| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2018/01193/и |
| Дугаар | 151/ШШ2018/01270 |
| Огноо | 2018-12-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 151/ШШ2018/01270
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, нэгдүгээр хэсэг, улаанхуаран гудамж, 1146 тоотод оршин суух Даш овогт Тогоохүүгийн Мөнхбат /РД:ЙА79031713/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Төв аймаг, Жаргалант сум, 3 дугаар баг, Баянбулаг, ганга 4 дүгээр гудамж, 04 тоотод Боржигон овогт Түмэннастын Түмэнцэцэг /РД:НМ87081501/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Мөнхбат, хариуцагч Т.Түмэнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Мөнхбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа:
“Миний бие 2010 онд Т.Түмэнцэцэгтэй гэр бүл болж албан ёсоор бүртгүүлсэн. Энэ хугацаанд хүү Пүрэв-Эрдэнэ төрсөн. Энэ хугацаанд эхнэр хүүхэд хөдөө өвөөгийндөө амьдардаг байсан. Хотод манайд ирэн очин байсан. Хамт байхаараа байнгын хардаж, хэрүүл хийж, чамаас сална гэж байнга дарамталдаг байсан. ... энэ хүнийг би ирэх болов уу гэж 6 жил харсан. Сүүлийн нэг жил би тусдаа амьдралтай, өөр хүнтэй болсон. Цаашид хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй” гэжээ.
Хариуцагч Т.Түмэнцэцэг нь шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Би Т.Мөнхбаттай 2009 онд танилцаж улмаар гэр бүл болж, 2010 онд гэрлэлтээ батлуулсан. 2011 онд хүү М.Пүрэв-Эрдэнэ төрсөн. Одоо надтай хамт амьдарч байна. Т.Мөнхбат нь тусдаа амьдралтай болсон. Иймд хүү М.Пүрэв-Эрдэнэд хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Мөнхбат нь хариуцагч Т.Түмэнцэцэгт холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Зохигчид 2010 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр онд гэр бүл болж, 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 1110001535-рт бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Т.Мөнхбат, хариуцагч Т.Түмэнцэцэг нарын дундаас 2011 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүү Пүрэв-Эрдэнэ төрсөн, эрүүл бойжиж, сурч байгаа болох нь 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр олгосон №0000940846 Г-111 хүүхдийн төрсний гэрчилгээ, Жаргалант сумын сургуулийн тодорхойлолтоор тогтоогдож байна /хх-6,7/.
Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцлын улмаас 2015 оноос тусдаа амьдарч байгаа, Т.Мөнхбат, Т.Түмэнцэцэг нар гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон, шүүхээр гэрлэлтээ цуцлуулахаар нөхөр Т.Мөнхбат шаардсаныг эхнэр Т.Түмэнцэцэг зөвшөөрсөн, хэн аль талынх нь цаашид хамтран амьдрах боломжгүй гэх тайлбар зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Харин насанд хүрээгүй хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй бөгөөд эхийн асрамжид өгөхийг хариуцагч хүсч, нэхэмжлэгч Т.Мөнхбат нь хүү М.Пүрэв-Эрдэнийг хариуцагч талын асрамжид өгөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагч Т.Түмэнцэцэгийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Хариуцагч Т.Түмэнцэцэг нь хүү М.Пүрэв-Эрдэнийг өөрийн асрамжид авч, М.Пүрэв-Эрдэнэд хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар сөрөг шаардлага гаргажээ.
Гэрлэгчдийн хамтран амьдрах хугацаанд хүү М.Пүрэв-Эрдэнэ төрсөн бөгөөд төрсний гэрчилгээнд эцэг Т.Мөнхбат гэж овоглосон, түүний эцэг мөн болохоо зөвшөөрч, хүүхдийн тэтгэлэг төлөх шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Пүрэв-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, хүүг 16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.Мөнхбатаар сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт “Хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний эрх, ашиг сонирхлыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй” гэж заасан тул хүүхдийн эрхийг зөрчихгүй байх үүрэгтэй болохыг тайлбарлаж, гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосон болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Даш овогт Тогоохүүгийн Мөнхбат /РД:ЙА79031713/, Боржигон овогт Түмэннастын Түмэнцэцэг /РД:НМ87081501/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү М.Пүрэв-Эрдэнийг эх Т.Түмэнцэцэгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү М.Пүрэв-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.Мөнхбатаас сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосон болохыг дурдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Мөнхбатын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Т.Түмэнцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29,836 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Туулд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН