Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/134

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Е,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Д ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: М.С ,

шүүгдэгч А.Д гийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч А.С ,

шүүгдэгч М.Н ийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.Б ,

шүүгдэгч А.Д , М.Н  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Б гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А ын Д , М гийн Н  нарт холбогдох эрүүгийн 2213*********** дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.1. Монгол Улсын иргэн, А ын Д , 1984 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ө суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгч ажилтай, ам бүл 6, нөхөр  хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, РД:БЭ84******,

1.2. Монгол Улсын иргэн, М гийн Н , 1975 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Н суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Ө сумын 21 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгч ажилтай, ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, РД:БЗ75******. 

2. Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

2.1. Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан шүүгдэгч А.Д  нь тус аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 00 дугаартай “1 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгчээр сэлгэн ажиллуулах” тухай тушаал гарсан байхад албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ажлын байрыг өөрчлөх, шинээр ажилд томилох зэрэг тушаал, шийдвэр гаргахгүйгээр 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өөрийн төрсөн ах А.Х ын эхнэр Х.Н г туслах багшийн ажилд, Б.А ийг туслах багшаас бүлгийн багшийн орон тоонд, сав угаагч ажилтай Ха.А ыг туслах багшийн орон тоонд тус тус томилж, цагийн бүртгэлийг хөтөлж, дээрх нэр бүхий хүмүүст давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэний улмаас, тус Цэцэрлэгийн цалингийн санд 6.102.453 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,

2.2. Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгч шүүгдэгч М.Н  нь тус аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 00 дугаартай сэлгэн ажиллуулах тушаалын дагуу тус Цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан атлаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан А.Д гийн тушаал гаргахгүйгээр Х.Н г туслах багшийн ажилд, Б.А ийг туслах багшаас бүлгийн багшийн орон тоонд ажилд авсныг мэдсээр байж, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөр 00 дугаартай ажилд томилох тухай тушаал гаргаж, Цэцэрлэгийн бүлгийн багшаар Б.А ийг, Б.А ийн оронд Х.Н г туслах багшийн орон тоонд тус тус томилсон хууль бус шийдвэрийг нөхөж гаргаж, дээрх нэр бүхий хүмүүст давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэний улмаас, Цэцэрлэгийн цалингийн санд 6.102.453 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас гаргасан мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч А.Д  мэдүүлэхдээ: “Миний бие 2018 оны 12 дугаар сарын 31-ний  өдөр аймгийн Засаг даргын захирамжаар төрийн тусгай шалгалт өгөөд Ө сумын 00 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдоод өдий хүртэл ажиллаж ирсэн.

2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ө сумын Засаг даргаас сэлгэн ажиллуулах тухай захирамж гарсныг сонсоод хүлээн зөвшөөрөөгүй. Надтай ямар нэгэн байдлаар зөвшилцөөгүй тул “энэ захирамж хууль бус байна, би шүүхэд хандаж, эрхээ хамгаалуулах” талаар Ө сумын Засаг дарга Е ад хэлж байсан. Үүний дараа би шүүхэд уг захирамжийг түдгэлзүүлэх хүсэлтээ гаргасан. Би 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажлаа өгөөгүй. Яагаад гэвэл би шүүхэд өгсөн хүсэлтийг шийдвэрлэх хүртэл ажиллаж байсан.

Надад 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд “ажлаа хүлээлгэж өг” гэж ажлын комисс болон бусад байгууллагаас олон дарамт шахалт байсан. Тэгсэн ч гэсэн би шүүхэд өгсөн хүсэлтийн хариуг хүлээгээд,  ажлаа хүлээлгэж өгөөгүй. Үүний дараа би өөрийн эрх ашгийг хамгаалах үүднээс өмгөөлөгчөөр А.С ыг өмгөөлөгчөөр сонгож авсан. Тэгээд нэг өдөр А.С  өмгөөлөгч надад “таны өгсөн хүсэлтийг шүүх хүлээж аваагүй байна. Тэгэхээр та ажлаа хүлээлгэж өгөх хэрэгтэй” гэхээр нь би ажлаа хүлээлгэж өгсөн.

Би 2022 оны 02 дугаар сарын 28-ний өдөр хүртэл Ө сумын 00 дүгээр цэцэрлэгт эрхлэгчээр ажиллаж байсан. Мөн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр манай цэцэрлэгийн бага ангийн багш буюу Хо.А  гэх багш жирэмсний амралт авна гэж өргөдлөө авч ирсэн. Би тухайн үед ажлаа хүлээлгэж өгөөгүй учраас тодорхой хэмжээний зохицуулалт хийх ёстой байсан. Багш Хо.А ы өргөдлийг хүлээж аваад, жирэмсний амралтыг өгөөд явуулсан. Багш Хо.А ы оронд хэд хэдэн хүмүүсээс өргөдөл ирж байсан. Гэхдээ манайд ажиллаж байсан А  багш дипломтой, ажлаа маш сайн хийдэг, хариуцлагатай хүн байсан. Мөн багш Хо.А  өргөдөл дээр ч гэсэн дипломтой А  багшийг манай ангид оруулаад өгөөч гэсэн хүсэлт бас байсан.

Тийм учраас А  багшийг түр орон тоогоор Хо.А  багшийн оронд ажилд авсан. Уг А  багшийн оронд Х.Н г ажилд авсан. Мөн Н  надад өмнө өргөдөл бичиж байсан. Би уг Н гийн өргөдлийг Ө сумын Засаг дарга Е ад танилцуулж “надад хамаарал бүхий хүн” байгаа талаар мэдэгдсэн. Тэгээд Е  дарга надад Н г ажилд авахыг зөвшөөрсөн бичиг өгсөн. Мөн тухайн үед манайд Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас “25-аас дээш ажилтантай газар 1 хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллах ёстой. Танай байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаа юу” гэхэд би “одоохондоо хөгжлийн бэрхшээлтэй хүн байхгүй, гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүнийг авч ажиллуулах талаар хичээе” гэж хэлээд явуулсан. Тэгээд би тухайн үед ажлаа хүлээлгэж өгөөгүй учраас зохицуулалт хийсэн маань үнэн. Дээд шатны байгууллагаас надад уг хүнийг авч ажиллуул гэсэн бичиг ирсэн. Мөн уг хүн маань манай байгууллагад  ажиллаж байсан гэх мэт давуу талтай байсан учраас авч ажиллуулсан маань үнэн. Миний үндсэн үүрэг маань тухайн байгууллагын ажилчид болон хүүхдүүдийг эрүүл мэндийн болон ямар нэгэн эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах ёстой байсан. Тийм учраас дээрх хүмүүсийг авч ажиллуулсан.

Мөн би шүүхэд өгсөн хүсэлтийн хариуг өмгөөлөгчөөс сонсоод нэн даруй ажлын хэсэгт болон М.Н  эрхлэгчийг байлцуулан ажлаа хүлээлгэж өгсөн. Тэгээд би өөрийн томилогдсон цэцэрлэгт очиж ажиллаж эхэлсэн.

Би ямар нэгэн зөрчил гаргаагүй, хуулийн хүрээнд шийдвэр гаргасан, үнэнч сэтгэлээрээ ажиллаад байхад намайг яллагдагчаар татаж, шүүгдэгч болгоод энд зогсоож байгаад гомдолтой байна. Би ерөөсөө ашиг сонирхлын зөрчилтэй хүн биш, авлига авсан ч удаа байхгүй, мөн ямар ч хуульд харшилсан зүйл хийгээгүй. Тийм учраас намайг цагаатгаж өгөхийг хүсэж байна” гэв.

1.2. Шүүгдэгч М.Н  мэдүүлэхдээ: “Миний бие тус аймгийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн захирамжаар Ө сумын 21 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байсан. Тэгээд Ө сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн захирамжаар би Ө сумын 00 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон байсан. Түүний дагуу ажлын хэсгийн хамт Ө сумын 00 дүгээр Цэцэрлэгт очиход А.Д  эрхлэгч “би ажлаа хүлээлгэж өгөхгүй, би Ө сумын Засаг даргын захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд хүсэлт гаргасан байгаа. Шүүхээс хүсэлтийн маань хариу ирэх хүртэл ажлаа хүлээлгэж өгөхгүй” гэж ажлаа өгөөгүй.

Тэгээд Ө сумын Засаг даргын тамгын газраас 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр над руу залгаад “чи 00 дүгээр цэцэрлэгт ирж, ажлаа хүлээж аваарай” гэсэн. Тэгээд би ажлын комиссын хамт өглөө очиход А.Д  “та үдээс хойш ирээрэй, би одоо ажлаа зохицуулаад авъя” гэсэн. Үдээс хойш 13:30 цагийн үед А.Д  эрхлэгчээс ажлаа хүлээж авсан. Тухайн үед надад аймгийн Боловсролын газрын дарга залгаад “00 дүгээр Цэцэрлэгийн ажилчдын цалинг оруулаад өг, тэгэхгүй бол над хүмүүсийн зээл төлөх хугацаа хэтэрсэн, их бухимдалтай байгаа” гэсэн. Би улсын бүртгэл, төрийн санд очиж гарын үсгээ баталгаажуулах гэх мэт ажил ихтэй байсан учраас тухайн өдөр ажлын цаг дууссан. Дараагийн өдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 01-ны өдөр нягтлан бодогч бид хоёр Ө сумын төрийн сан дээр очиж гарын үсгийн баталгаа өгөөд 00 дүгээр Цэцэрлэгийн ажилчдын цалинг ня-бо өөрөө бэлдсэн байгаа тул шууд цалинг олгосон. Надад түр ажиллаж байгаа хүмүүсийн талаар хэн ч хэлээгүй, хэн ч танилцуулаагүй учраас би мэдээгүй.

Тэгээд дараа нь тэр талаар ажилчдаас сонсоод, шууд А , Н  нарыг өрөөндөө дуудаж, учир байдлын талаар асуусан. Тэд нар “А.Д  эрхлэгч бид нарын тушаалыг гаргаагүй, та гаргаж өгнө гэж хэлсэн” гэсэн.  Үүний дараа 3 дугаар сарын цалин ч олгох үе ирсэн. Би ч А , Н  нарыг нэгэнт хөдөлмөрийн харилцаанд ороод ажиллаад байгаа нь үнэн учраас мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт “хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно” гэж заасан байгаа. Тийм учраас би өөрийнхөө бүрэн эрхийнхээ хүрээнд тэд нарын тушаалыг гаргасан. Би ямар нэгэн гэмт хэрэг үйлдсэн гэж бодохгүй байгаа.

Мөн Ө сумын Засаг даргын сэлгэн ажиллуулах тухай захирамжийн дагуу би албан ёсоор 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Ө сумын 00 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгч нь болоод томилогдсон захирамж маань гарсан. Надад тэд нарыг ажлаас халах боломж байхгүй. Иймээс би аргагүй эрхэнд тэд нарын ажлын тушаалыг гаргаж өгсөн. Уг тушаалыг гаргаснаар би өөрийгөө гэмт хэрэг үйлдсэн гэж бодохгүй байгаа. Бас багш, ажилчдыг ажилд авах нь эрхлэгчийн эрх гэж Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд тодорхой заасан байгаа. Тийм учраас би бүрэн эрхийнхээ хүрээнд уг хоёр хүнийг ажилд авч томилсон гэв.

1.3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.С  мэдүүлэхдээ:2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ө сумын Засаг даргын цэцэрлэгийн эрхлэгч нарыг хоорондоо сэлгэн ажиллуулах талаар захирамж гарсан. Уг захирамжийн дагуу ажил хүлээлцүүлэх комисс цэцэрлэгүүдээр явсан. Тухайн үед зарим эрхлэгч нар сайн дураар хүлээн зөвшөөрч, өөр хоорондоо ажлаа сольж ажилласан. Харин зарим эрхлэгч нар нь уг захирамжийг хүлээн зөвшөөрөөгүй. Түүний нэг нь А.Д  эрхлэгч байсан. А.Д  “би Ө сумын Засаг даргын захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй, ажлаа хүлээлгэж өгөхгүй” гэсэн учраас ажил хүлээлцүүлэх хэсгийн дарга Н  “өнөөдрөөс эхлээд 00 дүгээр Цэцэрлэгийн тамга, тэмдгийг ашиглах эрх нь дуусгавар болсон” талаар сануулж хэлсэн.

Шүүгдэгч нарын гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үзэхэд, шүүгдэгч нар хувийн ашиг сонирхолтой байгаа нь харагдаад байна. Миний цаашид шүүхээс хүсэх зүйл бол улсын яллагчийн дүгнэлтэд  дурдагдсан хохирлыг барагдуулж, Ө сумын 00 дүгээр Цэцэрлэгийн дансанд төвлөрүүлж өгөхийг хүсэж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэн бодитоор шийдвэр гаргахыг хүсэж байна” гэв. 

Хоёр: Эрүүгийн 2213*********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 00 дугаартай албан бичгээр Авлигатай тэмцэх газарт гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг цагийн бүртгэл, төлбөрийн хүсэлтүүд зэрэг холбогдох баримтын хамт гаргасан материал /1 дэх хавтаст хэргийн 01-47 дэх тал/,

2.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.С ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 55-56, 3 дахь хавтаст хэргийн 08 дахь тал/,

2.3. Гэрч А.Е ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 58-59 дэх тал/,

2.4. Гэрч Р.Е ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 61-63 дахь тал/,

2.5. Гэрч М.Н ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 64-65 дахь тал/,

2.6. Гэрч А.Д гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 67-68 дахь тал/,

2.7. Гэрч Е.Е ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 74 дэх тал/,

2.8. Гэрч Б.А ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 75-76 дахь тал/,

2.9. Гэрч Х.Н гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 77-79 дэх тал/,

2.10. Гэрч М.Г гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 81 дэх тал/,

2.11. Гэрч Ха.А ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг  /1 дэх хавтаст хэргийн 86 дахь тал/,

2.12. Гэрч М.Н ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 88 дахь тал/,

2.13. Гэрч Т.А ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг  /2 дахь хавтаст хэргийн 196-197 дахь тал/,

2.14. Гэрч Хо.А ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 203 дахь тал/,

2.15. Гэрч Х.Н ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 203 дахь тал/,

2.16. Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч М.Н ийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 00 дугаартай “Цэцэрлэгийн бүлгийн багш Хо.А  нь жирэмсний амралттай байгаа учир оронд нь туслах багш Б.А ийг, Б.А ийн оронд Х.Н г томилон хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулах тухай” тушаалын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 92 дахь тал/,

2.17. Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч М.Н ийн 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 00 дугаартай “Цэцэрлэгийн туслах багш З.Р  нь жирэмсний амралттай байгаа учир оронд нь сав угаагчаар ажиллаж байсан Ха.А ыг томилон хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулах тухай” тушаалын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 93 дахь тал/,

2.18. Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгч М.Н ийн 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 00 дугаартай “Цэцэрлэгийн бүлгийн багш Хо.А ы жирэмсний амралт авах хугацаа нь болсон учир үүрэгт ажлаас нь түр чөлөөлөх тухай” тушаалын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 95 дахь тал/,

2.19. Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгч М.Н ийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 00 дугаартай “Цэцэрлэгийн сав угаагчаар Ш.А г томилон, хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулах тухай” гэх тушаалын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 96 дахь тал/,

2.20. Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр Цэцэрлэгийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хурлын №03 дугаартай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 98-101 дэх тал/,

2.21. Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгч А.Д , М.Н  нар нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 13 цаг 45 минутанд ажил хүлээлцсэн тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 102 дахь тал/,

2.22. Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 00 дугаартай “2022 онд ажиллах бүтэц орон тоо, албан тушаалын жагсаалт, цалин батлах тухай тушаалын хуулбар, түүний хавсралт /1 дэх хавтаст хэргийн 104, 107 дахь тал/,

2.23. Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр Цэцэрлэгийн туслах багш Х.Н , багш Б.А , туслах багш Ха.А  нарын албан тушаалын тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 109-122 дахь тал/,

2.24. Баян-Өлгийн аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/22 дугаартай “Ө сумын хүүхдийн Цэцэрлэгүүдийн эрхлэгч нарын ажлыг хүлээлцэх ажлын хэсэг байгуулах тухай” захирамжийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 128 дахь тал/,    

2.25. Баян-Өлгийн аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 00 дугаартай “Ө сумын 00 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А ын Д г Ө сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр 2022 оны 02 дугаар сарын 01-нээс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сэлгэн ажиллуулах тухай” захирамжийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 129 дэх тал/,

2.26. Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгч, нийтийн албан тушаалтан А.Д гаас “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл, шийдвэрлэсэн байдал”-ын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 154-155, 160-162 дахь тал/, 

2.27. Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 00 дугаартай захирамжийн 00 дүгээр хавсралтаар баталсан “Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаал”-ын тодорхойлолт /2 дахь хавтасны 130-136 дахь тал/,

2.28. Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 00 дугаартай “Ө сумын 21 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгч М.Н ийг Ө сумын 00 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгчээр 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сэлгэн ажиллуулах тухай” захирамжийн хуулбар /2 дахь хавтаст хэргийн 75 дахь тал/,

2.29. Иргэн Б.А ийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгч А.Д д хандаж “сав угаагчийн орон тоонд түр ажиллуулах” талаар гаргасан өргөдөл /1 дэх хавтаст хэргийн 144 дэх тал/,

2.30. Багш Хо.А аас Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгч А.Д д хандаж “...багшийг цэцэрлэг дотроос сонгож өгөх тухай” өргөдөл /1 дэх хавтаст хэргийн 145 дахь тал/,

2.31. Иргэн Х.Н гийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгч А.Д д хандаж “туслах багшийн орон тоо гарсан тохиолдолд авч ажиллуулах” талаар гаргасан өргөдөл /1 дэх хавтаст хэргийн 150 дахь тал/,

2.32. Иргэн Б.А , Х.Н  нарын бакалавр, чадамжийн гэрчилгээний хуулбарууд /1 дэх хавтаст хэргийн 194-196 дахь тал/,

2.33. Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр Хүүхдийн цэцэрлэгийн ажилчдын 2022 оны 02 дугаар сарын цалингийн цэсийн хуулбар /2 дахь хавтаст хэргийн 27 дахь тал/,

2.34. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 00 дугаартай “А.Д г Ө сумын 00 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгчээр томилох тухай” захирамжийн хуулбар /2 дахь хавтаст хэргийн 103 дахь тал/,

2.35. Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр Хүүхдийн цэцэрлэгийн “Хуулийн этгээдийн улсын бүртгэл”-ийн лавлагаа” /2 дахь хавтаст хэргийн 181 дэх тал/,

2.36. Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг дарга Д.Е , Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч А.Д  нарын хооронд байгуулагдсан 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбар /2 дахь хавтаст хэргийн 222-225 дахь тал/,

2.37. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 00 дугаартай “Ө сумын Хүүхдийн 00 дүгээр цэцэрлэгийн бүтэц орон тоог батлах тухай” захирамжийн хуулбар, түүний хавсралт /2 дахь хавтаст хэргийн 235-236 дахь тал/,

2.38. Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 00 дугаартай “цэцэрлэгийн бүлгийн багш Хо.А ы жирэмсний амралтын хугацаа нь дуусч, ажилд орох хүсэлтээ гаргасан тул оронд нь ажиллаж байсан Б.А ийг бүлгийг багшийн үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” тушаалын хуулбар /2 дахь хавтаст хэргийн 242 дахь тал/,

2.39. Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 00 дугаартай “цэцэрлэгийн туслах багшийн сул орон тоонд ажиллаж байсан Х.Н г үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” тушаалын хуулбар /2 дахь хавтаст хэргийн 243 дахь тал/,

2.40. Яллагдагч М.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 58-59 дэх тал/,

2.41. Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогчоор 2022 оны 02 дугаар сард ажиллаж байсан Р.Е аас гаргаж өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр А.Д  эрхлэгч над руу фейсбүүкээр явуулсан цагийн бүртгэлийг нягтлан бодогч Е.Е д явуулсан” гэх бүртгэлийн хуулбар /3 дахь хавтаст хэргийн 09-11 дэх тал/,

2.42. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШЗ2022/00612 дугаартай “Хүсэлтийг хангахаас татгалзах тухай” захирамжийн, уг захирамжийг гардуулсан тухай баримтын хуулбар /3 дахь хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

2.43. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2022/00293 дугаартай “А.Д гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн” шийдвэрийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 189-191 дэх тал/,

2.44. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 212/МА2022/00047 дугаартай “А.Д гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай” магадлал /3 дахь хавтаст хэргийн 27-30 дахь тал/,

2.45. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С аас шүүх хуралдаанд гаргаж өгсөн Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 001/ШХТ2022/00705 дугаартай “Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2022/00293 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 212/МА2022/00047 дугаар магадлалтай “А.Д гийн нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг даргад холбогдох иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч М.С ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан тухайн тухай” тогтоолын хуулбар, нэхэмжлэгч А.Д гийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт, Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/79 дугаартай “Сэлгэн ажиллуулах захирамжийг хүчингүй болгож, 1 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаа А.Д г 00 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр эгүүлэн томилох тухай” захирамжийн хуулбар, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 08/398 дугаартай “Шийдвэр гүйцтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай” тогтоолын хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр тус тус шинжлэн судлав. 

3. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс гаргасан дүгнэлт.

3.1. Улсын яллагч Д.Д аас:Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан шүүгдэгч А.Д  нь тус аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 00 дугаартай “1 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгчээр сэлгэн ажиллуулах” тухай тушаал гарсан байхад албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ажлын байрыг өөрчлөх, шинээр ажилд томилох зэрэг тушаал, шийдвэр гаргахгүйгээр 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өөрийн төрсөн ах А.Х ын эхнэр Х.Н г туслах багшийн ажилд, Б.А ийг туслах багшаас бүлгийн багшийн орон тоонд, сав угаагч ажилтай Ха.А ыг туслах багшийн орон тоонд тус тус томилж, цагийн бүртгэлийн хөтөлж, дээрх нэр бүхий хүмүүст давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэний улмаас, тус Цэцэрлэгийн цалингийн санд 6.102.453 төгрөгийн хохирол учруулсан, Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгч шүүгдэгч М.Н  нь Ө сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 00 дугаартай сэлгэн ажиллах тушаалын дагуу тус Цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан атлаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан А.Д гийн тушаал гаргахгүйгээр Х.Н г туслах багшийн ажилд, Б.А ийг туслах багшаас бүлгийн багшийн орон тоонд ажилд авсныг мэдсээр байж, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөр 00 дугаартай ажилд томилох тухай тушаал гаргаж, Цэцэрлэгийн бүлгийн багшаар Б.А ийг, Б.А ийн оронд Х.Н г туслах багшийн орон тоонд тус тус томилсон хууль бус шийдвэрийг нөхөж гаргаж, дээрх нэр бүхий хүмүүст давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэний улмаас, Цэцэрлэгийн цалингийн санд 6.102.453 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг авч, үзэхэд, Баян-Өлгий аймгийн Ө сумын 14-р цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан А.Д  нь Ө сумын Засаг даргын Цэцэрлэгийн эрхлэгчээр нарыг сэлгэн ажиллуулах тухай тушаал гарсан байхад, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гаргахгүйгээр 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ажилд томилох тушаал гаргахгүйгээр тус цэцэрлэгийн ажлын байрыг өөрчлөх, шинээр томилох зэрэг хууль бус шийдвэр гаргаж тухайн ажилчдын цагийн бүртгэлийг хөтөлж, төсөвт байгууллагын цалингийн санд үндэслэлгүйгээр цалин хөлс авах нөхцөл боломж бүрдүүлсэн нь  тогтоогдсон.

Шүүгдэгч А.Д  Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 00 дугаартай Цэцэрлэгийн эрхлэгч нарын сэлгэн ажиллуулахтай холбоотой гарсан захирамжийн дагуу ажлаа хүлээлгэж өгөхөөс өмнө өөрийн төрсөн ах А.Х ын эхнэр Х.Н г шинээр туслах багшийн ажилд авч байгаа үйлдэл нь Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан.

Мөн шүүгдэгч М.Н  нь тус аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 00 дугаартай сэлгэн ажиллах тушаалын дагуу тус Цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан атлаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан А.Д гийн тушаал гаргахгүйгээр хуул бусаар ажиллуулж байсан Х.Н , Б.А  нарыг ажилд авсныг мэдсээр байж, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөр 00 дугаартай ажилд томилох тухай тушаалыг нөхөн гаргаж, цэцэрлэгийн бүлгийн багшаар Б.А ийг, Б.А ийн оронд Х.Н г туслах багшийн орон тоонд тус тус томилж хууль ёсны мэт болгосон нь тогтоогдсон.

Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд шүүгдэгч М.Н  нь 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Ө сумын 00 дүгээр цэцэрлэгт тушаал шийдвэргүйгээр ажиллаж байсан Х.Н , Б.А , Ха.А  нарт хурал хийж, шалтгаан нөхцөлийг тогтоосны дараагаар  2022 оны 02 дугаар сарын 14-ны өдрөөр  00 дугаартай ажилд томилох тухай тушаал нөхөн гаргаж, цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан А.Д гийн хууль бус үйл ажиллагааг хууль ёсны мэтээр болгосон нь бусдад давуу байдал бий болгосон, хийх ёсгүй үйлдэл хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа.

Иймээс шүүгдэгч А.Д , М.Н  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Мөн энэ гэмт хэргийн улмаас Ө сумын 00 дүгээр Цэцэрлэгийн цалингийн санд учирсан хохирол болох 6.102.453 төгрөгийн хохирлыг  шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн хуваан гаргуулж, нөхөн төлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг,

3.2. Шүүгдэгч М.Н ийн өмгөөлөгч Х.Б ээс: “Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд улсын яллагчийн гаргасан саналтай санал нийлэхгүй байгаа. Ө сумын Засаг дарга цэцэрлэгийн эрхлэгч нарыг сэлгэн ажиллуулах тухай захирамжаа гаргаад биелэлтийг нь хангуулахаар ажлын хэсэг байгуулсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэртээ ажил хүлээлгэн өгөх хугацааг заах ёстой байтал Ө сумын Засаг даргын дээрх 2 захирамжид хугацаа заагаагүй байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн захирамж гаргасан. Эхнээс нь ажил хүлээлцэх арга хэмжээ нь хуулийн хүрээнд явагдсан бол ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан. Сэлгэн ажиллуулах тухай захирамж нь өөрөө хууль бус байсан. Хөдөлмөрийн хуулийн холбогдох заалтад нийцээгүй байсан. Хэд хэдэн цэцэрлэгийн эрхлэгч нар шүүхэд хандаж, гурван шатны шүүхийн шийдвэр гарч, уг шийдвэрүүд  хүчин төгөлдөр болсон байгаа. Өөр хэлбэл Ө сумын Цэцэрлэгийн эрхлэгч нарыг сэлгэн ажиллуулах шийдвэр нь хууль бус байсан болох нь тогтоогдсон. Ө сумын Засаг дарга 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/85 дугаар захирамжаар өмнөх захирамжаа хүчингүй болгож шүүгдэгч М.Н ийг өмнөх ажилд нь эгүүлэн томилсон байгаа.

2022 оны 02 дугаар сарын 11-ны өдөр Хо.А гэдэг хүн жирэмсний амралт авсан. Цэцэрлэгийн үйл ажиллагаа тасралтгүй явагдах ёстой. Нэгэнт байгууллагын дотор сул орон тоо гарсан байхад, тушаал гаргахгүй сул байлгаад байх боломж байхгүй. Тийм учраас байгууллага дотор ажиллаж байсан, мэргэжил нь таарч байгаа туслах багшийг бүлгийн багшаар томилоод, бүлгийн багшийн оронд хүн авч ажиллуулж байгаа нь ямар нэгэн байдлаар хууль зөрсөн гэж үзэх нөхцөл байдал байхгүй. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалтад тодорхой заасан байгаа. А  нь сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжилтэй, М.Н  ч гэсэн туслах  багшийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж, сертификат авч байсан.  Иймд ажилд авсан хоёр хүн нь хоёулаа ажлын байрны шаардлагыг хангаж байсан. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбараас үзэхэд шүүгдэгч М.Н  нь  “цалин олгож болдог”, харин “тушаал гаргаж болохгүй” гэж байгаа нь учир дутагдалтай зүйл. Энэ талаар шүүх дүгнэлт хийх нь зүйтэй. Эрхлэгч нар илүү орон тоо гаргаж хүн авсан зүйл байхгүй, орон тоо гарсан учраас зохих хууль журмын дагуу шаардлага хангасан хүмүүсийг авч ажиллуулсан. Үүнийг ямар нэгэн байдлаар албан тушаалаа урвуулан ашигласан мэтээр буруутгаж болохгүй. 21 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгч М.Н  ажлаа хүлээлгэж өгөөд 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 00 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаа авахад нягтлан бодогчоор ажиллаж байсан Е  цалингаа бодоод аль хэдийн бэлэн болгочихсон. Мөн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Ө сумын Засаг даргаас томилсон ажлын эсэх журмын дагуу ажил хүлээлцүүлсэн зүйл байхгүй. 21, 00 дүгээр Цэцэрлэгийн ажилчид 2 дугаар сарын цалингаа аваагүй, цалингийн зээлийн хугацаа хэтэрсэн бөөн асуудал үүсгээд аймгийн Боловсролын газарт ирэхээр нь бодуулсан цалинд гарын үсэг зураад маш хурдан цалинг олго гэсэн даалгавар өгсөн байдаг. Тэр өгсөн үүрэг, даалгаврын дагуу бодогдсон цалинд гарын үсэг зураад ажилчдын цалинг олгосон.  Тухайн үедээ шүүгдэгч М.Н  нь дээр дурдсан ажилтан нарын тушаал гараагүй болохыг мэдээгүй, дараа нь мэдсэн. Мэдэх үедээ тушаал хаана байгаа талаар А.Д гаас асуусан. Тэгээд А.Д  гаргах боломжгүй учраас М.Н  хурлаа хийгээд тушаал гаргасан байдаг. Нөгөө ажилд томилогдсон гэх хүмүүс 14 хоног ажиллаж, ажилласан хугацааны цалингаа авчихсан.

Ажлын байрны шаардлагыг бүрэн хангаж байгаа, Хөдөлмөрийн хуулийн дагуу хөдөлмөрийн харилцаанд орчихсон ажилтан нарт М.Н  эрхлэгчийн хувьд тушаал гаргахгүй бол өөр яах ёстой байсан юм.  Заавал тушаал гарснаар хөдөлмөрийн харилцаа үүснэ гэсэн ойлголт байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3 дахь заалтад ажилтан гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах эрхтэй гэсэн байгаа. Уг эрхийн дагуу цалин хөлсөө авч байгаа. Улсын яллагч А , Н  нарын авсан цалинг хохиролд тооцож байгаа. Харин сав угаагчаар ажилласан Ха.А ы цалинг хохиролд тооцохгүй гэсэн байдаг. Ха.А  14 хоног сав угаагчаар ажилласан тул үүнийг цалинд тооцдог. Харин А , Н  нар нь шүүгдэгч А.Д тай хамааралтай учраас хохиролд тооцно гэж улсын яллагч өөрөө сайн дураараа дүгнэлт хийж болохгүй. Ө сумын Засаг даргын сэлгэн ажиллуулах тухай захирамж гарсан, үүнийг шүүгдэгч М.Н  хүлээн зөвшөөрч ажлаа хүлээн авах гэсэн боловч А.Д  ажлаа хүлээлгэж өгөөгүй байсан нь М.Н ийн буруутай үйл ажиллагаа биш. Тийм учраас М.Н д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгөхийг шүүхээс хүсэж байна” гэх дүгнэлтийг, 

3.3. Шүүгдэгч А.Д гийн өмгөөлөгч А.С аас: “Улсын яллагчийн гаргасан яллах дүгнэлтийг бид нар хүлээн зөвшөөрөхүй байгаа. Яагаад гэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдал нотлогдон тогтоогдох ёстой байсан. Үүнд: гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ багтана.

Хавтаст хэргийн 1-47 дугаар талд авагдсан нотлох баримтыг яллах дүгнэлтийн үндэслэл болгосон байна. Энэ нь гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл болон түүнд хавсаргасан баримтууд байна. Гомдол мэдээллийн агуулгаас үзэх бол эрх бүхий албан тушаалтнаас тамга, тэмдгийг зохих ёсоор хадгалаагүй, ашиглаад байна, хөдөлмөрийн харилцаа нь дууссан байхад дураараа тамга тэмдэг ашиглаад байна  гэсэн  үндэслэлээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байдаг.  Сэлгэн ажиллуулах тухай Ө сумын Засаг даргын захирамж гарахаас өмнө А.Д  хэний оронд хэнийг авч ажиллуулах талаар төлөвлөгөө гаргасан байна. Тухайн хүн бэр эгч нь болохыг дээд шатны байгууллагад танилцуулсан байдаг. Ө сумын Засаг дарга нь уг хүнийг ажиллуулж болох талаар зөвшөөрөл өгсөн байдаг.

Тэгээд дараа нь 2022 оны 02 дугаар сарын 01-ны өдөр Ө сумын Засаг даргын Ө сумын Цэцэрлэгийн эрхлэгч нарыг сэлгэн ажиллуулах тухай захирамж гарсан. Уг захирамж гарснаар А.Д гийн хөдөлмөр эрхлэх харилцаа нь дуусгавар болсон эсэх нь гол маргаан байгаа. Улсын яллагч, ерөнхий прокурор, орлогч прокурор нарын зүгээс шүүгдэгч А.Д д ажил олгогчоос нь сэлгэн ажиллуулах тухай захирамж гарснаар түүний хөдөлмөр эрхлэх харилцаа нь дуусгавар болсон гэж үзэж байгаа. Бид нарын зүгээс хөдөлмөр эрхлэх харилцаа дуусгавар болоогүй гэж маргаж байгаа. Тийм учраас эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4. “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж зааснаар салбар хуулиа харах ёстой. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлд багш, түүний эрх, үүргийг заагаад өгсөн байгаа. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалтад эрхлэгч нь “багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх эрхтэй” гэж эрхийг нь заагаад өгсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэх нөхцөлийг заасан. Мөн зүйлийн 41.2 дахь хэсэгт “Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ” гэж тодорхой заасан байгаа. Харин “хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох” гэдгийг юу гэж ойлгох вэ гэвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд “талууд харилцан тохиролцсон”, “ажилтан нас барсан”, “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон”, “эрх бүхий байгууллага шаардсан”, “тухайн ажлын байранд өмнө нь ажиллаж байсан хүнийг энэ хуулийн 61.1-д заасны дагуу эгүүлэн авах болсон”, “ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй, ял оногдуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон”, “ажилтан эрх зүйн чадамжгүй болохыг шүүх тогтоосон”, “өөр ажил, албан тушаалд томилогдсон, сонгогдсон”, “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан” нөхцөл гэсэн байгаа. Эдгээр нөхцөл байдлыг харахад шүүгдэгч А.Д гийн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй гэж үзэх үндэслэлтэй.  Хөдөлмөрийн тухайн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд дараах үндэслэлээр ажилтныг гурван жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно:” гэж заасан байгаа.

Тэгэхээр улсын яллагч болон эрх бүхий албан тушаалтан энэ талаар буруу ойлголтой яваад байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдааны явцад А.Д гийн хөдөлмөр эрхлэх харилцаа дуусгавар болоогүй, зөвхөн сэлгэн ажиллуулсан гэж хариулсан.  Үүнийг зөвхөн би дүгнэж хэлээд байгаа зүйл биш. Үүнийг тогтоосон гурван шатны шүүхийн шийдвэр байгаа.  Гурван шатны шүүхээс тогтоосон зүйлийг дахин нотлох ямар ч шаардлага байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт  ажилтны үндсэн эрхийг заасан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 38.1.5 дахь хэсэгт зааснаар өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах эрхтэй гэсэн эрхийн дагуу шүүхэд хандсан байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нолох баримтаар нотлогдож байгаагаас гадна хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өөрөө мэдүүлэгтээ зөвшөөрч байна. 

Шүүгдэгч А.Д  нь Цэцэрлэгийн эрхлэгчийн хувьд 2 настай хүүхдийн аюулгүй байдлыг хариуцах үүрэгтэй байгаа. Түүний дагуу жирэмсний амралт аваад явсан хүний оронд ажлын байрны шаардлагыг хангасан өмнө гаргасан төлөвлөгөөний дагуу 2 хүнийг ажилд авсан. Уг хүмүүсийг авахгүйгээр бага насны буюу 2 настай хүүхдийг хараа хяналтад байлгах, эсхүл өөрөө асран хамгаалах боломж ерөөсөө байхгүй. Эдгээр хүмүүсийг ажилд авах нь гэмт хэрэг биш. Шүүгдэгч А.Д  эрхээ эдэлж, үүргээ биелүүлж байсан. А.Д гийн хүсэлтийг шүүхээс шийдвэрлэсэн өдөртөө буюу 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн. Уг Ө сумын Засаг даргын сэлгэн ажиллуулах тухай захирамжид  ажлыг хэзээ хүлээлгэх талаар тусгаагүй  байгаа. Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт “Ажил олгогч ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах тохиолдолд ажлыг нь түр, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тохиолдолд бүрмөсөн хүлээн авна.” гэж заасан байгаа.

Миний үйлчлүүлэгч энэ зүйл заалтыг баримталж ажиллаад байгаа. Харин 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр миний үйлчлүүлэгч шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу аргагүйн эрхэнд ажлаа хүлээлгэж өгсөн. Нэг ёсондоо шүүхийн шийдвэрийг хүндэтгэсэн. Дээрээс нь гурван шатын шүүхийн шийдвэр юуг тогтоосон гэвэл А.Д гийн тамга, тэмдгээ өөрөө хэрэглэж, ажлаа өгөөгүй нь зөв байсан гэдгийг харуулж байгаа. Иймд А.Д гийн үйлдлийг хууль бус гэж үзэх боломжгүй буюу гэмт хэргийн шинж агуулагдахгүй байгаа. Харин дээрх хоёр хүнийг ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь зөрчил юм. Энэ утгаараа Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлд заасан шинжийг агуулж байгаа. Тийм учраас миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж гэм буруугийн талаар мэтгэлцсэн болно. 

4. Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Д , М.Н  нарын холбогдсон хэрэгт гэм буруу, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

4.1. Шүүгдэгч А.Д  нь Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаанд тус аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 00 дугаартай “1 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгчээр сэлгэн ажиллуулах” тухай тушаал гарсны дараа ажилд томилох тухай тушаал гаргахгүйгээр өөрийн төрсөн ах А.Х ын эхнэр Х.Н г туслах багшийн ажилд, Б.А ийг туслах багшаас бүлгийн багшийн орон тоонд, сав угаагч ажилтай Ха.А ыг туслах багшийн орон тоонд тус тус ажиллуулсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан: 

4.1.1. Баян-Өлгийн аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/22 дугаартай “Ө сумын хүүхдийн Цэцэрлэгүүдийн эрхлэгч нарын ажлыг хүлээлцэх ажлын хэсэг байгуулах тухай” захирамжийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 128 дахь тал/,    

4.1.2. Баян-Өлгийн аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 00 дугаартай “Ө сумын 00 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А ын Д г Ө сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр 2022 оны 02 дугаар сарын 01-нээс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сэлгэн ажиллуулах тухай” захирамжийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 129 дэх тал/,

4.1.3. Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 00 дугаартай “Ө сумын 21 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгч М.Н ийг Ө сумын 00 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгчээр 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сэлгэн ажиллуулах тухай” захирамжийн хуулбар /2 дахь хавтаст хэргийн 75 дахь тал/,

4.1.4. Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1/74 дугаартай Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт хаягласан: “Ө сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нарыг хооронд нь сэлгэн ажиллуулахаар 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ө сумын Засаг даргын захирамж гарч тухайн цэцэрлэгт ажиллах бүрэн эрх нь дуусгавар болж байгаа.Гэвч зарим цэцэрлэгийн эрхлэгч нар тамга тэмдэг, албаны өрөөгөө хүлээлгэн өгөлгүй төрийн ажлыг тасралтгүй явуулах зарчмыг алдагдуулаад байна. Энэ нь цаашид байгууллагын тамга тэмдэг ашиглан ямар нэгэн санхүүгийн болон бусад зөрчил гарах өндөр эрсдэлтэй байгаа тул байгууллагын тамга тэмдгийг хууль журмын дагуу шилжүүлэхэд туслалцаа үзүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэн хамтарч ажиллахыг хүсье” албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 04 дэх тал/,

4.1.5. Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1/102 дугаартай Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хаягласан: “Ө сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нарыг хооронд нь сэлгэн ажиллуулахаар 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ө сумын Засаг даргын захирамж гарч тухайн цэцэрлэгт ажиллах бүрэн эрх нь дуусгавар болж байгаа. Гэвч 1 дүгээр цэцэрлэгт томилогдсон А.Д  нь эрх бүхий этгээдийн гаргасан захирамжийн хэрэгжилтийг хангахгүй, томилогдсон газарт очоогүй, өмнөх байгууллагын ажлын өрөө, тамга тэмдэг хүлээлгэн өгөлгүй төрийн ажлыг тасралтгүй явуулах зарчмыг алдагдуулаад байна. Энэ нь Монгол Улсын хууль тогтоомж, төрийн байгууллагын тамга тэмдэг ашиглах, хадгалах журмыг илт зөрчиж эрх нь дуусгавар болсон 00 дүгээр цэцэрлэгийн тамга тэмдэг ашигласаар байгаа нь гэмт хэргийн болон зөрчлийн шинжтэй байх тул тус зөрчлийг арилгуулан таслан зогсоож хууль журмын дагуу хариуцлага тооцож өгнө үү” гэх албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 03 дахь тал/,

4.1.6. Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгч А.Д , М.Н  нар нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 13 цаг 45 минутанд ажил хүлээлцсэн тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 102 дахь тал/,

4.1.7. Иргэн Б.А ийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгч А.Д д хандаж “сав угаагчийн орон тоонд түр ажиллуулах” талаар гаргасан өргөдөл /1 дэх хавтаст хэргийн 144 дэх тал/,

4.1.8. Багш Хо.А аас Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгч А.Д д хандаж “...багшийг цэцэрлэг дотроос сонгож өгөх тухай” өргөдөл /1 дэх хавтаст хэргийн 145 дахь тал/,

4.1.9. Иргэн Х.Н гийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгч А.Д д хандаж “туслах багшийн орон тоо гарсан тохиолдолд авч ажиллуулах” талаар гаргасан өргөдөл /1 дэх хавтаст хэргийн 150 дахь тал/,

4.1.10. Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр Цэцэрлэгийн ажилчдын 2022 оны 02 дугаар сарын цалингийн цэсийн хуулбар /2 дахь хавтаст хэргийн 27 дахь тал/,

4.1.11. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.С ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас цэцэрлэгийн төсвийг баталж өгсөн үед сумын хурал хуралдаад баталгаажуулаад байдаг.

...А.Д  тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллах эрхгүй болсон байхдаа дур мэдэн хүн авсан, М.Н  нь ажлаа хүлээж авчхаад цаг хугацааг урагшлуулан тушаал гаргаж хүн авсан эсэхийг мэдэхгүй байна. Миний мэдэж байгаа зүйл бол Ө сумын Засаг дарга Д.Е ын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 00 дугаартай захирамж гарсан. Уг захирамжийн дагуу 00 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А.Д  нь тус сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр 2 жилийн хугацаатай сэлгэн ажиллах байсан. Уг ажлын дагуу ажлын хэсэг тэр өдрөө N22 дугаартай захирамжаар байгуулагдсан байсан ажлын хэсгийн ахлагчаар сумын Засаг даргын орлогч Х.Н , бусад нь гишүүд байсан ба ажил хүлээлцэх явцад миний бие хурлын тэмдэглэлүүдийг хөтөлж байсан.

Гишүүдэд миний бие, мэргэжилтэн Х.Берден, Х.Серикгүл, Ж.Толганай  нарын бүрэлдэхүүнтэй байсан. 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 00 дүгээр цэцэрлэг дээр А.Д гийн ажил хүлээлцэхээр ажлын хэсгийн Х.Серикгүлээс бусад гишүүд болон тус цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон М.Н ийн хамт очиж А.Д гийн ажил хүлээлцэх гэхэд тэр “би одоохондоо ажлаа хүлээлгэж өгөхгүй, шүүхэд хандсан байгаа” гэж хэлсэн. Тэгэхэд орлогч дарга Х.Н  дарга “шүүхэд хандах нь таны эрхийн асуудал, Засаг даргын шийдвэрийн дагуу тамга, тэмдгээ хүлээлгэж өгөөд ажлаа хийж байгаарай” гэж хэлсэн. Тэгэхэд “би өгөхгүй” гэж хэлээд суугаад “шүүхээс нэг юм гарах байх” гэх тайлбарыг хэлээд байсан. Бид тэдний өрөөнд нэлээн хэдэн цаг суусан ба эцэст нь тэр талаарх тэмдэглэлийг хөтлөөд явсан. Тэр шалтгааны улмаас Ө сумын 1, 00 дүгээр цэцэрлэгийн ажил гацсан. 1 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаа гацах болсон шалтгаан нь А.Д  нь тус цэцэрлэгийн эрхлэгч болох байсан. Уг хоёр цэцэрлэгийн ажилчид 2022 оны 02 дугаар сард хугацаандаа цалин авч чадахгүй байсан, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр А.Д тай орлогч дарга ярьсан байлаа. Тэр үед уг цэцэрлэгийн алба хаагчид цалингаа авч чадахгүй, зээлээ төлж чадахгүй, хугацаа хэтэрч байгаа талаар биечлэн танилцуулсан байлаа. Тэр шалтгааныг А.Д д хэлж байгаад түүнээс ажлыг хүлээж авч, тэр өдрөө уг цэцэрлэгүүдийн цалинг өгч байсан. А.Д  нь цаг хугацаандаа ажлаа өгсөн бол энэ хэрэг гарахгүй байх гэж бодож байна. Сумын Засаг даргын захирамж гарсан байхад А.Д  нь дур мэдэн хүн авч болохгүй. Тэр тушаалгүйгээр хүн авч ажиллуулсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

4.1.12. Гэрч А.Е ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би танай байгууллагад А.Д д холбогдох гомдлыг шилжүүлэх тухай А.Д д хэргийн материал танилцуулж байхад мэдэгдэж та ашиг сонирхлын зөрчилтэй байж болохуйц 2 хүнийг ажилд авсан байна. Тэр талаарх тушаалаа та надад өгөөгүй шүү гэдгээ хэлсэн. Тэгэхэд А.Д  нь 2022 оны 03 дугаар сарын дундуур /өдрийн санахгүй байна/ шинээр 00 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон М.Н ээр 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дээрх 2 хүнийг ажилд авсан мэтээр нөхөж тушаал гаргуулсан байлаа. М.Н  нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ажил хүлээж авсан талаараа надад мэдэгдэж байсан. М.Н  нь А.Д гийн хэлснээр тэр хоёр хүнийг ажилд авсан мэтээр тушаал нөхөж гаргасан гэж хэлж байсан. Тус цэцэрлэгийн нягтлан бодогч Р.Е  А.Д г тухайн хоёр хүний тушаал гаргаж өгөөгүй талаар хэлж байсан. Тэр цагийн бүртгэлийн дагуу цалин олгож байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 58-59 дэх тал/,

4.1.13. Гэрч Р.Е ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай 00 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогч Е.Е  нь 2018 оноос хойш ажиллаж байгаа. Тэр 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс 2022 оны 03 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд ар гэрийн асуудлаар Казахстан улс руу явахаар чөлөө авсан юм. Түүнийг чөлөөтэй байх хугацаанд миний бие эрхлэгч А.Д гийн тушаалаар цэцэрлэгийн нягтлан бодогчоор түр тушаалтай ажиллаж байсан удаатай. Одоо цэцэрлэгийн нярваар ажиллаж байгаа ба нягтлан бодогч Е.Е  ажилдаа ирж орсон байгаа.

...А.Д  эрхлэгчийн сэлгэн ажиллуулах тухай Ө сумын Засаг даргын захирамжтай танилцаж байгаагүй. Харин 2022 оны 02 дугаар сарын эхэн үед /өдрийн санахгүй байна/ манай 00 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллахаар захирамж шийдвэр нь гарсан гэж Ө сумын 21 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан М  овогтой Н  болон ажил хүлээлцэх комисс цэцэрлэг дээр ирсэн гэж би сонссон. Би тэр өдөр гадуур ажилтай явж байгаад ирэхэд манай цэцэрлэгийн ажилчид надад хэлж байсан. Тэр үед А.Д  эрхлэгч өрөөндөө байсан ба би түүнээс дээрх асуудлын талаар асуухад тэр “намайг 1 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгчээр томилсон байна. Би тэр үйлдэлд гомдолтой байна, шүүхэд хандана, би ажлаа өгөөгүй байгаа шүү” гэж хэлсэн. Түүнээс хойш хэсэг хугацаа өнгөрсөн ба эрхлэгч А.Д  нь ажил дээр ирж ажиллаж байсан. 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр манай цэцэрлэгийн эрхлэгч А.Д  нь М.Н д ажлаа хүлээлгэж өгсөн. Тэр үед сумын Засаг даргын Тамгын газраас ажил хүлээлцэх комисс ирж ажлыг хүлээн авч, М.Нүргүлд өгч байсан. Одоо цэцэрлэгийн эрхлэгчээр М.Н  ажиллаж байгаа. А.Д  нь 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаа.

А.Д  нь тэр хугацаанд хэн нэгнийг ажлаас халсан, ажилд авсан, өөрчилсөн тушаал шийдвэр гаргаагүй. Харин тушаал шийдвэр гаргахгүйгээр бүлгийн багш Хо.А  нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр жирэмсний амралт авахад түүний оронд туслах багшаар Б.А ийг томилж, туслах багш Б.А ийн оронд иргэн Х.Н г ажилд авсан. Энэ ажилчдыг А. Д  нь 2022 оны 02 дугаар сард авч, цагийн бүртгэл хөтөлж өгч байсан ба тэр хугацаанд ямар нэгэн тушаал гаргаагүй. Би цалин бодох гээд дээрх хүмүүсийг ажилд авсан тушаал шийдвэрийг нэхэхээр “би ямар нэгэн байдлаар тамга дарах эрхгүй болоод байна, тэгэхдээ энэ хүмүүсийг ажилд авсан, цагийг бүртгэж байгаа” гэж надад цагийн бүртгэлийг өгч, цалинг бодуулж байсан.

...Б.А ийн оронд туслах багшаар орсон Н  нь А.Д гийн төрсөн ах А.Х ын эхнэр юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

4.1.14.Гэрч Б.А ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би 00 дүгээр Цэцэрлэгт туслах багшаар 2018 оны 09 дүгээр сарын 07-ноос 2022 оны 02 дугаар сарын 14-ний хүртэл ажиллаж байгаад тэр өдрөөс хойш бүлгийн багшаар түр тушаалтай ажиллаж байгаа. Тухайн үед манай бүлгийн багшаар ажиллаж байсан Хо.А  нь хүүхэд асрах чөлөө авсан ба би цэцэрлэгийн эрхлэгч А.Д д 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр бүлгийн багшаар ажиллах утга бүхий өргөдлийг өгсөн. А.Д  миний өргөдлийг хүлээж аваад намайг ажиллаж бай гэж хэлсэн. Тэр хэлэхдээ би таны тушаалыг гаргахгүй, харин шинээр ирэх эрхлэгч М.Н д хэлж байгаад тушаалын нөхөж гаргуулж өгнө гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Хо.А оос ажлын хүлээж аваад өнөөдрийг хүртэл ажиллаж байна.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 75-76 дахь тал/,

4.1.15. Гэрч Х.Н гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Баян-Өлгий аймгийн Ө сумын 14-р цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан А ын Д гийн төрсөн ах А.Х ын эхнэр юм. Би А.Д гийн бэр эгч юм. Би 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 14-р цэцэрлэгийн эрхлэгч А.Д д хандан тэдний цэцэрлэгт туслах багшаар ажилд орохоор өргөдөл өгсөн юм. Тэр өргөдлийн дагуу 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр туслах багшаар ажилд орсон юм. Тэр үед А.Д  багш би тушаал гаргахгүй өнөөдрөөс туслах багшаар ажиллаж байгаа удахгүй би солигдож шинээр Н  гэх эрхлэгч ирнэ. Тэр хүн таны тушаал гарган гэж хэлсэн. Тэгэхээр нь би А.Д гийн хэлснээр цэцэрлэгт туслах багшаар ажилласан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 77-79 дэх тал/,

4.1.16. Гэрч Ха.А ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би 00 дүгээр Цэцэрлэгт угаагчаар 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ажиллаж байгаад ...2022 оны 02 дугаар сард туслах багшаар ажиллах өргөдөл бичиж өгсөн. 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс хойш бүлгийн багш Б.А ийн туслах багшаар ажиллаж байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 86 дахь тал/,

4.1.17. Гэрч Хо.А ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүүхэд асрах чөлөө авсан. ...би хүүхэд асрах чөлөө авсны дараа миний оронд манай цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байсан Б.А  ажиллах болсон. Би хүүхэд асрах чөлөө авахаар А.Д  эрхлэгчид танилцуулж байх үед тэр надад чиний оронд Б.А  багш ажиллахаар болсон. Би сугалаа татаж түүнийг ажиллуулахаар болсон утгатай зүйлийг хэлсэн” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 203 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар;

4.2. Шүүгдэгч М.Н  нь Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгчээр тус аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 00 дугаартай сэлгэн ажиллуулах тушаалын дагуу тус Цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсны дараа буюу 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан А.Д гийн тушаал гаргахгүйгээр Х.Н г туслах багшийн ажилд, Б.А ийг туслах багшаас бүлгийн багшийн орон тооны ажилд авсныг мэдсээр байж 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөр 00 дугаартай ажилд томилох тухай тушаалаар цэцэрлэгийн бүлгийн багшаар Б.А ийг, Б.А ийн оронд Х.Н г туслах багшийн орон тоонд тус тус томилсон шийдвэрийг нөхөж гаргасан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан: 

4.2.1. Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 00 дугаартай “Ө сумын 21 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгч М.Н ийг Ө сумын 00 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгчээр 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сэлгэн ажиллуулах тухай” захирамжийн хуулбар /2 дахь хавтаст хэргийн 75 дахь тал/,

4.2.2. Баян-Өлгийн аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/22 дугаартай “Ө сумын хүүхдийн Цэцэрлэгүүдийн эрхлэгч нарын ажлыг хүлээлцэх ажлын хэсэг байгуулах тухай” захирамжийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 128 дахь тал/,    

4.2.3. Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч М.Н ийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 00 дугаартай “Цэцэрлэгийн бүлгийн багш Хо.А  нь жирэмсний амралттай байгаа учир оронд нь туслах багш Б.А ийг, Б.А ийн оронд Х.Н г томилон хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулах тухай” тушаалын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 92 дахь тал/,

4.2.4. Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгч А.Д , М.Н  нар нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 13 цаг 45 минутанд ажил хүлээлцсэн тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 102 дахь тал/,

4.2.5. Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр Хүүхдийн цэцэрлэгийн “Хуулийн этгээдийн улсын бүртгэл”-ийн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 181 дэх тал/,

4.2.6. Гэрч Р.Е ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр А.Д  нь цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын М.Н д хүлээлгэж өгсний дараа М.Н ийн гарын үсэг, тамга тэмдгээр ажилчдад цалин олгож өгч байсан. Мөн А.Д  байхад ажилд авсан, өөрчилсөн, чөлөө авсан хүмүүсийн тушаалыг М.Н ээр нөхөж гаргуулж байсан. Тэр тушаалууд нь одоо байгаа” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

4.2.7. Гэрч Б.А ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед манай бүлгийн багшаар ажиллаж байсан Хо.А  нь хүүхэд асрах чөлөө авсан ба би цэцэрлэгийн эрхлэгч А.Д д 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр бүлгийн багшаар ажиллах утга бүхий өргөдлийг өгсөн. А.Д  миний өргөдлийг хүлээж аваад намайг ажиллаж бай гэж хэлсэн. Тэр хэлэхдээ “би таны тушаалыг гаргахгүй, харин шинээр ирэх эрхлэгч М.Н д хэлж байгаад тушаалын нөхөж гаргуулж өгнө” гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Хо.А оос ажлын хүлээж аваад өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Намайг цэцэрлэгийн бүлгийн багшаар ажиллах түр тушаалыг манай цэцэрлэгийн эрхлэгчээр сэлгэн томилогдож ирсэн М.Н  2022 оны 03 дугаар сард /өдрийн санахгүй байна/ 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөр гаргаж өгч байсан. Би 2022 оны 03 дугаар сард цалингаа авах гэхэд нягтлан бодогч Р.Е  “таныг томилсон тушаал байхгүй тийм учраас танд туслах багшаар цалин бодогдохгүй шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би А.Д  эрхлэгчтэй яриад энэ талаар танилцуулаад энэ тушаалыг хэн гаргаж өгөх юм бэ гэж асуухад тэр “М.Н  эрхлэгч гаргах ёстой” гэж хэлсэн. Тэгэхээр М.Н  эрхлэгчид хэлэхэд тэр бид нарыг томилсон тушаалыг гаргаж өгсөн. Би А.Д  эрхлэгчийг ажиллаж байхад түүнд 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өргөдөл өгч байсан. Тэр намайг бүлгийн багшаар ажиллуулахаар шийдвэрлэсэн тэгэхдээ тушаал гаргаагүй. Бүлгийн багшаар ажиллах талаар М.Н  эрхлэгчтэй уулзсан, түүнд өргөдөл өгсөн удаа байхгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 75-76 дахь тал/,

4.2.8. Гэрч Х.Н гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр үед А.Д  багш “би тушаал гаргахгүй, өнөөдрөөс туслах багшаар ажиллаж байгаа, удахгүй би солигдож шинээр Н  гэх эрхлэгч ирнэ. Тэр хүн таны тушаалыг гаргана” гэж хэлсэн. Тэгэхээр нь би А.Д гийн хэлснээр цэцэрлэгт туслах багшаар ажилласан. Түүний дараа 2022 оны 03 дугаар сард цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдож ирсэн М.Н  намайг туслах багшаар томилсон тушаалыг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөр нөхөж гаргаж өгсөн. Би 2022 оны 02 дугаар сарын цалин гэж хагас сарын цалин болох 320.000 төгрөг авч байсан санагдаж байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 77-79 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогджээ.

5. Шүүгдэгч А.Д , М.Н  нарыг цагаатгаж шийдвэрлэсэн үндэслэл, эрх зүйн дүгнэлт.

5.1. Улсын яллагчаас үйлдсэн яллах дүгнэлтэд шүүгдэгч А.Д г “Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 00 дугаартай “1 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгчээр сэлгэн ажиллуулах” тухай тушаал гарсан байхад албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ажлын байрыг өөрчлөх, шинээр ажилд томилох зэрэг тушаал, шийдвэр гаргахгүйгээр 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өөрийн төрсөн ах А.Х ын эхнэр Х.Н г туслах багшийн ажилд, Б.А ийг туслах багшаас бүлгийн багшийн орон тоонд, сав угаагч ажилтай Ха.А ыг туслах багшийн орон тоонд тус тус томилж, цагийн бүртгэлийг хөтөлж, дээрх нэр бүхий хүмүүст давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэний улмаас, тус Цэцэрлэгийн цалингийн санд 6.102.453 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж ялласан боловч Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2022/00293 дугаартай шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 212/МА2022/00047 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 001/ШХТ2022/00705 дугаартай тогтоолоор тус тус Баян-Өлгийн аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 00 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” захирамжийн хууль зүйн үндэслэлийг шүүгдэгч А.Д гаас гаргасан нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгэн хянаад “ажил олгогч буюу хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга нэхэмжлэгч А.Д г сэлгэн ажиллуулахдаа “...Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсэгт тусгаж харилцан тохиролцсоны үндсэн дээр сэлгэн ажиллуулж байгаа” гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан баримтаар сэлгэн ажиллуулах талаар ажил олгогч ажилтантай тохиролцсон ажилтан хүлээн зөвшөөрсөн талаарх үйл баримт нотлогдон тогтоогдоогүй”, “...Ажилтныг сэлгэн ажиллуулах талаар Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/  59 дүгээр зүйлийн 59.1-д “Ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд дараах үндэслэлээр ажилтныг гурван жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно” гэж заажээ. Хуулийн энэ заалтаас үзэхэд ажил олгогч нь ажилтныг сэлгэн ажиллуулахдаа ажилтантай заавал тохиролцсон, зөвшөөрлийг нь авсан байхаас гадна аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд сэлгэн ажиллуулахаас биш өөр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллуулж байгааг сэлгэн ажиллуулсан гэж үзэхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/  59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг ажил олгогч уг зохицуулалтыг буруу хэрэгжүүлж ажилтны эрхийг ноцтой зөрчсөн болох”-ыг тус тус тогтоосон байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд Баян-Өлгийн аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 00 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” захирамж нь хууль зүйн хувьд анхнаасаа хууль бус бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл, заалтуудыг зөрчсөн эрхийн акт байсан ба шүүгдэгч А.Д  Ө сумын 00 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг шүүгдэгч М.Н д хүлээлгэн өгөх цаг хугацаа буюу 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1. “Эрхлэгч нь дараахь эрхтэй:” 11.1.1. “холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохих шийдвэр гаргаж хэрэгжүүлэх;”, 11.1.2. “багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх;” гэж зааснаар хууль тогтоомжинд заасан ажил үүргээ гүйцэтгэх эрхтэй байсан байна.

5.2. Мөн гэм буруугийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “Баян-Өлгийн аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 00 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” захирамж гарснаар шүүгдэгч А.Д гийн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсныг сануулж байсан” гэж тайлбарласан нь үндэслэлгүй бөгөөд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 78 дугаар зүйлийн 78.1. “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дараах үндэслэлээр дуусгавар болно:”, 78.1.1. “талууд харилцан тохиролцсон;”, 78.1.2. “ажилтан нас барсан;”, 78.1.3. “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон;”, 78.1.4. “эрх бүхий байгууллага шаардсан;”, 78.1.5. “тухайн ажлын байранд өмнө нь ажиллаж байсан хүнийг энэ хуулийн 61.1-д заасны дагуу эгүүлэн авах болсон;”, 78.1.6. “ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй, ял оногдуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;”, 78.1.7. “ажилтан эрх зүйн чадамжгүй болохыг шүүх тогтоосон;”,  78.1.8. “өөр ажил, албан тушаалд томилогдсон, сонгогдсон;”, 78.1.9. “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан.” гэж тус тус зохицуулсан, ажилтныг сэлгэн ажиллуулах, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулинд /Шинэчилсэн найруулга/ өөрөөр байдлаар хуульчилжээ.  

5.3. Мөн улсын яллагчаас шүүгдэгч А.Д г  “...шинээр ажилд томилох зэрэг тушаал, шийдвэр гаргахгүйгээр 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өөрийн төрсөн ах А.Х ын эхнэр Х.Н г туслах багшийн ажилд, Б.А ийг туслах багшаас бүлгийн багшийн орон тоонд, сав угаагч ажилтай Ха.А ыг туслах багшийн орон тоонд тус тус томилж, бусдад давуу байдал бий болсон” гэж дүгнэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 41 дүгээр зүйлийн 41.2. “Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ.” гэж зааснаас үзэхэд ажил олгогч буюу шүүгдэгч А.Д гийн зүгээс Х.Н г туслах багшийн ажил үүргийг, Б.А  бүлгийн багшийн ажил үүргийг, Ха.А ыг туслах багшийн үүргийг тус тус гүйцэтгэж эхэлснээр 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна.

5.4. Шүүгдэгч А.Д  нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Ө сумын 00 дүгээр Цэцэрлэгийн бүлгийн багш ажилтай Хо.А , туслах багш ажилтай З.Р  нар жирэмсний амралт, хүүхэд асрах чөлөө тус тус авсан хугацаанд гарсан сул орон тоонд буюу туслах багш ажилтай Б.А ийг бүлгийн багшийн ажилд, туслах багшийн ажилд иргэн Х.Н г, сав угаагч ажилтай Ха.А ыг туслах багшийн орон тоонд тус тус авч ажиллуулснаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 00 дугаартай “Ө сумын Хүүхдийн 00 дүгээр цэцэрлэгийн бүтэц орон тоог батлах тухай” захирамж, түүний хавсралтад заасан орон тооноос илүү хүн авч ажиллуулсан, илүү цалин олгосон нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Үүнээс үзэхэд улсын яллагчийн дурдсанчлан Ө сумын 00 дүгээр Цэцэрлэгийн цалингийн санд 6.102.453 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй.  

5.5. Шүүгдэгч А.Д  нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр Цэцэрлэгийн туслах багшийн түр орон тоонд өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн ах А.Х ын эхнэр Х.Н г авч ажиллуулсан нь хэргийн үйл баримтын хүрээнд нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд хамаарал бүхий этгээд Х.Н гаас 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгч А.Д д хандаж “...туслах багшийн орон тоо гарсан тохиолдолд авч ажиллуулах” талаар гаргасан өргөдлийг хүлээж авсан даруй нийтийн албан тушаалтан А.Д гаас “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийг Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг даргад гаргаж шийдвэрлүүлсэн байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1. “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэж заасныг шүүгдэгч А.Д  өөрийн хамаарал бүхий этгээд Х.Н г Ө сумын 00 дүгээр Цэцэрлэгийн туслах багшийн түр орон тоонд 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн туслах багшаар ажиллуулснаар хуулийн дээрх хориглосон хэм хэмжээг зөрчсөн эсэх, хариуцлага хүлээлгэх эсэхийг мөн хуулийн Тавдугаар бүлэгт зааснаар ажил олгогч болох Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг дарга шалгаж шийдвэрлэх нь зүйтэй.  

5.6. Мөн улсын яллагчаас үйлдсэн яллах дүгнэлтэд шүүгдэгч М.Н ийг “Баян-Өлгий аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 00 дугаартай сэлгэн ажиллах тушаалын дагуу тус Цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан атлаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан А.Д гийн тушаал гаргахгүйгээр Х.Н г туслах багшийн  ажилд, Б.А ийг туслах багшаас бүлгийн багшийн орон тоонд ажилд авсныг мэдсээр байж, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөр 00 дугаартай ажилд томилох тухай тушаал гаргаж, Цэцэрлэгийн бүлгийн багшаар Б.А ийг, Б.А ийн оронд Х.Н г туслах багшийн орон тоонд тус тус томилсон хууль бус шийдвэрийг нөхөж гаргаж, дээрх нэр бүхий хүмүүст давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэний улмаас, Цэцэрлэгийн цалингийн санд 6.102.453 төгрөгийн хохирол учруулсан” гэж ялласан байна.

5.7. Хэргийн үйл баримтын хүрээнд шүүгдэгч М.Н  нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Ө сумын 21 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаад тус аймгийн Ө сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 00 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” захирамжаар Ө сумын 21 дүгээр Ө сумын 00 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгчээр сэлгэн ажиллахаар болж, ажлаа 2022 оны 02 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авсан нь тогтоогджээ.

Энэ хугацаанд Ө сумын 00 дүгээр Цэцэрлэгийн бүлгийн багшийн түр орон тоонд Б.А , туслах багшийн түр оронд тоонд Х.Н , Ха.А  нар 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ажил олгогч болох А.Д гийн хэлснээр ажил үүргээ гүйцэтгэж, цалин нь бодогдсон болох нь шүүгдэгч А.Д , гэрч Р.Е , Б.А , Х.Н , Ха.А  нарын шүүх хуралдаан болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, Ө сумын 00 дүгээр Цэцэрлэгийн ажилчдын 2022 оны 02 дугаар сарын цалингийн цэс зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

5.8. Шүүгдэгч М.Н  нь Ө сумын 00 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг хүлээн авсны дараа буюу 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 00 дугаартай “Цэцэрлэгийн бүлгийн багш Хо.А  нь жирэмсний амралттай байгаа учир оронд нь туслах багш Б.А ийг, Б.А ийн оронд Х.Н г томилон хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулах тухай” тушаалыг нөхөж гаргасан нь тогтоогдож байх боловч тус Цэцэрлэгт түр орон тоонд ажиллаж байгаа (1) бүлгийн багш Б.А , (2) туслах багш Х.Н , (3) туслах багш Ха.А  нарын хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 41 дүгээр зүйлийн 41.2. “Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ.” гэж зааснаар 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд шүүгдэгч М.Н  нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 00 дугаартай “Ажилд түр томилох” тушаал гаргаснаар бүлгийн багшаар түр ажиллаж байсан Б.А , туслах багшаа түр ажиллаж байсан Х.Н , Ха.А  нарт давуу байдал бий болгосон гэж үзэхгүй.

5.9. Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар, хэрэгт хамааралтай талаас нь хянаж үзэхэд шүүгдэгч А.Д , М.Н  нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байх зорилгоор бусдад давуу байдал бий болгосон” гэх гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б , А.С  нараас гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Д , М.Н  нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, А.Д , М.Н  нарыг цагаатгаж шийдвэрлэв.

5.10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар цагаатгагдсан этгээд А.Д , М.Н  нарт холбогдох хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, цагаатгагдсан этгээд А.Д , М.Н  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагаатгагдсан этгээд А.Д , М.Н  нар нь хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 6 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2,00 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А ын Д , М н Н  нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, А.Д , М.Н  нарыг цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар цагаатгагдсан этгээд А.Д , М.Н  нарт холбогдох хэрэгсэхгүй болгосон 2213*********** дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

3. Цагаатгагдсан этгээд А.Д , М.Н  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

4. Цагаатгагдсан этгээд А.Д , М.Н  нар нь хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

5. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгагдсан хүн, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.ТАЛГАТ