Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 369

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулган

иргэний хариуцагч Б.Батболд

шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн

шүүгдэгч У.Баяржаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарх овогт Улам-Өрнөхийн Баяржаргалд холбогдох 201619000742 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авснаар 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт

            Монгол улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 62-8 тоотод оршин суух, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо 3 дугаар багийн Бумбан овоо гудамж, 1-7 тоотод суух үндсэн хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Шарх овогт Улам-Өрнөхийн Баяржаргал /РД:КН88031815/

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч У.Баяржаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 06-ны иргэн Б.Батболдын эзэмшлийн Норд бенз маркийн 76-80 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Төв аймгийн Баян сумын 4 дүгээр багийн нутагт байх Баян-4 нэртэй хүнсний дэлгүүрийн урд талд зогсож байсан иргэн Д.Баярбатын эзэмшлийн Тоёота Ланд-200 маркийн 58-20 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гарган улмаар Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5А дахь хэсэгт зааснаар Зам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслийг нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх гэсэн заалт мөн 2.5В дэх хэсэгт заасан зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх үүрэгтэй гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч У.Баяржаргал шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Осол гаргаж айсандаа зугтаасан нь миний буруу. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.  

 

              Иргэний хариуцагч Б.Батболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хувьд У.Баяржаргалаас нэхэмжлэх зүйл байхгүй, харин машинаа янзлах сэлбэгээ би өөрөө хариуцаад У.Баяржаргалын хамт машинаа янзлаад хэвийн байдалд оруулна гэж хоорондоо ярилцаж тохиролцсон. Миний зөвшөөрлөөр машин бариад ажил гүйцэтгэж явж байгаад гэмт хэрэгт холбогдсон. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Иргэний нэхэмжлэгч Д.Баярбатын эзэмшлийн машинд учирсан хохирол төлбөрийг би төлж чадахгүй. Надад хохирол төлбөр төлөх боломж байхгүй гэв.

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл: /хх-ийн 7 дугаар хуудас/

 

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12 дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Д.Баярбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн Тоёота Ланд Круйзер-200 маркийн 58-20 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн хөрөнгө бөгөөд манай хуурай дүү Ганбаяр унаж явж байгаад Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт нэг машин мөргөөд нөгөө хүнийг нь олсон гэж ярьж байсан. Тухайн ослын улмаас миний автомашины хойд талын хаалга нь хонхойж хойд салхины шил нь хагарсан. Ослын улмаас тээврийн хэрэгсэлд 2.607.000 төгрөгний эвдрэлийн үнэлгээ, үнэлгээний хөлс 78.000 төгрөг гарсан. Би дан хаалганы рамыг 1.350.000 төгрөг, хойд салхины шилийг 700.000 төгрөг, ажлын хөлс 700.000 төгрөг, хаалганы дээд талд байрлах спайлорыг 180.000 худалдан авч засуулсан. Би нийт 3.008.000 төгрөгийг нэхэмжил байна. Хохирол барагдуулсан тохиодолд гомдол санал байхгүй..../хх-ийн 20 дугаар хуудас/

 

Гэрч Г.Мөнхбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 13-14 цагийн орчим Төв аймгийн Сэргэлэн сумын Хоолтын даваа орчмоос “Хово” маркийн 37-52 УНН улсын дугаартай автомашиныг жолоодоод Улаанбаатар хотын чиглэлд гарсан. Тухайн үед хамт ажилладаг Баяраа “Норд Бенз” маркийн 76-80 УНО улсын дугаартай автомашиныг жолоодоод миний жолоодож явсан автомашины урд талд Улаанбаатар хотын чиглэлд бид хоёр ажлын байр буюу “Арвин өрнөх” ХХК-ны гаднаас зэрэг хөдөлсөн. Тэгээд 16 цагийн орчим Баяраа бид хоёр Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр зөрлөг Баян 4 нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа өөрсдийн жолоодож явсан автомашинаа байрлуулаад Баяраагийн жолоодож явсан автомашинд 1.75 литрийн Хараа нэртэй архи хувааж ууж дуусгаад Баяраа бид хоёр хоорондоо юм ярьж байтал Баяраа эхнэртэйгээ гар утсаар яриад маргалдаад байх шиг байхаар нь би Баяраад за унтаж амарцгаая би бие засаад унтлаа гэж хэлээд машинаас гараад Баян-4 дүгээр дэлгүүрийн гадаа 00-д бие засаж байтал Баяраагийн автомашин асах шиг болсон тэгтэл Баяраа өөрийнхөө автомашиныг жолоодоод ухарч байгаад Баян-4 нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа зогсож байсан Тоёота Ланд круйзер-200 маркийн 58-20 УНҮ улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан. Би болон мөргүүлсэн машины жолооч Баяраагийн унаж явсан машин руу очоод жолооч талын хаалгыг татаж онгойлгоод “чи машин мөргөчихлөө” гэж хэлсэн чинь Баяраа өөрийн жолоодож явсан автомашиныхаа хаалгыг хаагаад машинаа жолоодоод Налайх дүүргийн чиглэлд явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/

 

Гэрч Г.Ганбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 16 цаг 27 минутын орчимд Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр зөрлөгт байрлах Баян-4 нэртэй дэлгүүрийн гадаад Тоёота Ланд Круйзер-200 маркийн 58-20 УНҮ улсын дугааратй автомашиныг жолоодож ирээд өөрийн жолоодож явсан машинаасаа найз Г.Энх-Амгалангийн хамт буугаад 10 гаруй минут гадаа зогсож байтал Баян-4 нэртэй дэлгүүрийн урд зогсож байсан Норд бенз маркийн 76-80 УНО улсын дугаартай шар өнгийн ачааны автомашин ухарч ирээд миний жолоодож явсан автомашины арын хэсгийг мөргөж зам тээврийн осол гаргасан. Би “Норд бенз” маркийн 76-80 УНО улсын дугаартай автомашины жолооч талын хаалгыг татаж онгойлгоод “чи миний автомашиныг мөргөчихлөө” гэж хэлтэл Норд Бенз маркийн 76-80 УНО улсын дугаартай автомашины жолооч намайг цааш нь түлхээд 4 дүгээр зөрлөгийн мөнгө хураадаг пост руу чиглээд явчихсан. Норд бенз маркийн автомашины жолооч архи үнэртүүлсэн, нилээд согтуу байсан тул 4 дүгээр зөрлөгийн мөнгө хураадаг постод гарч байсан цагдаад болсон зүйл талаар хэлсэн. Норд Бенз маркийн 76-80 УНО улсын дугаартай автомашиныг жолооч өөрийн жолоодож явсан автомашинаараа миний зогсоолд тавьсан автомашины хойд талыг мөргөөд шууд Налайх дүүргийн чиглэлд явсан. Тухайн жолооч зугтаахдаа нилээд хурдтай явж байсан, хэдэн км/цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй. Миний хувьд архи согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсан. Би ослын үед машинаа асаагүй, хөдөлгөөнд оролцоогүй байсан тул гэмтэл бэртэл аваагүй. Ослын улмаас уг автомашины хойд талын хаалга, дээвэр, хамгаалалт, болон хойд талын багана нь хугарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/

 

Гэрч Энх-Амгалан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 16 цаг 00 минутын үед орчимд Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр зөрлөгт байрлах “Баян-4” нэртэй дэлгүүрийн гадаа найз Ганбаярын жолоодож явсан Тоёота Ланд Круйзер маркийн 58-20 УНҮ улсын дугаартай автомашинд сууж ирээд бид хоёр машинаасаа буугаад дэлгүүр ороод хэсэг хугацааны дараа автомашин дотроо суугаад юм ярилцаад сууж байтал дэлгүүрийн урд талд зогсож байсан Норд бенз маркийн 76-80 УНО улсын дугаартай шар өнгийн автомашин ухарч ирээд манай машины арын хэсгийг мөргөж осол гаргасан. Ганбаяр бид хоёр машинаасаа буугаад Норд бенз маркийн 76-80 УНО улсын дугаартай автомашин жолооч талын хаалгыг Ганбаяр татаж онгойлгоод “чи миний машиныг мөргөчихлөө” гэж хэлтэл уг машиныг жолооч Ганбаярыг түлхээд машиныхаа хаалгыг хаагаад Налайх дүүргийн 4 дүгээр зөрлөгийн мөнгө хураадаг пост чиглээд зугтаагаад явчихаар нь бид хоёр цагдаад дуудлага өгсөн. Машин мөргөөд зугтаасан жолооч Ганбаяр бид хоёртой юм ярилгүй зугтаагаад явсан. Мөргөөд зугтаасан жолооч согтолттой учраа мэдэхээргүй явж байсан. Манай машины жолооч Ганбаяр эрүүл байсан. Би ослын үед гэмтэж бэртээгүй болохоор шүүх эмнэлэгт үзүүлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/

 

Гэрч Б.Батболд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би уг автомашиныг 2011 онд 68.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, үнэлгээ гаргуулах шаардагагүй. Би Баяржаргалыг сайн танихгүй, зарын дагуу манай найз Нямдаваа жолоочоор 2 сарын хугацаагаар ажилд аваад газар шорооны ажилд явуулж байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/

 

Эд зүйл тогтоосон акт: Д.Баярбатын эзэмшлийн 58-20 УНҮ улсын дугаартай Тоёота Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн үнэлгээ 2.607.800 төгрөг /хх-ийн 37 дугаар хуудас/

 

Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Болдмандахын гаргасан дүгнэлт: Хэргийн материалаас харахад Норд бенз маркийн 76-80 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан У.Баяржаргал нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. Жолооч У.Баяржаргал нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.17 “бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангаж үүргээс чөлөөлөгдөхгүй, 2.7 жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. а.Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ. а. Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в. Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтанд/ мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Норд Бенз маркийн 76-80 УНО дугаарын тээврийн хэрэгсэл жолоодож явсан У.Баяржаргал нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоноос зам тээврийн осол гарсан байна гэж үзэх үндэслэлтэй байна...гэх дүгнэлт /хх-ийн 42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Шүүгдэгч У.Баяржаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 06-ны иргэн Б.Батболдын эзэмшлийн Норд бенз маркийн 76-80 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Төв аймгийн Баян сумын 4 дүгээр багийн нутагт байх Баян-4 нэртэй хүнсний дэлгүүрийн урд талд зогсож байсан иргэн Д.Баярбатын эзэмшлийн Тоёота Ланд-200 маркийн 58-20 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гарган улмаар Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5А дахь хэсэгт зааснаар Зам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслийг нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх гэсэн заалт мөн 2.5В дэх хэсэгт заасан зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх үүрэгтэй гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, улмаар зам тээврийн ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, иргэний нэхэмжлэгч Д.Баярбатын.... Тоёота Ланд Круйзер-200 маркийн 58-20 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн хөрөнгө бөгөөд манай хуурай дүү Ганбаяр унаж явж байгаад Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт нэг машин мөргөөд нөгөө хүнийг нь олсон гэж ярьж байсан гэх мэдүүлэг /хх-20/, гэрч Г.Мөнхбатын.... Баяраа өөрийнхөө автомашиныг жолоодоод ухарч байгаад Баян-4 нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа зогсож байсан Тоёота Ланд круйзер-200 маркийн 58-20 УНҮ улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан. Би болон мөргүүлсэн машины жолооч Баяраагийн унаж явсан машин руу очоод жолооч талын хаалгыг татаж онгойлгоод “чи машин мөргөчихлөө” гэж хэлсэн чинь Баяраа өөрийн жолоодож явсан автомашиныхаа хаалгыг хаагаад машинаа жолоодоод Налайх дүүргийн чиглэлд явсан гэх мэдүүлэг /хх-25/, гэрч Г.Ганбаярын... найз Г.Энх-Амгалангийн хамт буугаад 10 гаруй минут гадаа зогсож байтал Баян-4 нэртэй дэлгүүрийн урд зогсож байсан Норд бенз маркийн 76-80 УНО улсын дугаартай шар өнгийн ачааны автомашин ухарч ирээд миний жолоодож явсан автомашины арын хэсгийг мөргөж зам тээврийн осол гаргасан. Би “Норд бенз” маркийн 76-80 УНО улсын дугаартай автомашины жолооч талын хаалгыг татаж онгойлгоод “чи миний автомашиныг мөргөчихлөө” гэж хэлтэл Норд Бенз маркийн 76-80 УНО улсын дугаартай автомашины жолооч намайг цааш нь түлхээд 4 дүгээр зөрлөгийн мөнгө хураадаг пост руу чиглээд явчихсан. Норд бенз маркийн автомашины жолооч архи үнэртүүлсэн, нилээд согтуу байсан тул 4 дүгээр зөрлөгийн мөнгө хураадаг постод гарч байсан цагдаад болсон зүйл талаар хэлсэн гэх мэдүүлэг /хх-26-27/, гэрч Г.Энх-Амгалангийн... Тоёота Ланд Круйзер маркийн 58-20 УНҮ улсын дугаартай автомашинд сууж ирээд бид хоёр машинаасаа буугаад дэлгүүр ороод хэсэг хугацааны дараа автомашин дотроо суугаад юм ярилцаад сууж байтал дэлгүүрийн урд талд зогсож байсан Норд бенз маркийн 76-80 УНО улсын дугаартай шар өнгийн автомашин ухарч ирээд манай машины арын хэсгийг мөргөж осол гаргасан. Ганбаяр бид хоёр машинаасаа буугаад Норд бенз маркийн 76-80 УНО улсын дугаартай автомашин жолооч талын хаалгыг Ганбаяр татаж онгойлгоод “чи миний машиныг мөргөчихлөө” гэж хэлтэл уг машиныг жолооч Ганбаярыг түлхээд машиныхаа хаалгыг хаагаад Налайх дүүргийн 4 дүгээр зөрлөгийн мөнгө хураадаг пост чиглээд зугтаагаад явчихаар нь бид хоёр цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-29-30/ гэрч Б.Батболдын.... Миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, үнэлгээ гаргуулах шаардагагүй. Би Баяржаргалыг сайн танихгүй, зарын дагуу манай найз Нямдаваа жолоочоор 2 сарын хугацаагаар ажилд аваад газар шорооны ажилд явуулж байсан юм гэх мэдүүлэг /хх-31/, эд зүйлийн үнэлгээ, шинжээчийн 105 дугаар дүгнэлт болон шүүгдэгчийн У.Баяржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл хэсгээр У.Баяржаргалд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч У.Баяржаргалын үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Шүүгдэгч У.Баяржаргалд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

             Энэ хэрэгт шүүгдэгч У.Баяржаргал нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болох шүүгдэгч У.Баяржаргалын эзэмшлийн №442630 дугаартай жолооны үнэмлэх, иргэн Б.Батболдын эзэмшлийн №0122569 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгох нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт шүүгдэгч У.Баяржаргалын эзэмшлийн Самсунг Эс-3 маркийн гар утсыг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох, шүүгдэгч У.Баяржаргал нь иргэний нэхэмжлэгч Д.Баярбатад 2.607.800 төгрөгний хохирлыг барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, мөн иргэний хариуцагч Б.Батболдоос гаргуулах хохирол төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Шарх овогт Улам-Өрнөхийн Баяржаргалыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Баяржаргалыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.   Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар ялтан У.Баяржаргалд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан У.Баяржаргалд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан У.Баяржаргалд хяналт тавьж ажиллахыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын цагдаагийн хэсэг болон Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дах хэсэгт зааснаар ялтан У.Баяржаргал нь тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэх хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

7. Энэ хэрэгт ялтан У.Баяржаргал нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болох ялтан У.Баяржаргалын эзэмшлийн №442630 дугаартай жолооны үнэмлэх, иргэн Б.Батболдын эзэмшлийн №0122569 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгосугай.

8. Ялтан У.Баяржаргал нь иргэний нэхэмжлэгч Д.Баярбатад 2.607.800 төгрөгийг төлсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, иргэний хариуцагч Б.Батболдоос гаргуулах төлбөргүй, ялтан У.Баяржаргалд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авагдсан болохыг тус тус дурьдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар ялтан У.Баяржаргалын эзэмшлийн Самсунг Эс-3 маркийн гар утсыг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай. 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан У.Баяржаргалд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БУЯНТОГТОХ