| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2017/01352/и |
| Дугаар | 151/ШШ2018/01291 |
| Огноо | 2018-12-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 151/ШШ2018/01291
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, чингүнжавын гудамж, 57 дугаар байр, 10 тоотод оршин суух Боржигон овогт Ганбатын Болорцэцэг /РД:ГЭ84020602/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, нэгдүгээр баг, Номт, 1-6 тоотод оршин суух Боржигин овогт Бямбасүрэнгийн Батжаргал /РД:НЭ82021211/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Болорцэцэг, хариуцагч Б.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Болорцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа:
“Миний бие Б.Батжаргалтай 2002 онд танилцаж улмаар 2005 оноос эхлэн хамт амьдарч эхэлсэн. Бид 2007 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2010 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүү Б.Цэрэндүг, 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдөр охин Б.Гэгээ нар төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2013 оны хавраас эхлэн тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш бид хамтран амьдрах боломжгүй болж, хүү, охин 2 маань эх миний асрамжид амьдарч, өсч торнисон. Одоо бид цаашид хамтран амьдрах боломжгүй байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамжид үлдээж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Батжаргал нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие Г.Болорцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Миний хүү, охин хоёр болох Цэрэндүг, Гэгээ нарыг ээжийнх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Болорцэцэг нь хариуцагч Б.Батжаргалд холбогдуулан гэрлэлт
цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Зохигчид 2006 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болж, 2007 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймгийн Булган сумын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 15 дугаарт бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Гэрлэгч Г.Болорцэцэг, Б.Батжаргал нарын дундаас 2010 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүү Цэрэндүг төрснийг 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр бүртгэсэн нь №0000490237-278 гэрчилгээ, 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдөр охин Гэгээ төрснийг 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдөр бүртгэсэн нь №0000803088-261 гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.
Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцлын улмаас 2013 оны хавраас тусдаа амьдарсан. Г.Болорцэцэг, Б.Батжаргал нар гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон, шүүхээр гэрлэлтээ цуцлуулахаар эхнэр Г.Болорцэцэг шаардсаныг нөхөр Б.Батжаргал зөвшөөрсөн, Г.Болорцэцэг нь хамтран амьдрагчтай болж хүү Ганзоригийн Тэнүүнбилэгийг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр төрүүлсэн, зохигчид цаашид хамтран амьдрах боломжгүй гэж тайлбарлаж байх тул шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа явуулахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Харин насанд хүрээгүй хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй бөгөөд эхийн асрамжид өгөхийг нэхэмжлэгч хүсч, хариуцагч Б.Батжаргал нь хүү Б.Цэрэндүг, охин Б.Гэгээ нарыг нэхэмжлэгч талын асрамжид өгөхийг зөвшөөрсөн, хүүхдээс санал асуухыг хэн аль тал нь хүсэхгүй байгаа тухайгаа шүүхэд бичгээр тайлбарлаж байх тул нэхэмжлэгч Г.Болорцэцэгийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй ч нэхэмжлэгч Г.Болорцэцэг нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдвал зохино.
Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт “Хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний эрх, ашиг сонирхлыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй” гэж заасан тул хүүхдийн эрхийг зөрчихгүй байхыг нэхэмжлэгч Г.Болорцэцэг, хариуцагч Б.Батжаргал нарт сануулав.
Нэхэмжлэгч Г.Болорцэцэг нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70,200 төгрөг төлсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Батжаргалаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг үндэслэн иргэн Боржигон овогт Ганбатын Болорцэцэг /РД:ГЭ84020602/, Боржигин овогт Бямбасүрэнгийн Батжаргал /РД:НЭ82021211/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.Цэрэндүг, 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Б.Гэгээ нарыг эх Г.Болорцэцэгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосон болохыг дурдсугай.
4. Зохигчид хүүхдийн тэтгэлгийн болон эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Болорцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батжаргалаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Туулд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН