Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/135

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д ,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.Б,

шүүгдэгч С.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ж т холбогдох эрүүгийн 2213*********** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1970 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ө суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганц бие, Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр багт оршин суух хаягтай, урьд нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн: (1) 2006 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 200 цагийн албадан ажил хийлгэх ял, (2) 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял, (3) 2009 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 сар 13 хоногийн хорих ял, (4) 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар 13 хоногийн хорих ял, (5) 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1386 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн: (1) 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 хоногийн хорих ял, (2) 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 663 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 8 сар 14 хоногийн хорих ял тус тус шийтгүүлж байсан, С.Ж , РД:БК7********.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч С.Ж  нь 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 12 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Тирлик” ХХК-ийн зах дотор үйл ажиллагаа явуулдаг “А” гэх нэртэй дэлгүүрээс иргэн А.Е ын “Samsung А12” загварын гар утсыг хулгайлж 440,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч С.Ж аас мэдүүлэхдээ: Хулгай хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.   

2. Эрүүгийн 2213*********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Иргэн Э.Ц гаас 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 15 цаг 41 минутад Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарh гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

2.2. Хохирогч А.Е аас гаргаж өгсөн “Samsung А12” загварын гар утсыг худалдаж авахдаа “Мобиком корпораци” ХХК-тай байгуулсан ********** дугаартай гэрээний хуулбар /хавтаст хэргийн 04-05 дахь тал/,

2.3. “Мобиком корпораци” ХХК-ний 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 4/6189 дугаартай албан бичгийн хуулбар /хавтаст хэргийн 13 дахь тал/,

2.4. Иргэн Т.Е аас “Samsung А12” загварын гар утсыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 18-20 дахь тал/,

2.5. Иргэн Т.Е аас хураан авсан “Samsung А12” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 21-28 дахь тал/,

2.6. Хохирогч А.Е ад “Samsung А12” загварын гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 29 дэх тал/, 

2.7. Хохирогч А.Е ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

2.8. Гэрч Э.Ц гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,

2.9. Гэрч Т.Е ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

2.10. Шинжээч “А” ХХК-ны 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн БӨА-22-0152 дугаартай “Samsung А12” загварын гар утсанд үнэлгээ тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 52-55 дахь тал/,

2.11. Яллагдагч С.Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 71-72 дахь тал/,

2.12. Шүүгдэгч С.Ж ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Ж ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

3.1. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч С.Ж  нь 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 12 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Тирлик” ХХК-ийн зах дотор үйл ажиллагаа явуулдаг “А” гэх нэртэй дэлгүүрээс иргэн А.Е ын “Samsung А12” загварын гар утсыг хулгайлж 440,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.1.1. Иргэн Э.Ц гаас 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 15 цаг 41 минутад Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “...Өлгий сумын 11 дүгээр багт байрлах Тирлик захын “А” гэх нэртэй дэлгүүрээс 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 12 цагийн орчимд “Samsung A12” загварын гар утас хулгайд алдагдсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

3.1.2. Хохирогч А.Е аас гаргаж өгсөн “Samsung А12” загварын гар утсыг худалдаж авахдаа “Мобиком корпораци” ХХК-тай байгуулсан ********** дугаартай гэрээний хуулбар /хавтаст хэргийн 04-05 дахь тал/,

3.1.3. “Мобиком корпораци” ХХК-ний 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 4/6189 дугаартай албан бичгийн хуулбар /хавтаст хэргийн 13 дахь тал/,

3.1.4. Иргэн Т.Е аас “Samsung А12” загварын гар утсыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 18-20 дахь тал/,

3.1.5. Иргэн Т.Е аас хураан авсан “Samsung А12” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 21-28 дахь тал/,

3.1.6. Хохирогч А.Е ад “Samsung А12” загварын гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 29 дэх тал/, 

3.1.7. Хохирогч А.Е ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Өлгий сумын 06 дугаар багт айлын байшин барьж байх үед миний эхнэр болох Э.Ц  над руу 12 цагийн орчимд залгаж яриад “Samsung А12” загварын гар утас алдагдсан талаар надад хэлсэн. Би өөрийн алдагдсан гэх “Samsung А12” загварын гар утсыг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Мобиком”-ын салбараас зээлийн гэрээгээр 499.000 төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

3.1.8. Гэрч Э.Ц гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 11 цагийн орчимд Өлгий сумын 11 дүгээр багт байрлах Тирлик захын дотор байрлах байрлах бэлэн хувцас зардаг дэлгүүрээ нээсэн. Тэгээд байж байх үед 12 цагийн орчимд нэг эрэгтэй хүн орж ирээд “хөдөө явж ямаа самнах гэсэн юм, 10 хүний хувцас комиссын бараанаас авна” гэж хэлсэн. Тэгээд өмд, цамц ялгаад шуудайнд хийлгэж тавиад АТМ-ээс мөнгө гаргаж ирнэ гэж хэлээд гараад явсан. Тухайн эрэгтэй хүн манай дэлгүүрээс гарч яваад 1-2 минутын дараа гар утсаараа ярих гэтэл манай нөхрийн “Samsung А12” загварын гар утас байхгүй байсан. Тэгээд миний дэлгүүрийн хажуугийн дэлгүүрийн эмэгтэйн утсаар залгахад эхний 2 удаагийн дуудлагыг аваагүй, 3 дахь удаагийн дуудлаганд аваад 1 минут гаруй чимээгүй байж байгаад тасалсан, харин 4 дэх удаагаа залгахад унтарсан байсан. Тухайн алдагдсан гэх “Samsung А12” загварын гар утсыг манай нөхөр 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Өлгий сумын “Мобиком”-ын салбараас зээлээр худалдаж авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,

3.1.9. Гэрч Т.Е ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2022 оны 05 дугаар сарын сүүлээр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумаас миний эхнэр болох Б.Өркений төрсөн дүү Б.Хосболатын хурим болох гэж байсан учраас Өлгий сумаас хуримын бэлтгэл ажлын эд зүйл, хүнс худалдаж авахаар ирсэн. Тэгээд Өлгий сумын 11 дүгээр багт байрлах Тирлик зах дээр бараа цуглуулж байх үед захын дотор байдаг Төрийн банкны урд хэсгийн лангуун дундуур явж байх үед С.Ж  гэх хүнтэй таарсан. Тухайн үед С.Ж  надад нэг гар утас үзүүлээд “надад мөнгө хэрэгтэй байна, би энэ утсыг олж авсан юм” гэж хэлсэн. Тэгээд 100.000 төгрөгөөр худалдаж авах уу гэж асуусан би тухайн гар утсыг үзээд надад 80.000 төгрөг байна гэж хэлэхэд надад худалдсан. Би тухайн гар утсыг аваад Өлгий сумаас бараа, хүнсээ цуглуулж дуусаад Ногооннуур суманд тухайн өдрийн орой очсон, тэгээд маргааш нь тухайн худалдаж авсан гар утсандаа ******** гэх дугаарыг хийж ашигласан. Тухайн үед тус гар утсанд сим карт байгаагүй. Би тухайн “Samsung А12” загварын гар утсыг одоо хүртэл ашиглаж байгаа. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр над руу “цагдаагийн газраас залгаж байна, мэдүүлэг авах хэрэгтэй” гэснээр тухайн гар утас хулгайн зүйл гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

3.1.10. Шинжээч “А” ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн БӨА-22-0152 дугаартай “...2022 оны 5 дугаар сарын байдлаар “Samsung А12” загварын шинэвтэр гар утасны зах зээлийн үнэ 440,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 52-55 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч С.Ж ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай” гэх дүгнэлтийг, шүүгдэгч С.Ж  нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “гэм буруугийн талаар маргаантай зүйл байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргаж, гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.   

5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв гэж үнэлэв.

6. Эрх зүйн дүгнэлт.

6.1. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт аливаа этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

6.2. Шүүгдэгч С.Ж ын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх, ашиглах эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарна.

6.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт: “-Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй.” гэж заасан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор хуульчилсан.

6.4. Тухайн хэргийн хувьд шүүгдэгч С.Ж  нь 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 12 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Тирлик” ХХК-ийн зах дотор үйл ажиллагаа явуулдаг “А” гэх нэртэй дэлгүүрээс иргэн А.Е ын “Samsung А12” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, захиран зарцуулах бололцоо бий болгосноор тус гэмт хэрэг төгссөн бөгөөд дээрх эд зүйлст үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтээр хохирлын хэмжээг 440.000 төгрөгөөр тогтоосон байна.

6.5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Ж ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

7. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч С.Ж ын шунахай сэдэлт, амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах зорилго нь шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

8. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

8.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн  510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.

8.2. Шүүгдэгч С.Ж  нь хохирогч А.Е ын өмчлөлийн “Samsung А12” загварын 440.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хулгайлсан нь гэмт хэргийн хохиролд тооцогдох бөгөөд уг эд хөрөнгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Е ад бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн тул шүүгдэгч С.Ж  нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч С.Ж ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэх” дүгнэлтийг,

шүүгдэгч С.Ж аас “ял хөнгөрүүлж өгөх” хүсэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг сонгомол санкцтай учраас хөнгөн ял шийтгэх” дүгнэлтийг тус тус гаргасан болно. 

2.2. Шүүхээс шүүгдэгч С.Ж ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.3. Шүүгдэгч С.Ж  хувийн байдлын хувьд ганц бие, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбараас үзэхэд “Хулгайлах” гэмт хэрэгт найман удаа ял шийтгүүлж байсан нь тогтоогджээ.

2.4. Шүүгдэгч С.Ж т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

2.5. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ХМШЗ/23 дугаартай захирамжаар шүүгдэгч С.Ж т Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 663 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан хорих ял эдлээгүй үлдсэн 04 сар 26 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоож шийдвэрлэжээ.

2.6. Шүүх хуралдаанаар шинжлэн судалж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Ж т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгсний үндсэн дээр шүүгдэгч С.Ж т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.

2.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4. “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ.” гэж заасан байх ба шүүгдэгч С.Ж  нь хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж, хяналтын хугацаанад санаатай гэмт хэрэг үйлдсэн тул мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж т Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ХМШЗ/23 дугаартай захирамжаар хорих ялаас хугацаанаас өмнө суллаж эдлээгүй үлдсэн 04 сар 26 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 4 сар 26 хоногийн хорих ялаар  тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж т оногдуулсан 1 жил 4 сар 26 хоногийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,  цагдан хоригдсон 4 хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцож, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үлдээж, түүний эдлэх хорих ялыг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

2.8. Шүүгдэгч С.Ж  нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдав.

2.9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус заасан байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт болох гэрч Т.Е ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед С.Ж  надад нэг гар утас үзүүлээд “надад мөнгө хэрэгтэй байна, би энэ утсыг олж авсан юм” гэж хэлсэн. Тэгээд 100.000 төгрөгөөр худалдаж авах уу гэж асуусан, би тухайн гар утсыг үзээд надад 80.000 төгрөг байна гэж хэлэхэд надад худалдсан” /хавтаст хэргийн 42-43 дахь тал/ гэх мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч С.Ж  нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж 80.000 төгрөгийн орлого олсон нь тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Ж аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 80.000  төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Ж ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж ыг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж т Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ХМШЗ/23 дугаартай захирамжаар хорих ялаас хугацаанаас өмнө суллаж эдлээгүй үлдсэн 04 сар 26 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 4 сар 26 хоногийн хорих ялаар тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж т оногдуулсан 1 жил 4 сар 26 хоногийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж ын цагдан хоригдсон 4 хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцсугай.

6. Шүүгдэгч С.Ж  нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 80.000 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын орлого болгосугай.    

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч С.Ж т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үлдээж, түүний эдлэх хорих ялыг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч С.Ж т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ

­