөхөр Ч.Энхбаатар, Мягмар овогтой Цэцэгмаатай гэр бүлээс гадуур харьцаа үүсгэж 2 жил гаран явалдаж байгаад үүний улмаас бид таарч тохирохоо больж улмаар салсан. Ч.Энхбаатар М.Цэцэгмаатай нөхцөж эхэлсэнээс хойш удаа дараа архи ууж гар хүрдэг болсон. Урд өмнө нь бид хэрүүл уруул хийж зодолдож байгаагүй амар амгалан амьдардаг сайхан гэр бүл байсан. Ч.Энхбаатар М.Цэцэгмаа нарын доромжлол хэрээс хэтэрч гэр бүлийн таагүй байдлаас үүдэн миний бие зүрхний архаг дутагдалд орж 2001 онд группэд орж хөдөлмөрийн чадвар алдан амьдрахад хүнд болсон учир өөрийн төрсөн эгчээ бараадан Төв аймгийн Баянчандмань суманд ирж амьдарч энэ хооронд хүү Наранхүү 7 дугаар ангиа төгсөж сургуулиа орхиж Улаанбаатар хотод зах дээр наймаачины туслахаар ажиллаж, 10 дугаар ангиа төгссөн охин Нарантунгалагаа сургалтын төлбөргүйн улмаас дээд сургуульд оруулж чадалгүй мөн л адил зах дээр ажиллуулж амьдралаа залгуулж байсан.

Том хүү Наранбаатар хүнд хорлогдон нас барж энэ бүхэн үр хүүхдээ өнчрүүлэн орхиж, амьдралд хөлөө олох насанд нь гэр бүлийн таагүй амьдрал залгасанаас үүдэлтэй гэж насан туршдаа харамсаж явдаг юм. Бага охин Нарантуяа 2007 онд Зохиомж дээд сургуульд элсэн орж Гаалийн ажилтан, гадаад худалдааны мэргэжлээр төгссөн охиноо оюутан байх хугацаанд эцэг нь ганц удаа 150,000 төгрөг өгсөн, түүнээс өөрөөр харж үзэж байгаагүй. Энэ хугацаанд миний бие муудаж зүрхний архаг дутагдал, хэм алдалтын улмаас 2005 онд 3,500,000 төгрөгийн төлбөртэй хагалгаанд орж аппарат суулгуулсан. 2013 онд 8 жилийн дараа өмнөх тавиулсан аппарат хугацаа нь дуусч ажиллагаагүй болж дахин 15,000,000 төгрөгийн үнэтэй хагалгаанд орсон. Энэ бүхнийг ах дүү, найз нөхөд, хожуу ханилсан ханийн дэм туслалцаагаар давж гарсан. Хамгийн бага хүүхдээ 13 настай байхад Ч.Энхбаатар надаас салаад явахад нь “Чи бид хоёрыг гэр бүл гэдгийг батлах гэр бүлийн улаан баталгаа байгаа шүү” гэж хэлэхэд тэр баталгаа ямар хамаатай юм бэ гэж хэлж байсан хүн дээ. Баянчандмань суманд нүүж ирээд “Ч.Энхбаатар өөрөө трактороор гэрээ ачаад ирж байсан. Хэсэг хугацаанд 2 сар гаран эвлэрч хамт амьдарсан боловч цаанаа хүнтэй болсон хүн тогтдоггүй юм байна лээ. Гэгэлзээд, хот руу байн байн яваад, муухан байж байгаад нэг өдөр муудалцаад хананы хивсээ хуу татаж хаяад, сервант шүүгээгээ эвдлээд, хөргөгчөө хэмх нүдээд тэр гэрт бүтэн юм үлдээлгүй шахам явсан хүн дээ. Хожим нь би чамаас болж хагалгаанд орсон гэхэд чи надаас салсанаасаа хойш хагалгаанд орсон биз дээ гэж хэлж байсан. Хүүхдүүдээ хоолонд хүрэх хүртэл салсан эцэг нь амьдралд үзүүлсэн дэмгүй явж ирсэн. Энэ бүхнийг дурдахын учир гэвэл Ч.Энхбаатар хэр зэрэг хүн болохыг, миний хувьд амьдралын ачааг яаж үүрч ирсэнийг харуулах гэсэн юм. Ч.Энхбаатарын хувьд гэр бүл цуцлах хүсэлт гаргасан учир нь суусан эхнэр М.Цэцэгмаа нь Солонгос улс руу явах зайлшгүй шаардлага гарсан учир хүсэлт гаргаж байгаа.

Насанд хүрээгүй зарим нь хоолондоо ч хүрээгүй 4 хүүхдээ авч үлдэж, амьдралын харгуйд бүдрэхдээ бүдэрч, хорвоогоос үдэхийг нь үдэж энэ амьдралыг туулж өдий хүрлээ. Иймд одоо энэ хүмүүсийн эрх ашгийг бодож би гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөхгүй байна. Нэгэн цагт “Тэр баталгаа ямар хамаатай юм бэ” гэж хэлж байсан үгийг өөрт нь хэлэх хэрэгтэй болж байна даа. Тэгээд ч бидний сууж байсан өвлийн сууц байшинг өөрт нь үлдээгээд нүүсэн. Түүнийг Ч.Энхбаатар өөрийн төрсөн дүүдээ худалдсан. Иймд би хашаа байшингийн үнийг нэхэмжилнэ. Тэр ч бүү хэл сэтгэл санааны тавгүй байдал, амьдралд тохиолдох элдэв өвчний улмаас бие махбодиороо хохирсон. Насанд хүрээгүй байсан хүүхдийн тэтгэмж авч байгаагүй. Орхигдсон хүүхдүүдийн сэтгэл санааны хохирол гээд тооцвол тооцох тооцоо их бий.

Иймд би гэр бүлийн баталгаагаа намайг хохиролгүй болгоогүй цагт цуцлуулах хүсэлгүй байна гэж хариу тайлбарыг гаргасан хэдий ч цуцлуулах шаардлагыг одоо зөвшөөрч байна. Хүүхдүүдээ харж хандаж яваарай” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.Энхбаатар нь хариуцагч С.Нармандахт холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Зохигчид 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болж, 1985 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтийн гэрчилгээгээр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн, тэдний дундаас 1982 онд том хүү Э.Наранбаатар, 1985 онд охин Э.Нарантунгалаг, 1987 онд хүү Э.Наранхүү, 1989 онд охин Э.Нарантуяа нар төрж, бүгд насанд хүрсэн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцлын улмаас 2002 оноос тусдаа амьдарсан. Ч.Энхбаатар, С.Нармандах нар гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон, шүүхээр гэрлэлтээ цуцлуулахаар нөхөр Ч.Энхбаатар шаардсаныг эхнэр С.Нармандах зөвшөөрсөн, цаашид хамтран амьдрах боломжгүй бөгөөд гэрлэлтийг цуцлахад харшлах хүнд өвчин болон хуульд заасан бусад үндэслэл байхгүй гэх тайлбар зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.

Зохигчид дундын өмчлөлийн хөрөнгө, хүүхдийн асрамж, тэтгэлгийн асуудлаар маргаагүй болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг үндэслэн иргэн Боржигон овогт Чимэдбазарын Энхбаатар /РД:НД62052171/, Буриад овогт Санжаагийн Нармандах /РД:НД63051063/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Энхбаатараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн

туслах Э.Туулд даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХБҮРЭН