Шүүх | Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
Хэргийн индекс | 178/2022/0217/Э |
Дугаар | 2022/ШЦТ/217 |
Огноо | 2022-11-21 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Т.Өсөхбөлд |
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/217
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболд, хохирогчийн өмгөөлөгч Д.Алимаа, шүүгдэгч Т.*******, С.*******, тэдгээрийн өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2236000000223 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн ургийн овогт *******ы *******, 1996 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 26 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, эцэг эхийн хамт ******* аймгийн ******* сум, 05 дугаар /Норжинхайрхан/ багт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: пю*******.
Монгол Улсын иргэн ургийн овогт *******ы *******, 2003 оны 07 дугаар сарын 12-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл арав, эцэг эх, ах, эгч, дүү нарын хамт ******* аймгийн ******* сум, 5 дугаар /Норжинхайрхан/ багт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: пв*******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.*******, Т.******* нарын “бүлэглэж 2022 оны 08 дугаар сарын 20-ны шөнө ******* аймгийн Жаргалант сумын Наран багийн нутагт хохирогч Х.*******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдлийг ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2236000000223 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч: - Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолуудыг (хавтаст хэргийн 1-3, 5-7 дугаар хуудас);
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 12 дугаар хуудас);
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (хавтаст хэргийн 13-17 дугаар хуудас);
- Хохирогч Х.*******ээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас);
- Шүүгдэгч С.*******оос гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 30 дугаар хуудас);
- Т.Берикболотоос гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас);
- Т.Елеманаас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас);
- Э.Аскадаваас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 38 дугаар хуудас);
- Хохирогч Х.*******ийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 708 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 53-55 дугаар хуудас);
- Шинжээч Б.Цэндхүүгээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас);
- Шүүгдэгч Т.*******аас яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас);
- Шүүгдэгч С.*******аас яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас);
- Шүүгдэгч Т.*******ын төрсний бүртгэлийн лавлагааг (хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас);
- Шүүгдэгч С.*******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг (хавтаст хэргийн 86 дугаар хуудас);
- Шүүгдэгч С.*******ын иргэний үнэмлэхийн лавлагааг (хавтаст хэргийн 87 дугаар хуудас);
- Хохирогч Х.*******т учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтыг (хавтаст хэргийн 94-95 дугаар хуудас);
Хохирогчийн өмгөөлөгч: - Хохирогч Х.*******т учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтыг (хавтаст хэргийн 94-95 дугаар хуудас);
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: - Шүүгдэгч С.*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 73 дугаар хуудас);
- Шүүгдэгч Т.*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 65 дугаар хуудас) зэргийг тус тус шинжлэн судалсан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нотлох баримт шинжлэн судлаагүй, мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
- Хохирогч Х.*******ийн “2022 оны 08 сарын 20-ны шөнө 00 цаг өнгөрч байхад манай хажуу айлын Э.Аскадав гэх залуу “төв ороод бензин аваад ирье” гээд бид хоёр мотоциклтой явж аймгийн төвд ирсэн. Тэгээд бензин авах гээд зогсож байтал замд онгорхой дэлгүүр байхаар нь ороод хүүхдүүддээ жаахан юм авчихъя гэж бодоод дэлгүүр ортол дэлгүүрийн гадна гурваас дөрвөн залуу зогсож байсан бөгөөд дэлгүүр лүү яваад ортол бас нэг үл таних залуу худалдагчтай маргасан байдалтай зогсож байсан. Тухайн залуу намайг архи аваад өг гэхээр нь би чадахгүй гэтэл худалдагч тухайн залууг гар гээд түлхэж байсан, тэгэхээр нь би бас дэлгүүрээс гарах гээд алхаж байтал нөгөө залуу миний зүүн чих орчим гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгтэл дэлгүүрийн худалдагч эгч нөгөө залууг тэр чигээр нь хаалгаар түлхэж гаргаад намайг авч хоцроод хаалгаа цоожилсон. Намайг арын хаалгаар гаргасан бөгөөд би хашааных нь хаалгаар гараад гадна найз дээрээ очих гээд явж байтал нөгөө дэлгүүрт байсан залуу гадна байсан залуучуудтайгаа дэлгүүрийн доод өнцөг дээр намайг хүлээгээд зогсож байсан. Тэгээд намайг гараад иртэл дэлгүүр дотор байсан залуу миний толгой хэсэг рүү хоёроос гурван удаа, гэдэс хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би зөрүүлээд гараараа хий савтал хажууд нь байсан залуучууд орж ирээд нийлээд намайг зодсон. Хэн хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Би газар унаад толгойгоо бариад хэвтсэн. Тэгээд сэргээд иртэл цагдаа ирсэн, нөгөө залуучууд явчихсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас);
- Гэрч Т.Еламаны “2022 оны 08 дугаар сарын 19-ний орой 23 цаг өнгөрч байхад ******* сумын төв дээр Т.*******, Т.Берикбол, С.******* нартай уулзаад аймгийн төв рүү явсан. Аймгийн төвд Наран багт байх дэлгүүрээс юм авахаар болж С.******* ах орсон. Тухайн үед бас мотоциклтой хоёр залуу /Э.Аскадав, Х.*******/ ирж зогсоод нэг залуу нь /Х.*******/ дэлгүүр лүү орсон. Тэгтэл хэсэг хугацааны дараа С.******* ах гарч ирээд хүнд цохиулчихлаа гэж хэлсэн. Нөгөө залуу нь дэлгүүр дотор үлдээд дэлгүүр нь хаалгаа хаачихсан тул гарч ирэхийг хүлээсэн. Тэгээд байж байтал нөгөө залуу дэлгүүрийн хашааны хаалгаар гарч ирсэн. Тэгтэл С.******* ах тосож очоод уулзаж байгаад нүүр лүү нь цохиж байгаа харагдсан. Тэгтэл Т.******* гүйж очоод 2 тийш нь салгаад нөгөө залууг цааш нь түлхтэл газар унагаачихсан. Тэгэхээр нь би очоод С.*******ыг салгаад авсан, тэгээд шууд сум руугаа явцгаасан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас);
- Гэрч Э.Аскадав “...2022 оны 08 дугаар сарын 20-ны шөнө ******* аймгийн ******* сумын Улаан бураа багийн Шар тохой гэх газраас мотоциклдоо бензин авахаар өөрийн малчин болох Х.*******ийн хамт мотоциклтойгоо аймгийн төв орж ирсэн. Тэгээд зүүн хаалганаас бензин авах гэтэл колонк хаалттай байсан тул төв рүү орж бензин авахаар явж байтал замд Наран багт байрлах дэлгүүр онгорхой байхаар нь малчин болох Х.******* дэлгүүр орж ойр зуурын юм авъя гээд орсон. Тухайн үед дэлгүүрийн гадна гурван залуу зогсож байсан, тэгтэл тэр дундаас зүс таних Т.******* гэх залуу над руу ирээд мэнд мэдээд “мөнгө байна уу ганц нэг юмтай, ойр зуурын хиам, идэх юм аваад өгчхөөч” гэсэн. Тэгтэл хажууд нь байсан залуучууд бүгдээрээ очоод Х.*******ийг зодож эхэлсэн. Би дундуур нь орж салгах гэсэн боловч дийлээгүй учраас жаахан зугтаж холдож байгаад “цагдаа дуудлаа шүү” гэж орилоод харахад Х.******* ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байгаад харагдсан, зодож байсан залуучуудаас нэг нь “одоо болно, наадах чинь үхчихлээ” гэж орилж салгаад мотоциклоо унаад зугтацгаасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дугаар хуудас);
- Хохирогч Х.*******ийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 708 дугаартай “...Х.*******ийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. ...Уг гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ...Х.*******ийн биед учирсан дээрх гэмтэл нь “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас) зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудаар 2022 оны 08 дугаар сарын 20-ны шөнө ******* аймгийн Жаргалант сумын Наран багийн нутагт хохирогч Х.*******ийг үл ялих зүйлээр шалтаглан шүүгдэгч С.******* нь хохирогчийн толгой тус газарт гараараа цохиж, гэдэс рүү нь өшиглөж зодсон. Энэ явцад шүүгдэгч Т.******* хохирогчийг түлхэж унагааж үйлдлээрээ нэгдэж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч С.*******, Т.******* нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, өөрийн үйлдлийн улмаас хохирогч Х.*******ийн эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж үйлдлээрээ нэгдэн хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг иш татаж тодорхойлсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т “бүлэглэж” гэж заажээ. Тодруулбал шүүгдэгч С.*******, Т.******* нарын үйлдэл дээрх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангаж байх тул тэдгээрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ. Шүүгдэгч С.*******, Т.******* нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн болох нь тэдгээрийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 83, 87 дугаар хуудас)-аар нотлогдсон байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч “...шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2’500 нэгж буюу 2’500’000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” албадлагын арга хэмжээг 2 сарын хугацаанд хэрэглэх, ...шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2’000 нэгж буюу 2’000’000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” албадлагын арга хэмжээг 2 сарын хугацаанд хэрэглэх, хохирогчид учирсан 300’000 төгрөгийн хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулах” саналыг;
Шүүгдэгч нарын өмгөөлөгч “...шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзээд зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 сарын хугацаанд тухайн оршин суугаа ******* сумын хэмжээнд хязгаарлалт тогтоож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэх саналыг тус тус гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгч Т.*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 65 дугаар хуудас), шүүгдэгч С.*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 73 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Дээрх нотлох баримтууд болон шүүгдэгч нарын биеийн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч С.*******, Т.******* нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарлаагүй, тодорхой эрхэлсэн ажилгүй гэх хувийн байдал тогтоогдож байна. Шүүгдэгч нар нь учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх санаачилга гаргаагүй. Мөн бусдын өмнө буруу зүйл хийсэн тохиолдолд уучлал гуйх нь хүн ёсны наад захын үүрэг атал шүүгдэгч нар нь хохирогчоос уучлалт гуйгаагүй байх тул тэдгээрийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарлаагүй гэж үзнэ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.*******, Т.******* нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ад 300 (гурван зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч С.*******од 500 (таван зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй.
Хохирогч Х.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад “Миний биед тархи доргилт гэмтэл үүссэн, тухайн гэмтлийг эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Ойролцоогоор 300’000 орчим мянган төгрөгийн зардал гарсан” гэж (хавтаст хэргийн 26 дугаар хуудас) мэдүүлжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Д.Алимаа нь “...зодуулснаас болж өөрт учирсан хохирол 580’000 төгрөг болон өмгөөлөгчийн хөлс 300’000 төгрөг, нийт 880’000 төгрөг гаргуулах” хүсэлт (хавтаст хэргийн 93 дугаар хуудас), Т.Нурланы “Миний бие Т.Нурлан нь 08 дугаар сарын 26-наас 09 дүгээр сарын 08-ны хооронд Х.*******ийг аймгийн төвөөс ******* сумын Өргөн ширэг гэх газар хүртэл нийт 4 удаа, 09 дүгээр сарын 27-нд 1 удаа хөлсөнд явсан үнэн болно. Нэг удаа явсан зардал 60’000 төгрөг авсан нь үнэн болно” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 94 дүгээр хуудас), Б.Савидолдагийн “...Х.*******ийн малыг өдрийн 40 мянгаар хариулж өгч 280’000 төгрөг Х.*******ээс авсан нь үнэн болно” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 95 дугаар хуудас) гаргажээ.
Т.Нурлан, Б.Савидолда нарын тодорхойлолтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж дүгнэлээ. Учир нь тухайн тодорхойлолтыг нотариатаар батлуулсан нь уг тодорхойлолтыг Т.Нурлан, Б.Савидолда нарыг гаргасныг нотлохоос бус уг агуулгын хувьд үнэн зөвийг нотлохгүй болно. Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэж ойлгох бөгөөд тухайн асуудлаар Т.Нурлан, Б.Савидолда нар нь гэрч байх боломжтой байжээ. Тодруулбал тэдгээрээс уг асуудлаар гэрчээр хууль сануулж мэдүүлэг аваагүй байх тул тус тодорхойлолтуудад дурдсан үйл баримтыг үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэх үндэслэлгүй болно.
Мөн хохирогчоос өмгөөлөгчид төлөх зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаардаг боловч уг зардал нь нотлох баримтаар нотлогдоогүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн өмгөөлөгчид төлсөн гэх 300’000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах үндэслэлгүй байна.
Харин шүүгдэгч нар нь хохирогчид 300’000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч, илэрхийлсэн байна.
Иймд хохирогчийн нэхэмжлэлээс нотлох баримтаар нотлогдоогүй 580’000 (таван зуун наян мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******оос 150’000 (нэг зуун тавин мянга) төгрөгийг, шүүгдэгч Т.*******аас 150’000 (нэг зуун тавин мянга) төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Х.*******т олгох нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ургийн овогт *******ы *******, ургийн овогт *******ы ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ыг 500 (таван зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Т.*******ыг 300 (гурван зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч С.*******, Т.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
5. Хохирогч Х.*******ийн нэхэмжилсэн 880’000 (найман зуун наян мянга) төгрөгөөс 580’000 (таван зуун наян мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******оос 150’000 (нэг зуун тавин мянга) төгрөгийг, шүүгдэгч Т.*******аас 150’000 (нэг зуун тавин мянга) төгрөгийг тус тус гаргуулан хохирогчид олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА