| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2017/00999/и |
| Дугаар | 151/ШШ2018/01300 |
| Огноо | 2018-12-11 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 151/ШШ2018/01300
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймаг, Баянжаргалан сум, 3 дугаар баг, Эрдэнэ гэх газар оршин суух Харуул овогт Гэрэлцолмонгийн Баттөмөр /РД:НВ98081401/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Алтайн 5 дугаар гудамж, 128 тоотод оршин суух Боржигон овогт Батдоржийн Далантай /РД:НЕ98071118/-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Баттөмөр, хариуцагч Б.Далантай, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Бадам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Баттөмөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа:
“Г.Баттөмөр миний бие 2017 оноос Б.Далантайтай үерхэж эхэлсэн. Би оюутан байсан бөгөөд Баянзүрх дүүрэг 16 дугаар хороонд байр түрээсэлж, Б.Далантайтай хамт амьдарч байсан. Хамт амьдарч байхдаа 2017 оны 9 дүгээр сард жирэмсэн болж, 2018 оны 6 дугаар сарын 13-нд охин Б.Бүжингуа төрсөн.
Намайг жирэмсэн 2 сартай байхад Б.Далантай нь уулзахаа больж, утсаа салгаж холбогдохоо байсан. Би ганцаараа оюутан байсан учир манай ээж Гэрэлцолмон ирж, би Төв аймгийн Баянжаргалан суманд төрөх хүртлээ байж байгаад Улаанбаатар хотод, Эх нялхасд төрсөн.
Төрөх үед Б.Далантайн утасны дугаарыг олоод холбогдсон боловч ирээгүй. Охин Бүжингуаг төрсний дараа гэрлэлтийн баталгаагүй учраас ээж Баттөмөрөөр овоглосон охиноо төрснөөс хойш Төв аймгийн Баянжаргалан суманд ээжийндээ амьдарч байна. Б.Далантай нь охиноо төрснөөс хойш нэг ч удаа холбогдоогүй. Б.Далантай нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Алтайн 5 дугаар гудамж, 128 тоотод эцэг, эхийн хамт оршин сууж байгаа. Бид гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд эд хөрөнгийн маргаан байхгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 “Тэжээн тэтгэхтэй холбогдсон нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч миний оршин суугаа газрын шүүхэд гаргаж байна. Иймд Б.Далантайгаас хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Б.Далантай шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан
тайлбартаа:
“Баттөмөр овогтой Бүжингуа нь Батдорж овогтой Далантай миний хүүхэд эсэх нь эргэлзээтэй болно. Миний бие 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр танилцсан. 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хүндээр өвдөж эмнэлэгт байсан бөгөөд тус хугацаанд хүүхэд олсон байж болзошгүй тул эргэлзэж байна. Түүнийг миний хүүхэд мөн эсэхэд шинжилгээ хийж өгнө үү.
Шинжээчийн дүгнэлтээр миний охин болох нь тогтоогдсон тул маргах зүйлгүй. Цаашид бид хамтран амьдрах боломжгүй. Ар гэрийнхэн хоорондоо таарч тохирдоггүй. Хүүхдийн тэтгэлгийг хуулийн дагуу төлөхөд татгалзах зүйлгүй” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Баттөмөр нь хариуцагч Б.Далантайд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид 2017 оноос үерхэж, гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдарч 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр охин Б.Бүжингуа төрсөн, одоо охин эхийн асрамжид эрүүл өсч бойжиж байгаа болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл бойжиж байгаа тухай их эмчийн тодорхойлолт, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч Б.Далантай, нэхэмжлэгч Г.Баттөмөр нар нь тусдаа амьдарч байгаа ба хариуцагч нь охин Б.Бүжингуаг өөрийн хүүхэд гэдгийг тогтоолгохоор хүсэлт гаргаж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 10723 дугаар Шинжээчийн дүгнэлтээр Г.Баттөмөр охин Б.Бүжингуагийн биологийн эцэг байх магадлал 99,99 хувь гэсэн, мөн хариуцагч Б.Далантай өөрийн хүүхэд болохоо хүлээн зөвшөөрч, шинжээчийн дүгнэлтэд маргаагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд, гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхэдтэй адил эрхтэй, эцэг, эх нь хүүхдээ асрамжлах, тэжээн тэтгэх үүрэгтэй.
Хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй бөгөөд хүүхдийн өссөн болон дассан орчин, бусад нөхцөл байдал зэргийг харгалзан охин Б.Бүжингуаг эх Г.Баттөмөрийн асрамжид хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Б.Бүжингуаг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, хүүг 16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Далантайгаас сар бүр тэтгэлэг гаргуулан, охин Б.Бүжингуаг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт “Хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний эрх, ашиг сонирхлыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй” гэж заасан тул хүүхдийн эрхийг зөрчихгүй байхыг нэхэмжлэгч Г.Баттөмөр, хариуцагч Б.Далантай нарт сануулах нь зүйтэй.
Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Г.Баттөмөр нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 29,836 төгрөг төлсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Б.Далантайгаас 29,836 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Баттөмөрт олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Боржигон овогт Батдоржийн Далантай /РД:НЕ98071118/ нь 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Бүжингуа /РД:НЕ18261305/-ийн биологийн эцэг мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Б.Бүжингуаг эх Г.Баттөмөрийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Б.Бүжингуаг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Далантайгаас сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхийг зөрчихгүй байхыг эх Г.Баттөмөр, эцэг Б.Далантай нарт сануулсугай.
5. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Баттөмөрийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29,836 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Далантайгаас 29,836 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Баттөмөрт олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН