Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2023/0984/З |
Дугаар | 221/МА2024/0634 |
Огноо | 2024-10-02 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2024/0634
“Б ү э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э
Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын яам, түүний харьяа тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Жаргалантын амны хязгаарлалтын бүсэд “Б ү э” ХХК-д аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, оторлох зориулалтаар ашиглуулах эрх олгосон 2 га газрын ашиглах эрхийн гэрээг байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших гэрээ байгуулахыг даалгах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дугаартай тушаалын “Б ү э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 626 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа
Хэргийн индекс: 128/2023/0984/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Б ү э” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, түүний харьяа тусгай хамгаалалтай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт тус тус холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын яам, түүний харьяа тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Жаргалантын амны хязгаарлалтын бүсэд “Б ү э” ХХК-д аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, оторлох зориулалтаар ашиглуулах эрх олгосон 2 га газрын ашиглах эрхийн гэрээг байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших гэрээ байгуулахыг даалгах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дугаартай тушаалын “Б ү э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 626 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Б ү э” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч “Б ү э” ХХК-тай гурвалсан гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гурвалсан гэрээг хууль журамд заасны дагуу байгуулахыг хариуцагчид даалгаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дугаартай тушаалын “Б ү э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/634 тоот тушаалаар хүчингүй болгосон. А/634 тоот тушаал нь Монгол Улсын Их хурлын байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоолыг тус тус үндэслээд тушаасан байдаг. Үүнд нийслэлийн Засаг дарга болон Барилга хот байгуулалтын яамнаас албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслээд 8 дугаар тогтоолын 3, 6, 10, 11 гэсэн тухайн хэсгүүдэд дээр ерөнхийдөө улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хил заагийг нарийвчлан тогтоогоод тухайн газрын маргаантай асуудлын хилийн заагийг цэгцлэхийг харьяа газруудад үүрэг болгосон тогтоол байдаг.
Мөн Улсын Их Хурлын байнгын хорооны 3 дугаар тогтоолын 2,4 дүгээр хэсгүүдэд дээр тухайн хилийн заагийн асуудлыг шийдвэрлэх, хил заагаа нарийвчлан тогтоохыг Барилга хот байгуулалтын яам, нийслэлийн Засаг дарга, тухайн үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд үүрэг болгосон. Үүний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас холбогдох нийслэлийн Засаг дарга, Барилга хот байгуулалтын яам руу энэ арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж, газар ашиглах эрхтэй газруудын жагсаалтыг манайх руу ирүүлээд солбицлыг тогтоох албан бичгийг явуулаад үүний дагуу Барилга хот байгуулалтын яамнаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайд руу албан бичиг хүргүүлсэн байдаг. Тус албан бичигт солбицлын цэгүүдийг нарийвчлан тогтоож, ашиглах эрхтэй газруудыг цуцал гэж мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулаад Барилга хот байгуулалтын сайдын албан бичгийг дурдвал Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/65 тоот тушаалаар Улсын тусгай хамгаалалттай газрын хил заагийг нарийвчлан тогтоо гэдэг чиглэл өгч хил заагийг тогтоон, нэгдсэн үр дүнд хүрч, ажлын хэсгээс тодруулаад зурагдсан хил заагийг Газрын шинэтгэлийн үндэсний хуралдаанд хэлэлцүүлэн тэмдэглэж гаргуулсан гэдэг агуулгатай албан бичиг ирүүлээд, дээрх ажлын хүрээнд Газар зохион байгуулах геодези, зураг зүйн ерөнхий газраас хуралдаж танилцуулаад, тус хуралдаанаар 3 болон 8 дугаар тогтоолууд гарсан байлаг. Тус тогтоолуудаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, нийслэлийн Засаг даргад тогтоол даалгаад, нэгдсэн тэмдэглэл хийгээд хамтарч ажиллахыг үүрэг болгосон. Үүнтэй холбоотойгоор 2019 оны тусгай хамгаалалтын хил заагийг нарийвчилж тогтоочихсон.
Нийслэлийн Засаг дарга болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтарсан ажлын хэсэг байгуулаад яаралтай арга хэмжээг авч ажиллуулах үүрэг чиглэлийг өгөөд, үүнтэй холбоотой Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон нийслэлийн Засаг даргаас ажлын хэсэг гараад хил заагийг нарийвчлан тогтоогоод, хамаарал бүхий газруудыг тусгай хамгаалалттай газар, нийслэлд хамаарах газар гэдэг агуулгатайгаар ажлын хэсэг гаргасан бөгөөд нэхэмжлэгч “Б ү э” ХХК-ийн газар нь нийслэлийн Засаг даргад хамааралтай газарт хамаарч, улсын тусгай хамгаалалттай газраас гарсан.
Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 болон 23 дугаар зүйлийн 23.4 дүгээр хэсэгт зааснаар газар ашиглах эрхтэй этгээд биш гэж үзээд газрыг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн. Байнгын хорооны тогтоол болон тус тус тогтоолуудыг үндэслээд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тухайн улсын хэмжээнд авч буй арга хэмжээг хэрэгжүүлээд, улсын тусгай хамгаалалтын газарт хамаарахгүй гэж газрыг цуцалсан.
Харин нэрээг байгуулахыг даалгах нэхэмжлэлийн тухайд гэвэл нэхэмжлэгч “Б ү э” ХХК-иас гараа байгуулах хүсэлтээ өгч байх хугацаанд ажлын хэсэг гараад яг ажлаа хийгээд нэгдсэн шийдвэр бол гараагүй байсан. Тийм учраас гэрээ байгуулах хугацааг хойшлуулаад хил заагийг тодорхой нарийвчилж тогтоосны дараагаар тусгай хамгаалалттай газарт харьяалагдаж байгаа тохиолдолд гэрээгээ байгуулна гэж үзэж байсан. Гэтэл яг тухайн ажлын хэсгээр “Б ү э” ХХК нь өөрөө тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрхгүй болоод нийслэлийн Засаг даргад хамаарал бүхий газартай байгаа учраас энэ дээр бол гэрээг байгуулах боломжгүй болсон. “Б ү э” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар олгосон газарт газар ашиглах эрхгүй болчихсон учраас энэ гэрээг байгуулах ямар нэгэн эрх үүсгэхгүй. Тэгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар “Б ү э” ХХК-ийн гэрээ байгуулах ямар нэгэн эрх үүсгэхгүй бөгөөд нэхэмжлэл гаргах этгээд нэхэмжлэл гаргасан байхад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэргийг тал бүрээс нь бодитой дүгнэж шийдвэрлээгүй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 626 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч “Б ү э” ХХК-иас “Байгаль орчин, аялал жуулчлалын яам, түүний харьяа тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт холбогдуулан “Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Жаргалантын амны хязгаарлалтын бүсэд “Б ү э” ХХК-д аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар олгосон 2 га газрыг ашиглах эрхийн гэрээг байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших гэрээ байгуулахыг даалгах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дугаартай тушаалын “Б ү э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргажээ.
2.2. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр захирамжаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам болон нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хамтарсан уулзалтаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2011 оны 1/406 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан зөвшөөрч Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам болон Ташгайн аманд хилийн цэст залруулга оруулсантай холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар эрх олгогдсон 59 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч Богдхан уулын Жаргалантын аманд байрлах аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалт бүхий 19998.1 м.кв газар багтсан байх бөгөөд хариуцагчаас “... Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон нийслэлийн Засаг даргаас ажлын хэсэг гараад хил заагийг нарийвчлан тогтоогоод, “Б ү э” ХХК-ны газар нийслэлийн даргад хамааралтай газарт хамаарч, улсын тусгай хамгаалалттай газраас гарч байна. Иймд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 болон 23 дугаар зүйлийн 23.2.4-д зааснаар газар ашиглах эрхтэй этгээд биш гэж үзээд хүчингүй болгож шийдвэрлэсэн. Байнгын хорооны тогтоолууд болон тус тогтоолуудыг үндэслээд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тухайн улсын хэмжээнд авч буй арга хэмжээг хэрэгжүүлээд, улсын тусгай хамгаалалтын газарт хамаарахгүй юм байна гэж газрыг цуцалж шийдвэрлэсэн” гэж тайлбарлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.
2.3. Анхан шатны шүүхээс “... Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3-т “Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг”-ийг тогтоосноос хойш 2023 он хүртэл хугацаанд маргаан бүхий газрыг тусгай хамгаалалттай дархан цаазат газрын хилийн цэст оруулж, эрх бүхий захиргааны байгууллагаас энэ хугацаанд ашиглах эрх авсан газрыг Улсын Их хурлын тогтоол гаргаагүй байхад Монгол Улсын Их хурлын байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга хот байгуулалтын яам болон нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хамтарсан уулзалтаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2011 оны 1/406 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан зөвшөөрсөн, Барилга хот байгуулалтын сайдын 2023 оны 1/2054, нийслэлийн Засаг даргын 2023 оны 01/5353 дугаартай албан бичгүүдээр ирүүлсэн саналыг үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам болон Ташгайн аманд хилийн цэст залруулга хийсэн гэх үндэслэлээр хүчингүй болгож байгаа нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх” талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
2.4. Тодруулбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн 25 дугаар зүйлийн 1/-д “газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах талаар төрийн бодлогыг тодорхойлох;”, 2/-т “Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тодорхой ангилалд хамааруулах, дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх” эрхтэй гэж Улсын Их Хурлын тусгай хамгаалалттай газар нутгийн талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуульчилсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3-д Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг баталсан ба уг тогтоол хүчин төгөлдөр, Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагт өөрчлөлт ороогүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
2.5. Нөгөөтээгүүр, хариуцагчаас Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам болон Ташгайн аманд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар эрх олгогдсон 59 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тушаалдаа Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэсэн байх боловч дээрх тогтоолуудад Богдхан уулын хилийн заагийн мэдээллийг холбогдох мэдээллийн санд Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын дагуу бүртгэж, газрын харилцаатай холбоотой үйл ажиллагаанд мөрдөж ажиллах, хилийн заагийн эргэлтийн цэгийг газарт бэхэлж, тэмдэгжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгосон болохоос биш Богдхан уулын дархан цаазат газрын хил зааг, хязгаарыг шинэчлэн тогтоосон зүйл огт байхгүй байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Нийслэлийн Засаг дарга нар Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан тохиролцож хүлээн зөвшөөрөлцсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосныг хуульд нийцсэн гэж үзэхгүй.
2.6. Мөн түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаар маргаан бүхий Богдхан уулын Жаргалантын амыг нэгэнт тусгай хамгаалалтай газар нутагт хамаарах талаар өмнө дүгнэсэн гурван шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хүчин төгөлдөр байгаа болох нь тогтоогдож буй энэ тохиолдолд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчсөн гэж үзлээ.
2.7. Түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг “Энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргаатай хамтран байгуулснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрчилгээг олгож, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж өөрчлөн найруулсан байна. Хэдийгээр анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч Тусгай хамгаалалттай газрын нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1-ийг өөрчлөн найруулсныг анхаарахгүйгээр гурвалсан гэрээ байгуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь буруу байна.
2.8. Өөрөөр хэлбэл, хуульд өөрчлөлт орж сум дүүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулдаг байсан зохицуулалт өөрчлөн найруулагдсан байхад ийнхүү гурвалсан гэрээ байгуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөлд хүргэхээр байна.
Хэдийгээр анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч анхан шатны шүүх хэрэгт хамааралгүй хуулийн зохицуулалтыг баримталсан, мөн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой зарим хуулийн зохицуулалтыг баримтлахгүй орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 626 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2, 33 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б ү э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дугаартай тушаалын “Б ү э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Б ү э” ХХК-тай газар ашиглах гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар ашиглах гэрээ байгуулахыг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН