Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2021/0377

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Г

Хаяг: *************

Хариуцагч: Нийслэлийн засаг дарга

Хаяг: *************

Гуравдагч этгээд: Г.Га

Хаяг: *************

Нэхэмжлэлийн шаардлага: “Ажил олгогчийн санаачилгаар ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, Нийслэлийн засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/146 дугаар захирамжийг хүчингүй болгож, өмнө нь эрхэлж байсан Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “...Маргаж буй Б/146 тоот захирамж Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46, 2.5-д заасныг үндэслэж гарсан. Агуулга нь: хуульд заасан бусад үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлнө.

 Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48,8-д Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно гэж байдаг. Өөрөөр хэлбэл хэргийн харьяаллыг зохицуулсан, харин шүүхийн харьяаллыг зохицуулсан зүйл байхгүй.

Төрийн жинхэнэ албан хаагч ажлаас чөлөөлөгдсөн, халагдсан тохиолдолд өнөөдрийн байтаар захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэдэг., иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авдаггүй. Үндэслэл нь: Улсын дээд шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Иргэний зарим Оргийн харьяаллыг захиргааны хэргийн харьяаллаас зааглан ялгах тухай 32 тоот тогтоол. Энэхүү тогтоолд: 3.1. Хөдөлмөрийн эрх зүйн маргаан

 Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн эрх зүйн маргаан нь шүүхэд харьяалагдах бөгөөд тэдгээрийн дотор ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу алсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг ерөнхий харьяаллын шүүхүүд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн арван дөрөвдүгээр бүлэгт заасан журмын дагуу шийдвэрлэнэ. Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д заасан төрийн улс төрийн, тусгай, захиргааны албан хаагчдын ажлаас үндэслэлгүй халагдсан тухай маргаантай хэргийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх бөгөөд энэ тохиолдолд ажлаас халах шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан байгууллага, албан тушаалтан гаргасан байх шаардлагатай. Бусад тохиолдолд төрийн улс төрийн, тусгай, захиргааны албан хаагчийг ажлаас халсан асуудлыг ерөнхий харьяаллын шүүх хянан шийдвэрлэнэ.

Төрийн үйлчилгээний албан хаагчийг ажлаас халах шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д заасан байгууллага, албан тушаалтан гаргасан хэдий ч хөдөлмөрийн эрхийн харилцаа хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг тул тухайн асуудлаарх маргааныг ерөнхий харьяаллын шүүх хянан шийдвэрлэнэ. Төрийн жинхэнэ албан хаагч ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзвэл гомдлоо Төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад гаргах боломжтой бол улс төрийн болон үйлчилгээний албан хаагчийн хувьд ийм боломж байдаггүйг шүүхүүд анхаарвал зохино.

 Захиргааны хэргийн шүүх төрийн албан хаагчийн ажлаас халагдсан асуудлыг хянан шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6.-д зааснаар төрийн албан хаагчийн хөдөлмөрийн тухайн харилцаатай холбоотой бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтаар нэг мөр шийдвэрлэнэ гэсэн байдаг.

 Нэхэмжлэгч Г.Г нь өөрийгөө ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т: төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна гэж байгаа тул уг хуулийн 128, 69, 46, 36, 3 дугаар зүйлийг үндэслэн нэхэмжлэлээ өөрчилж, шаардлагын хэмжээг ихэсгэж байгаа болно. Г.Гийг Нийслэлийн засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/05 тоот тушаалаар нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилон ажиллуулсан. Өөрөөр хэлбэл маргаж буй Б/146 тоот захирамж гарах хүртэл алдаа дутагдал гаргалгүй ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг гүйцэтгэж байсан.

            Гэтэл Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан, үүрэгт ажилдаа хайнга хандсан гэх худал зүйл бичиж 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ажлаас үндэслэлгүй халсан болно.

  Тиймээс ажил олгогчийн санаачилгаар ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/146 дугаар захирамжийг хүчингүй болгож, өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх гэж нэхэмжлэлээ өөрчилж, шаардлагын хэмжээг ихэсгэж байна....” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “...Орон сууцны дэд бүтцийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр иргэн Б.Ганзоригийг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/05 захирамжаар томилсон бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/146 дугаар захирамжаар үүрэг гүйцэтгэгчээр чөлөөлсөн.

Тус захирамжийг батлан гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалтыг тус тус үндэслэн түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн.

Иргэн Г.Гийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Б******* сонсох ажиллагаа хийсэн.

Иймд тус иргэнээс гаргасан Засаг даргын 2020 оны Б/146 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Гуравдагч этгээд Г.Га шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Монгол Улсын Захиргаа захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, "Коронавриуст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2019 оны “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” 21 дүгээр тогтоол, Засгийн газрын 2018 оны “Журам батлах тухай" 382 дугаар, 2019 оны “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай” 275 дугаар, "Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 472 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/237 дугаар захирамжаар 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байна.

Ганбат овогтой Ганхүү миний бие нь Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 02 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтад заасан төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангасан бөгөөд 2006 оноос хойш төрийн албанд тасралтгүй 15 жил ажиллаж, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 8 жил, ахлах түшмэлийн албан тушаалд 4 жил, эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 2 жил ажилласан болно.

 Мөн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/31 дүгээр захирамжийн 9 дүгээр хавсралтаар батлагдсан Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын даргын албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагуудыг хангасан болно....” гэжээ.

   ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Гоос Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Ажил олгогчийн санаачилгаар ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/146 дугаар захирамжийг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх” гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодруулсан болно[1].

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн Б/05 дугаар захирамжаар[2] нэхэмжлэгч Г.Гийг Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/146 дугаар захирамжаар[3] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5-д заасныг тус тус үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн  Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан, үүрэгт ажилдаа хайнга хандсан гэсэн үндэслэлээр түүнийг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлсөн байна.

Маргаан бүхий Б/146 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлд хандахад Төрийн албаны зөвлөлөөс 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 01/2063 дугаар албан бичгээр “...та 2020 оны 01 дүгээр сарын Б/05 дугаар тушаалаар Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдохдоо Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14, 15 дугаар тогтоолоор батлагдсан “төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам”, Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журам”-ыг тус тус зөрчиж томилогджээ. Иймд Таны гомдлыг Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйл болон “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-д заасны дагуу шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгчээ.

1.Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/334 дугаар захирамжаар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан зохион байгуулах журмыг баталсан[4] байх бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр батлагдсан хуваарийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 08.00 цагт Хангарьд ордны 14 давхрын хуралдааны танхимд ээлжит шуурхай зөвлөгөөнийг зохион байгуулахаар товлогдсон байжээ[5].

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...шуурхай зөвлөгөөн болох талаар түүнд тусгай дугаараас урьдчилж мэдэгдээгүй тул оролцоогүй...” гэх тайлбараар нэхэмжлэгчийн үйлдлийг зөвтгөх боломжгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч Г.Г нь Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч буюу Нийслэлийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан болохын хувьд Нийслэл хотод үүсээд буй цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, нийслэлийн удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэх, байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн шуурхай зөвлөгөөнд хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд оролцох ёстой байсан.

Өөрөөр хэлбэл тэрээр Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний товыг тусгай үүргийн /131200/-аас мессежээр түүнд мэдэгдэх эсэхээс үл хамаарч батлагдсан хуваарийн дагуу товлогдсон хуралдаанд зайлшгүй суух байжээ.

Тиймээс Захиргааны байгууллагуудын удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан Г.Гийн үйлдэлд хариуцагч Нийслэлийн Засаг даргаас Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлснийг буруутгах боломжгүй юм.

2.Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/146 дугаар захирамжийг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5-д заасныг үндэслэсэн байх бөгөөд энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Төрийн албаны тухай хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 “хуульд заасан бусад үндэслэл” баримталсан. Бусад үндэслэл гэдэгт Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1, 16.1, 33.1, 33.3-т заасан шаардлагуудыг хангаагүй...” гэж тайлбарласан болно.

Энэхүү үйл баримтын талаар хэргийн оролцогч нарын тайлбар болон хэрэгт авагдсан нотолгооны ач холбогдол бүхий баримтад шинжлэн судлаад доорх дүгнэлтэд хүрлээ.

Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно”, Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмын 4.3-д “Энэхүү журмын 3.3-т заасан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд албан үүргийг дараах журмаар түр орлон гүйцэтгүүлнэ” 4.3.2-т “дэд дарга, орлогчгүй байгууллагын даргын албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар”, 5.4-д “Эзгүй байгаа албан хаагчийн болон сул орон тоо гарсан албан тушаалын албан үүргийг энэ журамд зааснаас бусад этгээдээр түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно” гэж заасан.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1.төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс; 27.1.2.төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас; 27.1.3.төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс; 27.1.4.энэ хуулийн 27.1.3-т заасны дагуу нөхөх боломжгүй бол нээлттэй сонгон шалгаруулалт зарлах” гэжээ.

Гэтэл нэхэмжлэгч Г.Г нь Нийслэлийн  Орон сууцны дэд бүтцийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдох үедээ төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй байхаас гадна Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т  заасан тусгай шаардлагыг хангаагүй.

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтууд болон төрийн албан хаагч, түүнд тавих шаардлага, төрийн алба хаах болзол журмыг зөрчиж төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон түүнд энэ тохиолдолд төрийн албан хаагчийн адил баталгаагаар хангагдах[6], хөдөлмөрлөх эрх зөрчигдөх ойлголт байх ёсгүй юм.

Нэхэмжлэгч Г.Г анхнаасаа Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдохдоо “албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагыг хангахгүй байсан”, ажиллаж байх хугацаандаа “үүрэгт ажилдаа хайнга хандсан” зэрэг зөрчил хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5-д “хуульд заасан бусад үндэслэл”  заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/146 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлснийг хуульд нийцсэн, энэ актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

3.Хариуцагчаас маргаан бүхий актыг гаргах гэж буй талаар Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан ажиллагааг хуулийн хэмжээнд хийгээгүй боловч гагцхүү энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй.

Иймд дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч Г.Гийн “Ажил олгогчийн санаачилгаар ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/146 дугаар захирамжийг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Гоос Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Ажил олгогчийн санаачилгаар ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/146 дугаар захирамжийг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.БАТБААТАР

 

 

 

[1] Хавтас хэргийн 224 хуудас

[2] Хавтас хэргийн 5 хуудас

[3] Хавтас хэргийн 6 хуудас

[4] Хавтаст хэргийн 236-241 хуудас, http://road.ub.gov.mn/?p=1276

[5] Хавтас хэргийн 80 хуудас

[6] Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 61 дүгээр зүйл зэрэг болно.