Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 151/ШШ2018/01242

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төв аймаг, Баянчандмань сум, 2 дугаар баг, Замт, сүж 2 дугаар гудамж, 07 тоотод оршин суух Боржигон овогт Галбадрахын Бямбажав  /РД:НС79111061/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, Баянчандмань сум, 2 дугаар баг, Замт, сүж 2 дугаар гудамж, 07 тоотод Өргөн намаг овогт Данзандоржийн Мөнхбат /РД:НХ80123117/-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.         

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Бямбажав, хариуцагч Д.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Бямбажав нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа:

“Галбадрах овогтой Бямбажав миний бие 1999 онд өөрийн нөхөр Д.Мөнхбаттай анх танилцаж, 2004 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулж тусдаа гарсан юм. Улмаар бидний дундаас 2001 оны 7 дугаар сарын 31-ний өдөр том хүү М.Мөнх-Учрал, 2008 оны 5 дугаар сарын 21-ний өдөр охин М.Мөнхзул, 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр охин М.Энхжин, мөн түүний ихэр охин М.Мөнхжин нар тус тус төрсөн юм. Одоогоор бидний хүүхдүүд бүгд эрүүл саруул өсч бойжин, ерөнхий боловсролын сургуулийн 2-12 дугаар ангид амжилттай сурч байна.

Бид өнөөдрийн байдлаар тусдаа амьдраад 2 сар гаруй хугацаа өнгөрч байгаа ба манай нөхөр Д.Мөнхбат нь анх 2004 онд надад гар хүрч байсан юм. Д.Мөнхбат нь архи ууж агсам согтуу тавих, гар хүрэх, хэл амаар доромжлох зэргээр аашилдаг болсон. Бид хоёр дээр дурдсан шалтгаанууд болон өөр бусад хувийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч эхэлсэн. Улмаар манай нөхөр 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл, 11.7 дугаар зүйлүүдээр нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн юм.

Би энэ хүнийг хүүхдүүдээ бодоод олон жил тэвчиж ирсээр өдийг хүрсэн юм. Одоо бол шүүхийн эвлэрүүлэн зуучлалаар орох, эсхүл бид эвлэрэх ямар ч боломжгүй. Бидний хамтран амьдрах хугацаанд бий болсон эд зүйлс байгаа боловч эдгээрт миний хувьд ямар нэгэн маргаан байхгүй болно. Харин 4 хүүхдээ өөрийн гар дээр өсгөн хүмүүжүүлж сайн хүн болгохын төлөө амьдрах болно. Би Д.Мөнхбатаас хуульд зааснаар гэрлэлтээ албан ёсоор цуцлуулж, бүх хүүхдүүддээ хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг төрсөн эцгээс нь гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Төрсөн эцэг Д.Мөнхбатыг хүссэн үед нь үр хүүхдүүдтэйгээ уулзаж байх нөхцөл бололцоогоор хангахад надад татгалзах зүйлгүй байна. Хамгийн гол нь хүүхдүүдийн эрх ашиг чухал байдаг болохоор ийм шийдвэрийг нэлээд бодсоны эцэст гаргаж байгаа юм.

Иймд шүүхээс хүсэхэд нөхөр болох Д.Мөнхбат бид хоёрын гэрлэлтийг хуульд зааснаар цуцлаж, хүү М.Мөнх-Учрал, охин М.Мөнхзул, М.Энхжин, М.Мөнхжин нарт хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.

Хариуцагч Д.Мөнхбат нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний эхнэр Галбадрахын Бямбажав гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасантай танилцлаа. Миний хувьд эхнэрээсээ салахгүй, 4 хүүхдээ хамтдаа өсгөж хамт амьдрах хүсэлтэй байна. Тусдаа амьдрах 5 сарын хугацаанд гэр бүл үр хүүхэдгүйгээр амьдрах ямар хэцүүг ойлголоо. Би эхнэртээ архи ууж, агсан согтуу тавьж, гар хүрч, ширүүн ханддаг байсан нь үнэн. Үүнийгээ ухаарч, одоо архи уухаа больж, мөн тамхи татахаа больсон. Миний бие 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11,6, 11,6 дугаар зүйлүүдэд 719 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 160 цагийн ажил хийсэн. Энэ ялтай байх хугацаанд өөрийнхөө амьдралын утга учир болсон гэр бүл, ханьдаа яах гэж хатуу үг хэлж, гар хүрч байваа гэж их харамсаж их зүйлийг ухаарсан.  ...” гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Бямбажав нь хариуцагч Д.Мөнхбатад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Г.Бямбажав нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэсэн үндэслэлээр урьдчилан шийдвэрлэх журам хэрэглэхгүйгээр 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасныг Д.Мөнхбат нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 125 дугаартай шийтгэх тогтоолыг үндэслэн иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагааг явуулав.  

Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Зохигчид 1999 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болж, Төв аймгийн Баянчандмань суманд 2004 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ПА№09 дугаартай гэрлэлтийн гэрчилгээгээр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Г.Бямбажав, Д.Мөнхбат нарын дундаас 2001 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүү Мөнх-Учрал, 2008 оны 5 дугаар сарын 21-ний өдөр охин М.Мөнхзул, 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр охин Энхжин, Мөнхжин нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцлын улмаас 2018 оны 4 дүгээр сараас тусдаа амьдарсан. Г.Бямбажав, Д.Мөнхбатад нар гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон, шүүхээр гэрлэлтээ цуцлуулахаар эхнэр Г.Бямбажав шаардсаныг нөхөр Д.Мөнхбат зөвшөөрсөн, хэн аль талынх нь цаашид хамтран амьдрах боломжгүй гэх тайлбар зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.

Харин насанд хүрээгүй хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй бөгөөд эхийн асрамжид өгөхийг нэхэмжлэгч хүсч, хариуцагч Д.Мөнхбат нь хүү М.Мөнх-Учрал, охин М.Мөнхзул, М.Энхжин, М.Мөнхжин нарыг нэхэмжлэгч талын асрамжид өгөхийг зөвшөөрсөн байх тул нэхэмжлэгч Г.Бямбажавын асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү М.Мөнх-Учралыг суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, охин М.Мөнхзулыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, түүнийг 16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, ихэр охид М.Энхжин, М.Мөнхжин нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, тэднийг 16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Мөнхбатаас сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт “Хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний эрх, ашиг сонирхлыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй” гэж заасан тул хүүхдүүдийн эрхийг зөрчихгүй байхыг нэхэмжлэгч Г.Бямбажав, хариуцагч Д.Мөнхбат нарт сануулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Г.Бямбажав нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 208,373 төгрөг төлсөн ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Д.Мөнхбатаас 208,373 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Бямбажавд олговол зохино.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Галбадрахын Бямбажав /РД:НС79111061/, Өргөн намаг овогт Данзандоржийн Мөнхбат /РД:НХ80123117/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2001 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү М.Мөнх-Учрал, 2008 оны 5 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин М.Мөнхзул, 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин М.Энхжин,

М.Мөнхжин нарыг эх Г.Бямбажавын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү М.Мөнх-Учралыг суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, охин М.Мөнхзулыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, түүнийг 16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, ихэр охид М.Энхжин, М.Мөнхжин нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, тэднийг 16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Мөнхбатаас сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосон болохыг дурдсугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Бямбажавын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 208,373 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Мөнхбатаас 208,373 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Бямбажавд олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Туулд даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХБҮРЭН